Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 473

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

-Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19******* гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн захирал С.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Өмнөговь аймгийн Булган сумын “Тал” нэртэй газарт 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, уг өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авсан. 

Нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэн Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3-т заасан ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байсан тул тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичгийг хүргүүлсэн. 

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн саналд “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай” тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн бөгөөд тус санал нь хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн гэж үзэж байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Т*******” ХХК-д 6/6738 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “...Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12/03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул ...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзсан болохыг мэдэгдье.” гэсэн байдаг. 

Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газарт гомдол гаргасан бөгөөд тус газраас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6/7587 дугаар албан бичигт “...Өмнөговь аймгийн Булган сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NE-025505 дугаартай өргөдөлд Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн, мөн уг өргөдлийн талбайг бүхэлд нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 тоот тогтоолоор сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.” гэсэн. 

Кадастрын хэлтэс энэхүү Засаг даргын саналыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэж заасны дагуу шалгаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэн хариу өгөх үүрэгтэй атал тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар “орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол гарахыг хүлээж байсан нь хууль бус эс үйлдэхүй байгаа нь доорх албан бичгээр нотлогдож байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргаас дэмжээгүй саналыг Кадастрын хэлтэст 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирүүлснээс хойш, 3 сар 12 хоногийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/03 дугаар “Зарим газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг хүлээн авч бүртгэсэн нь манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэсэн үйлдэл байгаа нь ойлгомжтой байна. 

“Т*******” ХХК нь  энэ талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2014 оны 6 дугаар сараас эхлэн хувийн хөрөнгөөр геологийн анхан шатны судалгаа болон тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад ихээхэн хэмжээний төлбөр гаргасан болно.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь “Тал” нэртэй газарт 19******* гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин судалж үзэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.  

Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...”Т*******” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь “Тал” нэртэй 19******* гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан. 

Уг өргөдөл нь өргөдлийн NE-025505 дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 15 минутаас 14 цаг 30 минутын хооронд өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. 

Тиймээс Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу тухайн  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар Өмнөговь аймгийн Засаг даргад 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6/2041 дугаар албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн. 

Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1-896 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Булган сумын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” хариуг Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. 

Засаг дарга татгалзсан саналдаа тухайн талбай бүхий газар нь тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчлэн давхцалтай байх тул дэмжихгүй гэсэн байна. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг” бүхэлд нь сумын тусгай хамгаалалтад авсан байсан тул дээрх тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Кадастрын хэлтэс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.2.3-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь “Тал” нэртэй 19******* гектар талбайд “Т*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гурав. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц******* 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоожээ. 

Уг тогтоолыг үндэслэн Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаал гарч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд зарлаж, өргөдөл хүлээн авах сонгон шалгаруулалт зарласан байна.

Тухайн сонгон шалгаруулалт явуулж буй гол нөхцөл, болзлоо өмнө нь зөвшөөрлөөр олгогдож байгаагүй, хэтийн төлөвгүй, эрсдэлийн хуримтлалгүй талбай болон өмнө нь зөвшөөрөл цуцлагдсан, эсхүл хэсэгчлэн төрд буцаан өгсөн талбай орж байгаа тухайгаа албан ёсоор зарласан. Энэ бол сонгон шалгаруулалтад орох болсон гол үндэслэл, төрд итгэх итгэлийн баталгаа байсан юм.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд багтсан нэр бүхий талбайг баталж, Уул уурхайн яамнаас олон нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад “Т*******” ХХК оролцон шалгарсны дараа Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх зүйн боломжгүйн дээр сонгон шалгаруулалтын болзолд тусгагдсан нөхцөлийг зөрчсөн байна. Иймд хариуцагч байгууллага үйл ажиллагааныхаа дараа орон нутгийн сонирхол орсон шийдвэрээс шалтгаалан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрх зүйн боломжгүй байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын 239 дүгээр тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх заалтад “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээний дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.”, мөн зүйлийн 2 дахь заалтад “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.” гэж заажээ.

Үүнээс үзэхэд орон нутгийн Хурлын шийдвэр Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр, тогтоолд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй, түүний хүрээ хязгаарт захирагдан үйл ажиллагаа явуулах статустай байна. 

Иймд Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн засаг даргын шийдвэр, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг зөрчиж гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Шүүх нэхэмжлэгч “Т*******” ХХК-аас хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19******* гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

  Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь:

нэгд, хариуцагч “...тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай байна” гэсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэж ирүүлсэн санал” -ыг болон;

хоёрт, “...ХА-018286 (NE-025505) дугаартай өргөдлийн талбайг бүхэлд нь Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг  нэхэмжлэгчид хүргүүлж, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 680 дугаар шийдвэр гаргасан нь хууль бус.” гэж;

        Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь: 

нэгд, “...“Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчлэн давхцалтай байх тул “дэмжихгүй” гэсэн Өмнөговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн уг  саналд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй тул уг санал нь хууль ёсны санал мөн бөгөөд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд тооцогдоно.” ;

хоёрт, “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хамгаалалтад авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Кадастрын хэлтэс бүртгэсэн. Иймд хариуцагч хуульд заасан чиг үүргийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.”  гэж маргажээ. 

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 2015 оны 680 дугаар шийдвэр  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах;”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ...мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:”, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчиж гарсан болох нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Үүнд:

1.1. Маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 680 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1-896 дугаар албан бичгээр  Ашигт малтмалын газарт “...орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай тул ашигт малтмалын хайгуулын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байна.” гэжээ.

Иймд хариуцагчийн 2015 оны 680 дугаар шийдвэр нь Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх боловч тус 680 дугаар шийдвэр нь  “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна.

         Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...мэдэгдэнэ.” гэсэн заалтаас үзэхэд:

 хэрэв Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “...зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх” бол энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжээгүй” хариу өгсөн нөхцөлд төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж болно гэсэн дүгнэлт гарч байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэсэн заалтын “татгалзсан хариу өгч болно.” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд тайлбарлажээ.

Тэгэхлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй, 19.2.3-т заасан тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь: 

нэгд, хариуцагчийн “нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн  6/2041  дүгээр албан бичгээр болон дээр дурдсан үндэслэлүүдээр;

хоёрт, Өмнөговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай байрших Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Санал авах тухай” 1-635 дугаар албан бичгийг  хүргүүлсэн байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 26 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.1.4.г/-д “...улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлнэ.” гэж заасан байхад: 

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаан зарлаж, тус хуралдаанаар  нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/01 дүгээр тогтоолыг  баталж, улмаар “2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцсан тул тухайн газар нутагт тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.” гэсэн саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэсэн заалтыг тус тус зөрчиж: 

-Ашигт малтмалын газарт “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцаж байна гэх үндэслэлээр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй гэсэн саналыг  өгсөн болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

1.2. Хариуцагч “Т*******” ХХК-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 680 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэдгийг нотлохын тулд Өмнөговь аймгийн Засаг даргаас гаргасан 2015 оны 6 дугаар “дэмжихгүй” гэсэн саналд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрх Кадастрын хэлтсийн даргад хуулиар олгогдоогүй тул “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэж татгалзсан шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч:

         нэгд, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” гэж ойлгохоор, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу  “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах.” гэсэн бүрэн эрхийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлэхээр байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан эрхийг Өмнөговь аймгийн Засаг дарга болон Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг:

-тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр;

-тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд;

-тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго;

-тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацааг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.” гэсэн хууль зүйн үүргийг биелүүлнэ. 

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй санал гарах үндэслэл болсон Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11/01 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар албан бичигт “...нэр бүхий 2 газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын 11/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Энэхүү тогтоолыг хавсралтын хамт хүргүүлж байна.” гэсэн албан бичиг  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хуульд заасны дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болохыг бүртгэж авсан баримт алга. ...Засаг даргын саналд сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байна гэсэн боловч тусгай хэрэгцээнд бүртгэж авна уу гэсэн зүйл байгаагүй.” гэсэн тайлбараар  тус тус нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбайг Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх боловч тус газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдаагүй, тусгай хэрэгцээний газарт бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. 

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай байна гэх “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй саналыг үндэслэж “Т*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 680 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хоёрт, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Нийтлэг үндэслэл” гэсэн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно.” гэжээ. 

Тэгэхлээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дэх хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлэх ёстой байна. 

Гэтэл “Т*******” ХХК-ийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-т бичигдсэн эрх зүйн шүүлт хийсэн дүгнэлтээс үзэхэд:

нэгдүгээрт, Засаг даргын санал авахаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад явуулсан, 

хоёрдугаарт, Засаг даргаас хариуг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан  гэж тэмдэглэж, мөн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 680 дугаар хууль бус шийдвэрийг гаргасан нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны байх, гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

II. Хариуцагчаас нэхэмжлэгч “Т*******” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн бөгөөд тус 6/6738 дугаар мэдэгдэлд  “...Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12/03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн ...680 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье.” гэжээ. 

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 3 дугаар сарын 23-нд гаргасан, хариуцагчаас Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж үзэхэд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж үзэж Өмнөговь аймгийн Засаг даргад 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6/2041 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид 1-896 дугаар албан бичгээр санал ирүүлсэн үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагч “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дэх хэсгийн 4.5-д заасны дагуу “...ажлын 3 өдөрт багтааж”  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийн төслийг боловсруулж, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад  тус заалтыг зөрчиж 3 сарын дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12/03 дугаар тогтоолоор  орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрх бүхий хуулийн этгээд, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх “үндсэн эрх”-ийг эдлэх хууль ёсны этгээд мөн. 

Харин хариуцагч мөн хуулийн 12 дахь заалтын “...Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчиж маргаан бүхий 2015 оны 680 дугаар шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн “...хариуцагч хуульд заасан хугацаанд, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй. ...тус үүргээ биелүүлэх ёстой байтал орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоол гарахыг хүлээж байсан эс үйлдэхүй байсан байна ...” , мөн “...3 сар 12 хоногийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/03 дугаар тогтоолыг хариуцагч хүлээн авч Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн нь манай компанид тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэсэн үйлдэл байгаа нь ойлгомжтой байна.”  гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар санал нь бодит байдалд “хууль зүйн үндэслэлгүй” санал болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.2-т заасан ажиллагаагаар тогтоосон, түүнчлэн Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр “Т*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 680 дугаар шийдвэрийг хариуцагч гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ...мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:”, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”, “Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хоёр. “Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19******* гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Т*******” ХХК-аас “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянаж, Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

        Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19******* гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т*******” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19******* гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ӨЛЗИЙСАЙХАН