Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 59

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1044 дүгээр магадлалтай, Б.Б-д холбогдох 1810015590454 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын задгайд оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х х овогт Б-ийн Б-.

Б.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Г.Г-ийг унтаж байхад гэрт нь орж нууцаар, хууль бусаар “Айфоне-6” загварын гар утсыг хулгайлан авч 392,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Буядаагийн Б-ыг хоёр жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу гэмт хэргийн зүйлчлэлийн талаар. Миний үйлчлүүлэгч бусдын орон байранд нэвтрэн орж гар утсыг нь авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө, маргахгүй. Харин нэвтэрч орсон явдлыг “хууль бус” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь: 1. Нэвтрэх гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор орон байранд хууль бусаар нууц буюу илээр орохыг хэлнэ гэж онолд үздэг /С.Нарангэрэл. МУ-ын Эрүүгийн эрх зүй /тусгай анги/. УБ., 1998., 123 дахь тал/. Иймд хууль бус уу, үгүй юу гэсэн асуудал үүснэ. Хэрэв хууль бус байсан бол хулгай хийх зорилго байхыг шаардана. Гэтэл хулгай хийх зорилгоор ороогүй. Улсын дээд шүүхийн тайлбарт хулгай хийх зорилгоор орох нь хууль бус болно гэж заасан. Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим заалтыг практикт хэрэглэх тухай 1991.04.19-ний өдрийн 13 дугаар тогтоолд “хууль бусаар нэвтрэх” гэдэгт хулгай хийх зорилгоор хөрөнгө байгаа орон байранд янз бүрийн аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэжээ. Энэ тогтоол одоо хэр хүчинтэй байна. Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006.05.29-ний өдрийн 28 дугаар тогтоолд “түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно” гэжээ.

2. Хулгай нь санаатай гэмт хэрэг. Иймд шууд ба шууд бус санаатай байхаас гадна урьдчилан төлөвлөсөн буюу гэнэт үүссэн санаатай байж болно. Урьдчилан үүссэн санаа бол хулгай хийх санаа аль эрт үүссэн байхыг хэлнэ. Ийм санаа байгаагүй. Харин гэрт орсон хойно нь гар утсыг хараад түүнийг авах санаа үүссэн. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олж авсан /17.5/ гэмт хэрэгтэй субъектив тал нь адилхан гэж ойлгож болно. Өмнө нь дурдсан Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар: гэм буруутай этгээд эд хөрөнгийг урьдаас төлөвлөж тооцоолон идэвхтэй үйлдлээр олж аваагүй, эд хөрөнгийг авах санаа зорилго нь түүнийг олж авсны дараа үүсдэг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгагддаг гэсэн үг. Иймд хууль бусаар буюу хулгай хийх зорилго нь эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “зүйлчлэлийг өөрчлөн Б.Б-д ашигтайгаар шийдвэрлэж” өгнө үү.

Хоёр. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг давж заалдах шатны шүүх хэрэглэсэн талаар. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа ... “эд хөрөнгөнд 392,000 төгрөгийн хохирол учирсан ...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн ... нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно” хэмээн дүгнэсэн. Ийм ч учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил хорих ял биечлэн эдлүүлэхээр тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх зүйлчлэл дээр маргасан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг гэм буруугийн маргаан хэмээн үзэж, шударга шүүхээр шүүлгэх эрхийнхээ дагуу давж заалдах өргөдөл гаргасны төлөө шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жил хорих ялыг нэмэгдүүлж 2 жил хорих ял болгосон өөрчлөлтийг хийсэн энэхүү энэрэнгүй бус хүний эрхийг хязгаарласан явдалд гомдолтой байгааг минь хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ялтны эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр зохистой хэрэглэж, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх нь яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Г.Г-ийг унтаж байхад гэрт нь орж, нууцаар, хууль бусаар “Айфоне-6” загварын гар утсыг хулгайлан авч 392,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ы гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар “Хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Б.Б-ы мэдүүлсэн “хохирогчийн гэрт хөршийн хувиар байнга орж, гарч байдаг бөгөөд өглөө гэрт нь ороход хаалга нь онгорхой байсан, тухайн үед хохирогч, хүүхдүүдтэйгээ унтаж байсан тул тэрээр ширээн доор байсан утсыг хулгайлсан” гэсэн мэдүүлгийг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гэрт нэгэнт нэвтэрсний дараа утас хулгайлах хүсэл зориг үүссэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэрийн хаалга онгорхой байхад хөршийн хувиар орж байгаа үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн, түүнчлэн гэрт орохоосоо өмнө тэрээр гэрт байгаа хүмүүс унтаж байгааг мэдсэн байх, мөн цэнэглэхээр холбосон гар утсыг хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр хулгайлах боломж байгааг гэрт нэвтрэхийн өмнө урьдаас мэдэж төлөвлөж үйлдсэн гэж дүгнэх, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Б- хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийг  “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг 1 жил болгон хөнгөрүүлэх  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1044 дүгээр магадлалд “Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН