Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00671 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан 81 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М-д 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, одоо Б.М-оос үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөний эх үүсвэр нь миний хүү 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Канадаас миний данс руу 75 000 доллар явуулж, би эхнэр хүүхэдтэй болно байр авъя гэж хэлээд над руу явуулсан юм, би 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.М-д 50 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлж, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 54 000 000 төгрөг авах ёстой байсан боловч хугацаа дуусахад Б.М- мөнгөө өгөөгүй, 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Б.Мөнхцацрал гэдэг эгчтэйгээ хүрч ирээд манай эгч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж хэлж Алтай констракшны байрыг барьцаанд аваад 140 000 000 төгрөгийг Б.Мөнхцацралд зээлдүүлсэн. Тэгээд би өмнө нь зээлсэн Б.М-ын зээлсэн 54 000 000 төгрөгийг буцаан өгснөөр тооцож үлдэгдэл 86 000 000 төгрөгийг түүний эгч Б.Мөнхцацралын данс руу шилжүүлсэн. Энэ хүмүүс мөнгөө өгөхгүй болохоор нь би түүний эгч Б.М-ыг шүүхэд өгсөн. Энэ шүүх хуралд Б.М- гэрчээр мэдүүлэхдээ С.Б-ээс авсан 54 000 000 төгрөг Б.Мөнхцацралд хамаагүй, үүнийг би өөрөө С.Б-т төлнө гэж зээл авснаа хүлээн зөвшөөрсөн тул үндсэн зээл, хүүгийн хамт 54 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

С.Б-ийн нэхэмжилж байгаа 81 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, С.Б- нь миний төрсөн эгч Б.Мөнхцацралд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 140 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдал дээр 86 000 000 төгрөг түүнд өгч миний зээлсэн 54 000 000 төгрөгийг хасч тооцно хэмээн тайлбарласан. Гэтэл 2018 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх 54 000 000 төгрөгийг огт хасалгүйгээр Б.Мөнхцацралаас 140 000 000 төгрөг, хүү, алданги нийт 344 600 239 төгрөг гаргуулахаар хандсан. Уг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон завж заалдах, дээд шүүхээс гэрээний дагуу 140 000 000 төгрөгөөс 54 000 000 төгрөгийг хасалгүйгээр шийдвэрлэсэн байдаг. “Стардкредит ББСБ”-ын захирал ажилтай С.Б- нь төрсөн эгч дүүсийн хооронд нь төөрөгдүүлэн мэхэлж янз бүрийн зээлийн гэрээ байгуулж биднийг хохироож байна. С.Б- нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр надаар 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсныг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа бөгөөд ийнхүү гэрээг 3 жилийн дараа нөхөж хийхэд би гэрээний доод талд гараараа 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсныг нотлох үүднээс тэмдэглэгээ хийсэн. С.Б- нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэж нөхөн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, хүчин төгөлдөр бус гэрээ, бодит байдал дээр зээлийн гэрээний үүргийг хангуулах хугацаа 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсноос хойш алдангийг хэрхэн яаж тооцоолж 27 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Батсайханы Мөнх-Оргилоос 81 000 000 /наян нэгэн сая/ төгрөгийг гаргуулан Сандагийн Баярцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.М-оос 562 950 /таван зуун жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан С.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.М- давж заалдах гомдолдоо:

... Тус шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчиж хариуцагч намайг болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байхад энэ талаараа шүүхэд хүсэлтээ гарган өгсөн атал биднийг байхгүйд хэргийг шийдэж намайг хохироож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай зохицуулалт байдаг. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцохгүй байхад хамаарах зохицуулалт гэж ойлгож байна. Мөн энэ хэргийг шийдвэрлэхэд талууд харилцан тэгш эрхтэйгээр оролцож байж хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл байдлын талаар харилцан байр сууриа илэрхийлсэн цагт тэдгээрийн тайлбар эсэргүүцлийг бүрэн сонсож, шүүгч өөрийн дотоод итгэлээр энэхүү хэргийн үнэн зөвийг тунгаан шийдвэрлэх зүйтэй. Миний хувьд С.Б- гэдэг хүнтэй гэрээ байгуулан зээл авсан нь үнэн боловч нэхэмжлэгч нь мөнгө зээлсэн гэх давуу эрхээ ашиглан миний гэр бүлд их хэмжээний хохирол учруулан өр төлбөрт оруулсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №80 дугаартай баримт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03405 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны  өдрийн 001/XТ2019/00641 дугаар тогтоол зэргээс харагдана. Хэрэв хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулсан бол эдгээр баримтын талаар үндэслэл бүхий тайлбар баримтад тулгуурлан хэлэлцүүлж хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болох байсан. Гэвч тайлбар хүсэлтээ гаргасан атал хэрэгсэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдан өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргах хуулийн зарчим энэ хэрэгт үйлчилсэнгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Б-ийн талд хэргийг илтэд нэг талыг барин шийдсэн нь хариуцагч надад шүүгчийн хараат бус байх, бие даан шийдвэр гаргах нөхцөл байдал алдагдсан байна гэж хардах нөхцлийг үүсгээд байна. Шүүх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хурал зарласан байсан ч хурлын товыг надад мэдэгдээгүй, шүүх хурлаас 30 минутын өмнө хуралдааны нарийн бичгийн дарга гэх нэг залуугаар утсаар залгуулж дуудуулж байсан зэрэг үйлдлүүд нь энэ шүүгч үнэхээр миний хэргийг үнэн зөвөөр шийдэж чадах уу гэдэгт эргэлзэх бодол төрүүлсэн. Шүүгчээс татгалзан гарах тухай гомдлыг гаргасан ч шүүх хангахаас татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцаагүй, хариу тайлбар өгөөгүй байхад мөн үндэслэл бүхий хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаж байхад үл хэрэгсэж хэргийн оролцогчийн тэгш эрхийг хангаагүй хэргийг хэлэлцэн шийдсэнд гомдож байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр 50 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар зээлдүүлж, хариуцагч Б.М-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5023106981 дугаартай дансанд нэхэмжлэгч С.Б-ээс 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон зохигчдод Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна. /хх-5/

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т 8 хувь гэж талууд зээлийн хүүг тохиролцсон байх тул зээлдэгч Б.М- нь 50 000 000 төгрөгийн зээлд 4 000 000 төгрөгийн хүү төлөх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.18-д зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлбэл 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт, мөн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 54 000 000 төгрөгийн 50 хувь болох 27 000 000 төгрөгийг алдангид тооцож шаардсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд зээлдэгч Б.М-оос үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, зээлийн хүү 4 000 000 төгрөг, алданги 27 000 000 төгрөг нийт 81 000 000 төгрөгийг гаргуулан С.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

Хариуцагч Б.М-ын шүүхэд гаргасан “...С.Б- нь миний төрсөн эгч Б.Мөнхцацралтай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 140 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдал дээр 86 000 000 төгрөг түүнд өгч миний зээлсэн 54 000 000 төгрөгийг хасч тооцно гэсэн боловч 2018 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх 54 000 000 төгрөгийг огт хасалгүйгээр Б.Мөнхцацралаас 140 000 000 төгрөг, хүү, алданги нийт 344 600 239 төгрөг гаргуулахаар хандаж, шүүх нэгэнт шийдвэрлэсэн гэх татгалзал үндэслэлгүй.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2018/03405 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлалаар Б.Мөнхцацралаас 122 082 240 төгрөгийг гаргуулан С.Б-т олгож шийдвэрлэсэн байх бөгөөд С.Б-ээс Б.Мөнхцацралд зээлдүүлсэн 86 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой маргааныг шийдвэрлэжээ. Мөн Б.М- шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэхдээ “...2015 оны 3 дугаар сард С.Б-ээс хувиас нь 50 000 000 төгрөг зээлсэн, тухайн үедээ гэрээ үйлдээгүй, 2018 оны 8 дугаар сард уулзахдаа 2015 оны 3 дугаар сарын гэрээнд гарын үсэг зуруулсан, би 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 54 000 000 төгрөг төлөөгүй, хоосон баримтад гарын үсэг зуруулсан, миний зээлийг Б.Мөнхцацралаар төлүүлэхээр тохироогүй, би С.Б- эгчид зээлээ төлнө” гэжээ.

 

С.Б- нь 2015 оны 3 дугаар сард Б.Мөнхцацралд холбогдуулан зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, уг хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хариуцагч Б.М- нь дээрх байдлаар зээлийг тусад нь төлөхөө зөвшөөрсөн байна. Иймд гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй.

 

2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаагийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд мөн шүүгчийн туслах 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаатай 99936116 дугаарын утсаар холбогдож шүүхэд ирж хэргийн материалтай танилцахыг сануулсан баримт хэрэгт авагджээ.

 

Иймээс шүүх хуралдаан болох хүртэл буюу 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Э.Ундармаа нь хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Мөн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа нь өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргахдаа шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагааны ерөнхий эмч, эмчлэгч эмчийн нэр тодорхойгүй, эмчийн тэмдэг уншигдахгүй байна. Иймд шүүх Эмнэлгийн магадлагаа гаргах журамд нийцээгүй баримтыг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохыг нотлохгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийн баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг зөрчихгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ