Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 123/2017/0025/з |
Дугаар | 221/МА2017/0838 |
Огноо | 2017-11-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0838
Ч.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч С.М, гуравдагч этгээд М.Ц нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоор Ч.Ц-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрээр: ”Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ын “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: “Нэг. Шүүхийн шийдвэр нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд:
... Шүүхээс тухайн захиргааны актад ямар ч дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарийн маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй асуудлыг дүгнэж шийдвэр гаргажээ.
... Шүүх өөрийн дүгнэлт өгөөгүй хэсгийг хууль зөрчсөн мэтээр тайлбарласан, хоёрдугаарт: нэхэмжлэгч Ч.Ц-ын авсан 136 санал, М.Ц-гийн авсан 26 саналын нийлбэр 162 буюу саналын зөрүүгүй мөн саналын хуудас, хуралдааны тэмдэглэлд баримт бичигт шүүхээс 2017.08.21-ний хийсэн үзлэгээр “... тооллогын комисс зөв тоолсон гэж саналын хуудсыг буцаан олгов, ... саналын хуудасны зөрүү гараагүй иргэдийн Нийтийн Хурлын даргад саналын хуудсыг буцаан олгов” гэж мөн Төв Аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.Л-оос ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны албан бичигт Сүмбэр 1 дүгээр баг 272 өрхтэй, шүүхэд М.Ц-гээс ирүүлсэн багийн иргэдийн мэдээлэлтэй албан бичигт 1 дүгээр баг 272 өрхтэй гэж, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “тус баг нь 272 өрхтэй” гэж тус тус талууд ямар ч маргаангүй байхад тоо зөрүүтэй байсан мэтээр тайлбарлаж нотлох баримтыг буруу үнэлсэн.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгөөгүй тухайд:
... Захиргааны ... акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргах үүрэгтэй.
... Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхаас гадна зөвхөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарын хууль зүйн үндэслэлийг шалгаж, гарсан үр дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан Сүмбэр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, 2016 оны 12 дугаар 13-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн зөвлөмжийг” тус тус удирдлага болгосон байдаг. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар Засаг дарга томилохдоо зөвхөн шийдвэр буюу тогтоол үндэслэхийг хуулиар тогтоож өгсөн.
Мөн гуравдагч этгээд М.Ц-г олонхийн санал авсан талаар ямар ч тогтоол үйлдэгдэж байгаагүй бөгөөд засаг дарга Б/24 дүгээр захирамжаар М.Ц-г багийн Засаг даргад томилох эрх зүйн үндэслэл байхгүй байгааг харуулж байна. Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “... эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг хангасаар байхад шүүх актад огт дүгнэлт өгөөгүй юм.
Нөгөөтэйгүүр хариуцагчийн шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05/128 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч М.Ц-г томилсон Б/24 захирамжаа хүчингүй болгосон, мөн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа үүнийгээ баталсаар байхад буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх 67.1-д зааснаар хэргийг шийдвэрлээгүй болно.
Иймээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Нэг. “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах тухай” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Мижидийн Цэцгээг томилон баталсан сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах тухай” шаардлага гаргасныг хариуцагч албан тушаалтан хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/195 дугаар захирамжаараа тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа шүүхэд тайлбар, баримтаа гаргажээ.
Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврыг тайлбарласны үндсэн дээр нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болжээ.
Хоёр. “Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ... баг...-ны Хурлаас нэр дэвшүүлж, ... харьяалах сум...-ийн Засаг дарга ... дөрвөн жилийн хугацаагаар томилно, 3-д “... дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална”,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг .../-ийн/ Засаг даргыг сум ...-ын Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж зааснаас үзвэл сумын Засаг дарга нь багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолууд, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/147 дугаар албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дахин хуралдаанаа хийж, Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэхийг зөвлөсний дагуу 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулж, тухайн хуралдаанаас олонхийн санал авсан Ч.Ц-ыг Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал хүргүүлсэн нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг нь хуулийн дагуу явагдаагүй, дахин явуулахаар зөвлөснийг 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин хуралдсан байна.
Энэ тохиолдолд шүүх хариуцагч Сүмбэр сумын Засаг даргад дээр дурдсан хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, “Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц-ыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” талаар буруу дүгнэлт хийжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2017/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц-ын “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах тухай” шаардлагыг хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг баримтлан “Ч.Ц-ыг Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргаар томилохыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах тухай” Ч.Ц-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР