Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Д.О би Ц.Б-ийг машинаа барьцаалаад 1 сарын хугацаатай 20,000,000 төгрөг зээлүүлээч гэж удаа дараа гуйсан учир 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэн зурж нотариатаар батлуулсан. 14-24 улсын дугаартай BMW 328i маркийн автомашин барьцаалж нэр дээрээ шилжүүлж авсан.Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Ц.Б зээлийн төлбөрөө төлөөгүй. Мөн зээлээ хаахыг хүсэж шаардахад зээлээ хааж амжихгүй гээд гэрээгээ сунгахыг шаардахад банкны зээл хөөцөлдөж байгаа зээл бүтэхээр төлнө гэж хэлсэн. Дараа нь бүтсэн гэж хэлсэн боловч өдийг хүртэл хойшлуулан огт холбогдохгүй утсаа авахгүй нэг бол утсаа хаадаг болсон. Иймээс 9 сард сансар дахь оффис дээр нь очтол 4 дүгээр сарын 1-нээс хойш түрээслэхээ больсон байсан. Дараа н ь 11 дүгээр сарын 01-ний өдөр Бэлхэд ажил дээр нт очиж дүүтэй уулзахад 11 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд үндсэн зээлийг хүүтэй төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Гэрээн дээрх болон дүүгийнх нь бичиж өгсөн хаягаар очиход аав  нь хаалгаа тайлж Баасандоржийг асуухад энэ хаяг дээр  амьдардаггүй Зайсан хавьцаа байдаг өөрсдөө хаягийг олоод уулз гэсэн.Дараа нь хорооноос асуухад хаяг дээрээ амьдардаггүй болох нь тогтоогдсон.Хайсаар байгаад БЗД 501 тоот дүгээр байрны 000 тоотод амьдардаг болохыг мэдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 25-нд 20,000,000 төгрөг 1 сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. 6 дугаар сарын 24-нд 5 болон 6 сарын хүү 2,800,000 төрөг, 7 дугаар сарын 24-нд 1,4,000,000 төгрөг, 8 дугаар сарын хүүг 9 дүгээр сарын 04-нд 1,400,000 төгөрг10 дугаар сарын 09-нд 9 дүгээр сарын 25-нд төлөх ёстой хүүний төлбөрт 1,400,000 төгрөгийг тус тус миний Хаан банкны болон Худалдаа Хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн.

Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны г үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан дагуу гүйцэтгээгүй үүргийн хоног тутам 0,5 хувийн алданги тооцон 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 77 хоногт тооцон 20,000,000*0,5%=1 хоногийг 100,000 төгрөг нийт 77 хоног*100,000 төгрөг=27,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Тус нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Ц.Б нь нэхэмжлэгчээс 1 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээнд заасан 1 сарын хугацааны хүүгийн төлөлтийг хийж, төлбөрийг бүтнээр өгөх боломжгүйгээс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 5,600,000 төгрөгийг цувуулан төлж үндсэн зээлээс үлдэх 14,400,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг боломжтой болсон даруйд төлөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Ц.Б-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 7,700,000 төгрөг нийт 27,700,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс хэсэгчлэг төлсөн, алданги нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 54,000,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ц.Б-той 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж  20,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлдүүлжээ./хх-ийн 7 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь  мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.

Хариуцагч Ц.Б нь гэрээгээр тохирсны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Д.О түүнээс зээлээ буцаан шаардах эрхтэй.

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 20,000,000 төгрөгийг зээлдэгчид, зээлдэгч зээлийн хүү гэж  6 дугаар сарын 24-нд ”Ц” ХХК-иас 2,500,000 төрөг, “Ц” ХХК-иас 7 дугаар сарын 24-нд 1,400,000 төгрөг, 9 дүгээр сарын 04-нд 1,400,000 төгөрг, 10 дугаар сарын 09-нд 1,400,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон.

Гэвч нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ц.Б гэж тайлбарласанг хариуцагч зөвшөөрч маргаагүй.

Түүнчлэн хариуцагчаас баримтаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч 2,800,000 төгрөг төлсөн гэж хүлээн зөвшөөрч, энэ  талууд маргаагүй.

Зохигчдын зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болж, цааш сунгаагүй байх тул зээлдүүлэгч хүү нэхэх эрхгүй болно.

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ дуусгавар болж цааш сунгаагүй тул хариуцагч Ц.Б-оос зээлийн хүү гэж илүү шилжүүлсэн 5,600,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Ц.Б-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 14,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.    Алданги 7,700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.7-д “Анз: зээлдүүлэгч нь зээлийн гэрээг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ.” гэж тохирчээ.

Нэхэмжлэгч алдангийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 77 хоногт тооцон 7,700,000 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч зээлийн хүү гэж 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,400,000  төгрөгийг шилжүүлж, энэ өдрөөс хойш үүрэг гүйцэтгээгүй болох зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдсон.Энэ талаар талууд маргаагүй.

Ц.Б нь  2019 оны 10 дугаар 09-нйи өдрөөс 12 дугаар 12-ны өдрийг хүртэл 62 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Шүүх  алдангиыг тооцохдоо хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн  14,400,000 төгрөгөөс 1 хоногт 72,000 төгрөг хугацаа хэтэрсэн 62 хоногт тооцож 4,464,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчаас үндсэн зээлд 14,400,000 төгрөг, алданги 4,464,000 төгрөг нийт 18,864,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаад оролцох шаардлагагүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ц.Б-с  18,864,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс 8,836,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ....... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 252,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ