Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1044

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00838 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч “БТК” ХХК, Б.М- нарт холбогдуулан гаргасан 324 101 000 төгрөг гаргуулах үндсэн, “Авлага барагдуулах гэрээ” болон “Батлан даалтын гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК нь “О” ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “О” ХХК-аас 252 301 000 төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлбөр төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. “О” ХХК нь өмчлөлдөө хөрөнгө байхгүй, дансаар нь орлого ордоггүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй тул төлбөрийг барагдуулах боломжгүй, төлбөрийн чадамжгүй гэх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ямар нэгэн ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч “О” ХХК-тай төлбөрөө барагдуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулахаар тохиролцсон. Авлага барагдуулах гэрээний нөхцөлийн дагуу урьдчилж 10 000 000 төгрөгийн төлбөр шилжүүлснээр саатуулсан байсан хөрөнгийг буцаан олгосон. Үүнээс хойш төлбөрт нэг ч төгрөг төлөгдөөгүй, өнөөдрийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор төлбөр төлөх талаар төлбөр төлөгч “О” ХХК-д, батлан даалт гаргасан “БТК” ХХК-д хүргүүлсэн боловч төлбөр төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь заалтыг үндэслэн авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М-аас үндсэн үүрэг болох 242 301 000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тул гэрээнд заасан алдангийн 81 800 000 төгрөг, нийт 324 120 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дахь хэсгийг тус тус үндэслэн үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэх үүргийн хэмжээгээр батлан даагч “БТК” ХХК-аас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр 252 000 000 төгрөг төлүүлэхээр гарсан. Энэ үйл баримтад нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Хариуцагч тал мөн энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. 252 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад дахин өр авлага барагдуулах гэрээ байгуулж, энэ төлбөрийг өр төлбөр барагдуулах гэрээний үүргийн биелэлт болгон шаардаж байгаа, алданги шаардаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч “О” ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон 252 000 000 төгрөгийг төлөх ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т иргэний эрх зүйн харилцаа талуудын хооронд хуульд нийцсэн хэлцэл байгуулагдсанаар үүснэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан. Эдгээр заалтыг холбож үзвэл талуудын хооронд хуульд нийцсэн, хуульд заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсан бол иргэний эрх зүйн харилцаа үүсч, энэ үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан этгээдүүд бие биедээ төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэж ойлгоно. Түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардсан асуудлыг шүүх шийдээд хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 252 000 000 төгрөгөөр дахин гэрээ байгуулж, үүрэг хүлээлгэсэн, энэ мөнгөө авна гэсэн шаардлага гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал талуудын маргаан дээр тогтоогдсон. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 252 000 000 төгрөгийн төлбөр, 81 000 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “О” ХХК-аас 252 301 000 төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд төлж барагдуулан, үүрэг гүйцэтгэгч хохиролгүй болох, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино гэж заасан. Энэ гэрээний заалтаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа төлбөр дээр дахин гэрээ байгуулагдсан гэж ойлгогдож байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч тал биелүүлэх үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад, шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсч, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллагаа явагдаж байгаа. Иймд энэ гэрээний үүрэг дээр дахин гэрээ байгуулж, биелүүлэхгүй бол гэж алданги тооцож, өгч авна тохиролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн, илт хууль бус тохиролцоо болсон. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний хэргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж заасан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын байгуулсан өр авлага барагдуулах гэрээний 1 дүгээр зүйлд заасан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлөхөөр болсон 252 000 000 төгрөгийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэх үгийн шууд утгаас дахин үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн, шүүхийн шийдвэр гарсан гэж ойлгогдож байгаа. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгыг анхаарч, гэрээний энэ хэсгийг тайлбарлавал энэ нь шинээр үүрэг үүсгэсэн хэлцэл биш, харин шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар саатуулан барьсан үйл ажиллагааг зогсоох зорилгоор хийгдсэн хэлцэл гэж харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Талуудын байгуулсан авлага барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, заавал биелэгдэх, биелүүлэхгүй бол зохих журмаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан биелүүлэх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр дахин байгуулсан гэрээ учир талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцлага хүлээхгүй, хуульд заасан шаардлага хангаагүй, хууль зөрчсөн хэлцэл байна. Авлага барагдуулах гэрээтэй хамт “Х” ХХК нь “БТК” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь шүүхийн шийдвэрээр төлөх болсон 252 301 000 төгрөгийн үүрэгтэй холбоотой ба хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний зохицуулалт нь батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцан хүлээнэ гэх зохицуулалттай. Үндсэн гэрээтэй, салгаж үл болох эрхтэй холбоотой буюу батлан даалтын гэрээг үндсэн гэрээнээс салгаж ойлгож болохгүй гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10-т зааснаар “О” ХХК, “Х” ХХК нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан авлага барагдуулах гэрээ, “Х” ХХК болон “БТК” ХХК нарын байгуулсан батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Агуулгын хувьд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлсэн. Төлбөрийн асуудал нь 2015 оноос эхэлсэн. 2017 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Хариуцагчийн зүгээс авлага барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус, шийдвэр гүйцэтгэлээр яваад төлбөр төлөгдөөд дуусах ёстой гэх санаа хэлж байгаа боловч 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 3 жил өнгөрөх үед “О” ХХК-ийн хувьд сайн дураар төлбөр төлөлт хийгдээгүй. Ямар нэгэн хөрөнгөгүй компаниас яаж мөнгө гаргуулах вэ гэх тайлбарыг шийдвэр гүйцэтгэгч хэлснээр ямар нэгэн ажиллагаа явагддаггүй. Авлага барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус, хүчээр гэрээ байгуулсан гэх тайлбар хэлж байна. Гэвч 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад бүтэн жил болох үед бидний зүгээс мөнгөө гаргуулахаар хэд хэдэн удаа уулзалт хийж, ямар нэгэн байдлаар дахин хөнгөлөх, үнийн дүнг бууруулах, үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг барагдуулаад бартераар авах зэрэг хувилбарууд яригдаж байгаад хариуцагч талаас боломжит хугацаа олговол график гаргаж төлье гэсэн учир энэ гэрээг байгуулсан. Иймд 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх 1 жил, 2 сарын хугацаанд төлж дуусгах гэрээ гаргаж баталгаажуулсан. Нотариат дээр очоод гэрээг гэрчлүүлж байсан. Үүнтэй холбоотой хувьцаа эзэмшигчийн шийдвэр гараад хамт нотариатаар баталгаажуулсан гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 189 дүгээр зүйлийн 189.5, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 тоот Авлага барагдуулах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03БД Батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “БТК” ХХК, Б.М- нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган, хариуцагч нараас 324 101 000 төгрөг гаргуулах, нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 955 төгрөгийг, хариуцагч “БТК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 417 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 419 455 төгрөг, 1505 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1 419 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн №02/123 тоот албан бичигт “5928559 регистрийн дугаартай “О” ХХК нь 2015-2019 онуудад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын X тайлан ирүүлж байсан ба холбогдох тайлангуудыг хүргүүлэв” гэсэн байна. Баянгол дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэс нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн №02/404 тоот албан бичигт тус компани нь 2016 оноос 2018 оны 4 дүгээр улирлын тайланг хуулийн хугацаанд баталгаажуулаагүй байна. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хэлтэс нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 10 ны өдөр хүргүүлсэн №54 тоот албан бичигт “Танай захирамжийн дагуу шалгаж үзэхэд “Оюут хясаа” ХХК нь тус хэлтэст 2015 оны 03 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгөөгүй болно” гэсэн байна. Дээрх байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг үзэхэд “О” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, үйл ажиллагаа явуулаад өр, төлбөрийг барагдуулах хүнийн нөөц ч байхгүй, хоёр гаруй жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр гаргуулж чадахгүй байгаа компанийг шүүгч дүгнэлт хийлгүй үндэслэх хэсэгт “...төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдохгүй байна” гэж үндэслэсэн нь хэтэрхий өрөөсгөл болсон байна. “Авлага барагдуулах тухай хэлцэл хийсэн нь гадаад илэрхийллийн хувьд шинэ хэлцэл хийсэн мэт боловч агуулгаараа өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй төлбөрийн асуудлаар дахин хэлцэл хийсэн, талуудын хооронд шинээр үүрэг үүсээгүй нь тогтоогдож байна” гэсэн байна.

Мөн “Хоёр гэрээ баримтаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан хэлцэл талуудын хооронд байгуулагдсан байна” гэсэн хэрнээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.10, 189 дүгээр зүйлийн 189.5, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 тоот Авлага барагдуулах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03БД тоот Батлан даалтын гэрээг мөн хүчин төгөлдөр бус байх байх хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ” гэсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №4/14822 тоотоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нотлох баримтад хавсрагдсан “О” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахдаа “Гэрээнд сургуулийн үйл ажиллагаа явуулна гэж тохиролцсоны дагуу “О” ХХК-тай нэг үүсгэн байгуулагчтай Барилга, технологийн коллеж тус байранд байрлах болсон. Манай сургууль нь сургалтын баазаа бүрэн дүүрэн ашиглаад сургалтаа хэвийн явуулбал бид төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжтой билээ” гээд хүсэлт гаргасан байна. Дээрхээс үзэхэд “О” ХХК-ийн дарамт шахалтаар байгуулсан гэрээ гэж тайлбарлаж байгааг нотлох баримтад тулгуурлалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж буй төлбөрийн асуудлыг дахин хариуцагч нараас гаргуулах” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №01/31 тоот “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай” бичигт “О” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байгааг тогтоож “О” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох шийдвэрлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүссэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “БТК” ХХК, Б.М- нарт холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 324 101 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, Авлага барагдуулах гэрээ болон Батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Х” ХХК болон “О” ХХК-ийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй, биелэх боломжгүй гэдэг нь илт байгаа тул мөн өдөр “БТК” ХХК-тай байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний дагуу 242 301 000 төгрөгийг алдангит 81 800 000 төгрөгийн хамт шаардаж байгаа гэж тайлбарласан, мөн Б.М-ыг авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хамтран хариуцагчаар татсан гэж тайлбарласан.

 

            Хариуцагч Б.М- болон “БТК” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр нэгэнт гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийн талаар “Авлага барагдуулах” нэртэй гэрээг дахин байгуулсан, уг гэрээний үүргийг батлан даах гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсан нь үндэслэлгүй гэж татгалзал гарган, дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Авлага барагдуулах болон Батлан даалтын гэрээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож байгуулсан үйл баримтыг хэн аль нь үгүйсгээгүй.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “О” ХХК-аас 350 455 000 төгрөг гаргуулж “Х” ХХК-д олгож, 1206 м.кв талбайтай, агуулах конторын зориулалттай байрыг хариуцагч “О” ХХК-ийн эзэмшил ашиглалтаас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэх  ажиллагааны шатанд зохигчид эвлэрэн, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 350 455 000 төгрөгийн төлбөрийг 252 301 000 төгрөгөөр багасган, хариуцагч сөрөг шаардлагаасаа татгалзаж эвлэрснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр хуулийн төгөлдөр болжээ.

 

            Хариуцагч “О” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс хуульд зааснаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, уг ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч талууд болох “Х” ХХК, “О” ХХК нь Авлага барагдуулах гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд иргэний эрх зүйн харилцааны оролцогчид хуулиар хориглоогүй агуулгаар гэрээ байгуулах эрхтэй. “БТК” ХХК нь “О” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авмагц төлбөр төлөх үүргийг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээсэн Батлан даалтын гэрээг мөн өдөр “Х” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусахаас өмнө эвлэрэх эрхтэй. Талууд эвлэрлийг баталсан шүүхийн магадлалын дагуу төлбөл зохих төлбөрийг төлөх хуваарийг тогтоож гэрээ байгуулсныг, мөн тус гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцан барагдуулах батлан даалтын гэрээг Барилга технологийн коллежтой байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ийм төрлийн гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй болно.

 

Талуудын хооронд төлбөр төлөх үүрэг үүссэн үндэслэлийг анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/01341 дугаар шийдвэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр “О” ХХК-аас 350 455 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүссэн үүргийг тогтоосон байх бөгөөд талууд анхан шатны шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн хэмжээг багасган төлөхөөр эвлэрснийг давж заалдах шатны шүүхээс баталсан байна. Иймд зохигчдын хоорондын уг үүргийг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж үзнэ. Иймд уг төлбөрт алданги тооцохоор тохиролцсон гэрээний “Гурав”-ын 1 дэх заалт нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсгийн “буцаан шаардах шаардлагад мөн хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй” талаарх заалтад нийцэхгүй юм. Иймд авлага барагдуулах гэрээний “Гурав” дахь хэсгийн 1 дэх заалтаар “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутам 0.5 хувийн алданги тооцож авах эрхтэй” гэсэн заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж алдангид 81 800 000 төгрөгийн үүрэг үүсэхгүй тул уг шаардлагыг хангах боломжгүй юм. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх хэсэгт зааснаар алданги төлөх үүрэг тогтоосон гэрээний заалт хүчин төгөлдөр бус учраас уг хэсгээр батлан даалтын үүрэг мөн хүчинтэй бус.

 

Гэрээний алдангийн талаар тохиролцсон заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч “Х” ХХК нь авлага барагдуулах гэрээний дагуу тогтоосон хугацааг “О” ХХК зөрчиж 4-9 дүгээр сард хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, уг зөрчил үргэлжилсэн, цаашид төлөх найдваргүй байгааг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч “БТК” ХХК-аас Батлан даалтын гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. “БТК” ХХК-аас Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэг, Батлан даалтын гэрээний 3.2-т зааснаар 242 301 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Талууд 252 301 000 төгрөгийн үндсэн үүргээс 10 000 000 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй болно.

 

            Хамтран хариуцагч Б.М- нь “О” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх захирлынх нь хувиар авлага барагдуулах гэрээг байгуулан, гарын үсэг зурсан байх тул түүнийг иргэнийхээ хувиар үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй. Иймд Б.М-аас гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 242 301 000 төгрөгийг хангаж, үлдэх 81 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу авлага барагдуулах гэрээний гурав дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрийн 1 дэх заалтад, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан өөрчлөлтийг 2 дахь заалтад оруулж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00838 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “БТК” ХХК-аас 242 101 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож үндсэн нэхэмжлэлийн, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-ний “гурав”-ын 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 81 800 000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-г болон мөн өдрийн Батлан даалтын гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1 419 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид” гэснийг “хариуцагчаас 801 505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ