Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Өлзийсайхан |
Хэргийн индекс | 128/2015/1002/З |
Дугаар | 479 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 479
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нийтэд зарлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Г*******” ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн дээрх өргөдлийг сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нийтэд зарласан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олголтыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаанд зохих журмын дагуу оролцож, тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд манай компанийн хүсэлт бүртгэгдсэн.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ажлын хэсэг гарган хуралдаж, уг дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосныг манай компанийн зүгээс хууль бус гэж үзэж байна.
Учир нь дээрх дугаар олголтыг хүчингүй болгосон шалтгаан нь "...техникийн саатал"-аас болсон гэх боловч энэ нь манай компанийн болон бусад өргөдөл гаргагч компаниудын зүгээс шалтгаалаагүй, төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, программынхаа найдвартай ажиллагааг шалгаж, гацалт үүсэхгүй байх бүх талын арга хэмжээг авсны үндсэн дээр дугаар олголтыг эхлүүлэх үүрэгтэй байхад энэ үүргээ хангалтгүй биелүүлснээ техникийн алдаа, гацалт гэж тайлбарлан түүнийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ",
-10.1.3-т "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах", 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”,
-11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх",
-11.1.16-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх" гэж заасан үүргээ төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь бүрэн биелүүлэлгүй, манай компанийн хууль журмын дагуу оролцсон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгож, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Түүнчлэн манай компани нь зохих журмын дагуу техникийн бүхий л нөхцөлийг биелүүлж, шударгаар оролцон уг дугаарыг авсан бөгөөд дугаар олголтын эхний 1-51 хүртэлх дугаар нь огт алдаагүй бүртгэгдсэн байхад бүх дугаарыг хүчингүй болгож, цуцласан нь үндэслэлгүй.
Төрийн захиргааны байгууллагын дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанийн тусгай зөвшөөрөл хүсч, хууль ёсны дагуу цахимаар гаргасан өргөдөл хүчингүй болж, бүртгэлийн дарааллын дагуу өргөдлөө шийдвэрлүүлэх боломжгүй болж, тус компанийн эрхийг зөрчиж байна.
Тус компани нь Ашигт малтмалын газарт хандаж, Кадастрын хэлтсийн дээрх үйлдлийг хүчингүй болгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй бөгөөд уг хугацааг 30 хоногоор сунгах боломжтой боловч энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй, одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Манай компани нь урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нийтэд зарлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Г*******" ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн дээрх өргөдлийг сэргээж өгнө үү.” гэжээ.
Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь:
-2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104-р өргөрөгөөс баруун хэсгийн талбайд
-2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 104-р өргөрөгөөс зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна.
Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104-р өргөрөгөөс баруун хагаст хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан.
2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, 104-р өргөрөгөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 104-р өргөрөгөөс зүүн хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны акт болно.
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт “Login” серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон.
Уг асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэн даруй хуралдсан. Ажлын хэсэгт Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар болон хөгжүүлэгч компани нарын төлөөлөл багтдаг.
Ажлын хэсэг уг асуудлыг хэлэлцэж “login” серверийн ачаалал тооцоолсноос хэт ихэссэнээс болж доголдсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж, баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцалж, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, тус өдрийн буюу 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын газраас дээрх асуудлыг шийдвэрлэж 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагаас хэвийн явагдсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.” гэж заасны дагуу Кадастрын хэлтэс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг.
Иймд “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нийтэд зарлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Г*******” ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн дээрх өргөдлийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлан явуулсан “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” ажиллагаанд оролцож, улмаар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрд нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цахимаар 09 цаг 00 минут 50 секундэд бөглөж, өргөдөлд заасан солбицлын дагуу 21 дугаар авч өргөдлийн бүртгэлийн Х2 дугаарт бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй болно.
Харин нэхэмжлэгч “Г*******” ХХК нь:“...зохих журмын дагуу техникийн бүхий л нөхцөлийг биелүүлж, шударгаар оролцон цахим өргөдлийн бүртгэлийн Х2 дугаарт бүртгэгдсэн байхад “техникийн саатал” гарсан гэх үндэслэлээр тухайн өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус.” гэж,
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь:
“...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагаас эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09 цаг 02 минут 31 секундэд логин-серверээс хариу өгөхгүй болж, цахим систем 34 минутын хугацаанд доголдсон. Иймд Ажлын хэсэг нэн даруй хуралдаж “...тухайн өдрийн цахим дугаар олголт нь логин-серверийн ачаалал тооцоолж байснаас хэт ихэсч системийн хэвийн ажиллагаа тасалдсан” гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Үүний дагуу тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагаа нь цахим системийн техникийн саатал, тодруулбал хууль зүйн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүч (форс мажор)-ний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шалтгаалж хариуцагч цахим дугаар олгох ажиллагааг хууль ёсны дагуу үргэлжлүүлэх боломжгүй болсноор тус өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “...төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, цахим дугаар олгох ажиллагааг эхлүүлэхдээ цахим системийн хэвийн, найдвартай ажиллагааг шалгаж, гацалт үүсэхгүй байх бүх талын арга хэмжээг авсны үндсэн дээр ажиллуулах үүрэгтэй. Уг үүргээ хангалтгүй биелүүлснээ техникийн саатал, гацалт гэж тайлбарлан “Г*******” ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэж маргаж байгаа боловч:
Нэг. Хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн хяналтаас гадуур, хүсэл зоригоос үл хамааран үүссэн болох нь, мөн хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарласан цахим дугаар олголтын ажиллагааг эхлүүлэх үед тухайн нөхцөл байдлыг буюу үйл явдлыг таамаглах, урьдчилан мэдэх боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Үүнд:
1. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд:
1.1.“...login.mram.gov.mn хаягтай серверээс хариу өгөхгүй болчихсон тэр хугацаанд логин /нэвтрэлтийн хэсэг/ цонх ажиллахгүй болсон. ...тухайн үед өргөдөл бөглөж дууссан аж ахуйн нэгжийн хүсэлтийг төхөөрөмжийн буюу login.mram.gov.mn хаягтай серверт илгээхэд хүсэлт нь илгээгдэхгүй зогсож улмаар ажиллахгүй болсон.” гэх цахим системд гэнэтийн техникийн саатал гарсан үйл баримт;
1.2.“...логин-серверийн ачаалал тооцоолж байснаас хэт ихэсч, улмаар цахим систем доголдсон” гэсэн хуралдаанаас гарсан урьдчилсан дүгнэлт;
1.3.“...төхөөрөмжийн сервер буюу login.mram.gov.mn хаягтай сервер дээр яг ямар асуудал үүссэн талаар тодорхой мэдээлэл, нарийвчилсан судалгааг 17 цагаас “А*******” ХХК-ийн Голланд дахь мэргэжилтнүүдээс тодруулах, мэргэжилтэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байх...” гэсэн ажлын хэсгийн гишүүдийн цахим системийн хэвийн ажиллагаа алдагдсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан санал, тайлбараар;
2. Ажлын хэсгийн гишүүн “А” ХХК-ийн захирал Ц.Б*******гийн цахим шууданд “А******* ХХК-ийн Голланд дахь мэргэжилтэн L*******-ээс илгээсэн мэргэжилтний дүгнэлт” ирсэн эсэх талаар шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийсэн үзлэг , 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсгийн гишүүн З.Г*******д “А*******" ХХК-ийн Голланд дахь мэргэжилтэн L*******-ээс илгээсэн цахим шууданд “...Дүгнэлтээр: “логин-сервер унаагүй байна. ...Харин энэхүү сервер дотор ажиллаж байгаа “validation webserver” нь хэсэг хугацаанд “time out” хийснээс болж цахим дугаар олгох систем гацахад хүргэсэн байна.” гэсэн мэргэжилтний дүгнэлт;
2.1. ажлын хэсгийн гишүүн Ц.Б******* дээрх мэргэжилтний дүгнэлтийн талаар ажлын хэсгийн гишүүдэд “...VPN төхөөрөмжийн сервер хариу өгөлгүй гацсан гэсэн бидний төсөөлөл үнэн байсан гэж ойлголоо. Шалтгаан нь аж ахуйн нэгжүүд ...өргөдлөө нэгэн зэрэг явуулахад өргөдөл доторх ОТP буюу “нэг удаагийн нууц үгс”-ийг шалгах үйлдэлд нэгэн зэрэг хэт их ачаалал ирснээс болсон гэж ойлгож байгаа.” гэх илгээсэн цахим шуудан дахь мэдээлэл, хавсралт баримтууд;
2.2. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагааны систем дэх “серверийн лог файл” -ыг хэвлэмэл байдлаар гаргасан хэрэгт нотлох баримтаар авагдсан уг баримтаас үзэхэд үндсэн серверт байрлах “өргөдөл гаргасан аж ахуйн нэгжүүдэд дугаар олголтыг шалгадаг төхөөрөмжийн буюу “login.mram.gov.mn хаягтай сервер” гацсанаас шалтгаалан цахим систем ажиллахгүй болсон буюу “error” алдаа заасан болох нь дээр дурдсан нотлох баримт болон шүүхээс хийсэн үзлэгээр тус тус нотлогдож байна.
3. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн захирал, ажлын хэсгийн гишүүн Ц.Б******* шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
3.1.“...цахим систем нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд ...тус өдөр 300-600 орчим аж ахуйн нэгж оролцсон. ...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олгох ажиллагааг явуулахаас өмнө нээлттэйгээр тест хийсэн. Гэвч ...аж ахуйн нэгжүүд хангалттай хэмжээнд оролцоогүй. Гэтэл тус өдөр 1600 орчим аж ахуйн нэгж оролцож, ...зэрэг ачаалал өгсөн учраас хариу өгч чадалгүй логин-сервер гацсан. Иймд цахим системд ...1600 төхөөрөмжөөр зэрэг тестлэх, түүнээс техникийн ямар үр дагавар гарах эсэх талаар урьдчилан мэдэх боломж байгаагүй.” гэсэн мөн;
3.2.“...цахим системд нэг аж ахуйн нэгж олон өргөдөл нэгэн зэрэг гаргах боломжтой байдаг. Иймээс аж ахуйн нэгжүүдийг “оноосон нэр, регистрийн дугаараар” нь нэг удаа л бүртгэхийн тулд цахим системд аж ахуйн нэгжийг шалгах зориулалттай төхөөрөмжийг серверт ажиллуулсан, гэтэл ...тус төхөөрөмж шалгадаг логин-сервер нь эхлээд хэвийн ажиллаж байснаа дундаас нь хариу өгөхөө больж ажиллагаагүй болсон. ...шалтгааныг судалж үзэхэд төхөөрөмжид суулгасан Швед улсад хийлгэсэн программ огт хариу өгөхгүй гацсантай холбоотой байсан.” гэх гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтын ажиллагааг эхлүүлэх үед тухайн нөхцөл байдлыг буюу үйл явдлыг таамаглах, урьдчилан мэдэх боломжгүй байсан болох нь нотлогдож байх тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагаа нь хариуцагчийн хяналтаас гадуур, хүсэл зоригоос үл хамааран үүссэн цахим системийн техникийн саатал гарсан “нийтэд илэрхий” үйл явдал болох нь тогтоогдож байна.
Хоёр. Хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалтын “хайгуулын ...тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 11.1.15 дахь заалтын “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл шинээр олгох, ...ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;”, 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтын “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ...,шийдвэрлэх;” гэсэн хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд түүний чиг үүрэгтэй нийцсэн шийдвэр гэж дүгнэх үндэслэлтэй байна. Тодруулбал,
нэгд, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн гишүүн Ц.Б******* гэрчээр өгсөн мэдүүлэгт “...1-51 дэх дугаар олголтыг хэвээр үлдээж, техникийн саатал гарснаас хойшхи дугаараас дахин эхлүүлж цахим дугаар олгох боломж байхгүй. Учир нь ...программ нь 1-120 хүртэлх өргөдлийн дугаарыг л олгох ..., иймд ...дундаас нь үргэлжлүүлэх техникийн боломж байхгүй. Цахимаар оролцож байх тухайн агшинд дэлгэцэн дээр өргөдлийн хүлээн авсан огноо, цаг хугацаа, аж ахуйн нэгж нэртэйгээ ...мэдээлэл нь гарч байдаг. ...тухайн цаг хугацаанд хариуг оролцогчид өгч байх ёстой. ...Цахим дугаар олголтыг хийсний хойно 120 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргавал ...хардлага сэрдлэгийг төрүүлэх, шударга биш байдал үүсгэх боломжтой байсан." гэсэн мэдүүлэг;
хоёрт, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/10 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан дээр Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын “...аж ахуйн нэгжээс ирж байгаа гомдлоос үзэхэд эхний 51 дугаар авснаас хойш систем орохгүй байсан, ...мэдээллийн цахим хуудсуудаар урьдаас сонгогдсон компаниудыг бүртгэсэн гэсэн хардлага гарч байна.” гэсэн тайлбар болон гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд:
Хариуцагч ашигт малтмалын харилцаанд төрийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагаа ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах үүрэгтэй.
Иймд хариуцагч “mram.gov.mn“ гэсэн байгууллагын цахим хуудсаар “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн логин-серверт алдаа гарч техникийн саатал үүссэн тул дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосныг мэдэгдье.” гэсэн зарлал болон тус өдрийн үйл явдлын талаар олон нийтэд хандан Хэвлэлийн бага хурал зарлаж албан ёсны мэдээллийг хийсэн болох нь Ашигт малтмалын газрын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, нэгд, цахим системийн техникийн саатал, тодруулбал хууль зүйн хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүч (форс мажор)-ний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шалтгаалсан үйл явдал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хоёрт, хариуцагч тус өдөр цахим системд нэвтэрч орсон бүх аж ахуйн нэгжүүдэд техникийн сааталтай холбоотой бүхий л мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудсаар цаг тухайд нь албан ёсоор мэдэгдсэн, гуравт, хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тэгш байдал, хууль дээдлэх ёсны зарчимтай нийцэж байна.
Иймд Үндэслэх хэсгийн Нэг, Хоёрт дүгнэсэн хууль зүйн үндэслэлүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим системийн техникийн саатал гарсан нийтэд илэрхий үйл явдал нь хариуцагчийн хүсэл зоригоос үл хамаарсан, хяналтаас гадуур, тухайн нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даван туулах боломжгүй байсан болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16 дахь заалтад заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд тус өдрийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нийтэд зарлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Г*******” ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн дээрх өргөдлийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН