Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

                                             ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2019 оны 02 сарын 11 өдөр              Дугаар 115                                Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Бд холбогдох эрүүгийн 1810013240426 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 1079 дугаартай магадлалаар дахин хэлэцүүлэхээр буцаасныг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, хохирогч Б.Б, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 321 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх, Б овогт Д-ийн Б /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны 2 дугаар давхарт иргэн Б.Бтай маргалдаж түүний уруул тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хуралдаанд талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Иргэний анхан шатны шүүх дээр Д.Бын 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй С.Энхжаргалд холбогдох хэрэг дээр Б.Б гэрчээр мэдүүлэг өгнө гэхээр нь би “Чи надаас авсан 13000 ам доллараа өгөхгүй байж, энэ хэрэг дээр гэрчээр оролцоно гэдэг нь ямар учиртай юм бэ. Чи эхлээд миний 13000 ам долларыг өг” гэж шаардсан.

Тэгэхэд Б.Б нь цагдаа дуудсан ба цагдаа ирэх үед би Б.Баас нэг алхам зайтай зогсож байсан. Үүнийг цагдаагийн алба хаагч нар гэрчилнэ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Болрчулуун нь “Д.Б надаас мөнгө нэхээд хана руу шахаж эрүү тус газар цохисон” гэж худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед би Б.Баас нэг алхам зайтай зогсож байсныг хамт байсан цагдаагийн алба хаагч нар гэрчилж байгаа.

Надад гэм буруу байхгүй. Би хүнд мөнгө өгсөнөөсөө болж одоо шүүгдэгчээр зогсож байна. Хохирогчийн биед би гэмтэл учруулаагүй, түүний архины хамааралтай нөхөр нь зодож гэмтэл учруулсан байж магадгүй. Тухайн үед би шүүхийн байранд Б.Б руу чичлэн дайрч давшлаагүй, тийм асуудал болоогүй. Б.Б нь өөрөө шүүхэд худал мэдүүлэг өгч намайг гүтгэж байна. Би гэм буруугүй. Болорчулуун надаас 60.0 сая төгрөгийн зээл аваад одоо хүртэл өгөхгүй гэсэндээ намайг гүтгээд, хэрэгтэн болгох гээд байна. 

Энэ хохирогч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж миний биед гэмтэл учруулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд надад учирсан хохирол төлбөрт нэг ч төгрөг гаргаж өгөөгүй байна. Энэ хүн ялтай байх ёстой байтал өнөөдөр намайг шүүхэд өгч ялтан болгох гэж байна. Намайг Б.Баас нэг алхмын зайтай зогсож байсныг цагдаагийн алба хаагч н.Батсайхан нотлоно. Би Б.Бы биед гэмтэл учруулаагүй, би гэм буруугүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд шүүх эцсийн шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг дуудаж, Д.Бын нэхэмжлэлтэй С.Энхжаргалд холбогдох шүүх хуралдаанд гэрчээр оролцуулна гэсэн. Би 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед шүүх хуралдаанд оролцохоор шүүхийн байранд ирсэн.

Тэгээд С.Энхжаргалтай холбогдоод бид хоёр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хоёр давхарт гарахад Д.Б харуулын цагдаагийн хажууд сууж байсан. Д.Б орилж хашгирч, намайг хэл амаар доромжилдог болохоор би аль болох хурдан дээшээ гарах гэсэн боловч араас орилоод гараад ирсэн.

Намайг элдэв янзаар доромжилж, намайг татаж аваад гарнаас сэгсэрч, цагдаа дуудаад ирэхийн хооронд Д.Б намайг цохисон. Нэг цагдаа нь бид хоёрыг салгах гэж оролдсон боловч хүч нь хүрээгүй. Хоёр дахь цагдаа гарч ирээд бид хоёрыг салгаж, Д.Быг доошоо аваад явсан.

Орой 19 цаг 40 минутад шүүх хурал дуусаад С.Энхжаргал бид хоёр нуугдаж байж шүүхийн байрнаас гарч явсан. Тухайн өдөр миний машин гардаггүй өдөр байсан тул би С.Энхжаргалаар өөрийн нөхрийн ажил дээр хүргүүлж, тэр өдрөө оройн 22 цаг болж байхад Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад нөхөр бид хоёр очиж, гомдол гаргасан. Надад шүүгдэгчийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Би нийт 213.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнд толгойн компьютер томографикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, толгойгоо бариулсан 80.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг орж байгаа юм. Хоорондын өр, төлбөрийн асуудлаар одоогийн байдлаар 4 дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгосон ба Д.Б хэргийг шийдвэрлэсэн шүүх, цагдаагийн байгууллагыг надтай ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзээд заргалдаад явдаг.

Шүүгдэгч нь миний зүүн гарнаас базаж, намайг сэгсрээд савчаад байсан. Бүх зүйл маш хурдан болсон болохоор тодорхой хэлж чадахгүй байна. Цагдаагийн алба хаагч Д.Быг аваад явсаны дараа С.Энхжаргал бид хоёр ариун цэврийн өрөө ороход миний амнаас цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг,    

 

Эрүүгийн 1810013240426 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“…Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагт болох шүүх хуралд гэрчээр дуудсан. Энхжаргал бид хоёр 15:10 цагийн үед иргэний хэргийн шүүхийн байрны 2 давхарт нь гарч ирэхэд Батням араас орилоод ирсэн. Тэгснээ над руу дайрч хана руу хувцаснаас татаад нааш, цааш түлхэж савчих үедээ миний эрүү тус газар цохисон.

Би “цагдаа дуудаарай” гээд орилоход шүүхийн хамгаалалтын цагдаа ирж салгасан. Батням цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, цагдаатай зууралдсан. Энхжаргал бид хоёр шилэн хаалганы цаана очиж, айгаад гарч чадахгүй байхад дахин нэг цагдаа ирж Батнямыг авч явсан. Батням яагаад над руу дайрч зодох гэснийг мэдэхгүй байна. … Миний зүүн эрүүн тус газар хөхөрч, завьжны дотор хэсэгт язарч, цус хуралт үүссэн. Мөн тархи доргисон байсан. Өөр гэмтэл шарх учраагүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ”…гэсэн мэдүүлэг /хэрийн 10-11х/,

 

2. Гэрч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“…2018 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр шиг санагдаж байна. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамгаалалтын цагдаагаар ажиллаж байхдаа шүүхийн 2 давхрын хурлын зааланд дэг сахиулж, шүүх хуралд оролцсон. Шүүх хуралдаан завсарлаж гарахад шатны хавьцаа эрэгтэй, эмэгтэй /Батням, Болорчулуун/ хоёр маргалдаж байгаа сонсогдсон.

Намайг очиход цагдаагийн дэслэгч Батсайхан маргалдаж байгаа эрэгтэй, эмэгтэй /Батням, Болорчулуун/ хоёртой хамт зогсчихсон “больцгоо, Шүүхийн байранд хэрэлдэж болохгүй” гэж хэлсэн. …Дэслэгч Батсайхан халзан толгойтой залууг /Батням/ шатаар дагуулан бууж, араас нь нөгөө эмэгтэй /Болорчулуун/ дагаад буусан. Хонх дуугарч би шүүх хурлын заал руу орсон. …Намайг байх үед Батням, Болорчулуун хоёр нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй, ил харагдах шарх байгаагүй, тийм зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-85х/,

 

3. Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“…Би Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн хамгаалалтын офицероор ажилладаг.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр билүү 24-ний өдөр шиг санагдаж байна, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ажлаа шалгаад явж байхад тус шүүхийн 2 дугаар давхарт үл таних эрэгтэй /Батням/, эмэгтэй /Болорчулуун/ хоёр хүн орилж хашгираад, маргалдаад байхаар нь очсон.

Намайг очиход Батням, Болорчулуун хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би халзан толгойтой эрэгтэйд /Батням/ шаардлага тавиад, шүүхийн байрнаас хөөж гаргасан. Харин хэрэлдээд байсан эмэгтэй /Болорчулуун/ нь шүүх хуралд гэрчээр орох гэж байгаа талаар хэлсэн. Батням, Болорчулуун хоёр нэг нэгнээ зодож цохисон үйлдэл харагдаагүй…” гэсэн мэдүүлэг /хэргийн 67, 82х/,

 

4. Гэрч Г.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“…2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15.30 цагт Д.Бын нэхэмжлэлтэй, би хариуцагчаар иргэний хэргийн шүүх хуралд орохоор гэрч Болорчулуунтай хамт ирсэн. Шүүх хурлын танхим руу орох гээд 2 давхрын шатаар гарч байтал Батням ирээд Болорчулуун руу дайраад, маргалдаад барьж авсан. Болорчулуун нэг гартаа цүнхээ, нөгөө гартаа хавтастай цаас барьсан байсан бөгөөд цаас барьсан гараараа Батнямыг түлхсэн.

Батням Болорчулууны хувцаснаас заамдчихаад хана руу шахаад гараараа түүний зүүн эрүү орчимд нэг удаа цохисон. Болорчулуун “Энхжаргал аа,  цагдаа дуудаач ээ” гэхэд нь “Батням аа болиоч ээ” гэхэд “та дуугүй бай, танд хамаагүй” гэж хэлсэн. Тэр хоёрыг жижүүрийн цагдаа нар ирж салгахад Батням цагдаатай маргалдаж, хувцаснаас нь зуурсан.

Батням Болорчулууныг хананд шахаж байхдаа уруулыг нь нэг удаа цохисон. Батнямыг цагдаа нар аваад явсны дараа Болорчулуун “миний уруулыг хар даа, яасан байна” гэхээр нь хартал Болорчулууны доод уруулын дотор талд нь жаахан язраад цус шүүрч байсан. Би цагдаа нараас камер байгаа эсэхийг асуухад “2 давхраас доошоо харсан камер байгаа, шатан дээр камер байхгүй” гэж хэлсэн. …Батням нь Болорчулуунаас мөнгө нэхэж маргалдсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6667 дугаартай:

1. Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн материалаар гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн №989 дугаартай:

1. Хүний биед үзлэг хийсэн №6667 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Б.Бы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ.

4. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

7. Б.Бы биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Б.Бы биед учирсан доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

9. Б.Бы биед учирсан тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

10. Тархи доргилт гэмтлийг зовиур, асуумж болон тухайн хүний биед бодит үзлэг, мэдрэлийн үзлэг хийж оношлох бүрэн боломжтой.

11. Тархи доргилт гэмтлийг анагаахын шинжлэх ухаанд зовиур, асуумж болон бодит үзлэг, мэдрэлийн үзлэг зэргийг хийснээр оношлох бүрэн боломжтой.” гэсэн дүгнэлт  /хэргийн 93-94х/,

 

7. Хохирогч Б.Баас хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 44, 46-47х/,

 

8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаартай шийдвэр /хэргийн 48-56х/,

 

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 27-29х/,  

 

10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 141- 148х/,

 

11. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 1079 дугаартай магадлал /хэргийн 182-185х/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

12. Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“…Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр миний гаргасан нэхэмжлэлтэй, Энхжаргал хариуцагчтай шүүх хурал 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагт болох байсан юм. Тус шүүх хуралдаанд Болорчулуун гэрчээр оролцохоор ирсэн. Намайг шүүхийн байрны 2 давхарт гарахад Болорчулуун, Энхжаргал хоёр ирчихсэн байсан. Би Болорчулуунд “чи надаас авсан 13000 ам.доллараа өг” гэхэд “чамд өгдөг мөнгө байхгүй, чи шүүхээрээ заргалдаад ав” гэхээр нь  би “чи өөрийнхөө авсан мөнгийг өгч чадахгүй байж, хүний гэрч болно гэж юу байдаг юм” гээд маргалдсан.

Энхжаргал нь  “болиоч чи, цагдаа дуудна” гээд шүүхийн хамгаалалтын цагдааг дуудаж ирүүлсэн. Цагдаа ирээд “шүүх хурал болж байна, та нар чимээгүй бай, хэрүүлээ гарч хий” гэсэн. Болорчулуун, цагдаад “энэ намайг зодох гэж дайраад байна ш дээ” гэхээр нь би Болорчулуунд “чи өгөх ёстой мөнгөө өг л дөө” гэхэд цагдаа “энд шүүх хурал болж байна, гар” гээд намайг татаад гаргасан.

Би Болорчулууныг цохиж зодсон зүйл байхгүй, маргалдсан. …Би Болорчулуунаас нэг алхам зайд зогсож байсан. Үүнийг хамт байсан Энхжаргал болон цагдаа нар гэрчилнэ…” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хэргийн 32х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 33х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг  бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн Б.Бтай тус шүүхийн байрны 2 дугаар давхарт “зээлсэн 13.000 доллараа төл, өөрийнхөө зээлсэн мөнгийг төлөхгүй байж хүний хэрэгт гэрчээр оролцоно гэж юу байдаг юм” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, маргалдах явцдаа түүний уруул тус газарт цохисноос эрүүл мэндэд “...тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол  учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Б.Бы: “Батням нь ...миний зүүн тал руу дайраад, намайг сэгсрээд байсан. ...түүнийг гарсны дараа миний уруулын баруун доод эрүүний хэсэгт сонин болсон байсан. ...шүүгдэгчийн зүгээс яг миний нүүр рүү чиглэсэн үйлдэл хийгээгүй. Сэгсэрч байхдаа гар нь гулсаад намайг цохисон байх” гэсэн мэдүүлэг /хэргийн 143х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- мөн хохирогчийн: “...Батням нь ...ирэнгүүтээ над руу дайрч, тэгээд хана руу хувцаснаас татаад нааш цааш түлхэж савчих үедээ миний эрүү тус газарт цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5х/,

- гэрч Г.Энхжаргалын: “...би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Батням, Болорчулууны уруул хэсэгт цохисон гэж хэлсэн. Олон удаа цохисон гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 145х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- мөн гэрчийн: “...Батням Болорчулууны нүүр рүү баруун гараараа чи мөнгө өг гээд цохиод байсан...”  гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-21х/,

- “...Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6667 дугаартай дүгнэлт /хэргийн 18х/,

- “...Хүний биед үзлэг хийсэн №6667 тоот дүгнэлт үндэслэлтэй байна,  Б.Бы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ, дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна, Б.Бы биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Б.Бы биед учирсан доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Б.Бы биед учирсан тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтлийг зовиур, асуумж болон тухайн хүний биед бодит үзлэг, мэдрэлийн үзлэг хийж оношлох бүрэн боломжтой, тархи доргилт гэмтлийг анагаахын шинжлэх ухаанд зовиур, асуумж болон бодит үзлэг, мэдрэлийн үзлэг зэргийг хийснээр оношлох бүрэн боломжтой.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан №989 дугаартай дүгнэлт  /хэргийн 93-94х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Бы биед учирсан “тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Б түүнтэй маргалдан зууралдаж, савчих явцад цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн Б.Бтай тус шүүхийн байрны 2 дугаар давхарт “зээлсэн 13.000 доллараа төл, өөрийн зээлсэн мөнгийг төлөхгүй байж хүний хэрэгт гэрчээр оролцох гэлээ” гэсэн тодорхой шалтгааны улмаас маргаан үүсгэж, улмаар маргалдан зууралдаж, савчих явцдаа түүний уруул тус газарт цохиж, биед нь “тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Бын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Болорчулуунд “чи надаас авсан 13000 ам.доллараа өг” гэхэд “чамд өгдөг мөнгө байхгүй, чи шүүхээрээ заргалдаад ав” гэхээр нь  би “чи өөрийнхөө авсан мөнгийг өгч чадахгүй байж, хүний гэрч болно гэж юу байдаг юм” гээд маргалдсан. Би Болорчулууныг цохиж зодсон зүйл байхгүй, маргалдсан. …Би Болорчулуунаас нэг алхамын зайд зогсож байсан.” хэмээн мэдүүлж хэргийн үйл баримт, гэм буруууд маргаж мэтгэлцсэн хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Х.Энхжаргал, хохирогч Б.Б нарын удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэгт гэрчээр асуугдсан тухайн өдөр шүүхийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан гэх цагдаагийн алба хаагч Э.Эрдэнэбаяр, Б.Батсайхан нар нь хэрэг учрал гарсан шүүхийн байрны 2 дугаар давхарт “шүүгдэгч, хохирогч нар /эрэгтэй эмэгтэй хоёр хүн/ нь  орилж хашгираад маргалдаад байсан” нөхцөл байдлыг гэрчлэн мэдүүлсэн ба тэдгээр гэрчүүд шүүгдэгч нь хохирогчийн гарнаас зуурч, сэгсрэх зэргээр савчиж байсан гэх үйлдлийг хараагүй шууд бус гэрчүүд байна.

 

Хэргийн хохирогч Б.Б, шүүгдэгч Д.Б нар нь урьд зээл, тооцооны үүрэгтэй холбоотой маргаантай асуудлаар хууль хяналтын байгуулагад шалгагдаж байсан, тухайн асуудлаар шүүхэд маргаан хянагдаж байгаа гэх нөхцөл байдал нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болохоос гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Тухайн нөхцөлд хэргийн хохирогч Б.Бы биед учирсан “тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол гэмт хэргийн хохиролд, уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ, оношилгоо хийлгэсэн зардал нь хохирол учирсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд зарцуулсан гэх шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, толгойн томографын зураг авахуулсаны 120.000 төгрөг, бариа заслын эмчилгээ хийлгэсэн 85.000 төгрөг, нийт 213.000 төгрөг нэхэмжилсэн  гомдлын шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний зардал төлсөн баримтуудыг /хэргийн 43-47х/ гаргаж өгснийг тус эрүүгийн хэрэгт хавсарган бэхжүүлсэн байна.  

 

Иймд баримтаар нотлогдож буй эмчилгээ, оношилгооны зардалд хохирогчоос зарцуулсан 213.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Д.Баас гаргуулан хохирогч Б.Бд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж,  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан тухай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/ баримтад тэмдэглэгдсэн байна.  

 

“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

 

Иймд шүүгдэгч Д.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.    

 

Шүүх, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Быг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Баас гэм хорын хохиролд 213.000 /хоёр зуун арван гурав мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Хилл хотхоны 71 дүгээр байрны 35 тоотод оршин суух, /РД:/ Ш овогт Б-ийн Б-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД