Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Э-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 30 206 493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1187 дугаар бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн Хаан банкны 5009019074 данснаас 30 755 476 төгрөгийг татан авсан үйл ажиллагаанд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь төлбөр авагчийн талд хэт үйлчилж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой бие даасан үе шатуудыг дамжин хэрэгжиж байхаар зохицуулсан. Гэтэл дээрх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Э нь хуульд заасан шат дараалсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй ба төлбөр төлөгч “Т” ХХК-д хуульд зааснаар мэдэгдэх хуудас өгөөгүй, дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Мөн “Т” ХХК болон удирдах албан тушаалтантай утсаар болон цахилгаан факсаар холбогдож Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн гэдгийг хэлэхгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр компанийн данснаас мөнгө татсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл НШШГГ-ын тухайн шийдвэр үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, мөн хуулийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө”, 14.5 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус заасанд харшилж байна. НШШГГ-ын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэл нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлээр илрэхээс гадна, дор дурдсан баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөр огноолсон 4/29155 тоот албан бичгийг “Т” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 50 минутад шуудангаар хүргүүлсэн. Шуудан хүргэгч нь компанийн жижүүрт албан бичгийг үлдээсэн байсныг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Т” ХХК-ийн удирдлага хүлээн авсан. Уг албан бичигт “... нийт 30 755 476 төгрөгийг тус газрын Төрийн банкан дахь 106000059575 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье” гэсэн атлаа “Т” ХХК-аас хариу өгөхийг хүлээхгүйгээр яаравчлан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 минутад “Тэн-Хун” ХХК-ийн данснаас 30 755 476 төгрөгийг татсан нь хууль бус ажиллагаа болсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус дээрх үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2649 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-аас 30 515 476 төгрөгийг гаргуулж Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20250078 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Т” ХХК-ийн 362073 дугаарын утсаар тус компанийн менежер Өлзийсайхантай ярьж шүүхийн шийдвэрийг танилцуулж, шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Тус газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/29155 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч “Т” ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол 2А байрны 14 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд “Т” ХХК-ийн Хаан банк нь дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30 755 476 төгрөгийн хэмжээгээр Төрийн банк дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “Т” ХХК-ийн харилцах боон хадгаламжийн дансыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20250078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28 237 126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банк дахь даатгалын хэлтсийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус шилжүүлж 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Мэдэгдлийг хүргүүлээд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд “Т” ХХК-ийн Хаан банкин дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30 755 796 төгрөгийн хэмжээгээр Төрийн банкин дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “Т” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2050078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28 237 126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банкин дахь дансанд 2 518 350 төгрөгийг Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус шилжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнийг мэдэгдээгүй, хугацаатай мэдэгдлийг “Т” ХХК-д мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148/202250078 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан арга хэмжээг авч, арилжааны банкуудад хүргүүлжээ. Уг арга хэмжээг буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд мэдэгдэж, төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрийн талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ үүссэн даруй авч хэрэгжүүлдэг албадлагын арга хэмжээ юм.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан “хугацаатай мэдэгдэх хуудсанд” заасан хугацааг дуусгасны дараа авах шат дараалсан үйл ажиллагаа биш. Хугацаатай мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх ба уг мэдэгдлийг биелүүлэхээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байх тул 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх арга хэмжээ авсан болон хугацаатай мэдэгдэх хуудсыг шуудангийн байгууллагаар хүргүүлсэн нь хуульд нийцээгүй арга хэмжээ гэж маргадаггүй. Үүнд дүгнэлт хийх шаардлагагүй байсан.

Харин дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шат дараалсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй, “Т” ХХК-ийн үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх зэрэг эрхийг зөрчсөн гэдэг агуулгаар тайлбарлан маргадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт хуульчилснаар “Т” ХХК-д “хугацаатай мэдэгдэх хуудас буюу ... нийт 30 755 476 төгрөгийг тус газрын Төрийн банкин дахь 106000059575 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье” гэх мэдэгдлийг хүргүүлсэн уг мэдэгдэл болон “Т” ХХК-ийн менежер н.Өлзийсайхантай утсаар ярихдаа “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга” хэмжээ авагдсан тухай огт мэдэгдээгүй, энэ асуудлыг “Т” ХХК нь сүүлд мэдсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус үйл баримтыг мушгин гуйвуулж буюу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд мэдэгдэж, төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрийн талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02649 дугаар шийдвэрээр хариуцагч “Т” ХХК-аас 30 206 493 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2019/15972 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 1187 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20250078 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 31-35/

 

            2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29155 дугаар албан бичгээр “Т” ХХК-д 30 755 476 төгрөгийг Төрийн банкин дахь 106000059575 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-37/ Мөн өдөр 148/20250078 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан “төлбөр төлөгчийн банкны харилцах дансан дахь хөрөнгийн эзэмших эрхэд хязгаарлалт хийх” арга хэмжээг авч, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Төлбөр төлөгч нь дээр дурдсан арга хэмжээг буюу шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бус гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна.

 

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар төлбөр төлөгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, түүний гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасан журмаар хүргүүлсэн байна.

 

            Шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ