Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00595 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч Ц.Б-ид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О- би Ц.Б-ийг машинаа барьцаалаад 1 сарын хугацаатай 20 000 000 төгрөг зээлүүлээч гэж удаа дараа гуйсан учир 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэн зурж нотариатаар батлуулсан. 14-24 улсын дугаартай BMW 328i маркийн автомашин барьцаалж нэр дээрээ шилжүүлж авсан. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Ц.Б- зээлийн төлбөрөө төлөөгүй. Мөн зээлээ хаахыг хүсэж шаардахад зээлээ хааж амжихгүй гээд гэрээгээ сунгахыг шаардахад банкны зээл хөөцөлдөж байгаа зээл бүтэхээр төлнө гэж хэлсэн. Зээл бүтсэн гэсэн боловч өдийг хүртэл хойшлуулан холбогдохгүй, утсаа авахгүй нэг бол утсаа хаадаг болсон. Иймээс 9 дүгээр сард сансар дахь оффис дээр нь очтол 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш түрээслэхээ больсон байсан. 11 дүгээр сарын 01-ний өдөр Бэлхэд ажил дээр нь очиж дүүтэй нь уулзахад 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд үндсэн зээлийг хүүтэй төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Хорооноос асуухад хаяг дээрээ амьдардаггүй болох нь тогтоогдсон. Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Эмэралд хотхон 501 дүгээр байрны 1506 тоотод амьдардаг болохыг мэдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг 1 сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. 6 дугаар сарын 24-ний өдөр 5 болон 6 сарын хүү 2 800 000 төрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр 1 400 000 төгрөг, 8 дугаар сарын хүүг 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 400 000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 9 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой хүүний төлбөр болох 1 400 000 төгрөгийг тус тус миний Хаан банкны болон Худалдаа Хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн.

Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасныг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн хоног тутам 0.5 хувийн алданги тооцон 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 77 хоногт тооцон 20 000 000*0.5%=1 хоногийг 100 000 төгрөг нийт 77 хоног*100 000 төгрөг=27 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ц.Б- нь нэхэмжлэгчээс 1 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд заасан 1 сарын хугацааны хүүгийн төлөлтийг хийж, төлбөрийг бүтнээр өгөх боломжгүйгээс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 5 600 000 төгрөгийг цувуулан төлж үндсэн зээлээс үлдэх 14 400 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг боломжтой болсон даруйд төлөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хашихныхан овогт Цагаандоржийн Баасандорж /РД:УМ88093012/-с 18 864 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дугаржавынхан овогт Дугаржавын Оюунгэрэл/РД:ШБ70091004/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 836 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-оос нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 252 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч О.М нар давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч талын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1 400 000 төгрөг болон 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1 400 000 төгрөг нийт 2 800 000 төгрөгийг “зээлийн хүү” гэж төлбөрийн зориулалтыг тодорхой тусгаж төлбөрийг шилжүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүх уг шилжүүлсэн төлбөрийг зээлийн хүү гэж үзэлгүй үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь “зээлийн хүү” гэж тодорхой дурдаж шилжүүлсэн байгаа тул үндсэн зээлээс хасагдах ёсгүй, зээлийн хүү төлсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн “Үндэслэх хэсэгт” “.... Хариуцагч зээлийн хүү гэж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 400 000 тогрогинг шилжүүлж, энэ өдрөөс хойш үүрэг гүйцэтгээгүй болох зохигчдын шүүхэд шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдсон....” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн байна. Энэ нь анхан шатны шүүх хариуцагч хэзээнээс гэрээний хугацааг хэтрүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т зээлийн хугацааг тодорхой зааж өгсөн ба “2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай олгов” буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ц.Б- нь гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан. Зээлийн гэрээний 2.7 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл үүссэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн алданги шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс үүргээ гүйцэтгээгүй гэдгийг дүгнэлгүй 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс гэж 5 сарын дараанаас үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа алдангийг багасгаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй, шүүх алдаатай тооцоолол хийсэн гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс алданги шаардах эрхтэй гэж тооцвол нийт алдангийн хэмжээ нь 16 245 000 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн хэмжээнээс давсан тул 10 000 000 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгч 30 000 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй  байсан ба 27 700 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг зөв тооцоолсон бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Ц.Б-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.О- нь 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг зохигчдод үүссэн байна. /хх7 тал/

 

            Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 20 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн харин зээлдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2 500 000 төгрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр 1 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 400 000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 1 400 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь баримтаар тогтоогджээ.

 

            Гэрээнд зааснаар үүргийг тооцвол хариуцагч Ц.Б- нь зээл, хүүгийн хамт 21 400 000 төгрөгийг зээлдэгчид төлөх үүрэгтэй, үүнээс 7 000 000 төгрөгийг хасаж тооцвол 14 400 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

Талууд гэрээнд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул 14 400 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн тодорхойлсон 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 77 хоногийг 0.5 хувиар тооцвол /77*72 000/ нийт 5 544 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн үүргийн үлдэгдэл 14 400 000 төгрөг, алдангид 5 544 000 төгрөг, нийт 19 944 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 756 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...18 864 000 төгрөг” гэснийг “...19 944 000 төгрөг” гэж, “...8 836 000 төгрөг” гэснийг “...7 756 000 төгрөг” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 252 270 төгрөг”  гэснийг “ ...257 670 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ