Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00414

 

        2020         02          07  

                181/ШШ2020/00414

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТХХК ,

Хариуцагч: Г.Н нарт холбогдох,

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч С.С, хариуцагч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.                                                                               

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Х.И миний бие 1962 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шиньжян-Уйгар өөртөө засах орны Бор талд Цахар овгийн Монгол гэр бүлд төрж өссөн. Миний төрсөн нутагт торгууд, өөлд, цахар зэрэг монгол угсааны аймгууд өнөөг хүртэл угсаа гарал, монгол хэл, бичгийн соёл, уламжлал, ёс заншлаа нандигнан өвлөж үр хойчдоо залгамжлуулан хадгалж ирсэн.

Би анх 1990 онд Монгол улсад ирсэн бөгөөд 2007 онд хуульд заасан дүрэм, журмын дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын иргэншил авсан. Миний бие гэр бүл, үр хүүхдүүдийн хамт ажил хөдөлмөр эрхэлж Монгол улсын иргэний үүргээ зохих ёсоор биелүүлж амьдарч байна.

Мэдээж хэрэг өвөг дээдсийнхээ нүүдэллэж ирсэн төрөлх Монгол нутагт амьдрах сайхан. Шиньжян-Уйгарын өөртөө засах орны Бор талын Монголчууд энэ газар шороонд цай, сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлал одоог хүртэл тасраагүй.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэр бүхий хэдэн хүн ил болон далдуур манай гэр бүл, ажил хэргийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж дарамт шахалт үзүүлдэг болсон.

Миний нэр төрийг гутаах, доромжлох хятад гэж бусдад итгүүлэх, олон нийтээр намайг жигшин зэвүүцүүлэх үйлдлийг ажил төрөлтэй минь холбож үндэслэлгүй худал мэдээллийг удаа дараа тарааж, дарамт үзүүлж байна.

Хариуцагч Ттелевиз, Г.Н нар нь хэд хэдэн удаагийн нэвтрүүлгээр, нэхэмжлэгч Х.Иыг хужаа гэж доромжлон, гарал үүсэл, хийж буй ажил, төрлийн талаар худал мэдээлэл тараан, гүтгэж, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дүрс бичлэгийг авч олон нийтэд үзүүлсэн хууль бус үйлдлүүд нь удаан хугацаанд үргэлжилж байна.

Хариуцагч Ттелевиз нь

1.2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дөрөв дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

2019 оны 5 дугаар сарын сүүлчээр Ттелевизийн сурвалжлагч Баяржаргал манай ажлын байранд зөвшөөрөлгүй дайран орж ирээд бичлэг хийсэн мэдээллийн хөтөлбөртөө Хятадууд Монголд ирээд эхнэр авч суурьшиж байна гэсэн гарчиг дор нэвтрүүлэгч зарим нэгэн заримдагууд эх оронд минь ирээд иргэншлээ сольж идэж уух дуртай хэдэн дарга нарт бохир мөнгөө атгуулчхаад, ард олонд нь чанаргүй барилга барьж амьдруулсан болоод, ахиад нийслэлийн газар нутагт шунаж монгол төр лүү Монголын хууль хяналтын байгууллагууд руу нулиман даналзаж сууна, хятадууд монголчуудыг Хятадчилах бодлогоо өөрсдийн гараар хийхгүй, удаан хугацаанд харьяанд нь байж хятаджсан өвөр монголчуудыг явуулна.

Тэд манай руу ирээд хаяж одсон мах цусны чинь тасархай байна гээд уйлаад суучихвал өдгөө өрөвч ард түмэн бид яах билээ, өвөр монгол нөхдөөс мэдлэг боловсролтой, наашаа цаашаа их явдаг нэг нь л ар Монголоо гэсэн сэтгэлтэй байдгаас бүгд ийм бодолгүй.

Тийм нэг нөхрийг өвөр Монголын захаас нь олоод монгол хүний амийг хороо гэвэл ямар ч эргэлзээгүй хийх л болно. Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүд хэвийн үзэгдэл, тиймээс хэнд ч боломж нээлттэй хэмээн хатгадаг гэнэ гэж тайлбар хийгээд, мөн төгсгөлд нь монгол цус булингартах учиргүй, булингартуулаад эхэлсэн энэ Идэнбаяр гэх этгээдийг хянаж шалгахад буруутахгүй гэж телевизийн мэдээгээр дүрс бичлэгтэй гаргаж тэр даруй ТV4 mongolia гэх фэйс бүүк хуудсаараа цацсан.

- Өнөөдөр Монгол улсад Нийслэл Улаанбаатар хотод даварсан дархлагдсан Хятад иргэд олширч байгаа юм. Тэд Монгол иргэдийг эх оронд нь алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, хортой эм тариагаа Монголчуудад элдвээр туршдаг асуудал яригдаж байна. Мөн хил, гаалийн байгууллага, хууль батлагчид тэдний халаасанд байгаа учраас тэд үндэсний аюулгүй байдалд бардмаар заналхийлсээр байгаа

- Хууль, хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг эрхэм бол БНХАУ-ын Шиньжян Уйгараас Монголд гэр бүлээрээ цагаачлан орж ирсэн Идэнбаяр гэгч юм. Түүний толгойлдог Богда холдинг, Богд-Асар компаниуд иргэд, оршин суугчдыг илтэд хохироосон, одоо ч хохироосоор байгаа. Түүгээр ч зогсохгүй оршин суугчид дотроос сөрж тэмцэлдсэн нэгнийг ална, булна гэх мэтээр заналхийлсээр байгаа гэнэ.

- Хятад иргэд хэр нь Монгол улсад эзэн суусан, энэ мэтээр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж,

2. Ттелевизийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь мэдээллийн хөтөлбөрөөр

Г.Нг оролцуулан 2006 оноос хойш Баянгол дүүргийн Богд Ар хороололд үйл ажиллагаа явуулж байгаа Богд Асар ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж миний болон манай гэр бүлийг Хятадаас орж ирсэн юм чинь хятад хүмүүс л биз дээ гэж,

- Мөнгө амлах тухайд манай редакц руу хандаж эдгээр сурвалжлагуудын пэйж хуудаснаас устгах юм уу, энэ асуудлыг орхигдуулаач ээ гэж яг та хоёрын нэр дурдсан эдгээр хятад иргэд хандаж байсан.

- Ерөнхийдөө нэг талаас нь харахад мөнгө төгрөгөөр бүх зүйлийг ингээд зохицуулж сурсан гэдэг хандлага ажиглагдаад байна.

3. Ттелевизийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дөрөв дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

Саяхан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ТВ4 телевизийн 4 дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр хятад цагаачид Хан Уул дүүрэгт 25 га газар бэлэглэсэн түүх сөхвөл гарчиг дор Богда Холдинг ХХК-ийн захирал Идэнбаяр 1990 онд Шинжан, Уйгараар дамжин Монголд ирсэн хятад хүн. Анх эрэгтэй хүний судас барьж тан өгдөг уламжлалт анагаах ухааны эмч хүн байсан. Одоо монгол улсын иргэн, барилгачин хүн болон хувирсан. Монголын төр энэ хүнд Хан Уул дүүргийн 10 дугаар хороонд 25 га газар өгсөн байна гэж тайлбар өгөөд мөн л ямар зорилгоор үгсэн хуйвалдсан эсэх нь тодорхойгүй Г.Нгаас ярилцлага авч байгаа хэлбэрээр доромжилсон.

Мэдээний төгсгөлд барилга бариад таван цаастай болчихсон дээр нь иргэншлийг нь авсан учраас яавал ч яана гэж даналздаг болсноор барахгүй даам гарч яармагт эрүүл тэгш 25 га газартай болчихсон энэ асуудлыг хэн хариуцах ёстой вэ? Монголд анх хөл тавихдаа үүргэвч эгэлдрэглэж хятад шаахай жийсэн түрийвч нимгэн хятад цагаачид орж ирсэн бол өнөөдөр тэд Монголын тэр бумтны жагсаалтыг тэргүүлэхээр их хөлжсөөр байна гэжээ.

Нөгөөтэйгүүр сурвалжлагч 2019 оны 5 дугаар сарын сүүлээр ирж зөвшөөрөлгүй бичлэг хийхдээ та хятад юм уу?, таны яриаг оршин суугчид ойлгодоггүй гэсэн, та хятад тэ? гэх мэт илт доромжилсон асуултууд тавьж захиалгаар намайг өдөөн хатгаж дүрс бичлэг хийх санаатай байжээ.

Барилга бариад таван цаастай болчихсон, дээр нь иргэншлийг нь авсан учраас яавал ч яана гэж даналздаг болсноор барахгүй даам гарч, Яармагт эрүүл тэгш 25 га газартай болчихсон. Монголд анх хөл тавихдаа үүргэвч эгэлдрэглэж, хятад шаахай жийсэн түрийвч нимгэн хятад цагаачид орж ирсэн бол өнөөдөр тэд Монголын тэрбумтны жагсаалтыг тэргүүлэхээр их хөлжсөөр байна.

Одоо Богд-Ар хороололд сургууль, цэцэрлэг байхгүй хэвээрээ байгаа. Хувийн хаус болон, өөртөө зориулж зочид буудал барихаар төлөвлөж байгаа зураг төслөө гаргасан байгаа мэдээлэл байна гээд бүрэн тодорхой болоогүй, баталгаагүй худал мэдээллээр олон нийтийн анхаарлыг татаж, нэхэмжлэгчийг муу муухай харагдуулах гэж элдэв аргыг олон нийтэд тарааж байна. Нөгөөтээгүүр шүүх хурал болоогүй, хэрэг шийдэгдээгүй байхад хэргийн талаар нийтэд мэдээлж, Идэнбаяр гэгч эр Ттелевизийг хуулийн өмнө дуудсан. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан учраас уучлал гуйхыг хүссэн шүүх хурал товлогдоод байна. Бид шүүхийн өмнө баримтаа бариад очно гэж мэдээлжээ. Мөн хавтас хэргийн зургийг олон нийтэд ил болгож байгаа нь Ттелевиз түүний нэвтрүүлэгч Л.Баяржаргал нь ажилдаа болон аливаа асуудалд хэрхэн сэтгэлийн хөөрлөөр, дур зоргоороо хандаж, иргэн, хуулийн этгээд, тэр бүү хэл шүүх, шүүхийн ажиллагааг үл тоомсорлож ханддаг нь илэрхий болж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/207 дугаартай шийдвэрээр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим-ын 1.1, 1.2, 1.4, 1.5, 2.2, 3.2, 4.2-г тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Таны яриад байгаа энэ Идэнбаяр гэгч бол Монгол улсын иргэншилтэй болчихсон. Энэ хүнтэй би нүүр тулж уулзсан сурвалжлага бэлтгэх явцдаа мэдээж өрөөнд нь түгжигдэх хэмжээний ийм үл ойлголцол үүсч байсан гэх мэт Г.Нтай өмнөөс үгсэн хуйвалдаж миний нэр хүнд, гарал үүслийг минь гутаан доромжилсон асуултуудыг нэвтрүүлэгч тавьж, түүнд нь Г.Н хариулах хэлбэрээр намайг доромжилсон.

Хариуцагч Г.Н нь

1.2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дөрөв дэх засаглал мэдээллийн хөтөлбөрөөр:

Намайг ажлын өрөөндөө сууж байхад 2 этгээдийг оруулж ирээд 2 метр өндөр 1 нөхөр, нэг нь бол 1,80 метрийн хэмжээтэй өндөр тийм тарган, булиа нөхөр орж ирсэн. Орж ирээд шууд хаалга дарж 1 нь хаалган дээр орж ирж хаалга түгжээд, хармаанаасаа хутга гаргаж ирээд 1 нь миний урд ирж сандлаа тавьж суучхаад одоо наад хийж байгаа ажлаа боль, болихгүй бол ар гэр, эхнэр хүүхэд болон чамтай тооцоо бодно шүү гэж дарамталсан, тэгээд би тухайн үед одоо би та нараас айгаад байх юм байхгүй, яг хэн захиалсан тэрийгээ хэлчих ээ шударга ярьчихъя, эр хүн шиг ярьчихъя гэсэн. Боль гээд дарамтлаад байсан. Мөн ... Чамайг бол бид нар яаж ч болно. Дүү нараараа бол нухуулна гэсэн гэж худал мэдээллийг олон нийтэд тарааж гутаан доромжлохын зэрэгцээ хүн алуулахаар захиалдаг, заналхийлдэг, утсаар дарамталдаг гэх онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн.

2.Ттелевизийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь мэдээллийн хөтөлбөрөөр

-2011 оноос хойш энэ асуудал буруугаар эргэж явж байгаа энэ нөхөр дураараа хотын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөөд, өөрчлөхдөө хэд хэдэн удаа өөрчлүүлчихсэн байж байдаг 10 жилийн дотор.

-Хэдэн цэцэрлэгийн насны хүүхдийн эрх ашгийг ингэж зөрчиж хуулийг уландаа гишгэж, төр засгийн үе үеийн нөхдүүдтэй хуйвалдаж, хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа зөрчиж, өөрчлүүлдэг, ийм л аймаар эрх мэдэлтэй байгаад байхгүй юу. Нууц ноёнтон юм уу. Би бол үүнийг их л нууц ноёнтон юм байна гэж бодсон доо. Тэгээд 2018 оны 4 дүгээр сард манай ажлын өрөөнд 2 хүн оруулж ирээд намайг алахыг завдсан. Тэр бол шууд намайг алах гэж байсан байхгүй юу. Угаасаа л шууд алах гэж байсан. Тэр чинь, хүний аминд халдах гэж байгаа, хүнд заналхийлсэн ийм аймаар юм.

- Тэр дундаа ядарсан ард иргэдийн эрх ашгийг битгий ингэж зөрчөөд доромжлоод төр засгийн луйварчидтай нийлээд дээр нь гишгэлээд дэвслээд байж болохгүй. Тэгвэл энэ хүн МУ-д 2007 онд иргэн болохдоо ямар үндэслэлээр иргэн болсон юм, хууль зүйн үндэслэлтэй болсон юм уу, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн юм уу, худлаа мэдүүлсэн юм уу. Ямар нэгэн байдлаар, шууд арын хаалгаар, автоматаар худлаа мэдүүлэг өгөөд, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээд иргэн болчихсон юм уу.

- Идэнбаяр гэдэг хүн Энхболдын мөнгийг дамжуулж зохицуулж байдаг хүн. Гадаад руу зугаалахаар явахад нь зардлыг нь даадаг.

-2006 оноос хойш Баянгол дүүргийн Богд Ар хороололд үйл ажиллагаа явуулж байгаа Богд Асар ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж миний болон манай гэр бүлийн гишүүдийг Хятадаас орж ирсэн юм чинь хятад хүмүүс л биз дээ зэрэг ТV4 телевизийн нэвтрүүлэгчтэй зэрэгцэн доромжилсон.

Мөн Богд-Ар хорооллын асуудлуудыг дэлгэн тавьсан иргэн Нямдаржаад ТV4 телевизийн сурвалжлагч цэцэрлэг, сургуулийн асуудлуудыг хөндөн тавьснаас хойш танд бас дарамт, заналхийлэл ирээд бас хууль, хяналтын байгууллагад хандангуут таны ширээг эвдлээгүй учраас ийм асуудал үүссэн гэдэг шалтгаанаар хууль хяналтын байгууллага дээр хэрэг хаагдсан байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч, гэж өмнө нь үгсэн хуйвалдсан асуулт хариултаа, асууж хариулах хэлбэрээр гүтгэн доромжилсон.

Ийнхүү Г.Н нь Ттелевизтэй өмнөөс үгсэн хуйвалдаж хийсэн дээрх нэвтрүүлгүүдээр Х.И нь хүний амь насыг хохироохоор заналхийлдэг гэх ойлголтыг төрүүлж, ор үндэсгүй мэдээллүүдээс болж Богд холдинг, Богд-Асар ХХК-уудын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь буурч, хийж, бүтээсэн ажлын үнэлэмж, үнэлгээ буурах гээд сөрөг үр дагаврууд бий болж, компани цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ноцтойгоор саад учруулж байна.

Дээрх нэвтрүүлгүүдийг телевизээр гарахад хэдэн хүн үзэж буруу ташаа, худал мэдээлэл авсан бэ? Гэдэг тоон баримтыг гаргах боломжгүй. Харин ТV4 mongolia /ТВ4 монголиа/ гэх Ттелевизийн фэйсбүүк пэйж хуудсаар 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дөрөв дэх засаглал мэдээллийн хөтөлбөрт 520 хүн сэтгэгдэл бичиж, 9300 хүн /share/ хийж, бусдад тараасан бол 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь мэдээллийн хөтөлбөрт 145 хүн сэтгэгдэл бичиж, 1700 хүн бусдад түгээжээ. Ийнхүү 125000 дагагчтай ТV4 mongolia /ТВ4 монголиа/ гэх пэйжээр Х.И, түүний гэр бүлийг доромжлон, худал мэдээллийг тараасан хөтөлбөр, мэдээллүүд 2019 оны 5 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл байсаар байна. Үүний улмаас Х.И болон түүний гэр бүлийнхэн, Богда холдинг, Богд-Асар ХХК-ийн ажилчид энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл сэтгэл санааны хүнд дарамтад байна.

Ттелевиз, түүний нэвтрүүлэгчийн энэ үйлдэл нь олон нийтэд Х.И бол Монгол иргэдийг алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хууль, хяналтын байгууллага, хууль шүүхийн удирдлагуудыг харцаараа хөдөлгөж, халаасандаа багтаадаг, тэмцэлдсэн нэгтнийг ална, булна гэж заналхийлдэг мөнгө төгрөгөөр бүх зүйлийг зохицуулж сурсан ойлголтыг, харин Г.Нгийн үйлдэл нь Идэнбаяр нь Нямдаржааг алахыг завдуулсан, дүү нараараа нухуулах гэж байсан, хүнийг буудаж, хор өгч, машинаар дайрч, траншейны нүх рүү хийж, ус руу шидэж алах магадлалтай их аюултай хүн, хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа өөрчлүүлдэг, арын хаалгаар, автоматаар худлаа мэдүүлэг өгөөд, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээд иргэн болчихсон, хүний амь насанд заналхийлдэг хүн гэх ойлголтыг шууд төрүүлэхээр байх тул Х.И, түүний гэр бүлийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсгийг удирдлага болгон тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу ТХХК-д / ТV4 телевиз/ нэхэмжлэгч Х.И миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, уг гүтгэлгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Н миний бие Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороололд Тэнгэрийн Гэгээ СӨХ-ны захирлаар 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Нэхэмжлэгч Х.И гэгч нь Богд Ар хорооллыг барьсан Богда Холдинг ХХК захирлаар ажилладаг байсан тул тухайн үеэс мэдэх болсон. Богда Холдинг ХХК нь Богд Ар хороололд анхны 2000 оны зураг төсөл, мөн 2008 онд хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэг, сургалтын төв барих ёстой газарт орон сууц үйлчилгээний төв барих гэж улайран зүтгэсээр өдий хүрч байгаа билээ. Би СӨХ-ны даргын хувьд оршин суугчдын эрх ашгийн төлөө тус газарт ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль цэцэрлэгийн зориулалттай барилгыг бариулах гэж олон жил тэмцэж ирсэн. Үүнээс болж бид хоёр таарамжгүй харилцаатай байхыг үгүйсгэхгүй.

2019 оны 6 дугаар сард ТВ4 телевизийн сэтгүүлч н.Баяржаргал над дээр ирээд Богд Ар хорооллын оршин суугчдын гомдлын дагуу сургууль цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөөч гэхээр нь би бодит байдлыг ярьсан. /Ерөнхий төлөвлөгөө зураг төслийн дагуу сургууль, цэцэрлэг, сургалтын төв баригдах газар нь олон жил хогийн цэг болж Улмаар Богда Холдинг ХХК-нийн захирал Х.И тус газарт батлагдсан зураг төслийг зөрчин орон сууц, үйлчилгээний төв, зочид буудал барих гэж байгаа яригдаж улмаар оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчиж байгааг СӨХ-ны захирлын хувьд үзэл бодлоо илэрхийлсэн./

Дээрх ярилцлагыг хийх явцад би Х.Иыг хятад улсад төрсөн гэж хэлсэн. Энэ нь болохоор нийтэд илэрхий үйл баримт өөрөөр хэлбэл Х.И нь 2007 оноос өмнө БНХАУ-ын иргэн байж байгаад 2007 онд Монгол Улсын болсон гэж яригддаг үүнийг оршин суугчид олон нийт бүгд мэддэг. Би Х.Иыг хятад гаралтай гэж хэлсэн нь түүний нэр, төр, алдар хүндийг гутаасан зүйл гэж бодохгүй байна. Учир нь хятад хүн байх нь өөрөө гутамшиг гэж үү. Нэхэмжлэлдээ өөрөө бичихдээ Монгол Улсын иргэн хэзээ яаж болсноо тодорхой бичсэн байдаг.

2019 оны 6 дугаар сарын ярилцлагаар урд өмнө нь радио телевизээр нийтэд зарлагдаж байсан Монголд орж ирсэн хятад иргэд Монгол Улсын хуулийг зөрчдөг. Амь насыг нь хохироодог, хортой эм тариагаар Монгол хүн дээр туршдаг, хил гаалийн байгууллага халаасанд нь орсон гэх мэтээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг олон тохиолдлуудыг сэтгүүлч дэлгэрүүлж ярьсан байдаг. Ярилцлагын явцад ТВ4 телевизийн сэтгүүлч тэд гэж ерөнхий утгаар нь хэлсэн болохоос биш Х.Иыг гэж тусгайлан хэлээгүй гэж үзэж байна.

2018 оны 3 дугаар сард миний ажлын өрөөнд 2 үл таних этгээд орж ирэн шууд нэг нь хаалга хаан хааж зогсож нөгөө нь миний урд сандал авчран сууж байгаад чи одоо наад Богд Арын сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг хөөцөлдөхөө боль хэрэв болихгүй бол чиний амь, нас, ар гэртэй чинь ярина шүү гэж заналхийлж айлган сүрдүүлж дайрч байхад манай ажилтан Б.Эрдэнэцэцэг орж ирэн цагдаа дуудсанаар би амь аврагдсан. Энэ нь Х.Итай холбоотой нь туйлаас ойлгомжтой байхад Баянгол дүүргийн цагдаа, прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би энэ асуудал дээр маш гомдолтой явдаг. Би нэвтрүүлгийн явцад энэ талаар дурдсан байдаг би хүн гүтгэсэн гэж үзэхгүй байна.

Иймд Х.Иын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ТВ4 телевиз шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 15 удаагийн нэвтрүүлэг хийж байгаа юмаа. Богд-Ар хороолол нь анх төлөвлөсөн дээрээ нэмж давхар нэмсэн, түүнээс нь ч болдог юм уу оршин суугчид нь байнга доголдлын талаар гомдол мэдүүлж ирдэг. Би оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу л нэвтрүүлэг хийсэн. Тэд бүгд эх сурвалжтай байдаг.

Энэ гомдлын дагуу би Идэнбаяр гэх хүний өрөөнд орж сурвалжлага хийхээр ороход намайг саатуулж миний ажлыг алдагдуулсан. Идэнбаяр оршин суугчидтай харьцахдаа би хятад хүн хэл ойлгохгүй гээд өөдөөс нь Хятадаар ярьдаг гээд оршин суугчид гомдоллодог. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны нэвтрүүлгээрээ би бүгдийг нь тоймлож нэвтрүүлсэн.

Х.Иын нэр хүндийг зориудаар гутаасан зүйлгүй юм.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Х.И нь иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх, уг гүтгэлгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч ТХХК болон Г.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох үйл баримтыг ТВ4 телевиз нь Х.И хятад, ... бичиг баримтыг хуурамчаар үйлдэж Монгол улсын иргэн болсон,... монгол иргэдийг алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн,

Г.Н нь Х.И хүн алахыг завдуулсан, дүү нараараа нухуулах гэж байсан, хүнийг буудаж, хор өгч, машинаар дайрч, траншейны нүх рүү хийж, ус руу шидэж алах магадлалтай их аюултай хүн, ... Богда Холдинг ХХК-ийн захирал Х.И тус газарт батлагдсан хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа өөрчлүүлдэг гэсэн агуулга бүхий нэвтрүүлгийг тус тус нийтэлсэн, түүнчлэн эдийн бус гэм хор учирсан үр дагаврыг өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд үйл ажиллагаатай холбогдуулан гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х.И нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэхтэй холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалуулах эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана.

Иргэний эрх зүйн хамгаалалтын тодорхой ямар аргаар хамгаалуулахыг хүсэж байгааг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээс үзэхэд мэдээ тараасан аргаар няцаалт хийлгэх-ийг хариуцагч нарт даалгах гэж тодорхойлж болохоор байна.

Хариуцагч Ттелевиз, Г.Н нар нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дөрөв дэх засаглал, Ттелевизийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Түмний үгийг төрд нь, Ттелевизийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дөрөв дэх засаглал гэсэн нэвтрүүлгээр дээрх мэдээллүүдийг нийтэлсэн болох нь зохигчдын тайлбар, тухайн нэвтрүүлгийг бичсэн бичлэгүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. / хх-ийн 8-20, 71, 72, 79-106 -р хуудас/

Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж юм.

Х.И нь Богда Холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал байх бөгөөд Богд-Ар хорооллыг 2011 онд ашиглалтад өгснөөс хойш тус хорооллын оршин суугчдаас түүний талаар тус оршин суугчдын дунд тодорхой үнэлэмж бий болсон гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Арван долдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн зэрэгцээ хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

Нэвтрүүлэгт бичиг баримтыг хуурамчаар үйлдэж Монгол улсын иргэн болсон,... монгол иргэдийг алахыг захиалдаг, амь насыг нь хохироодог, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хотын ерөнхий төлөвлөгөөг дураараа өөрчлүүлдэг... гэж дурдсан нь Х.Иыг эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлддэг, хууль бус үйлдэл гаргадаг гэх ойлголтыг шууд төрүүлэхээр илэрхийлсэн байх ба гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн агуулгаар үл зөвшөөрөгдөх үйлдэл тул нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан, олон нийтэд үнэлэгдэх үнэлэмж бууруулсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх Нэвтрүүлэг болон ярилцлагаар нэхэмжлэгч Х.Иын нэр төр гутаагдсан гэж үзэх үндэслэлтэй тул гутаасан мэдээ тараасан хариуцагч нар нь мэдээ тараасан хэлбэрээрээ няцаах үүргийг хүлээнэ.

Ажил хэргийн нэр хүнд гутаасан гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэвтрүүлэг болон ярилцлагад Богда холдинг ХХК-ийн Богд-Ар хорооллын оршин суугчдын гомдлын талаар нийтлэгдсэн байна.

Богд-Ар хорооллын гүйцэтгэгч Богда Холдинг ХХК болон оршин суугчдын хооронд олон жилийн маргаантай харилцаа байгаа болох нь талуудын маргаагүй тайлбар болон бичгийн баримтаар тогтоогдсон, одоо ч зохих шатандаа маргаан үргэлжилсэн хэвээр гэж үзэх үйл баримт мөн тогтоогдсон байна. /хх-ийн 141,142-150, 159-165-р хуудас/

Энэ маргаан эцэслэн шиймдвэрлэгдээгүй тохиолдолд нэвтрүүлэг болон ярилцлагад дурдсан үйл баримт нь бодит үнэнд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймээс Богда Холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Иын ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж шууд дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, ... нэр төр ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ... гэжээ.

Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т, ...мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол... хариуцлага хүлээхээр зохицуулсан ба мэдээ тараасан этгээд бүр хариуцлага хүлээх бус тухайн мэдээнийхээ үнэн зөв гэдгийг нотолж чадахуйц, нотлох боломжтой этгээд хуульд зааснаар няцаалт хийх үүрэг хүлээхээр байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан, эдийн бус гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг мэдээ тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаалт хийх үүрэгтэй.

Иймд иргэн Х.Иын гутаагдсан нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг, хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эдийн бус гэм хорыг арилгах талаар хуульд заасан арга хэрэгсэлд уучлалт гуйхыг даалгах талаар зохицуулагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан ...уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгч Б.Байгалмаа нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Б.Байгалмаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан иргэн Х.Иын иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийхийг, ТХХК болон Г.Н нарт даалгаж, Х.Иын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, арга хэрэгслээрээ няцаалт хийх, уучлалт гуйхыг ТХХК болон Г.Н нарт даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

                                                                                      Ө.УЯНГА