Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00794

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00794

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Т Х” ХХК

 

Хариуцагч: Н Ш Ш Г

 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г

                                хариуцагчийн төлөөлөгч Ц.Т

                                        нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А нь Б.Э нэхэмжлэлтэй, “Т Х” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 30,206,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1187 дугаар бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн Хаан банкны 5009019074 данснаас 30,755,476 төгрөгийг татан авсан үйл ажиллагаанд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь төлбөр авагчийн талд хэт үйлчилж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой бие даасан үе шатуудыг дамжин хэрэгжиж байхаар зохицуулсан. Гэтэл дээрх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь хуульд заасан шат дараалсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй ба төлбөр төлөгч “Т Х” ХХК-д хуульд зааснаар мэдэгдэх хуудас өгөөгүй, дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээгүй.  Мөн “Т Х” ХХК болон удирдах албан тушаалтантай утсаар болон цахилгаан факсаар холбогдож Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн гэдгийг хэлэхгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр компанийн данснаас мөнгө татсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тухайн шийдвэр үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” мөн хуулийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө 14.5 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. "гэжтустусзаасанд харшилж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэл нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлээр илрэхээс гадна, дор дурдсан баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөр огноолсон 4/29155 тоот албан бичгийг “Т Х” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 31 өдрийн 11 цаг 50 минутад шуудангаар хүргүүлсэн. Шуудан хүргэгч нь компанийн жижүүрт албан бичгийг үлдээсэн байсныг оны эхний өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Т Х” ХХК-ийн удирдлага хүлээн авсан. Уг албан бичигт: "... нийт 30,755,476 төгрөгийг тус газрын Төрийн банкан дахь 106000059575 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье" гэсэн атлаа “Т Х” ХХК-иас хариу өгөхийг хүлээхгүйгээр яаравчлан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 минутад Т-Х ХХК-ийн данснаас 30,755,476 төгрөгийг татсан нь хууль бус ажиллагаа болсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус дээрх үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, “Т Х” ХХК-д холбогдох ажилгүй байсан цалин 30,206,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээд тус шүүхийн 02649 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1187 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гүйцэтгэх хуудаст бичигдсэн шаардагыг биелүүлэх үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн данснаас 30,775,476 төгрөгийг татсан. Энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дэс дарааллыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой бие даасан шатуудаар дамжин хэрэгжиж байхаар зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт эхлээд төлбөр авагч талд мэдэгдэх хуудас хүргүүлнэ, хүргүүлээд тайлбар авна, холбогдох баримтыг гаргуулна гэж заасан. Энэ ажиллаааг хийгээгүй, шууд данснаас мөнгө татсан нь хууль бус, процесс ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148/2250078 дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг арилжааны банкинд хүргүүлж “Т Х” ХХК-ийн данснаас мөнгө татсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, хууль бус ажиллагаа болохыг тогтоож, уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2649 дүгээр шийдвэрээр “Т Х” ХХК-иас 30,515,476 төгрөгийг гаргуулж Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20250078 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Т Х” ХХК-ийн 362073 дугаарын утсаар тус компанийн менежер Өлзийсайхантай ярьж шүүхийн шийдвэрийг танилцуулж, шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Тус газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/29155 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч “Т Х” ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол 2А байрны 14 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд “Т Х” ХХК-ийн Хаан банк нь дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30,755,476 төгрөгийн хэмжээгээр Төрийн банк дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “Т Х” ХХК-ийн харилцах боон хадгаламжийн дансыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20250078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28,237,126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банк дахь даатгалын хэлтсийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус шилжүүлж 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2649 дугаар шийдвэрээр “Т Х” ХХК-иас 30,515,476 төгрөгийг гаргуулж, Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20250078 дугаартай тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Т Х” ХХК-ийн 362073 дугаарын утсаар тус компанийн менежир н.Өлзийсайхантай ярьж, шүүхийн  шийдвэрийг танилцуулж, биелүүлэх талаар мэдэгдсэн. Мөн тус газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29155 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч “Т  Х” ХХК-ийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 2а  байр, 14 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мэдэгдлийг хүргүүлээд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд “Т Х” ХХК-ийн Хаан банкин дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30,755,796 төгрөгийн хэмжээгээр  Төрийн банкин дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “Т Х“ ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2050078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28,237,126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банкин дахь дансанд, 2,518,350 төгрөгийг Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тус тус шилжүүлж, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн талаар мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулаагүй хуульд заасан журам зөрчсөн, хугацаатай мэдэгдлийн хугацаа болоогүй байхад дараагийн ажилллагааг явуулж хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагчийн төлөөлөгч “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан” гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02649 дугаар шийдвэрээр “ТХ” ХХК-иас 30,206,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр авагчид гүйцэтгэх хуудас олгожээ.      

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлж шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын хамт 2020 оны 1 дүгээр сарын 02-ны дотор шилжүүлэхийг даалгаж, энэ талаар “ТХ” ХХК-ийн менежер ажилтай н.Өлзийсайханд мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдэн, уг мэдэгдлийг төлбөр төлөгч “Т Х” ХХК-д хүргүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шуудангийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт нийцжээ. Иймд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнийг мэдэгдээгүй, хугацаатай мэдэгдлийг “ТХ” ХХК-д мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148/20250078 тоот “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь хэсэгт заасан арга хэмжээг авч, арилжааны банкуудад хүргүүлжээ. Уг арга хэмжээг буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хууль бус гэж үзэн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд мэдэгдэж, төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрийн талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

   

Дээрх арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн даруй авч хэрэгжүүлдэг албадлагын арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор төлбөр төлөхийг шаардсан шийдвэр гүйцэтгэгчийн хугацаатай мэдэгдлийг баталгаажуулах буюу төлбөр төлөгчийг төлбөрийн чадваргүй болох, эд хөрөнгөө бусдад шилжүүлэх зэрэг эрсдлээс сэргийлэх урьдчилсан арга хэмжээ гэж ойлгоно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан “хугацаатай мэдэгдэх хуудас”-нд заасан хугацааг дууссаны дараа авах шат дараалсан үйл ажиллагаа биш юм.

 

Иймд хугацаатай мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх ба уг мэдэгдлийг биелүүлэхээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байх тул 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Т Х” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА