Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Д.Н-, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, М.Н-д холбогдох 201722000213 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Н-, иргэний хариуцагч Б.Г-нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар багийн 8-29 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М-ын Н.

М.Н- нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ дугаартай “Тоёота аллион” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Н-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Н-д оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Н-д ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Г-аас 1,929,092 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 999,245 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С, С.Бнарт олгож, хохирогч Д.Н-д Д.С, С.Бнар нь 18,545,663 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Н-, иргэний хариуцагч Б.Г-нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Н- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талийгаач охиноо оршуулахаар Япон улсаас Монгол улсад ирсэн, буцсан замын зардал болох 6,860,092 төгрөгийг хангаж шийдвэрлэн сэтгэл санааны хохирлын хувьд хариуцагч нараас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би хоёр охиныхоо хамт амьдардаг байсан. Тэднийхээ сайн, сайхан ирээдүйн төлөө хүний нутагт хүнд хөдөлмөр хийж байсан. Энэ хугацаандаа эмээ, өвөөд нь захиж үлдээгээд явсан. Би хоёр охиноо мэргэжил, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхийн тулд ажилласаар өдийг хүрсэн. Япон улсад буцаж очсоноос хойш сэтгэл санааны хямралаас болоод 3 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2 сар эмчилгээ хийлгэсэн. Нийт 40,000,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Эмчилгээ болон ажилгүй байсан, охины минь амь нас хохироход мөнгөн дүнгээр илэрхийлэхэд нийт 60 гаруй сая төгрөгийн шууд хохирол учирсан боловч энэ бүгдийг нэхэмжлээгүй. Ганцаараа үлдсэн охин дүү нь сэтгэлийн гүн хямралд орсон, зан араншин нь огцом өөрчлөгдсөн. Энэ нь сэтгэл зүйчийн үзлэг оношлогоогоор батлагдсан, хэрэгт нотлох баримт хавсрагдсан байгаа. Цаашид удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай болохыг сэтгэл зүйч зөвлөсөн. Би талийгаач охиноосоо хойш нойргүйдэх өвчтэй болсон, хоолны дуршилгүй болсон, охин үгүйлэгддэг, заримдаа хамт сууж байгаа мэт харагддаг. Миний сэтгэл санаа бодит байдал дээр ийм байхад надаас сэтгэл санааны хохирлын нотлох баримт шаардаж байгааг ойлгохгүй байна. Шүүх энэ баримтыг ямар хэлбэрээр, ямар аргаар хэрхэн яаж гаргаж өгөхийг шаардаж байна вэ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэжээ. Миний хувьд дээрх хэргийн улмаас охиноо алдсанаар сэтгэл санааны хямралд орж хохирч байгаа хүн. Мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэсэн байна. Талийгаач охины эмээ, өвөө, аав, охин дүү болон миний хувьд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх явцад талийгаачийн дүү сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан үр дүн мэдэгдэхүйц байсан. Нэг удаагийн эмчилгээнд 15,000 төгрөг 7 хоногт 105,000 төгрөг төлсөн баримт байгаа. Өөрөө хэлбэл 1 хүн сард 450,000 төгрөгийн, эмчийн зөвлөснөөр 5 хүн 6 сарын хугацаатай сэтгэл заслын эмчилгээ хийлгэхэд 13,500,000 төгрөгийн зардал гарахаар байна. Дээрх хуулийн зохицуулалтаар мөн энэ баримтаар жишиг болгон сэтгэл санааны хохирлыг тооцож төлүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж бидний хохирлыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд иргэний хариуцагч Б.Г-гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хариуцагчаар татсан прокурор, мөрдөгчийн тогтоол шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын иргэний хариуцагч гэх Б.Г-надад холбогдуулан шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан байхад намайг өөрийн эзэмшлийн 05-60 дугаартай Аллион маркийн машиныг шүүгдэгч М.Н-д ашиглах боломж олгосон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Намайг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг М.Н- өөрөө хүсч, гуйж Заяазанаас машины жолоог шилжүүлэн авч тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болтол эвдэж хохироосон бөгөөд миний хувьд гэмт хэргийн хохирогч боловч миний эд хөрөнгө эвдэж гэмтсэн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, би эд хөрөнгөөрөө хохирсон. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хуулийн зарчим хэрэгжээгүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын иргэний хариуцагч Б.Г-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодит үнэнийг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Н-ын өмгөөлөгч А.Ууганбаяр хэлсэн саналдаа “Хохирогч Сайнтогтох нь гэрч Эрдэнэчимэг, Нямсүрэн нарыг шүүх хуралдаанд оруулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчүүдийг оролцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 35.14 дүгээр зүйлүүдийг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бий болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоох шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлтийг зөв тогтоож чадаагүй байгаа юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н-гийн өмгөөлөгч Д.Отгонцэцэг хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9,431,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд дурдсанаар хохирол 18,953,000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Японоос ирсэн зардал буюу 6,000,000 төгрөгийн хохирлыг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Манай талаас эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байгаа юм. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн эрх зүйн баримт бичгийг магадлал гэсэн баримт бичиг дээр гаргасан байх тул хяналтын шатны шүүхээр техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдаж өгнө үү. Б.Номиншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Энэ тэнсэж хянан харгалзсан нь Б.Номиншагайгийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохироогүй байна гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь нас хохирч 3 хүний биед хөнгөн гэмтэл учирсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаад тэнссэн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хүчингүй болгосон тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсгийн хорих ялын хэмжээ нь 3-5 жилийн хугацаатай. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээ нь 1-5 жилийн хугацаатай байгаа юм. Тэгэхээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт заасныг журамлаад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах боломж байна уу гэхээр анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг огт оногдуулаагүй, хэмжээг тогтоогоогүй байх тул хяналтын шатны шүүх нь хэмжээ тогтоох боломжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх зорилгоор анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Н-, иргэний хариуцагч Б.Г-нарын гаргасан гомдлыг үндэслэн М.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Н- нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ дугаартай “Тоёота аллион” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байвал зохих Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигдаж байдаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Эдгээр зарчим, үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах, эсхүл оногдуулсан ялыг тэнсэх, хойшлуулах зэрэг эрүүгийн эрх зүйн нөлөөллийн бусад арга хэрэгслүүдийг сонгон хэрэглэх үед мөн нэг мөр хангагдаж байх ёстой.     

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа дээрх нийтлэг зарчим, шаардлагыг үл харгалзан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буруу үнэлж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийн, улмаар М.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар анхан шатны шүүхээс хийсэн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж чадаагүй нь  Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж дүгнэлээ.

Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг “Магадлал” гэсэн эрх зүйн хэлбэртэйгээр хэвлэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг буруутган тэмдэглэж энэхүү алдааг дахин давтахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН