Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00951 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 7 407 114 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Г- нь Англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор Австрали улсын виз авах гэж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Б-” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Австралид сургалтын төлбөрт 11 211 370 төгрөгийг, визний хураамжид 1 073 080 төгрөгийг, зуучлалын хөлсөнд 500 ам.долларыг зуучлагч талын хүсэлтийн дагуу тэдний нягтлан бодогч Б.Солонгын Худалдаа хөгжлийн банкны данс руу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хийсэн. Гэвч зуучлагч талын буруу зөвлөгөөний улмаас 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн баталгаагүй гэх үндэслэлээр виз олгохоос татгалзсан хариуг авсан. Уг виз мэдүүлэхэд би визний хураамжид 1 073 080 төгрөг төлж хохирсон. Тэгээд зуучлагч намайг өөрөө 60 000 000 төгрөгийн банкны баталгаа гарга гэж зөвлөсний дагуу би зээл авч гаргахын тулд бусдаас зээл авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд байршуулан, ахин виз мэдүүлэхээр материалаа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бүрэн зохих шаардлагын дагуу бүрдүүлж зуучлагч талд хүлээлгэн өгсөн. Тухайн үед бусдаас өндөр хүүтэй зээл авсан тул 60 000 000 төгрөгөө Хаан банканд хадгаламжийн дансанд хийж, хадгаламж барьцаалсан зээлийг бага хүүтэй авч болно гэж зуучлагч талын зөвлөгөөний дагуу 54 000 000 төгрөгийг барьцаалан зээлж, зээлийн ихэнх хэсгийг хааж, Хаан банканд зээлийн хүүнд нийт 2 170 356,16 төгрөгийг төлсөн. Зуучлалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Зуучлагч тал нь элчин сайдын яамнаас шаардсан оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, визний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор элчин сайдын яаманд хүргүүлэн өгнө гэж заасны дагуу хариуцагч нь миний материалыг хүлээн авснаас хойш 7-14 хоногийн дотор бүрдүүлэх байсан боловч хариуцлагагүйн улмаас 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэр, зуучлагч тал нь гэрээний үүргээ зөрчсөн. Хоёр удаа виз хүсэхэд хоёулаа зуучлагч талын буруугаас татгалзсан тул зуучлагч тал буруугаа хүлээн зөвшөөрч, гурав дахь удаагаа виз мэдүүлэхэд манай “Б-” ХХК-ийн зүгээс банкны баталгааг гаргаж өгнө гээд, би ахин 2017 оны 10 сард ахин виз мэдүүлсэн. 2018 оны 3 сард визний хариуг асуухад виз гарах гэж байна, эрүүл мэндийн үзлэгтээ ор гэсний дагуу SOS Medical Mongolia эмнэлэгт 411 744 төгрөгийг төлж, үзлэг хийлгэсэн. Гэвч ахин виз олгохоос татгалзсан гээд сургалтын төлбөр 9 284 400 төгрөгийг буцаан миний данс руу хийсэн. Зөрүү 1 927 170 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Миний зүгээс зуучлалын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэхэд “Б-” ХХК-ийн зүгээс Австрали улс руу виз мэдүүлэх боломжгүй болсон тул Ирланд улсын визийг манай компанийн салбараар дамжуулан авч өгье, манай компанийн зүгээс санхүүгийн баталгаа гаргаж өгье гэсний дагуу миний зүгээс сургалтын төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9 284 400 төгрөгийг, визний хураамжид 300 000 төгрөгийг 1 удаа төлсөн. Гэвч 2018 оны 12 сард, 2019 оны 2 сард тус тус виз олгохоос татгалзсан хариу авсан бөгөөд тайлбар нь санхүүгийн баталгаа шаардлага хангахгүй гэсэн байсан. Мөн Ирландад сургалтын төлбөр 9 284 400 төгрөгөөс 8 364 800 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Зөрүү 919 600 төгрөгөөр хохирсон. Татгалзах гол шалтгаан нь зуучлагч талын гаргасан санхүүгийн баталгаа шаардлага хангаагүй, материалыг шаардлагын дагуу илгээгээгүй байсан. Миний хувьд өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Б-” ХХК-ийн буруугаас Австрали улсын сургуулийн сургалтын төлбөрт 11 211 370 төгрөг шилжүүлснээс 9 434 520 төгрөг буцаан авч зөрүү 1 776 850 төгрөгөөр, Ирланд улсын сургуулийн сургалтын төлбөрт 9 284 400 төгрөг шилжүүлснээс 8 364 800 төгрөгийг буцаан авч, зөрүү 919 600 төгрөгөөр, Хаан банканд зээлийн хүүд төлсөн 2 170 356 төгрөгөөр, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт төлсөн 411 744 төгрөгөөр, 2 удаагийн визний хураамжид төлсөн 2 097 080 төгрөгөөр буюу нийт 7 375 630 төгрөгөөр хохирсон тул энэ хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа 7 407 114 төгрөг гэж буруу тооцсон тул зөрүү 31 484 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага иргэн Д.Г-тэй 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулах зуучлалын 16-137 тоот гэрээ байгуулсан бөгөөд зуучлалын хөлсөнд 500 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг (1 240 000) төгрөгийг тухайн өдрийн валютын ханшаар тооцон авсан билээ. Манай байгууллагатай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Д.Г- Австрали улсад зөвлөгөө мэдээлэл авахдаа Австрали улс оюутны шинэчлэгдсэн визний дагуу банкны баталгаа байршуулах шаардлагатай тухай бүрэн ойлголт авсан бөгөөд өөрийн төрсөн эцэг Даваасүрэнгээр батлан даалгах болсон тухайгаа бидэнд мэдэгдэн цуг ирж санхүүгийн баталгаагаа шалгуулсан болно. Гэвч Д.Г-ийн эцэг Даваасүрэнгийн батлан даах санхүү нь Монгол улсын арилжааны банкнуудад байршаагүй, өөрийн гишүүнчлэлтэй Хадгаламж Зээлийн Хоршоонд байрлаж байсан бөгөөд манай байгууллагын зүгээс хадгаламж зээлийн хоршоонд байрлаж байгаа мөнгө Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын албанаас зөвшөөрөгдөх эсэх тал дээр шинэ тохиолдол байсан, болохгүй гэх газаргүй байсан тул ямартай ч виз мэдүүлэх шийдвэрт хоёр талаас хүрч 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр виз мэдүүлсэн. Гэвч 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр арилжааны банканд байршсан 6 сарын хуулга болон өөрийн цалингийн орлогоо авдгаа баталсан, мөн 6 сарын хуулга явуулахыг Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын алба шаардсан боловч 6 cap Арилжааны банканд байршуулсан санхүүгийн баталгаа байгаагүй тул нэмэлт тайлбар болон холбогдох материалын хамт бүрдүүлэн Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын албанд хүргүүлсэн. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн шаардлага хангаагүйн улмаас виз мэдүүлэг цуцлагдсан болно. Тус виз мэдүүлгийн цуцлалтын үндсэн дээр санхүүгийн баталгаагаа банк бус санхүүгийн байгууллага дээр бус арилжааны банканд байршуулахаар болж иргэн Д.Г- өөрийн төрсөн эцгээс санхүүгийн баталгаа харуулах мөнгө авч өөрийн нэр дээрх Хаан банкинд байршуулан дахин виз мэдүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр виз мэдүүлэг ганц бие, буцаж ирэх баталгаагүй, санхүүгийн баталгаа урт хугацаанд байршаагүй, санхүүгийн бүрдүүлсэн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр татгалзсан. Иргэн Д.Г- нь манай байгууллагатай байгуулсан гэрээг бүрэн дүүрэн уншин танилцаж өөрийн эцэгтэй хамт ирж гэрээ байгуулсан. Манай байгууллагатай байгуулсан гэрээний 4.2-т заасны дагуу зуучлуулагч тал нь элчин сайдын яаманд визний мэдүүлэг өгөхдөө өгч байгаа бичиг баримтынхаа үнэн зөв эсэх, виз гарахтай холбоотой асуудал болон визний хураамжийг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй. Жич: аль ч орны визний хураамж виз гараагүй тохиолдол буцаан олгогддоггүй талаар тусгайлан зааж өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн дагуу визний хураамжтай холбогдуулан манай байгууллагаас нэхэмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн 1 073 080 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн визний хураамж 1 024 000 төгрөг болон иргэн Д.Г-ийн Австрали улсын визний шаардлагын дагуу өөрийн эрүүл мэндийг шинжлүүлэхээр СОС Мэдикал эмнэлэг-т төлсөн төлбөр 411 744 төгрөг, виз мэдүүлэхтэй холбогдуулан гарсан банкны зээлийн хүүг манай байгууллага хариуцах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болно. Мөн манай байгууллагатай байгуулсан гэрээний 4.8-д заасны дагуу сургуулиудын төлбөр буцаан авах журмын дагуу сургуулиудын төлбөр олгох журмын дагуу буцаан олгогддог болно. Иргэн Д.Г- нь Австрали улсын ELSIS коллеж-д суралцахаар сургалтын төлбөр 5 080 ав.доллар, ОУ-ын оюутны эрүүл мэндийн даатгал 729 ав.долларыг сургуулийн урилгын дагуу төлж виз мэдүүлэх зөвшөөрлөө авсан боловч виз татгалзсаны улмаас нийт сургалтын төлбөрөөс 224 ав.долларыг сургуулийн урилганы дагуу суутган шилжүүлсэн бөгөөд дахин виз мэдүүлэхэд Australian Academy of Commerce коллежид cypax өргөдөл өгч виз мэдүүлсэн боловч дахин виз татгалзсан хариу ирсэн бөгөөд 200 ав.долларыг урилганы дагуу суутгасан. Иймд нийт Австрали улсад суралцахад төлсөн сургалтын төлбөр болон ОУ-ын оюутны эрүүл мэндийн даатгалын төлбөр болох 5 385 ам.долларыг тухайн үеийн банкны ханшаар тооцон Монгол төгрөгөөр иргэн Д.Г-ийн дансанд шилжүүлсэн болно. Манай байгууллагын хувьд иргэн Д.Г-ийн гаргаж буй нэхэмжлэлтэй холбогдуулан үнэхээр гомдолтой байгаа бөгөөд манай байгууллагын бүх ажилчдын нөр их хөдөлмөр болон үйлчлүүлэгчээ гэсэн сэтгэлд зориулан гаргасан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хичээл зүтгэлийг өрөөсгөл ойлгосонд харамсаж байна. Манай байгууллагын хувьд иргэн Д.Г- нь хичээл зүтгэлтэй, сурч мэдэхийг эрхэмлэсэн үйлчлүүлэгч хэмээн хүндэтгэн манай байгууллагатай байгуулан төлсөн зуучлалын хөлс болох 500 ам.долларыг тухайн өдрийн банкны ханшаар тооцон өөрийнх нь Хаан банкны 5029593999 тоот дансанд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн болно. Мөн иргэн Д.Г- нь Англи хэлээ сайжруулж гадаадад явж суралцах хүслээ биелүүлмээр байна гэж бидэнд дахин хандаж, бид бүхэн дахин зөвлөлдсөний үндсэн дээр манай Ирланд улс хариуцсан шинэ салбараар зуучлалын хөлс 500 ам.доллар төлөхгүйгээр үйлчлүүлэх эрх болон санхүүгийн баталгаан дээр бид бүхэн тусалж, гадаадад суралцах зорилгыг нь биелүүлж өгөх чин хүсэлтэйгээр дахин виз мэдүүлэг мэдүүлсэн боловч Ирланд улсын Элчин Сайдын яамны ажилтан утсаар залгаж ярилцлага хийхэд сайтар хариулт өгөөгүйн улмаас татгалзал авсан. Иймд иргэн Д.Г- нь сургуулийн төлбөрөө өөрөө олон улсын гуйвуулага хийж, сургуульдаа төлж мөн төлбөрийн буцаан авалтаа өөрөө сургуулиасаа шууд хүлээн авсан болно. Манай байгууллагын хувьд сургуулийн төлбөр буцаан авах журам болон Олон улсын валютын ханшийн зохицуулалтад хөндлөнгөөс нөлөөлдөг эрх зүйн субъект биш болно. Аливаа компанийн үндсэн зорилго нь ашиг олох байдаг бол бид бүхэн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавьж үйлчилгээ үзүүлдэг байгууллага билээ. Манай байгууллага Монгол улсад цорын ганц НӨАТ төлдөг боловсрол зуучлалын агентлаг бөгөөд 2019 онд Монгол улсад 170 000 000 төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн болно. Бидний зүгээс иргэн Д.Г-т хариу нэхэлгүйгээр төлбөрт болон төлбөрт бус үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээтэйгээ холбогдуулан орчуулгын үйлчилгээ 780 000 төгрөг, Австрали 3 дахь удаагаа виз мэдүүлэхэд төлсөн төлбөр 1 024 000 төгрөг, Ирланд улсад суралцах виз мэдүүлэг болон илгээмжийн төлбөр 325 750 төгрөг, виз мэдүүлгийн давж заалдах өргөдлийг илгээмжийн төлбөр 125 000 төгрөг, Ирланд улсад суралцуулах зуучлалын төлбөр 1 228 000 төгрөг, Австрали улсад суралцах зуучлалын төлбөр1 240 000 төгрөг, нийт 4 722 750 төгрөг гарснаас нэг ч төгрөгийн төлбөр аваагүй болно. Виз олгох асуудал Элчин сайдын яамны бүрэн эрхийн асуудал бөгөөд манайх виз гаргадаггүй тул виз гараагүйгээс учирсан хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул “Б-” ХХК-аас 7 375 630 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хариуцагч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Би Австрали улсын Сидней хотод байрлалтай, Элсис англи хэлний сургуульд суралцах хүсэлт явуулахад, 2017 оны 02 сарын 17-ны өдөр тэнцэж материалаа бүрдүүлж эхэлсэн. Тухайн үед хөрөнгийн баталгаа шаардлагатай болоход зуучлагч талын "аавынхаа хадгаламж, зээлийн хоршоогоор баталгаа гаргаж болно" гэж зөвлөсний дагуу баталгаа гаргаж, виз мэдүүлсэн. Гэвч зуучлагч талын буруу зөвлөгөө (хадгаламж зээлийн хоршоогоор баталгаа гаргаж болно)-ий улмаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн баталгаагүй гэх үндэслэлээр виз олгохоос татгалзсан хариуг авсан. Үүний дараа хариуцагч надад "бусдаас зээл авч банкны хугацаатай хадгаламжинд байршуулж, 60 000 000 тогрөгийн банкны баталгаа гарга" гэж зөвлөсний дагуу би зээл авч, 2017 оны 05 сарын 31-ний өдөр Хаан банкинд байршуулан, ахин виз мэдүүлэхээр материалаа 2017 оны 06 сарын 29-ний өдөр гэхэд бүрэн зохих шаардлагын дагуу бүрдүүлж зуучлагч талд хүлээлгэн өгсөн. Гэвч ахин санхүүгийн баталгаа (60 000 000 төгрөгийг бусдаас зээл авч, 3 сарын хугацаанд банкинд байрлуул)-аас болж татгалзсан хариуг авсан. Зуучлагч талын уг хариуцлагагүй байдлыг өөрсдөд нь хэлэхэд оөрсдийн бурууг хулээн зөвшөөрч, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэж 500 ам.долларын хөлсийг буцаан олгосон. Энэ нь гэрээнээс татгалзах бус гэрээний нөхцөлөө өөрчилсөн болохоос биш зуучлах үйлчилгээ үзүүлэх үүргээсээ татгалзаагүй. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин ч хариуцагч талын зүгээс өөрсдийн буруугаа ойлгож, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж гуравдах удаа виз мэдүүлэхэд хариуцагч нь "бид танд тусгай үйлчилгээ үзүүлж, 124 000 000 төгрөгийн банкны баталгааг гаргаж өгье" гээд надад баталгаа гаргаж, хураамж төлж гурав дахь удаагаа ахин мэдүүлсэн байдаг. Энэ нь талуудын тайлбараар тогтоогддог болно. Харин хариуцагч талаас банкны баталгаа гаргасан баримт, Австрали улсын элчин сайдын яамнаас гуравдах удаа татгалзсан дэлгэрэнгүй тайланг шаардахад надад ч болон шүүхэд ч гаргаж өгөөгүй. Хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч талын зүгээс элчин сайдын яам руу тэднии шаардлагын дагуу материалаа зөв явуулсап эсэх, Ирланд болон Австрали улсын виз мэдүүлэхэд баталгаа гаргасан баримтыг гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч татгалзлаа өөрөө нотлоогүй юм. Банкны баталгаа гаргаснаа батлаагүй буюу үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч тал  гэрээний  үүргээ биелүүлээгүй эсэх талаар  хууль зүйн  дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн. Шүүх талуудын хооронд хэрхэн гэрээ байгуулсаи талаар дүгнэлт хийсэн нь бас үндэслэл бүхий бус байна. Амаар хийсэн, эсхүл гэрээний нөхцөлөө өөрчилсөн эсэхээс үл хамааран аль ч тохиолдолд хариуцагч талыг гэрээний үүрэг нь элчин сайдын яамруу тэдний шаардлагын дагуу миний мэдүүлгийг үнэн зөв үүрэгтэй байсан. Би өөроө элчин сайдын яамны шаардлага, дүрэм журмыг мэдэхгүй болохоороо л зуучлалын гэрээ байгуулсан. Гэвч Хариуцагч тал иь элчин сайдын яамны шаардлагын дагуу зөв зөвлөгоө өгсөн эсэх, банкны баталгааг Австрали болон Ирланд улсруу мэдүүлэхэд нэхэмжлэгчийн өмнөөс банкны баталгааг шаардлагын дагуу зөв мэдүүлсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй. Эрх бүхий байгууллагаас виз татгалзсан байна гэх байдлаар дүгнэсэн байна. Гэвч элчин сайдын яамны хариунуудыг үнэлбэл хариуцагч тал нь визний материалыг зөрүүтэй, хангалтгүй, дутуу, шаардлагад нийцэхгүй байдлаар мэдүүлснээс виз татгалзсан нь тоггоогдож байхад нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй ншйдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх заалтыг зөрчсөний улмаас учирсан хохиролд 7 407 114 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 31 484 төгрөгөөр багасгаж, 7 357 630 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зуучлалын 16-137 тоот гэрээ байгуулагдаж, “Б-” ХХК нь Австрали улсын Сиднейн Англи хэлний сургууль /Элсис/-д суралцуулахад зуучлах, Элчин сайдын яамнаас оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, визний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлэх, зуучлуулагч талд суралцахыг хүссэн сургуулийн болон түүнтэй холбогдох мэдээллээр үнэн зөв, бүрэн дүүрэн, цаг алдалгүй хангах, Д.Г- нь 500 ам.долларын хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болно.

 

            Нэхэмжлэгч нь зуучлалын хөлс  500 ам.доллар буюу 1 240 000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн, виз гараагүй, татгалзсантай холбоотой уг мөнгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй байна./хэргийн 142 дугаар тал/ Харин зуучлалын гэрээтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс элчин сайдын яаманд хүргүүлэх баримт бичгийг бүрдүүлэхтэй холбоотой зарим үйл ажиллагаа явуулах тохиролцоог шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

            Учир нь зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээсний дагуу нэхэмжлэгч 500 ам.доллар төлсөн байна. Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх зохицуулалтын дагуу хариуцагчид хөлс төлөх үүрэг нэхэмжлэгч дээрх гэрээгээр хүлээгээгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь Австрали болон Бүгд Найрамдах Ирланд улсын оюутны виз гараагүйгээс зуучлуулсан сургуулиуддаа суралцаж чадаагүйг, сургалтын төлбөрийн буцаалтын зөрүү 2 696 450 төгрөг, санхүүгийн баталгаа гаргахын тулд “Хаан банк” ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 2 170 356 төгрөг, “Сос Медика Монголиа” эмнэлэгийн эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт төлсөн 411 744 төгрөг, 2 улсын визний хураамжид төлсөн 2 097 080 төгрөг буюу нийт 7 375 630 төгрөгийг хохирол учирсан гэх үндэслэлээ хариуцагч гэрээний 5.3-д “Зуучлагч тал нь Элчин сайдын яамнаас оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, визний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлэн өгнө” гэж, мөн 5.4-д “Зуучлагч тал нь зуучлуулагч талд суралцахыг хүссэн сургуулийн болон түүнтэй холбогдох мэдээллээр үнэн зөв, бүрэн дүүрэн, цаг алдалгүй хангах үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сиднейн Англи хэлний сургуулиас, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Австралийн Худалдааны академиас тус тус урилга авч, улмаар нэхэмжлэгч визний хураамжид 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1 073 080 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 024 000 төгрөгийг тус тус төлж Австрали улсын виз 2 удаа мэдүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн виз гараагүй байна. /хэргийн 11, 14, 143-145, 156-157 дугаар тал/

 

            Тодруулбал, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Австрали улсын оюутны виз олгохоос татгалзсан үндэслэлд “нэхэмжлэгч Д.Г-ийн эрх зүйн байдал, санхүүгийн баталгаа хангалтгүй” гэжээ. Үүний улмаас нэхэмжлэгч нь дээрх сургуульд суралцаж чадаагүй бөгөөд сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 211 370 төгрөгөөс 9 434 520 төгрөгийг буцаан авсан байна./хэргийн 20-34 дүгээр тал/ Үүнд хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үүрэг зөрчсөн гэх талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.            

 

            Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид Бүгд Найрамдах Ирланд улсын The English Studio Language сургуульд суралцуулахыг зөвшөөрсөн урилгыг авч, Ирланд улсын гадаадын иргэншил болон Цагаачлалын үйлчилгээний газарт нэхэмжлэгч Д.Г- оюутны виз мэдүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс хойш бичгээр байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй учраас Ирландын визтэй холбоотой туслалцаа үзүүлэх асуудлаар тэдний хооронд аман хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

 

            Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ирландын виз олгохоос татгалзсан баримтад шалтгааныг 5 үндэслэлээр заасан байна. Үүнд “хүсэлт гаргагчийн банкны тодорхойлолт байхгүй, Визний өргөдөл гаргахад шаардагдах бичиг баримт хангалтгүй /хүсэлт гаргагч бичиг баримтын албан ёсны эх хувийг өгөөгүй, зурган хувь хангалтгүй/, шалгалтаар боловсролын мэдээллийг шалгах боломжгүй, утсаар холбогдоход хүсэлт гаргагчийн хариултуудыг гуравдагч тал сануулж өгч байгаа бололтой байсан. Эх орон руугаа буцах үүрэг хариуцлагыг хангалттай гэж үзээгүй. Хүсч буй виз нь тодорхой зорилготой бас хугацаатай байх ёстой. Хүсэлт гаргагч нь виз хариуцсан ажилтан визний нөхцөлийг ажиглахад хангалтгүй байсан” гэжээ./хэргийн 35 дугаар тал/ Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчийг төлөөлөн хариуцагч гомдол гаргасан боловч Ирландын гадаадын иргэншил болон Цагаачлалын үйлчилгээний газар гомдлыг хянан үзээд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт шилжүүлсэн 9 284 400 төгрөгөөс 8 364 800 төгрөгийг буцаан авсан байна./хэргийн 207-210 дугаар тал/

 

            Дээрх хэлцэл нь хариу төлбөрийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд тухайлан тохиролцоогүй бол хөлс төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзнэ. Гэрээний хариу төлбөртэй, төлбөргүй байхаас үл хамааран гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж нөгөө талдаа хохирол учруулсан бол хохирлыг төлөх үүрэг үүсдэг.

 

            Дээрх виз олгохоос татгалзсан эрх бүхий байгууллагын тайлбарын агуулгаас үзвэл, нэхэмжлэгчид виз татгалзсан явдал нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй байна. Сургалтын төлбөрийн буцаан олголтын зөрүү, визны хураамж, банкны хүү, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр төлж хохирсонд хариуцагч байгууллагыг буруутай гэж үзэхгүй. Иймд хариуцагчийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00951 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                       С.ЭНХТӨР