Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/00907

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д,

Хариуцагч: Э.А нарт холбогдох,   

 

Зээлийн гэрээ цуцалсны үр дагаврыг 77,672,193.67 төгрөг гаргуулах замаар арилгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Д.Д, Э.А нар нь тус банктай 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 3Г-RCC2014061107-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон БГ-RCC2014061107-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 86,600,000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Зээлдэгч Д.Д, Э.А нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Зээлдэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 71,474,288.04 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,168,973.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 20,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан нь “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Д, Э.А нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 77,672,193.67 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хэрэв хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Д.Дгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 4 тоот хаягт байрлах 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Дгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зээл авсан, зээлээ хугацаандаа төлөөгүй график зөрчсөн нь үнэн. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй. Харин Д.Д нь одоо бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, ажил орлогогүй байсны улмаас зээлээ төлж чадахгүй өдийг хүргэсэн тул зээл төлөх 8 сарын хугацаа олгооч гэж хүсэж байгаа юм. Одоохондоо ажилгүй тул зээлээ төлөх боломжгүй, мөн хариуцагч Э.А нь зээл хааж өгнө гэж ярьсан байдаг ч ор сураггүй алга болсон тул энэ байдлыг харгалзан 8 сарын хугацаа олговол байраа зараад ч боловч зээлээ төлөх боломжтой гэв.

 

Хариуцагч Э.А шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.Х” ХХК нь хариуцагч Э.А, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалсны үр дагаврыг 77,672,193.67 төгрөг гаргуулах замаар арилгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Д нэхэмжлэлээр шаардаж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эсэргүүцээгүй боловч төлбөр төлөх 8 сарын хугацаа олгохыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э.Аад 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болох талаар түүнд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байна.

 

Хариуцагч Э.Аад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, тус шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Э.Аын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-RCC2014061107-1 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Х.Х” ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 86,600,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Д.Д, Э.А нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөр /сар бүр 828,011.35 төгрөг буюу тэнцүү төлөлт/-ийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн өдөр “Х.Х” ХХК нь Д.Дтэй Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014061107-1-1 тоот гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж 40 дүгээр байрны 4 тоотын 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Зээлдүүлэгч нь 86,600,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь үндсэн зээлд 15,125,711.96 төгрөг, зээлийн хүүд 28,285,819.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 63,067.08 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нар буюу зээлдэгчдээс зээлийн үлдэгдэлд 71,474,288.04 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 6,168,973.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 8,432.36 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 20,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Д.Д нь зээлийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээр шаардсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ болон төлөгдсөн төлбөрийн хэмжээнд маргаагүй бол хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар мөн эсэргүүцээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь зөрчил арилгах талаар урьдчилан сануулж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/2987 тоот мэдэгдлээр хугацаа тогтоож өгсөн боловч тогтоосон хугацаанд хангалттай үр дүн гараагүй буюу зөрчил бүрэн арилаагүй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 9.2.2, 9.2.5 дахь заалтууд, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцжээ.

 

Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 20,500 төгрөг төлж илүү зардал гаргасан нь 2019 оны 6 дугаар сарын 12, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрүүдийн мөнгөний 3034, 480 тоот тасалбарууд болон нотариатчийн дардас дахь үйлчилгээний хөлс хураасан тэмдэглэгээгээр тогтоогдож байх тул энэхүү зардлыг хохиролд тооцож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Д.Д, Э.А нараас үндсэн зээл 71,474,288.04 төгрөг, зээлийн хүү 6,168,973.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432.36 төгрөг, хохирол 20,500 төгрөг буюу нийт 77,672,193.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.Х” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан Д.Д, Э.А нараас 77,672,193.67 төгрөгийг гаргуулж “Х.Х” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д.Д, Э.А нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Дгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027865 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 4 тоотод байршилтай 56,28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 686,711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА