Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1141

 

 

 

 

 

 

 

 

 

“Х -” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х -” ХХК-ийн хариуцагч Д.Х-, Э.А- нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээ цуцалсны үр дагаварт 77 672 193.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.Х-, Э.А- нар нь тус банктай 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 3Г-RCC2014061107-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон БГ-RCC2014061107-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 86 600 000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч Д.Х-, Э.А- нар нь Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 71 474 288.04 төгрөг, зээлийн үндсэн хүү 6 168 973.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 432.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 20 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан нь Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Х-, Э.А- нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 77 672 193.67 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Хэрэв хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Д.Х-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Х-гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээл авсан, зээлээ хугацаандаа төлөөгүй график зөрчсөн нь үнэн. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй. Харин Д.Х- нь одоо бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, ажил орлогогүй байсны улмаас зээлээ төлж чадахгүй өдийг хүргэсэн тул зээл төлөх 8 сарын хугацаа олгооч гэж хүсэж байгаа юм. Одоохондоо ажилгүй тул зээлээ төлөх боломжгүй, мөн хариуцагч Э.А- нь зээл хааж өгнө гэж ярьсан байдаг ч ор сураггүй алга болсон тул энэ байдлыг харгалзан 8 сарын хугацаа олговол байраа зараад ч боловч зээлээ төлөх боломжтой гэжээ.

 

Хариуцагч Э.А- нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан Д.Х-, Э.А- нараас 77 672 193.67 төгрөгийг гаргуулж “Х -” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д.Х-, Э.А- нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Х-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 4 тоотод байршилтай 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 686 711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Х- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн "Хариуцагч Д.Х- нэхэмжлэлээр шаардаж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эсэргүүцээгүй боловч төлбөр төлөх 8 сарын хугацаа олгохыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй болно" хэмээн үзсэн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж бичсэн байна. Учир нь нэхэмжлэгч "Х -" ХХК өөрийн санаачилгаар нэг жилийн өмнөөс таниас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг авахгүй ингээд таньд зээл төлөх 8 сарын хугацааг олгож байна гэж мэдэгдсэн боловч өнөөдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэж байгаад туйлын их гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгч "Х -" ХХК нь тухайн цаг хугацаанд ингэж мэдэгдээгүй бол төлбөрийн график шинээр дахин гаргаж төлөх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс зээлийн хүү 978 458 төгрөг мөн нэмэгдүүлсэн хүү 8 432.36 төгрөг буюу нийт 1 086 890.36 төгрөгийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Х -” ХХК нь хариуцагч Э.А-, Д.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 77 672 193.67 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч Д.Х- хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх 8 сарын хугацаа олгохыг хүссэн бөгөөд хариуцагч Э.А- хариу тайлбар гаргаж маргаагүй байна.

 

            Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-RCC2014061107-1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “Х -” ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 86 600 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Д.Х-, Э.А- нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөр /сард 828 011.35 төгрөг буюу тэнцүү төлөлт/-ийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Х-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 4 тоотын 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэг авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 14-22 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд дээрх гэрээний дагуу 86 600 000 төгрөг зээлсэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15 125 711.96 төгрөг, зээлийн хүүд 28 285 819.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 63 067.08 төгрөг, нийт 43 474 598.68 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй байна.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 14-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/2987 тоот мэдэгдлээр хариуцагч нараас шаардсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ.

 

            Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлэхээр заажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээг цуцлах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцжээ.

 

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 71 474 288.04 төгрөг, зээлийн хүү 6 168 973.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 432.36 төгрөг нийт 77 651 693.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х -” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтын дагуу талууд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, түүнийг төлөх хугацааны талаар тохиролцжээ.

 

            Хариуцагч Д.Х- нь давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч 8 сарын хугацааг олгож байна гэж мэдэгдсэн. Тухайн үед ингэж мэдэгдээгүй бол төлбөрийн график шинээр дахин гаргаж төлөх боломжтой байсан тул зээлийн хүү 978 458 төгрөг, нэмэгдүүлсэн хүү     8 432.36 төгрөг, нийт 1 086 890.36 төгрөгийг зөвшөөрөхгүй.” гэсэн боловч зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх талаар талууд тохиролцож байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Д.Х-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 4 тоотын 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 20 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч Э.А- нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар мөн эсэргүүцээгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.А-ад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болох талаар түүнд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Э.А-ын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцжээ.

 

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/00907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Д.Х-гийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

 

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                       

                                                                                                       С.ЭНХТӨР