Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 395

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х х- овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1810015590454 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймаг Булган сум 1-р баг ……. бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо …….. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Х х- овогт Б-гийн Б- /РД: ПК80…………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Г.Г-ийг унтаж байхад нь гэрт орж нууцаар, хууль бусаар “I Phone-6” маркийн гар утсыг нь хулгайлан авч бусдад 392.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810015590454 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух хохирогч Г.Г-ийн гэрээс хууль бусаар “I Phone-6” маркийн гар утсыг нь хулгайлан авч бусдад 392.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Г-ийн “… Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний орой унтахдаа өөрийн гар утсаа гэрийн баруун талын ширээний доор цэнэглээд унтсан. Өглөө сэрээд харахад миний утас байхгүй, цэнэглэгч нь үлдсэн байхаар нь нөхөр Батбямбыг аваад явчихаж гэж бодоод тэр өдөр асуугаагүй. Орой 22 цаг өнгөрч байхад нөхөр ажлаа тараад ирэхэд нь гар утсаа асуухад “би мэдэхгүй, авч яваагүй ш дээ, намайг өглөө ажилдаа явж байхад манай гэр рүү урд айлын Б- хашааны дээгүүр хараад зогсож байхыг харсан” гэж хэлсэн. Тэгээд л миний гар утсыг Б- хулгайлсан болохыг мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч Б.Б- “…2018 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоот гэртээ унтах гэж байхад эхнэр Ганчимэг өөрийн гар утсаа ширээн доор цэнэглээд тавьж байхыг харсан юм. Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гартал Б- хашааны дээгүүр манайх руу хараад зогсож байсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл бодолгүй шууд ажилдаа явсан. Би гэрийнхээ хаалгыг цоожлолгүй гаднаас нь хаагаад гарсан. Орой 22 цагийн үед  гэртээ ирэхэд эхнэр Ганчимэг надаас гар утсаа нэхэхэд нь “би авч яваагүй” гэж хэлсэн. Тэгээд л Б-ыг гар утас хулгайлсан болохыг мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Гэрч С.Х- “… Би 2018 оны 06 дугаар сарын 20-нээс 21-нд шилжих шөнө Эрхэс-112 дугаар чиглэлд цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэтөгсийн хамт хөдөлгөөнт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12 дугаар гудамжны задгай тоотод оршин суух Ганчимэгийн гэрээс гар утас алдагдсан байна” гэх дуудлага ирсний дагуу дээрх хаягт очиход Ганчимэг “гэрт цэнэглээд тавьсан байсан I Phone-6 маркийн гар утас алга болсон. Б- гэх хүнийг сэжиглэж байна” гэж хэлсэн. Үүний дагуу Б- гэх хүний гэрт орж улмаар өөрийгөө танилцуулан болсон явдлын талаар хэлтэл Б- нь нэг л санаа зовсон байдалтай сандраад байсан. Тэгснээ удалгүй гар утсыг гаргаж өгсөн. Ингээд Б-ыг Цагдаагийн хэлтэст дээр авчран жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Б- хэлэхдээ “Өглөө гэрт нь ороход айлын эмэгтэй унтаж байхаар ширээний доор цэнэглээд тавьсан гар утсыг цэнэглэгчээс нь салгаад авч гарсан. Хулгай хийсэн нь миний буруу, уучлаарай гэж хэлж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “I Phone-6” маркийн гар утсыг 392.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “…Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр найзтайгаа архи уусан. Мөн гэртээ очоод дахин архи уугаад унтсан. Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өглөө дэлгүүрээс 2 лааз пиво аваад хажуу хашааны залуутай хувааж уух зорилгоор гэрт нь ортол байхгүй байсан. Намайг ороход эхнэр нь хүүхдүүдтэйгээ унтаж байхаар нь гэрээс гарахдаа ширээний доор цэнэглээд тавьсан гар утсыг нь хулгайлсан. Гар утсыг нь зарж амжаагүй байтал цагдаад баригдсан. … Намайг гар утсыг хулгайлж байхыг гэрт байсан эхнэр, хүүхдүүд нь мэдээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх хохирогч Г.Г-ийнхтэй 2016 оноос хөршүүд болсон. Би байнга тэднийд орж гардаг байсан юм. Би тухайн өдөр согтуу байсан учраас Ганчимэгийнд ороод цэнэглэж байсан гар утсыг нь аваад гарсан…гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “…шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “… миний үйлчлүүлэгч Б.Б- нь пиво уух зорилгоор хохирогч Г.Г-ийн гэрт орсон. Тухайн айлын хаалгыг эвдэж ороогүй, хулгай хийх санаа зорилгогүйгээр очсон. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.Б-ы “хөрш айлдаа ордог байсан” гэх тайлбар нь бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхтэй этгээд гэж үзэхгүй тул “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал няцаагдаж байна.

           Иймд шүүгдэгч Б.Б-ыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Г.Г-т “I Phone-6” маркийн гар утсыг 392.000 төгрөгөөр үнэлсэн  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг /хх-ийн 28-29-р хуудас/ үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 392.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.

 

Шүүгдэгч Б.Б-аас “I Phone-6” маркийн гар утас 1 ширхэгийг хохирогч Г.Г-т хүлээлгэн өгсөн нь ”Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б-ы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.