Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х*******, хариуцагч А.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Н.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э*******" ХХК нь Татварын Ерөнхий Газрын ("ТЕГ" гэх) Хяналт Шалгалтын Хэлтсийн Татварын Улсын Байцаагч А.Б*******, Б.Т******* нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот "Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Ногдуулалт, Төлөлтийг Баталгаажуулсан Акт" (цаашид "Акт" гэх) буюу тус компанийн хасалт хийлгэх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг "0" төгрөгөөр баталгаажуулсныг үл хүлээн зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс "Э*******" ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд зохих хяналт, шалгалтыг 2014, 2015 онуудад жил дараалан хийсэн ба уг хяналт, шалгалтаар тус компанийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 232,693,160 (Хоёр зуун гучин хоёр сая, зургаан зуун ерэн гурван мянга, нэг зуун жар) төгрөгөөр баталгаажуулж акт үйлдсэн байдаг. Энэхүү актыг Дархан-Уул аймгийн татварын хэлтэс нь "Нэмэгдсэн өртөгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 3.1-д заасны дагуу ТЕГ-т хүргүүлсэн.

ТЕГ-ын татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* нар нь дээрх актад дахин шалгалт хийж, тус компанийн төлсөн Нэмэгдсэн өртөгийн албан татвар (цаашид "НӨАТ" гэх)-ыг "НӨАТ-аас чөлөөлөгдөх, үйлдвэрлэл үйлчилгээнд зориулан импортолсон болон дотоодоос худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ"-т хамааруулж, хасалт хийх НӨАТ-ын дүнг "0" төгрөг байхаар баталгаажуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон бөгөөд татвар төлөгчийн эрх, боломжийг хязгаарласан үйл ажиллагаа болсон.

Учир нь, тус компани нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд "Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай" хууль (цаашид "Хууль" гэх)-д зааснаар, ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд, түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний боловсруулалтаас хамаарч буюу өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эсэхээс нь хамаарч НӨАТ-ын "0" хувь хэмжээг хэрэглэх, эсхүл НӨАТ-аас чөлөөлөхөөр заасан байдаг.

Гэтэл, татварын улсын байцаагч нар нь, зөвхөн ашигт малтмалын хайгуулын шатандаа байгаа буюу бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, бүтээгдэхүүн экспортод гаргаагүй тус компанийн ирээдүйд гаргах бүтээгдэхүүнийг шууд НӨАТ-аас чөлөөлөгдөх буюу уул уурхайн эцсийн биш бүтээгдэхүүнд хамааруулж, НӨАТ-ын хасалтын дүнг "0" төгрөгөөр баталгаажуулснаараа тус компанийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн болно.

"Э*******" ХХК нь ирээдүйд хайгуулын үйл ажиллагаагаараа үйлдвэрлэлийн үр ашигтай орд нээн илрүүлж, улмаар ашиглалт явуулж, олборлосон хүдрээ боловсруулж (үйлдвэр байгуулж) эцсийн бүтээгдэхүүн буюу төмрийн хувьд 80 хувиас дээш металл агуулгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортод гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хайгуулын ажил болон уг бүтээгдэхүүнийг бий болгоход зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэгэнт төлсөн НӨАТ-ыг төлөх НӨАТ-аас хасуулах эрхтэй билээ. Ийм байтал, татварын улсын байцаагч нар нь тус компанийн дээрх эрхийг зөрчиж, ерөөс бүтээгдэхүүн үйлдэрлээгүй байтал уул уурхайн эцсийн биш" бүтээгдэхүүнд хүчээр хамааруулан ирээдүйд НӨАТ-ын хасалт хийлгэх тус компанийн эрх (боломж)-ийг хязгаарласан болно.

Иймд, татварын улсын байцаагч нарын НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан №210201507 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт болон хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 711 тоот албан тоотод ******* регистрийн дугаартай "Э*******" ХХК-ийн 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын төсвийн орлого хяналтын газарт ирүүлсэн. "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж баталгаажуулах журам"-ын 2.3-т "...НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацааны татварын ногдуулалт, төлөлтийг шалгана" гэж заасны дагуу 2012 оны 05 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ныг дуусталх хугацааны шалгалтыг хийсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-н экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд албан татварын тэг хувь хэмжээг хэрэглэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байхаар заасан ба тус компанийн /төмрийн хүдэр хайх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй/ хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтын хасалтыг хасч тооцох боломжгүй юм.

Мөн "Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуульд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний борлуулалтад татварын хэрхэн ногдуулахыг, мөн хуулийн 12.1.7, 13.1.16-д зааж өгсөн ба хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлоготой ажиллаагүй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

1. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж буй тохиолдолд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасны дагуу хайгуулын болон олборлолтын явцад хийсэн худалдан авалтын хасалтыг хийхгүй.

2. Хэрэв хайж буй бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ байх тохиолдолд хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүн гарч ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн буюу хайгуулын үйл ажиллагааны эцсийн үр дүнг үнэлэн зарсан, эсвэл эцсийн үр дүн гарч хайгуулын үйл ажиллагаа дуусгавар болсноор худалдан авалтын хасалтыг хийх нь зүйтэй байна гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* /цаашид татварын улсын байцаагч нар гэх/ нар нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах Э******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх үлдэгдлийг баталгаажуулсныг шалгаж 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210201507 дугаартай[1] маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Э******* ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг зөвлөл нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар тогтоолоороо[2] маргаан бүхий захиргааны актыг хэвээр баталж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид нь татварын ногдуулалт, төлөлтийн үнийн дүнгийн тооцоололд маргаагүй, тооцооллыг талууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийн оролцогч, төлөөлөгч нар нь актын хууль хэрэглээнд мэтгэлцээн явуулсан болно.

Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Эрдэнэхүү, Р.Э******* нар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 190014768 дугаар актаараа[3] 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Э******* ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж 232,693,160 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг актын 1 дүгээр хавсралтаар баталгаажуулжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210201507 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулсан актаар нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх дүнг 0 төгрөг гэж шийдвэрлэжээ. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр татварын хасалт хийх дүнг тэг /0/ болгосон нь нэхэмжлэгчийн ирээдүйд хасалт хийх эрхийг хязгаарлаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд гэрээт компаниудтай хийсэн худалдан авалтыг төсөвт тайлагнаж, хасалт хийх эрхтэй гэж мэтгэлцсэн. Харин худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнг 243,898,654 төгрөг гэж тодорхойлжээ.

Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална, 27 дугаар зүйлийн 27.1-д Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна, 27.3-т Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана, 27.6.7-д татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох /эдгээр заалтууд нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч нар нь аймгийн татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулж хасалт хийхээр тогтоосон актанд хяналт тавих эрхтэй байсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.2-т худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа, 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж тус тус заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч компани нь уул уурхайн олборлолт явуулж эхлэн, олборлосон хүдрээ баяжуулж боловсруулан төмрийн баяжмал экспортонд гаргасан тохиолдолд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас уг бүтээгдэхүүнийг экспортонд гаргах бэлтгэл ажил болох геологи-хайгуулын ажлын болон тоног төхөөрөмж худалдан авах зэрэг зардал болох үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох хуулийн зохицуулалттай байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг зохицуулалт бүхий салбарын хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гаргасан нь тогтоогдож байх тул Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /0/-тай тэнцүү байна , 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн, 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна, 14.6.2-т хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох гэж тус тус заасны дагуу Э******* ХХК нь өөрийн эзэмшилд байгаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий тайлбайгаас олборлолт явуулж эцсийн бүтээгдэхүүн экспортонд гаргасан тохиолдолд уг олборлолт, үйлдвэрлэлттэй холбоотойгоор 2014 онд худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын болон орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн татварт шилжүүлэн тооцуулах эрхтэй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчингүй болсон/ 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан Гааль, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагч А.Б*******, Б.Т******* нарын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №210201507 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

 

[1] Хавтаст хэргийн 18-р тал

[2] Хавтаст хэргийн 47-р тал

[3] Хавтаст хэргийн 35-р тал