Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 761

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00682 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ч-ын хариуцагч Б.Ц-, Д.Б- нарт холбогдуулан гаргасан 52 873 860 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ч- миний түрээслэн ажиллуулдаг дэлгүүрээр үйлчлүүлдэг Д.Б- гэх эгч надад манай хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулаад их мөнгөтэй болох боломж байна гэж хэлээд танилцуулга өгсөн. Багын найз Б.Ц- хөрөнгө оруулалтын санг Монголд оруулж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц- гэх хүн дээр очиж Хөрөнгө оруулалтын санд данс нээлгэж 90 евро буюу 260 100 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 870 евро буюу 63 000 000 төгрөг бэлнээр Б.Ц-, Д.Б- нарт өгч 21 870 еврогийн багцад хамрагдаж хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн өдрөө 100 660 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 148 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 796 500 төгрөг тус тус өгсөн. Ингээд би 5 удаа нийт 65 305 260 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Энэ хөрөнгө оруулалт нь 7 хоног бүр ашгаа өгнө гэсэн. Тэд надад хөрөнгө оруулалтын ашиг гэж Б.Ц-, Д.Б- нар өөрсдийн данснаас 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 533 700 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 533 700 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 964 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5 900 000 төгрөг нийт 12 431 400 төгрөг ашиг гэж надад өгсөн. Б.Ц-, Д.Б- нар нь өнөөг хүртэл миний хөрөнгө оруулаад үлдсэн 52 873 860 төгрөгийг өгөөгүй намайг хохироосоор байна. Би байр авахаар цуглуулж байсан мөнгөө тэдэнд өгч мөнгөө хурдан өсгөж авна гэж бодоод хөрөнгө оруулсан юм. Би Б.Ц- Д.Б- нараас болж маш ихээр хохирч, одоо айлын байр хөлсөлж амьдарч байна. Иймд надаас хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авч 7 хоног бүр ашиг өгнө гэж худал хэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан үндсэн мөнгө 65 305 260 төгрөгөөс надад өгсөн 12 431 400 төгрөгийг хасаад үлдсэн 52 873 860 төгрөгийг гаргуулан өгнө үү.

2017 онд Б хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулсан. Улмаар хэд хэдэн удаа сургалтад суугаад ашигтай гэж ойлгоод 63 орчим сая төгрөгийг хариуцагч нарт өгөөд элсэж орсон. Эргээд ороход сайт дээр данс нээгдсэн байна гэсэн. Дараа нь дахиад 2 удаа дахиж хөрөнгө оруулсан. Түүний дараа бэлэн мөнгө авахгүй багцаа өсгөөд яв гэснээр нь явсан. 2018 оны 3 сард мөнгө авъя гэхэд боломжгүй гэсэн. Ингээд 4 сар хүртэл 12 сая орчим төгрөг авсан. Үүнээс хойш элсэлт байхгүй гээд мөнгө өгөөгүй. Үүнээс болоод маргаан үүссэн. Тэгээд 8 сар хүртэл хүлээ гэсэн боловч өгөөгүй. Улмаар 2018 оны 11 сард цагдаад гомдол гаргасан. Асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул 2019 оны 10 сард иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Цагдаад өгсөн гомдлоо хүсэлт өгөөд татаж авсан. Тэр үед хариуцагч нарыг байцаасан. Нийт 12 431 400 төгрөгийг ашиг гэж авсан. Үлдэгдэл 52 873 860 төгрөгийг аваагүй байгаа. Би анх өөртөө байсан бүх мөнгөө өгсөн. Жилийн дотор 3 дахин өсдөг гэж хэлж байсан. Алдах юм байхгүй гэж хэлж байсан. Хурдан байр авна гэж итгээд өгсөн. Үүнээс хойш 2 жил гаран эрхэлсэн ажилгүй байна. Эргэлтийн мөнгөгүй болсон. Мөнгийг өгөхийн тулд машинаа зарах зэргээр бүх хөрөнгөө зарцуулсан. Дэлгүүр ажиллуулж байсан бараагаа хүртэл зарсан. Намайг сайн дураараа элссэн гэж байна. Гэтэл би сайн дураараа биш энэ хүмүүсийн заавраар элссэн. Учир нь надад ирж элсэхийг санал болгосон. Сайн дураараа байсан бол би өөрөө хайж олох байсан. Хариуцагч нар л амласан ба бид компани төлөөлж сууж байна гээд элсүүлсэн. Би сайн дураараа мөнгө өгөөгүй. Данс нь хуурамч байсан. Одоо хаагдсан. Уг дансанд орлого зарлага хийх боломжгүй. Анх элсэхэд энэ талаар хэлээгүй. Анх банкны системтэй холбогдоно гэсэн боловч тэгээгүй. Хариуцагч нар хүн элсүүлээд тэрүүгээр ашиг өгдөг гэдгийг хэлээгүй. Би мөнгөө авъя гэхэд хүн элсүүлээд ав л гэж байсан. Сургалтаар баталгаатай сан мөнгийг чинь компани өсгөөд 7 хоног болгон ашиг өгнө гэсэн. Бид компанийг төлөөлөөд сууж байгаа юм гэсэн. Сургалт гэдэг нь ийм л зүйл байсан.

Хариуцагч нар нь цагдаа дээр мөнгө авснаа хэлдэг. Иймд мөнгөө буцааж шаардах эрх үүссэн. Хариуцагч нар нь мөнгийг гадаад улс уруу шилжүүлсэн гэсэн боловч ийм баримт гаргаж өгсөнгүй, татгалзлын үндэслэлээ нотолж чадсангүй. Яриад байгаа сайт нь ямар нэг байдлаар банкны системтэй холбогдоогүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн       8.1.6-д үндэслэлгүйгээр мөнгө олж авах нь харилцаа үүснэ гэсэн. Иймд үлдэгдэл мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийг хангаж, мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Ч-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай найз Д.Б- нь Г.Ч- гэх хүнд “Kabo Bepge” гэдэг улсын Five winds Asset Management нэртэй хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн. Г.Ч- гэх хүн над дээр ирж хөрөнгө оруулалтын сангийн талаар мэдээлэл авч өөрөө л санал шийдвэрээ гаргаж тус санд данс нээлгэсэн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Ч- нь 63 000 000 төгрөгийг авчраад нээлгэсэн дансандаа шилжүүлэх гэсэн юм би энэ компанид 21 870 еврогоор хөрөнгө оруулалт хийж байна гэсэн. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь Г.Ч-ын дэргэд нүдэн дээр нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management нэртэй хөрөнгө оруулалтын санд нээсэн өөрийн дансанд нь шилжүүлсэн. Данс нээх ажлыг Д.Б- нь хариуцаж хийж байсан, дараа нь Г.Ч нь би одоо өөрөө хийгээд сурчихсан ойлгосон та надруу ороод байх шаардлагагүй би нууц кодоо солиод өөрөө юм аа хийж байгаа одоо танд хамаагүй болсон гэж хэлсэн. Г.Ч- нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management хөрөнгө оруулалтын сангийн компани хаагдсан гээд тухайн хөрөнгө оруулалтын сангийн дансанд шилжүүлсэн мөнгөө бид хоёроос нэхээд байгаа. Бид хоёроос нэхэх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн мөнгө төгрөг ашиг орлого нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management компаниас интернетээр шилжээд ирэхээр нь бид нар Г.Ч-д өгдөг байсан. Бид нар энэ мөнгийг аваагүй, хувьдаа авч залилж мэхэлсэн зүйл байхгүй, бид нарын буруу биш. Прокурорын байгууллага хариуцагч нарыг мөнгө авсан нь тогтоогдоогүй, ашиг авсан байна гэдэг. Гэтэл энд өөр зүйл ярьж байна. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Энэ нь тогтоолыг зөвшөөрсөн байна.

Хөрөнгө оруулалтын хуулиар иргэн хөрөнгө оруулалт авах боломжгүй юм. Хөрөнгө оруулалтын сан нь ашгаас гадна эрсдэл байдаг. Үүнийг хөрөнгө оруулагч өөрөө л хариуцах ёстой. Өөрөө итгэж хөрөнгө оруулалтын санд оруулсан эрсдэлээ өөрөө л хариуцах ёстой. Тийм учраас Г.Ч-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь цуглуулсан мөнгөө оруулаад авч чадахгүй байгаад харамсалтай байна. Хариуцагч Д.Б- нь танилцуулга өгсөн байгаа нь заавал ор гэсэн үг биш. Танилцуулга өгснөөс хойш нэхэмжлэгч өөрөө сургалтад суугаад судлаад сайн дураараа элссэн байна. Иймд үүссэн харилцааг зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ нь нэхэмжлэгчид дараагийн удаа асуудлаа шийдвэрлэхэд тустай. Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөнгийг хүлээж аваагүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэл дээр Б.Ц-т өгсөн гэсэн боловч одоо Д.Б-д өгсөн гээд байна. Прокурорын тогтоол дээр Д.Б- аваагүй гэсэн. Мөнгө өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул Д.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Ц-, Д.Б- нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хувь тэнцүүлэн нийт 52 873 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн материалд авагдаагүй нотлох баримт, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад хийсвэр дүгнэлт хийж, өөрөөр хэлбэл хариуцагч нарын тайлбар бусад эх сурвалжаар нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр тайлбарлан шийдвэр гаргасан.

Шүүх гэрчүүдийн шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч тухайн тодорхойлолтыг нотолсон 78 дугаартай нотариатч нь тодорхойлолт гаргагч нарын гарын үсгийн үнэн зөвийг бус гэрээний үнэн зөвийг гэрчилж баталгаажуулсан нь нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй болгож байна. Мөн шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д.Тунгалаг, Д.Цэнд-Аюуш, С.Оюунсүрэн нарыг гэрчээр асууж, мэдүүлгийг нотлох баримтаар авагдсан байна. Шүүх гэрчид Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан гэж гэрчүүдийн мэдүүлэгт тусгасан байх боловч авагдсан баримт нь хэзээ үйлдэгдсэн болох, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох хэрэгт оролцож байгаа тухай тодорхойлогдоогүй байгаа нь гэрчид хууль сануулсан гэж үзэхээргүй, гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг харуулж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нарын тайлбар нотлогддоггүй бөгөөд хөрөнгө оруулалтын сан, түүнд цахим мөнгө байсан, цахим мөнгийг бусдад шилжүүлсэн гэх нэг ч бичгийн нотлох баримт байхгүй байхад шүүх хийсвэрээр дүгнэлт хийж байсан мэтээр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь хуульд харшилж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Ч- нь хариуцагч Б.Ц-, Д.Б- нарт холбогдуулан 52 873 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, мөнгийг хөрөнгө оруулалтын санд нэхэмжлэгч өөрөө оруулсан, бид аваагүй тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Ц- нь Г.Ч-аас 65 305 260 төгрөгийг тоолж хүлээн авсан талаар цагдаагийн байгууллагад Д.Б- мэдүүлсэн, мөн Г.Ч- болон түүний нөхрийн мөнгийг бүгдийг хүлээн авч, гадагш нь шилжүүлэлгүйгээр бусад хүмүүсийн урамшуулалд тараасан гэж Б.Ц- өөрөө мэдүүлсэн, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2466 дугаар тогтоолоор Г.Ч- нь Б.Ц-т 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 63 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 150 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 800 000 төгрөг, нийт 64 950 000 төгрөгийг өгсөн нь тогтоогдсон, энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, Г.Ч- нь уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх-141-143, 88/

 

Хариуцагч Б.Ц- нь Г.Ч- өөрийн мөнгийг сайн дураараа гадны хөрөнгө оруулалтын санд шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Мөн 12 431 400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтын тухайд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц-т мөнгө төлөх үүрэг үүссэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Г.Ч- нь хариуцагч Б.Ц-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэггүй байх тул түүний шилжүүлсэн 52 873 860 төгрөгийн /65 305 260-12 431 400/ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.Б- нь Г.Ч-д хөрөнгө оруулалтын сангийн талаар мэдээлэл өгч, мөнгө өсгөх боломжтой талаар тайлбарласан, харин нэхэмжлэлд дурдсан мөнгийг нэхэмжлэгчээс бодитоор хүлээн авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүх хариуцагч Д.Б-ыг мөнгийг хүлээн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Мөн хариуцагч Б.Ц-т холбогдох нэхэмжлэлийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад 422 320 төгрөгийг хариуцагч Б.Ц-ээс гаргуулах өөрчлөлтийг оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Ц-ээс 52 873 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгож, хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 422 320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чимэдлхамд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 422 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ