Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 336

 

                                                                           

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Баасан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 1810013240426 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасангийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр товлогдсон миний нэхэмжлэлтэй Э-д холбогдох хэрэгт Б гэрчээр оролцохоор ирэхээр нь түүнд “өөрийнхөө авсан 13,000 ам.доллараа өгөхгүй байж хүний гэрч болно гэж юу гэсэн үг вэ” гэсэн чинь надад шүүхээр нэхэмжлээд ав эсхүл шоронд яв гэж хэлснээс болж маргалдсан. Тухайн үед шүүхийн цагдаа нар ирж бид хоёрт чимээгүй байхыг сануулсан тул тэр даруй гарсан. Гэтэл Б-ны шанаа руу цохьсон хэмээн гэрчилсэн Э нь надаас зээлсэн мөнгөө өгөөгүйгээс болж шүүх дээр хэрэг үүссэн, ашиг сонирхлын зөрчилтэй хүн байхад түүний худал мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь эргэлзээтэй юм. Харин хэрэгт ашиг сонирхолгүй шүүхийн цагдаа нарын өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэж үзэж байна. Цагдаа Э, Б нар “Д.Б, Б.Б нар нэг нэгнийгээ зодож цохьсон зүйл болоогүй, хохирогчийн биед ил харагдах гэмтэл байхгүй байсан” гэж мэдүүлсэн нь үнэнд нийцнэ. Б.Б нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй юм. Иймээс хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан хэлсэн саналдаа “Анх энэ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн боловч прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Хуулийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэг албан хаагчийн хамаарал бүхий хүнд зээл олгосноос болж, энэхүү хэрэг гарсан байдаг. Өс хонзонгийн сэдэлтээр хандаж Д.Б-д эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон хуралдааны явцад хохирогч Б.Б-г зодож, цохьсон асуудал гараагүй бөгөөд хохирогч биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй болохыг шүүхийн цагдаа нар гэрчилсэн. Шүүх ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. Иймд Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Б-ыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны 2 дугаар давхарт иргэн Б.Б-тай маргалдахдаа түүний уруул руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хоёр шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг хохирогч Б.Б, гэрч С.Э нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Д.Б энэ хэргийн хохирогч гэх Б.Б, гэрч С.Э нарын хэн алинтай нь мөнгө зээлсэн асуудлаар шүүхэд тусдаа нэхэмжлэл гарган маргаж, тэдгээр нь эс зөвшөөрөн мэтгэлцэж, өөрсдийн тайлбарыг үнэн зөв болохыг харилцан гэрчлэх байдлаар нэгийгээ дэмжиж иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцож байсан нь тэднийг нэгдмэл ашиг сонирхолтой гэж үзэхэд хүргэж байна.

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох учиртай.

Хохирогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх гаргасан баримт, өгсөн мэдүүлгийг шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулдаг болно.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б-ыг уруул, эрүүний орчим гараараа  нэг удаа хүчтэй ханатай хавсарч цохьсон гэж мэдүүлж байсан атлаа 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б- хувцаснаас нааш, цааш түлхэж, савчих үед миний эрүү тус газар цохигдсон гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.

Энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах хэлтсийн шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн хамгаалалтын цагдаа Б.Б, Э.Э нарын мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хэрэлдээд зогсож байхаар нь залууг шүүх хурал болохоор орж ирээрэй гэж шүүх байрнаас түр гаргасан, хэн нэгнийхээ биед халдаж цохиж зодсон асуудал болоогүйгээс гадна ил харагдах шарх гэмтэл үзэгдээгүй, Б-ын зүгээс цагдааг эсэргүүцэж, зууралдсан талаар ямар нэгэн асуудал болоогүй талаар мэдүүлж, хохирогчийн дээрх мэдүүлгийг няцаан үгүйсгэжээ.

Мэдүүлгийн нотлох баримт нь хувь хүний гадаад мэдрэхүйгээр дамжин биежиж, дотоод ухамсраар илэрхийлэгддэг учир хэргийн ул мөр, эд мөрийн баримт, дуу дүрсний зураглал, баримт бичиг, бичлэг зэрэг баримтат мэдээллээс хүний хүсэл зоригтой шууд холбоотой байдгаараа онцлог ялгаатай  тул түүнийг үнэлэхдээ эх сурвалжийн баталгаа, агуулгын үнэн зөв байдлыг бодитойгоор шалган тооцож үзэх учиртай юм. Энэ баталгааг хохирогч, гэрчид хууль сануулснаар бүрэн бий болно гэж үзэж бусад нөхцөл байдлыг эс харгалзан үзвээс мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа төөрөгдөж болох ба саад учруулах сонирхол бүхий этгээдүүдэд хөтлөгдөх аюултай.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл илэрвэл тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах  нотлох баримтын чухал суурь болдог учиртай.

Дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б-ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэж үзэж холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

                    

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН