Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/00951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-62, Юнескогийн гудамж, Юнион бюлдинг барилга, 8 давхарт байрлах, “Б” ХХК /РД:5706246/-д холбогдох,  

 

Зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 7,407,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Од, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д нь Англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор Австрали улсын виз авах гэж, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу би виз мэдүүлэхэд холбогдох баримт бичгийг зуучлагч талын шаардлагын дагуу үнэн зөв бүрдүүлэн өгч, зуучлагч тал нь Элчин сайдын яамнаас шаардсан холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь үнэн зөв мэдүүлэх, визний маягтыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлж өгөх үүрэгтэй болно.

Би Австрали улсын Сидней хотод байрлалтай Элсис англи хэлний сургуульд суралцах хүсэлт явуулахад, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тэнцэж урилга, нэхэмжлэх ирсний дагуу материалаа бүрдүүлж эхэлсэн. Тухайн үед хөрөнгийн баталгаа шаардлагатай болоход зуучлагч талын “аавынхаа хадгаламж, зээлийн хоршоогоор баталгаа гаргаж болно” гэж зөвлөсний дагуу баталгаа гаргаж, виз мэдүүлсэн. Австралид сургалтын төлбөрт 11,211,370 төгрөгийг, визний хураамжид 1,073,080 төгрөгийг, зуучлалын хөлсөнд 500 ам.долларыг зуучлагч талын хүсэлтийн дагуу тэдний нягтлан бодогч Б.Солонгын Худалдаа хөгжлийн банкны данс руу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хийсэн.

Гэвч зуучлагч талын буруу зөвлөгөөний улмаас 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн баталгаагүй гэх үндэслэлээр виз олгохоос татгалзсан хариуг авсан. Уг виз мэдүүлэхэд би визний хураамжид 1,073,080 төгрөг төлж хохирсон.

Тэгээд зуучлагч намайг “өөрөө 60,000,000 төгрөгийн банкны баталгаа гарга” гэж зөвлөсний дагуу би зээл авч гаргахын тулд бусдаас зээл авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд байршуулан, ахин виз мэдүүлэхээр материалаа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бүрэн зохих шаардлагын дагуу бүрдүүлж зуучлагч талд хүлээлгэн өгсөн. Тухайн үед бусдаас өндөр хүүтэй зээл авсан тул 60,000,000 төгрөгөө Хаан банканд хадгаламжийн дансанд хийж, хадгаламж барьцаалсан зээлийг бага хүүтэй авч болно гэж зуучлагч талын зөвлөгөөний дагуу 54,000,000 төгрөгийг барьцаалан зээлж, зээлийн ихэнх хэсгийг хааж, Хаан банканд зээлийн хүүнд нийт 2,170,356,16 төгрөгийг төлсөн.

Зуучлалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Зуучлагч тал нь элчин сайдын яамнаас шаардсан оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, визний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор элчин сайдын яаманд хүргүүлэн өгнө” гэж заасны дагуу хариуцагч нь миний материалыг хүлээн авснаас хойш 7-14 хоногийн дотор бүрдүүлэх байсан боловч хариуцлагагүйн улмаас 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэр, зуучлагч тал нь гэрээний үүргээ зөрчсөн. Үүний улмаас би банкны хүүнд 1,860,000 төгрөг, визний хураамжид 1,024,000 төгрөгөөр хохирсон.

Хоёр удаа виз хүсэхэд хоёулаа зуучлагч талын буруугаас татгалзсан тул зуучлагч тал буруугаа хүлээн зөвшөөрч, гурав дахь удаагаа виз мэдүүлэхэд манай “Б” ХХК-ийн зүгээс банкны баталгааг гаргаж өгнө гээд, би ахин 2017 оны 10 сард ахин виз мэдүүлсэн. 2018 оны 3 сард визний хариуг асуухад “виз гарах гэж байна, эрүүл мэндийн үзлэгтээ ор” гэсний дагуу “SOS Medical Mongolia” эмнэлэгт 411,744 төгрөгийг төлж, үзлэг хийлгэсэн.

Гэвч ахин виз олгохоос татгалзсан гээд сургалтын төлбөр 9,284,400 төгрөгийг буцаан миний данс руу хийсэн. Зөрүү 1,927,170 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Тухайн үед визний хариуг надад өгөөгүй, шалтгааныг асуухад “ганц бие” гэж хэлсэн.

Өнгөрсөн гурван удаагийн виз мэдүүлэхэд зуучлагч талаас ямар материалыг Элчин сайдын яам руу явуулж байгаагаа харуулж байгаагүй, виз олгохоос татгалзсан хариуг надад нэг ч удаа үзүүлж байгаагүй. Таны санхүүгийн баталгаа шаардлага хангасангүй, таныг ганц бие гээд татгалзсан гэх хариуг амаар хэлж байсан.

Миний зүгээс зуучлалын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэхэд “Б” ХХК-ийн зүгээс “Австрали улс руу виз мэдүүлэх боломжгүй болсон тул Ирланд улсын визийг манай компанийн салбараар дамжуулан авч өгье, манай компанийн зүгээс санхүүгийн баталгаа гаргаж өгье” гэсний дагуу миний зүгээс сургалтын төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9,284,400 төгрөгийг, визний хураамжид 300,000 төгрөгийг 1 удаа төлсөн. Гэвч 2018 оны 12 сард, 2019 оны 2 сард тус тус виз олгохоос татгалзсан хариу авсан бөгөөд тайлбар нь санхүүгийн баталгаа шаардлага хангахгүй гэсэн байсан. Мөн Ирландад сургалтын төлбөр 9,284,400 төгрөгөөс 8,364,800 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Зөрүү 919,600 төгрөгөөр хохирсон.

Татгалзах гол шалтгаан нь зуучлагч талын гаргасан санхүүгийн баталгаа шаардлага хангаагүй, материалыг шаардлагын дагуу илгээгээгүй байсан.

Миний хувьд өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Б” ХХК-ийн буруугаас Австрали улсын сургуулийн сургалтын төлбөрт 11,211,370 төгрөг шилжүүлснээс 9,434,520 төгрөг буцаан авч зөрүү 1,776,850 төгрөгөөр, Ирланд улсын сургуулийн сургалтын төлбөрт 9,284,400 төгрөг шилжүүлснээс 8,364,800 төгрөгийг буцаан авч, зөрүү 919,600 төгрөгөөр, Хаан банканд зээлийн хүүд төлсөн 2,170,356 төгрөгөөр, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт төлсөн 411,744 төгрөгөөр, 2 удаагийн визний хураамжид төлсөн 2,097,080 төгрөгөөр буюу нийт 7,375,630 төгрөгөөр хохирсон тул энэ хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Анх нэхэмжлэл гаргахдаа 7,407,114 төгрөг гэж буруу тооцсон тул зөрүү 31,484 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай байгууллага иргэн Дтэй 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулах зуучлалын 16-137 тоот гэрээ байгуулсан бөгөөд зуучлалын хөлсөнд 500 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг (1,240,000) төгрөгийг тухайн өдрийн валютын ханшаар тооцон авсан билээ.

Манай байгууллагатай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Д Австрали улсад зөвлөгөө мэдээлэл авахдаа Австрали улс оюутны шинэчлэгдсэн визний дагуу банкны баталгаа байршуулах шаардлагатай тухай бүрэн ойлголт авсан бөгөөд өөрийн төрсөн эцэг Даваасүрэнгээр батлан даалгах болсон тухайгаа бидэнд мэдэгдэн цуг ирж санхүүгийн баталгаагаа шалгуулсан болно. Гэвч Дийн эцэг Даваасүрэнгийн батлан даах санхүү нь Монгол улсын арилжааны банкнуудад байршаагүй, өөрийн гишүүнчлэлтэй Хадгаламж Зээлийн Хоршоонд байрлаж байсан бөгөөд манай байгууллагын зүгээс хадгаламж зээлийн хоршоонд байрлаж байгаа мөнгө Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын албанаас зөвшөөрөгдөх эсэх тал дээр шинэ тохиолдол байсан, болохгүй гэх газаргүй байсан тул ямартай ч виз мэдүүлэх шийдвэрт хоёр талаас хүрч 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр виз мэдүүлсэн.

Гэвч 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр арилжааны банканд байршсан 6 сарын хуулга болон өөрийн цалингийн орлогоо авдгаа баталсан, мөн 6 сарын хуулга явуулахыг Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын алба шаардсан боловч 6 cap Арилжааны банканд байршуулсан санхүүгийн баталгаа байгаагүй тул нэмэлт тайлбар болон холбогдох материалын хамт бүрдүүлэн Австрали улсын Хил Хамгаалах Цагаачлалын албанд хүргүүлсэн. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн шаардлага хангаагүйн улмаас виз мэдүүлэг цуцлагдсан болно.

Тус виз мэдүүлгийн цуцлалтын үндсэн дээр санхүүгийн баталгаагаа банк бус санхүүгийн байгууллага дээр бус арилжааны банканд байршуулахаар болж иргэн Д өөрийн төрсөн эцгээс санхүүгийн баталгаа харуулах мөнгө авч өөрийн нэр дээрх Хаан банканд байршуулан дахин виз мэдүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр виз мэдүүлэг ганц бие, буцаж ирэх баталгаагүй, санхүүгийн баталгаа урт хугацаанд байршаагүй, санхүүгийн бүрдүүлсэн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр татгалзсан.

Иргэн Д нь манай байгууллагатай байгуулсан гэрээг бүрэн дүүрэн уншин танилцаж өөрийн эцэгтэй хамт ирж гэрээ байгуулсан. Манай байгууллагатай байгуулсан гэрээний 4.2-т заасны дагуу зуучлуулагч тал нь элчин сайдын яаманд визний мэдүүлэг өгөхдөө өгч байгаа бичиг баримтынхаа үнэн зөв эсэх, виз гарахтай холбоотой асуудал болон визний хураамжийг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй. Жич: аль ч орны визний хураамж виз гараагүй тохиолдол буцаан олгогддоггүй талаар тусгайлан зааж өгсөн болно.

Иймд нэхэмжлэлийн дагуу визний хураамжтай холбогдуулан манай байгууллагаас нэхэмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн 1,073,080 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн визний хураамж 1,024,000 төгрөг болон иргэн Дийн Австрали улсын визний шаардлагын дагуу өөрийн эрүүл мэндийг шинжлүүлэхээр “СОС Мэдикал эмнэлэг”-т төлсөн төлбөр 411,744 төгрөг, виз мэдүүлэхтэй холбогдуулан гарсан банкны зээлийн хүүг манай байгууллага хариуцах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болно.

Мөн манай байгууллагатай байгуулсан гэрээний 4.8-д заасны дагуу сургуулиудын төлбөр буцаан авах журмын дагуу сургуулиудын төлбөр олгох журмын дагуу буцаан олгогддог болно. Иргэн Д нь Австрали улсын “ELSIS коллеж”-д суралцахаар сургалтын төлбөр 5,080 ав.доллар, ОУ-ын оюутны эрүүл мэндийн даатгал 729 ав.долларыг сургуулийн урилгын дагуу төлж виз мэдүүлэх зөвшөөрлөө авсан боловч виз татгалзсаны улмаас нийт сургалтын төлбөрөөс 224 ав.долларыг сургуулийн урилганы дагуу суутган шилжүүлсэн бөгөөд дахин виз мэдүүлэхэд “Australian Academy of Commerce” коллежид cypax өргөдөл өгч виз мэдүүлсэн боловч дахин виз татгалзсан хариу ирсэн бөгөөд 200 ав.долларыг урилганы дагуу суутгасан.

Иймд нийт Австрали улсад суралцахад төлсөн сургалтын төлбөр болон ОУ-ын оюутны эрүүл мэндийн даатгалын төлбөр болох 5,385 ам.долларыг тухайн үеийн банкны ханшаар тооцон Монгол төгрөгөөр иргэн Дийн дансанд шилжүүлсэн болно.

Манай байгууллагын хувьд иргэн Дийн гаргаж буй нэхэмжлэлтэй холбогдуулан үнэхээр гомдолтой байгаа бөгөөд манай байгууллагын бүх ажилчдын нөр их хөдөлмөр болон үйлчлүүлэгчээ гэсэн сэтгэлд зориулан гаргасан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хичээл зүтгэлийг өрөөсгөл ойлгосонд харамсаж байна.

Манай байгууллагын хувьд иргэн Д нь хичээл зүтгэлтэй, сурч мэдэхийг эрхэмлэсэн үйлчлүүлэгч хэмээн хүндэтгэн манай байгууллагатай байгуулан төлсөн зуучлалын хөлс болох 500 ам.долларыг тухайн өдрийн банкны ханшаар тооцон өөрийнх нь Хаан банкны 5029593999 тоот дансанд 2018.09.06-нд шилжүүлсэн болно.

Мөн иргэн Д нь Англи хэлээ сайжруулж гадаадад явж суралцах хүслээ биелүүлмээр байна гэж бидэнд дахин хандаж, бид бүхэн дахин зөвлөлдсөний үндсэн дээр манай Ирланд улс хариуцсан шинэ салбараар зуучлалын хөлс 500 ам.доллар төлөхгүйгээр үйлчлүүлэх эрх болон санхүүгийн баталгаан дээр бид бүхэн тусалж, гадаадад суралцах зорилгыг нь биелүүлж өгөх чин хүсэлтэйгээр дахин виз мэдүүлэг мэдүүлсэн боловч Ирланд улсын Элчин Сайдын яамны ажилтан утсаар залгаж ярилцлага хийхэд сайтар хариулт өгөөгүйн улмаас татгалзал авсан.

Иймд иргэн Д нь сургуулийн төлбөрөө өөрөө олон улсын гуйвуулага хийж, сургуульдаа төлж мөн төлбөрийн буцаан авалтаа өөрөө сургуулиасаа шууд хүлээн авсан болно. Манай байгууллагын хувьд сургуулийн төлбөр буцаан авах журам болон Олон улсын валютын ханшийн зохицуулалтад хөндлөнгөөс нөлөөлдөг эрх зүйн субъект биш болно. Аливаа компанийн үндсэн зорилго нь ашиг олох байдаг бол бид бүхэн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавьж үйлчилгээ үзүүлдэг байгууллага билээ.

Манай байгууллага Монгол улсад цорын ганц НӨАТ төлдөг боловсрол зуучлалын агентлаг бөгөөд 2019 онд Монгол улсад 170,000,000 төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн болно. Бидний зүгээс иргэн Дт хариу нэхэлгүйгээр төлбөрт болон төлбөрт бус үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээтэйгээ холбогдуулан орчуулгын үйлчилгээ 780,000 төгрөг, Австрали 3 дахь удаагаа виз мэдүүлэхэд төлсөн төлбөр 1,024,000 төгрөг, Ирланд улсад суралцах виз мэдүүлэг болон илгээмжийн төлбөр 325,750 төгрөг, виз мэдүүлгийн давж заалдах өргөдлийг илгээмжийн төлбөр 125,000 төгрөг, Ирланд улсад суралцуулах зуучлалын төлбөр 1,228,000 төгрөг, Австрали улсад суралцах зуучлалын төлбөр1,240,000 төгрөг, нийт 4,722,750 төгрөг гарснаас нэг ч төгрөгийн төлбөр аваагүй болно.

Виз олгох асуудал Элчин сайдын яамны бүрэн эрхийн асуудал бөгөөд манайх виз гаргадаггүй тул виз гараагүйгээс учирсан хохирлыг манайх хариуцах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан, талууд үнэн зөвд маргаагүй нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх заалтыг зөрчсөний улмаас учирсан хохиролд 7,407,114 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд шаардлагаа 31,484 төгрөгөөр багасгаж, 7,357,630 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д нь “Б” ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зуучлалын 16-137 тоот гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр “Б” ХХК нь Австрали улсын Сиднейн Англи хэлний сургууль /Элсис/-д суралцуулахад зуучлах, Элчин сайдын яамнаас оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, бизний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлэх, зуучлуулагч талд суралцахыг хүссэн сургуулийн болон түүнтэй холбогдох мэдээллээр үнэн зөв, бүрэн дүүрэн, цаг алдалгүй хангах, Д нь 500 ам.долларын хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлсний төлөө хөлс төлөх үүргийг, хариуцагч нь нэхэмжлэгчийг Австрали улсын Сиднейн Англи хэлний сургууль /Элсис/-тай холбож өгөх үүргийг тус тус хүлээсэн шинжээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний, хариуцагч нь мөн Элчин сайдын яамнаас оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, бизний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлэх үүргийг хүлээсэн шинжээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэхээр байна.

 

Хоёр төрлийн гэрээний харилцааг нэг дор багтаасан дээрх гэрээг холимог гэрээ гэж үзэх үндэслэлгүй, харин нэг дор хоёр гэрээг зэрэг байгуулсан /бичилтийн техникийн хувьд нэг цаасан дээр буулгасан/ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх хоёр төрлийн гэрээний аль алинд үүрэг гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд манай тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид төлөх хөлсийг зааглаагүй тул 500 ам.долларын хөлсийг 2 төрлийн гэрээний нийт хөлс гэж үзнэ.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээ хуульд нийцсэн байх тул шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч “Б” ХХК нь зуучлалын гэрээний 5.2-т “зуучлагч тал нь зуучлуулагч талын зуучлуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 7-90 хоногийн дотор зуучлуулагч талд сургуулийн санал болгосон урилгыг ирүүлнэ” гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Австрали улсын Сиднейн Англи хэлний сургууль /Элсис/-аас Дийг тус сургуульд суралцахыг зөвшөөрсөн урилга, суралцуулахыг хүлээн зөвшөөрсөн гэрээг нэхэмжлэгч Дт хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хөлс 500 ам.доллар буюу 1,240,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Гэвч Австрали улсын Цагаачлал болон хил хамгаалалтын албанаас оюутны виз мэдүүлгэд 2017 оны 9 дүгээр сарын 01 /хураамж 1,073,080 төгрөг төлсөн/, 2018 оны 8 дугаар сарын 17 /хураамж 1,024,000 төгрөг төлсөн/-ны өдрүүдэд 2 удаа татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч нь дээрх сургуульд суралцаж чадаагүй бөгөөд сургалтын төлбөрт шилжүүлсэн 11,211,370 төгрөгөөс 9,434,520 төгрөгийг буцаан авсан байна.

 

Виз мэдүүлгэд татгалзсан хариуг хүлээн авсны дараа хариуцагч нь зуучлалын хөлс 500 ам.долларыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид буцаан олгожээ.

 

Үүнээс хойш талууд нэхэмжлэгчийг бусад орны сургуульд зуучлахаар болж, Бүгд Найрамдах Ирланд улсын “The English Studio Language” сургуульд суралцуулахыг зөвшөөрсөн урилгыг хариуцагч авч өгсний дагуу Ирландын гадаадын иргэншил болон Цагаачлалын үйлчилгээний газарт Дт оюутны виз мэдүүлжээ.

 

Гэвч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр татгалзсан хариу авсан бөгөөд уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчийг төлөөлөн хариуцагч гомдол гаргасан боловч Ирландын гадаадын иргэншил болон Цагаачлалын үйлчилгээний газар гомдлыг хянан үзээд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт шилжүүлсэн 9,284,400 төгрөгөөс 8,364,800 төгрөгийг буцаан авсан болох нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь Австрали болон Бүгд Найрамдах Ирланд улсын оюутны виз авч чадаагүйгээс зуучлуулсан сургуулиуддаа суралцаж чадаагүйг хариуцагчийн буруутай ажиллагаанаас буюу гэрээний 5.3, 5.4-т заасныг зөрчсөнөөс үүдэлтэй гэж үзэж, сургалтын төлбөрийн буцаалтын зөрүү 2,696,450 төгрөг, санхүүгийн баталгаа гаргахын тулд “Хаан банк” ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 2,170,356 төгрөг, “Сос Медика Монголиа эмнэлэг”-ийн эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт төлсөн 411,744 төгрөг, 2 улсын визний хураамжид төлсөн 2,097,080 төгрөг буюу нийт 7,375,630 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас шаардаж байна.

 

Гэрээний 5.3 дахь “Зуучлагч тал нь Элчин сайдын яамнаас оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, бизний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор Элчин сайдын яаманд хүргүүлэн өгнө” гэсэн заалт нь хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд, гэрээний 5.4 дэх “Зуучлагч тал нь зуучлуулагч талд суралцахыг хүссэн сургуулийн болон түүнтэй холбогдох мэдээллээр үнэн зөв, бүрэн дүүрэн, цаг алдалгүй хангах үүрэгтэй” гэсэн заалт нь зуучлалын гэрээний харилцаанд хамаатай заалтууд байна.

 

Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан 16-137 тоот гэрээний дагуу “Бриджблү Монголия” ХХК нь Австрали улсын Сиднейн Англи хэлний сургууль /Элсис/-тай нэхэмжлэгчийг холбож өгсний дагуу тус сургуулиас Дийг суралцуулахыг зөвшөөрч, зохих урилгыг ирүүлсэн байх боловч түүнд виз олгогдоогүй үндэслэлээр уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан хөлс 500 ам.долларыг буцаан өгсөн нь талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар бичгээр байгуулсан зуучлалын болон хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагаврыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах тохиолдол нь үүргийн зөрчил шаарддаггүй буюу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэгддэг учир үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах мөн хуулийн 225 дугаар зүйлийн зохицуулалтаас ялгаатай.

 

 Хэрэв гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан бол татгалзсан тал мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Манай тохиолдолд Австрали улсад түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгогдоогүйгээс нэхэмжлэгч нь зуучлуулсан сургуульдаа суралцаж чадаагүй буюу зуучлуулсны үр дүн гараагүй үйл баримт тогтоогдсон боловч тус улсад түр оршин суух зөвшөөрлийг хариуцагч бус харин Австрали улсын Элчин сайдын яам дахь эрх бүхий байгууллага олгодог тул виз олгох эсэх асуудлыг зуучлалын гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэгт хамаатуулах үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагчийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

 

Харин хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн “зуучлагч тал нь элчин сайдын яамнаас шаардсан оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх, визний маягтуудыг бөглөн 7-14 хоногийн дотор элчин сайдын яаманд хүргүүлэн өгнө” гэсэн үүргээ хариуцагч зөрчсөн нь эрх бүхий байгууллагуудаас нэхэмжлэгчид түр оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болсон бол нэхэмжлэгчийн зарим шаардлага үндэслэлтэй байж болохуйц тул татгалзсан үндэслэлд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дт виз олгохоос татгалзсан үндэслэлийг судлан үзвэл “Хаан банк” ХХК дахь түүний эзэмшлийн дансанд байршиж буй 60,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хангалттай нотолгоогоор хангаагүй, өөрийн улс орон руугаа буцах чухал шалтгаан болж чадахуйц санхүүгийн болоод гэр бүлийн холбоо /ганц бие/-г харуулж чадаагүй, өөрийн улс оронд авах боломжтой боловсролтой харьцуулахад хүссэн сургалт нь нэхэмжлэгчийн ирээдүйд ахин дэвших боломжоор хэрхэн хангаж чадах талаар итгэл төрүүлэх шалтгаан тогтоогдоогүй, өндөр зардлаар сургалтад хамрагдах нь дурдсан ажил мэргэжлийн зорилгодоо хүрэх чухал шалтгаан болж чадахгүй, виз хүссэн улсад үлдэх хандлага өндөр гэх үндэслэлүүдийг Австрали улсын Элчин сайдын яам хариундаа дурдсан байна.

 

Эдгээр үндэслэлүүдийг хариуцагчийн буруутай ажиллагаатай буюу элчин сайдын яамнаас шаардсан оюутанд холбогдох баримт бичгийг цаг тухайд нь үнэн зөв мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй, харин виз хүсэгч нэхэмжлэгч хувь хүний бодит нөхцөл байдалд тулгуурласан эрх бүхий байгууллагаас өгсөн үнэлэлт, дүгнэлт гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх хариуцагчийг хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой өөрөөс гарсан зардлыг хохиролд тооцож хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Бүгд Найрамдах Ирланд улсын “The English Studio Language” сургуульд суралцуулахыг зуучлах гэрээг талууд амаар байгуулсны улмаас уг гэрээгээр хүлээсэн зохигчдын үүрэг тодорхой бус, хуулиар хариуцагч буюу зуучлагчид хүлээлгэсэн үүргийг “Бриджблү Монголия” ХХК зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул “Б” ХХК-аас 7,375,630 төгрөг гаргуулахыг хүссэн Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА