Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0723

 

“Талын үчимбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Төмөрхуяг нарыг оролцуулан хийж, хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 473 дугаар шийдвэртэй, “Талын үчимбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 473 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан “Талын үчимбэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрийн “Талын үчимбэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Талын үчимбэр” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19018.46 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтайван давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаартай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Өмнөговь аймгийн Булган сумын нутагт “Тал” нэртэй 19018.46 гекгар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд эаасан журмын дагуу дахин судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1 162.1, 162.2 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт 680 дугаар шийдвэр нь “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Засаг дарга татгалзсан саналын үндэслэлдээ тухайн талбай бүхий газарт тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дугаартай тогтоолоор орон нутгын тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчилэн давхцалтай байх тул дэмжихгүй гэсэн байна. УДШ-ийн Ашигт малтмалын тухай хуулийн эарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолоор Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай эөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.

Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 тоот тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хамгаалалтад авсан бөгөөд энэ тогтоолыг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтэс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.2.3 дахь хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцед авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай эөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Тал нэртэй 19018.46 гектар талбайд “Талын үчимбэр” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 680 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “Засаг даргаас саналын үндэслэлдээ Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай хэсэгчлэн давхцалтай тул дэмжихгүй гэсэн... Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 тоот тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай байсан. Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тогтоолыг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн.  ... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.2.3-д зааснаар 680 дугаар шийдвэр үндэслэлтэй” гэжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “Талын үчимбэр” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүлт хийж, хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй гэж үзэн, Өмнөговь аймгийн Засаг даргад 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6/2041 дүгээр албан бичгээр санал ирүүлэхийг мэдэгджээ.

Уг мэдэгдлийн хариуд тус аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1-896 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалтад авсан талбайтай хэсэгчлэн давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхийг дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан гэх боловч аймгийн Засаг даргын саналыг хариуцагч хүлээн авах үед уг тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ... шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй байжээ.

Хариуцагч Кадастрын хэлтэс нь Засаг даргын саналыг хүлээн авч, түүний үндэслэл, шалтгааныг хууль журамд заасан хугацаанд тодруулж өргөдлийг шийдвэрлэлгүй Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дэх хэсгийн 4.3-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас Дэмжээгүй санал ирүүлсэн бол ажлын 5 өдөрт багтаан ... өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж, 4.5-д “Аймаг, Нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, ... даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө...” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Улмаар хариуцагч нь Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дэмжээгүй саналыг хүлээн авснаас хойш 4 сарын дараа “Талын үчимбэр” ХХК-ийн өргөдөлд дахин зураг зүйн шүүлт хийж, Засаг даргын уг саналын үндэслэл болсон тогтоолоос өөр тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаар шийдвэрээр “тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, бүртгэх, хянан шийдвэрлэх журмыг бүхэлд нь зөрчсөн байна. Үүний улмаас нэхэмжлэгч “Талын үчимбэр” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрх болон эрх, ашиг сонирхлыг нь хөндсөн захиргааны актууд (Засаг даргын санал, сумын ИТХ-ын тогтоол гэх мэт)-ын талаар тухайн үед гомдол, нэхэмжлэл гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймд хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ