Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 762

 

 

 

 

 

 

 

 

 

Х.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00414 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.И-ын хариуцагч “ТВ дөрөв” ХХК, Г.Н- нарт холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Н-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Н-, түүний өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1962 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шиньжян-Уйгар өөртөө засах орны Бор талд Цахар овгийн Монгол гэр бүлд төрж өссөн. Миний төрсөн нутагт торгууд, өөлд, цахар зэрэг монгол угсааны аймгууд өнөөг хүртэл угсаа гарал, монгол хэл, бичгийн соёл, уламжлал, ёс заншлаа нандигнан өвлөж үр хойчдоо залгамжлуулан хадгалж ирсэн.

Би анх 1990 онд Монгол Улсад ирсэн бөгөөд 2007 онд хуульд заасан дүрэм, журмын дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын иргэншил авсан. Миний бие гэр бүл, үр хүүхдүүдийн хамт ажил хөдөлмөр эрхэлж Монгол улсын иргэний үүргээ зохих ёсоор биелүүлж амьдарч байна.

Мэдээж хэрэг өвөг дээдсийнхээ нүүдэллэж ирсэн төрөлх Монгол нутагт амьдрах сайхан. Шиньжян-Уйгарын өөртөө засах орны Бор талын Монголчууд энэ газар шороонд цай, сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлал одоог хүртэл тасраагүй.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэр бүхий хэдэн хүн ил болон далдуур манай гэр бүл, ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж дарамт шахалт үзүүлдэг болсон. Миний нэр төрийг гутаах, доромжлох хятад гэж бусдад итгүүлэх, олон нийтээр намайг жигшин зэвүүцүүлэх үйлдлийг ажил төрөлтэй минь холбож үндэслэлгүй худал мэдээллийг удаа дараа тарааж, дарамт үзүүлж байна.

Хариуцагч “ТВ дөрөв” телевиз, Г.Н- нар нь хэд хэдэн удаагийн нэвтрүүлгээр, нэхэмжлэгч Х.И-ыг хужаа гэж доромжлон, гарал үүсэл, хийж буй ажил, төрлийн талаар худал мэдээлэл тараан, гүтгэж, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дүрс бичлэгийг авч олон нийтэд үзүүлсэн хууль бус үйлдлүүд нь удаан хугацаанд үргэлжилж байна.

Хариуцагч ТВ Дөрөв телевиз нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Дөрөв дэх” засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

2019 оны 5 дугаар сарын сүүлчээр “ТВ дөрөв” телевизийн сурвалжлагч Л.Б-манай ажлын байранд зөвшөөрөлгүй дайран орж ирээд бичлэг хийсэн мэдээллийн хөтөлбөртөө Хятадууд Монголд ирээд эхнэр авч суурьшиж байна гэсэн гарчиг дор нэвтрүүлэгч зарим нэгэн заримдгууд эх оронд минь ирээд иргэншлээ сольж идэж уух дуртай хэдэн дарга нарт бохир мөнгөө атгуулчхаад, ард олонд нь чанаргүй барилга барьж амьдруулсан болоод, ахиад нийслэлийн газар нутагт шунаж монгол төр лүү Монголын хууль хяналтын байгууллагууд руу нулиман даналзаж сууна, хятадууд монголчуудыг Хятадчилах бодлогоо өөрсдийн гараар хийхгүй, удаан хугацаанд харьяанд нь байж хятаджсан өвөр монголчуудыг явуулна.

Тэд манай руу ирээд хаяж одсон мах цусны чинь тасархай байна гээд уйлаад суучихвал өдгөө өрөвч ард түмэн бид яах билээ, өвөр монгол нөхдөөс мэдлэг боловсролтой, наашаа цаашаа их явдаг нэг нь л ар Монголоо гэсэн сэтгэлтэй байдгаас бүгд ийм бодолгүй.

Тийм нэг нөхрийг өвөр Монголын захаас нь олоод монгол хүний амийг хороо гэвэл ямар ч эргэлзээгүй хийх л болно. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүд хэвийн үзэгдэл, тиймээс хэнд ч боломж нээлттэй хэмээн хатгадаг гэнэ гэж тайлбар хийгээд, мөн төгсгөлд нь монгол цус булингартах учиргүй, булингартуулаад эхэлсэн энэ Х.И- гэх этгээдийг хянаж шалгахад буруутахгүй гэж телевизийн мэдээгээр дүрс бичлэгтэй гаргаж тэр даруй “ТV4 mongolia” гэх фэйсбүүк хуудсаараа цацсан.

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод даварсан дархлагдсан Хятад иргэд олширч байгаа. Тэд Монгол иргэдийг эх оронд нь алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, хортой эм тариагаа Монголчуудад элдвээр туршдаг асуудал яригдаж байна. Мөн хил, гаалийн байгууллага, хууль батлагчид тэдний халаасанд байгаа учраас тэд үндэсний аюулгүй байдалд бардмаар заналхийлсээр байгаа.

Хууль, хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг эрхэм бол БНХАУ-ын Шиньжян Уйгараас Монголд гэр бүлээрээ цагаачлан орж ирсэн Х.И- гэгч юм. Түүний толгойлдог Богда холдинг, Богд-Асар компаниуд иргэд, оршин суугчдыг илтэд хохироосон, одоо ч хохироосоор байгаа. Түүгээр ч зогсохгүй оршин суугчид дотроос сөрж тэмцэлдсэн нэгнийг ална, булна гэх мэтээр заналхийлсээр байгаа гэнэ. Хятад иргэд хэр нь Монгол улсад эзэн суусан, энэ мэтээр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж,

“ТВ дөрөв” телевизийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь мэдээллийн хөтөлбөрөөр:

Г.Н-г оролцуулан 2006 оноос хойш Баянгол дүүргийн Богд Ар хороололд үйл ажиллагаа явуулж байгаа “БА” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж миний болон манай гэр бүлийг Хятадаас орж ирсэн юм чинь хятад хүмүүс л биз дээ гэж,

Мөнгө амлах тухайд манай редакц руу хандаж эдгээр сурвалжлагуудын пэйж хуудаснаас устгах юм уу, энэ асуудлыг орхигдуулаач ээ гэж яг та хоёрын нэр дурдсан эдгээр хятад иргэд хандаж байсан.

Ерөнхийдөө нэг талаас нь харахад мөнгө төгрөгөөр бүх зүйлийг ингээд зохицуулж сурсан гэдэг хандлага ажиглагдаад байна.

“ТВ дөрөв” телевизийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Дөрөв дэх” засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

Саяхан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ТВ4 телевизийн 4 дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр хятад цагаачид Хан Уул дүүрэгт 25 га газар бэлэглэсэн түүх сөхвөл гарчиг дор “Богда Холдинг ХХК-ийн захирал Х.И- 1990 онд Шинжан, Уйгараар дамжин Монголд ирсэн хятад хүн. Анх эрэгтэй хүний судас барьж тан өгдөг уламжлалт анагаах ухааны эмч хүн байсан. Одоо Монгол Улсын иргэн, барилгачин хүн болон хувирсан. Монголын төр энэ хүнд Хан Уул дүүргийн 10 дугаар хороонд 25 га газар өгсөн байна гэж тайлбар өгөөд мөн л ямар зорилгоор үгсэн хуйвалдсан эсэх нь тодорхойгүй Г.Н-гаас ярилцлага авч байгаа хэлбэрээр доромжилсон.

Мэдээний төгсгөлд барилга бариад таван цаастай болчихсон дээр нь иргэншлийг нь авсан учраас яавал ч яана гэж даналздаг болсноор барахгүй даам гарч яармагт эрүүл тэгш 25 га газартай болчихсон энэ асуудлыг хэн хариуцах ёстой вэ, Монголд анх хөл тавихдаа үүргэвч эгэлдрэглэж хятад шаахай жийсэн түрийвч нимгэн хятад цагаачид орж ирсэн бол өнөөдөр тэд Монголын тэрбумтаны жагсаалтыг тэргүүлэхээр их хөлжсөөр байна.

Нөгөөтэйгүүр сурвалжлагч 2019 оны 5 дугаар сарын сүүлээр ирж зөвшөөрөлгүй бичлэг хийхдээ та хятад юм уу, таны яриаг оршин суугчид ойлгодоггүй гэсэн, та хятад тэ гэх мэт илт доромжилсон асуултууд тавьж захиалгаар намайг өдөөн хатгаж дүрс бичлэг хийх санаатай байжээ.

Барилга бариад таван цаастай болчихсон, дээр нь иргэншлийг нь авсан учраас яавал ч яана гэж даналздаг болсноор барахгүй даам гарч, Яармагт эрүүл тэгш 25 га газартай болчихсон. Монголд анх хөл тавихдаа үүргэвч эгэлдрэглэж, хятад шаахай жийсэн түрийвч нимгэн хятад цагаачид орж ирсэн бол өнөөдөр тэд Монголын тэрбумтны жагсаалтыг тэргүүлэхээр их хөлжсөөр байна.

Одоо Богд-Ар хороололд сургууль, цэцэрлэг байхгүй хэвээрээ байгаа. Хувийн хаус болон, өөртөө зориулж зочид буудал барихаар төлөвлөж байгаа зураг төслөө гаргасан байгаа мэдээлэл байна гээд бүрэн тодорхой болоогүй, баталгаагүй худал мэдээллээр олон нийтийн анхаарлыг татаж, нэхэмжлэгчийг муу муухай харагдуулах гэж элдэв аргыг олон нийтэд тарааж байна. Нөгөөтээгүүр шүүх хурал болоогүй, хэрэг шийдэгдээгүй байхад хэргийн талаар нийтэд мэдээлж, Х.И- гэгч эр “ТВ дөрөв” телевизийг хуулийн өмнө дуудсан. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан учраас уучлал гуйхыг хүссэн шүүх хурал товлогдоод байна. Бид шүүхийн өмнө баримтаа бариад очно гэж мэдээлжээ. Мөн хавтас хэргийн зургийг олон нийтэд ил болгож байгаа нь “ТВ дөрөв” телевиз түүний нэвтрүүлэгч Л.Б-нь ажилдаа болон аливаа асуудалд хэрхэн сэтгэлийн хөөрлөөр, дур зоргоороо хандаж, иргэн, хуулийн этгээд, тэр бүү хэл шүүх, шүүхийн ажиллагааг үл тоомсорлож ханддаг нь илэрхий болж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/207 дугаартай шийдвэрээр “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.4, 1.5, 2.2, 3.2, 4.2-г тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Таны яриад байгаа энэ Х.И- гэгч бол Монгол Улсын иргэншилтэй болчихсон. Энэ хүнтэй би нүүр тулж уулзсан сурвалжлага бэлтгэх явцдаа мэдээж өрөөнд нь түгжигдэх хэмжээний ийм үл ойлголцол үүсч байсан гэх мэт Г.Н-тай өмнөөс үгсэн хуйвалдаж миний нэр хүнд, гарал үүслийг минь гутаан доромжилсон асуултуудыг нэвтрүүлэгч тавьж, түүнд нь Г.Н- хариулах хэлбэрээр намайг доромжилсон.

Хариуцагч Г.Н- нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Дөрөв дэх” засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

Намайг ажлын өрөөндөө сууж байхад 2 этгээдийг оруулж ирээд 2 метр өндөр 1 нөхөр, нэг нь бол 1.80 метрийн хэмжээтэй өндөр тийм тарган, булиа нөхөр орж ирсэн. Орж ирээд шууд хаалга дарж 1 нь хаалган дээр орж ирж хаалга түгжээд, хармаанаасаа хутга гаргаж ирээд 1 нь миний урд ирж сандлаа тавьж суучхаад одоо наад хийж байгаа ажлаа боль, болихгүй бол ар гэр, эхнэр хүүхэд болон чамтай тооцоо бодно шүү гэж дарамталсан, тэгээд би тухайн үед одоо би та нараас айгаад байх юм байхгүй, яг хэн захиалсан тэрийгээ хэлчих ээ шударга ярьчихъя, эр хүн шиг ярьчихъя гэсэн. Боль гээд дарамтлаад байсан. Мөн “... Чамайг бол бид нар яаж ч болно. Дүү нараараа бол нухуулна гэсэн гэж худал мэдээллийг олон нийтэд тарааж гутаан доромжлохын зэрэгцээ хүн алуулахаар захиалдаг, заналхийлдэг, утсаар дарамталдаг” гэх онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн.

“ТВ дөрөв” телевизийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Түмний үгийг төрд” нь мэдээллийн хөтөлбөрөөр:

2011 оноос хойш энэ асуудал буруугаар эргэж явж байгаа энэ нөхөр дураараа хотын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөөд, өөрчлөхдөө хэд хэдэн удаа өөрчлүүлчихсэн байж байдаг 10 жилийн дотор.

Хэдэн цэцэрлэгийн насны хүүхдийн эрх ашгийг ингэж зөрчиж хуулийг уландаа гишгэж, төр засгийн үе үеийн нөхдүүдтэй хуйвалдаж, хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа зөрчиж, өөрчлүүлдэг, ийм л аймаар эрх мэдэлтэй байгаад байхгүй юу. Нууц ноёнтон юм уу. Би бол үүнийг их л нууц ноёнтон юм байна гэж бодсон доо. Тэгээд 2018 оны 4 дүгээр сард манай ажлын өрөөнд 2 хүн оруулж ирээд намайг алахыг завдсан. Тэр бол шууд намайг алах гэж байсан байхгүй юу. Угаасаа л шууд алах гэж байсан. Тэр чинь, хүний аминд халдах гэж байгаа, хүнд заналхийлсэн ийм аймаар юм.

Тэр дундаа ядарсан ард иргэдийн эрх ашгийг битгий ингэж зөрчөөд доромжлоод төр засгийн луйварчидтай нийлээд дээр нь гишгэлээд дэвслээд байж болохгүй. Тэгвэл энэ хүн МУ-д 2007 онд иргэн болохдоо ямар үндэслэлээр иргэн болсон юм, хууль зүйн үндэслэлтэй болсон юм уу, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн юм уу, худлаа мэдүүлсэн юм уу. Ямар нэгэн байдлаар, шууд арын хаалгаар, автоматаар худлаа мэдүүлэг өгөөд, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээд иргэн болчихсон юм уу.

Х.И- гэдэг хүн н.Энхболдын мөнгийг дамжуулж зохицуулж байдаг хүн. Гадаад руу зугаалахаар явахад нь зардлыг нь даадаг.

2006 оноос хойш Баянгол дүүргийн Богд Ар хороололд үйл ажиллагаа явуулж байгаа “БА” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж миний болон манай гэр бүлийн гишүүдийг Хятадаас орж ирсэн юм чинь хятад хүмүүс л биз дээ зэрэг ТV4 телевизийн нэвтрүүлэгчтэй зэрэгцэн доромжилсон.

Мөн Богд-Ар хорооллын асуудлуудыг дэлгэн тавьсан иргэн Г.Н-д ТV4 телевизийн сурвалжлагч цэцэрлэг, сургуулийн асуудлуудыг хөндөн тавьснаас хойш танд бас дарамт, заналхийлэл ирээд бас хууль, хяналтын байгууллагад хандангуут таны ширээг эвдлээгүй учраас ийм асуудал үүссэн гэдэг шалтгаанаар хууль хяналтын байгууллага дээр хэрэг хаагдсан байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч, гэж өмнө нь үгсэн хуйвалдсан асуулт хариултаа, асууж хариулах хэлбэрээр гүтгэн доромжилсон.

Ийнхүү Г.Н- нь “ТВ дөрөв” телевизтэй өмнөөс үгсэн хуйвалдаж хийсэн дээрх нэвтрүүлгүүдээр Х.И- нь хүний амь насыг хохироохоор заналхийлдэг гэх ойлголтыг төрүүлж, ор үндэсгүй мэдээллүүдээс болж “Б”, “Б” ХХК-уудын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь буурч, хийж, бүтээсэн ажлын үнэлэмж, үнэлгээ буурах гээд сөрөг үр дагаврууд бий болж, компани цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ноцтойгоор саад учруулж байна.

Дээрх нэвтрүүлгүүдийг телевизээр гарахад хэдэн хүн үзэж буруу ташаа, худал мэдээлэл авсан бэ, гэдэг тоон баримтыг гаргах боломжгүй. Харин “ТV4 mongolia” /ТВ4 монголиа/ гэх “ТВ дөрөв” телевизийн фэйсбүүк пэйж хуудсаар 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрт 520 хүн сэтгэгдэл бичиж, 9300 хүн /share/ хийж, бусдад тараасан бол 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь мэдээллийн хөтөлбөрт 145 хүн сэтгэгдэл бичиж, 1700 хүн бусдад түгээжээ. Ийнхүү 125000 дагагчтай “ТV4 mongolia” /ТВ4 монголиа/ гэх пэйжээр Х.И-, түүний гэр бүлийг доромжлон, худал мэдээллийг тараасан хөтөлбөр, мэдээллүүд 2019 оны 5 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл байсаар байна. Үүний улмаас Х.И- болон түүний гэр бүлийнхэн, “Богда холдинг”, “Богд-Асар” ХХК-ийн ажилчид энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл сэтгэл санааны хүнд дарамтад байна.

“ТВ дөрөв” телевиз, түүний нэвтрүүлэгчийн энэ үйлдэл нь олон нийтэд Х.И- бол Монгол иргэдийг алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хууль, хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг, тэмцэлдсэн нэгтнийг ална, булна гэж заналхийлдэг мөнгө төгрөгөөр бүх зүйлийг зохицуулж сурсан ойлголтыг, харин Г.Н-гийн үйлдэл нь Х.И- нь Г.Н-г алахыг завдуулсан, дүү нараараа нухуулах гэж байсан, хүнийг буудаж, хор өгч, машинаар дайрч, траншейны нүх рүү хийж, ус руу шидэж алах магадлалтай их аюултай хүн, хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа өөрчлүүлдэг, арын хаалгаар, автоматаар худлаа мэдүүлэг өгөөд, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээд иргэн болчихсон, хүний амь насанд заналхийлдэг хүн гэх ойлголтыг шууд төрүүлэхээр байх тул Х.И-, түүний гэр бүлийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг удирдлага болгон тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу “ТВ дөрөв” ХХК-д /ТV4 телевиз/ нэхэмжлэгч Х.И- миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, уг гүтгэлгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Н- миний бие Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороололд “Тэнгэрийн Гэгээ СӨХ”-ны захирлаар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Нэхэмжлэгч Х.И- гэгч нь Богд Ар хорооллыг барьсан “БХ” ХХКзахирлаар ажилладаг байсан тул тухайн үеэс мэдэх болсон. “БХ” ХХКнь Богд Ар хороололд анхны 2000 оны зураг төсөл, мөн 2008 онд хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэг, сургалтын төв барих ёстой газарт орон сууц үйлчилгээний төв барих гэж улайран зүтгэсээр өдий хүрч байгаа билээ. Би СӨХ-ны даргын хувьд оршин суугчдын эрх ашгийн төлөө тус газарт ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль цэцэрлэгийн зориулалттай барилгыг бариулах гэж олон жил тэмцэж ирсэн. Үүнээс болж бид хоёр таарамжгүй харилцаатай байхыг үгүйсгэхгүй.

2019 оны 6 дугаар сард “ТВ дөрөв” телевизийн сэтгүүлч Л.Б над дээр ирээд Богд Ар хорооллын оршин суугчдын гомдлын дагуу сургууль цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөөч гэхээр нь би бодит байдлыг ярьсан. /Ерөнхий төлөвлөгөө зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэг, сургалтын төв баригдах газар нь олон жил хогийн цэг болж “У Х” ХХК-ийн захирал Х.И- тус газарт батлагдсан зураг төслийг зөрчин орон сууц, үйлчилгээний төв, зочид буудал барих гэж байгаа яригдаж улмаар оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчиж байгааг СӨХ-ны захирлын хувьд үзэл бодлоо илэрхийлсэн./

Дээрх ярилцлагыг хийх явцад би Х.И-ыг хятад улсад төрсөн гэж хэлсэн. Энэ нь болохоор нийтэд илэрхий үйл баримт өөрөөр хэлбэл Х.И- нь 2007 оноос өмнө БНХАУ-ын иргэн байж байгаад 2007 онд Монгол Улсын болсон гэж яригддаг үүнийг оршин суугчид олон нийт бүгд мэддэг. Би Х.И-ыг хятад гаралтай гэж хэлсэн нь түүний нэр, төр, алдар хүндийг гутаасан зүйл гэж бодохгүй байна. Учир нь хятад хүн байх нь өөрөө гутамшиг гэж үү. Нэхэмжлэлдээ өөрөө бичихдээ Монгол Улсын иргэн хэзээ яаж болсноо тодорхой бичсэн.

2019 оны 6 дугаар сарын ярилцлагаар урд өмнө нь радио телевизээр нийтэд зарлагдаж байсан Монголд орж ирсэн хятад иргэд Монгол Улсын хуулийг зөрчдөг. Амь насыг нь хохироодог, хортой эм тариагаар Монгол хүн дээр туршдаг, хил гаалийн байгууллага халаасанд нь орсон гэх мэтээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг олон тохиолдлуудыг сэтгүүлч дэлгэрүүлж ярьсан байдаг. Ярилцлагын явцад “ТВ дөрөв” телевизийн сэтгүүлч тэд гэж ерөнхий утгаар нь хэлсэн болохоос биш Х.И-ыг гэж тусгайлан хэлээгүй гэж үзэж байна.

2018 оны 3 дугаар сард миний ажлын өрөөнд 2 үл таних этгээд орж ирэн шууд нэг нь хаалга хаан хааж зогсож нөгөө нь миний урд сандал авчран сууж байгаад чи одоо наад Богд Арын сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг хөөцөлдөхөө боль хэрэв болихгүй бол чиний амь, нас, ар гэртэй чинь ярина шүү гэж заналхийлж айлган сүрдүүлж дайрч байхад манай ажилтан Б.Эрдэнэцэцэг орж ирэн цагдаа дуудсанаар би амь аврагдсан. Энэ нь Х.И-тай холбоотой нь туйлаас ойлгомжтой байхад Баянгол дүүргийн цагдаа, прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би энэ асуудал дээр маш гомдолтой явдаг. Би нэвтрүүлгийн явцад энэ талаар дурдсан байдаг би хүн гүтгэсэн гэж үзэхгүй байна.

Иймд Х.И-ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ТВ дөрөв” телевиз шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 15 удаагийн нэвтрүүлэг хийж байгаа. Богд-Ар хороолол нь анх төлөвлөсөн дээрээ нэмж давхар нэмсэн, түүнээс нь ч болдог юм уу оршин суугчид нь байнга доголдлын талаар гомдол мэдүүлж ирдэг. Би оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу л нэвтрүүлэг хийсэн. Тэд бүгд эх сурвалжтай байдаг.

Энэ гомдлын дагуу би Х.И- гэх хүний өрөөнд орж сурвалжлага хийхээр ороход намайг саатуулж миний ажлыг алдагдуулсан. Х.И- оршин суугчидтай харьцахдаа би хятад хүн хэл ойлгохгүй гээд өөдөөс нь Хятадаар ярьдаг гээд оршин суугчид гомдолдог. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны нэвтрүүлгээрээ би бүгдийг нь тоймлож нэвтрүүлсэн. Х.И-ын нэр хүндийг зориудаар гутаасан зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан иргэн Х.И-ын иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийхийг, ТВ дөрөв ХХК болон Г.Н- нарт даалгаж, Х.И-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийх, уучлалт гуйхыг ТВ дөрөв ХХК болон Г.Н- нарт даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г.Н- давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2019 оны 6 дугаар сард “ТВ дөрөв” телевизийн сэтгүүлч Л.Б над дээр ирээд Богд Ар хорооллын оршин суугчдын гомдлын дагуу сургууль цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөөч гэхээр нь би бодит байдлыг ярьсан. Улмаар “БХ” ХХК-нийн захирал Х.И- нь Төрийн эрх бүхий байгууллагаас тус газарт хоёр ч удаа батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг хэд хэдэн удаа өөрчилж орон сууц, үйлчилгээний төв, зочид буудал барих гэж байгаа үнэн. Оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг СӨХ-ны захирлын хувьд үзэл бодлоо илэрхийлэн ажлаа л хийсэн. Энэ нь бүгд баримттай нотолгоотой бөгөөд би нэг ч худал зүйл яриагүй. Миний хувьд анхан шатны шүүхээс дүгнэсэн шиг хүний нэр төрийг гутааж доромжилж нийтэд тараагаагүй. ТВ телевизийн сэтгүүлийн асуултад л хариулсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Х.И- хүн алахыг завдуулсан, хүнийг буудаж, хор өгч, машинаар дайрч траншайны нүх рүү хийж, ус руу шидэж алах магадлалтай аюултай хүн” энэ онцолсон үгийг Г.Н би хэлээгүй яриагүй “ТВ дөрөв” телевизийн сэтгүүлч Л.Б-ярин мантаж хийсэн нэвтрүүлгээ цацсан.

Гэтэл би 2019 оны 6 дугаар сарын эхээр хэвлэлийн хуралд ганцаараа байгаагүй надаас гадна 3 хүн буюу надтай хамт хохирогч гэх н.Ганхуяг, н.Солонго, н.Эрлэнэчимэг нар сууж байсан. Эдгээр хүмүүс нь бүгд Хятад хүмүүсийн бусармаг үйлдлийн улмаас хохирсон хүмүүс байсан. Мөн намайг 2019 оны 4 сард ажлын өрөөндөө сууж байхад үл таних 2 хүн орж ирээд Г.Н- мөн үү гэж асуусан, би мөн гэж хэлсэн тэгсэн нэг нь хаалга даран зогсож хармаанаасаа хутга гаргаж хийж, нөгөө хүн нь миний урд сандал авчран сууж байгаад “чи Богд арын сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг олон жил хөөцөлдөж байгаа юм байна одоо наад хөөцөлдөж байгаа асуудлаа боль үгүй бол амь нас, ар гэртэй чинь ярина ална гэж занал хийлсэн би айж байна” гэж хэлсэн. Ер нь манай хууль хяналтын байгууллага ийм сул, асуудлуудыг шийдэж чадахгүй хэргийг удаашруулан замхруулах, эсвэл хэрэгсэхгүй болгох зэргээр гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна. Хууль хяналтын байгууллагын хайхрамжгүй сул байдлыг ашиглаад цаашид иймэрхүү гэмт хэрэг улам даамжирна. Ер нь учир битүүлэг аллага гарч магадгүй машинаар дайрч алах ч юмуу, ус руу шидэж алах ч юм уу, дүүжилж алах ч юм уу, траншайны нүхрүү хийж алах ч юм уу бид мэдэхгүй айдастай байна. Ядарсан иргэдээ үсийг нь цайтал шалгана задарсан нөхдийг хэрэг үүсгээд удаашруулан цаг хугацаа хожно энэ манай хууль хяналтын байгууллага шийдэхгүй замхруулж байгаа нь төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаа гэсэн утга бүхий юм ярьсан болохоос Х.И- гэж цохож яриагүй. Гэтэл энэ яриаг Х.И- нь өөр дээрээ шууд хүлээж авч байгаа нь өөрөө сонирхолтой байна.

ТВ 4 телевизийн сэтгүүлч Л.Б-нь”урд өмнө нь радио телевизээр нийтэд зарлагдаж байсан Монголд орж ирсэн Хятад иргэд Монгол Улсын хуулийг зөрчдөг. Амь насыг нь хохироодог, хортой эм тариагаар Монгол хүн дээр туршдаг, хил гаалийн байгууллага халаасанд нь орсон гэх мэтээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, “ Х.И- хүн алахыг завдуулсан, хүнийг буудаж, хор өгч, машинаар дайрч траншайны нүх рүү хийж, ус руу шидэж алах магадлалтай аюултай хүн, Х.И- нь хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа өөрчлүүлдэг гэж ярьсан.

Дээрхээс авч үзэхэд би Х.И-ын иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараагаагүй. Харин бодит байдлыг баримттай ярьсан. Мэдээ нэвтрүүлгийг би монтаж хийж тараагаагүй.

“ТВ дөрөв” телевиз нэр, гарчиг өгч тараасан байхад намайг хариуцагчаар татах нь өөрөө үндэслэлгүй. Мөн Монголд байгаа Хятад хүмүүсийн талаар төрийн эрх бүхий байгууллагуудын талаар ярьсан зүйлийг нэхэмжлэгч Х.И-ын талаар ярьсан гэж буруу ойлгож дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн алдаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Х.И- нь хариуцагч “ТВ дөрөв” ХХК болон Г.Н- нарт холбогдуулан иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, гүтгэлгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “ТВ дөрөв” ХХК-ийн “ТВ4” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн нэхэмжлэлд дурдсан 3 удаагийн нэвтрүүлгийн бичлэгт шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан ба 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дөрөв дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр “...хууль хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг эрхэм бол БНХАУ-ын Шинжан Уйгураас Монголд гэр бүлээрээ цагаачлан орж ирсэн Идэнбаяр гэгч юм” гэж, “Эдгээр хятад иргэдийн зарим нь эх оронд минь иргэншилтэй болчихсоныг Идэнбаяр хужаагаар төлөөлүүлж болно. Харин түүний иргэншлийн асуудал ч хуурамч баримт бичиг үйлдсэн байж болзошгүйгээр барахгүй хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн байгаа юм” гэж нэвтрүүлэгч тус тус ярьсан, мөн Идэнбаярын хүү, охин, эхнэрийн иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг дүрсээр гаргасан талаар тэмдэглэгджээ. /хх-80,81/

 

            2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Түмний үгийг төрд нь” мэдээллийн хөтөлбөрөөр “Энэ И гэдэг хүн чинь бас Нийслэлийн Хангарьд ордныг барьж босгоод, үүнийхээ шанд нь маш багахан хэмжээний төлбөр мөнгө төлөөд нийслэл орчимд олон га газар авсан” гэж нэвтрүүлэгч дурдсан, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрөөр “Богда холдинг ХХК-ийн захирал Идэнбаяр 1990 онд Шинжан Уйгураар дамжин Монголд ирсэн хятад хүн, Анх ирэхдээ хүний судас барьж тан өгдөг уламжлалт анагаах ухааны эмч хүн байсан. Одоо Монгол Улсын иргэн, барилгачин хүн болж хувирсан. Монголын төр энэ хүнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 25 га газар өгсөн байна” гэж сэтгүүлч хэлсэн нь тэмдэглэлээр баталгаажсан байна.

 

            “ТВ дөрөв” ХХК нь дээрх байдлаар яригдсан Х.И-тай холбоотой мэдээллүүд нь бодит үнэнд нийцсэн, баримт нотолгоонд үндэслэгдсэн, үнэн зөв болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, мэдээллийнхээ үнэн зөвийг баталж чадаагүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Х.И-ын “Х.И- бол Монгол иргэдийг алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хууль хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг, мөнгө төгрөгөөр бүх зүйлийг зохицуулж сурсан” гэх ойлголтыг үзэгчдэд төрүүлэх агуулгатай гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, няцаалт хийлгэхийг шүүхээс хүссэнийг буруутгах боломжгүй.

 

            Хариуцагч “ТВ дөрөв” ХХК-ийн “Богд-Ар хорооллын оршин суугчдаас ирсэн удаа дараагийн гомдлыг үндэслэн нэвтрүүлэг хийсэн, бүгд эх сурвалжтай, Х.И-ыг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрийг гутаасан зүйлгүй” гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байх бөгөөд дурдсан нэвтрүүлгүүдээр ТВ4 телевиз нь нэхэмжлэгчийн иргэний нэр, нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэж дүгнэж, мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “ТВ дөрөв” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт нийцнэ.

 

            Харин хариуцагч Г.Н-гийн тухайд ТВ4 телевизийн дээр дурдсан 3 удаагийн нэвтрүүлгийн явцад сэтгүүлчээс тавьсан асуултад хариулахдаа 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн нэвтрүүлгээр “2000 онд энэ хороолол баригдахад тухайн үеийн хотын дарга байсан Энхболд, Бадамжунай нар ирж шавыг тавьж байсан. Идэнбаяр гэдэг хүн Энхболдын мөнгийг дамжуулж зохицуулж байдаг хүн, Гадаад руу зугаалахаар явахад нь зардлыг нь даадаг, маш их холбоотой хүн, Чи болгоомжтой байгаарай гэж хүмүүс над руу мессеж явуулж байна” гэж нэхэмжлэгч Х.И-ын нэрийг тухайлан дурдсанаас өөр нэхэмжлэгчийн нэр, нэр төрийг гутаасан байдал тогтоогдохгүй байх бөгөөд дурдсан мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, мэдээний агуулгын үнэн зөвийг нотлоогүй байна.

 

            Иймд “Х.И- нь Нийслэлийн Засаг дарга байсан Энхболдын мөнгийг дамжуулж зохицуулж байдаг хүн, гадаад руу зугаалахаар явахад нь зардлыг нь даадаг” гэсэн мэдээллийг тараасан хэрэгслээрээ уг мэдээллээ няцаахыг Г.Н-д даалгах нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийн мэдээллийн агуулгыг өөр өөрөөр тодорхойлсон, мөн мэдээллийг тарааж буй эрх бүхий этгээд буюу ТВ4 телевизийн сэтгүүлчийн хөтөлсөн асуулт, уг асуултад Г.Н-гийн хариулсан хариултын агуулга, нэхэмжлэгчид шууд хамааралтай, тодруулбал, иргэний нэр, нэр төрд нь халдсан эсэхэд ялгамжтай дүгнэлт хийлгүй 2 хариуцагчид адил агуулга нэр төр сэргээхийг даалгаж шийдвэрлэснийг залруулах шаардлагатай тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

 

“ТВ4” телевизийн мэдээллийн хөтөлбөрт дурдагдсан газар эзэмших эрх, барилгын чанартай холбоотой асуудлууд нь хувь хүний нэр, нэр төртэй холбоотой гэхээсээ илүүтэй, захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой, уг асуудлаар харьяаллын дагуу шалгагдаж байгаа талаар зохигчид тайлбарласан байх тул шүүх ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Н-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2020/00414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “иргэн Х.И-ын иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийхийг “ТВ дөрөв” ХХК болон Г.Н- нарт даалгаж” гэснийг “Х.И- бол монгол иргэдийг алахыг захиалдаг, ална гэж заналхийлдэг, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг, мөнгө төгрөгөөр бүхнийг зохицуулж сурсан” гэх ойлголтыг төрүүлж, нэр төрийг гутаасан мэдээлэлдээ тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг “ТВ дөрөв ХХК”-д, “Идэнбаяр гэдэг хүн Энхболдын мөнгийг дамжуулж зохицуулж байдаг хүн, гадаад руу зугаалахаар явахад нь зардлыг нь даадаг, маш их холбоотой хүн” гэсэн мэдээлэлдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Г.Н-д тус тус даалгаж” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ