Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1042

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ийн хариуцагч Л.Т-т холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохирол 1 718 356 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С-ийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тойргийн урд замын явган гарцаар гарч байхад Тоёота приус 20 маркийн 84-93 УБЧ улсын дугаартай тээврын хэрэгслийг Л.Т- нь жолоодож явахдаа мөргөж осол гаргасан. Тус хэргийг тээврийн цагдаагийн алба мөрдөн шалгасан бөгөөд Б.С-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 978 дугаартай Тээврийн прокурорын газрын тогтоолоор тус хэргийг хаасан.

Хохирогч Б.С- нь “Манал оточ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дараа нь бариа засалд явсан. Эмчилгээнд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр TRAUMA эмнэлэгт 320 000 төгрөгөөр имраад үзүүлсэн. Манал оточ эмнэлэгт нэг хоног нь 55 000 төгрөгөөр 13 хоногт 715 000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тус эмнэлгээс авч хэрэглэсэн эм тарианы зардал нийт 784 000 төгрөг болсон. Хорол сондор бариа засалд нэг удаагийн 35 000 төгрөгөөр 1 сарын хугацаатай нийт 1 050 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Энто” ХХК-ийн эмийн сангаас 85 000 төгрөгийн үнэтэй цераксон гэх эм, 105 000 төгрөгийн үнэтэй церебролизин эмийг, шатахууны зардалд 150 500 төгрөг, хоол хүнсний зардалд 76 384 төгрөг зарцуулсан. Нийт 2 570 884 төгрөгийн эмчилгээ сувилгаа болон түүнд холбогдох зардлууд гарсан. Үүнээс “Монгол даатгал” ХХК-аас 1 225 000 төгрөгийг гаргаж өгсөн. Л.Т- нь эмчилгээний зардлын үлдэгдэл 1 345 884 төгрөгийг өгөх байсан боловч Л.Т- нь 380 000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 965 884 төгрөгийг өнөөдрийн хүртэл өгөөгүй байна. Л.Т-тай холбоо барихад хохирлыг төлөх боломжгүй, мөнгө байхгүй, хохирлыг төлөхгүй гэсэн. Тус хэргийн улмаас Б.С- нь 16 хоног ажилдаа яваагүй бөгөөд энэ хугацааны цалинг аваагүй. Б.С- нь Амин дэлбээ цэцэрлэгт сарын 1 000 000 төгрөгийн цалинтай багшаар ажилладаг бөгөөд нэг өдрийн цалин 45 454 төгрөг байдаг. Үүнийг ажилгүй байсан 16 хоногоор тооцвол нийт 727 272 төгрөг болж байна. Мөн шүүхэд нотлох баримт гаргахын тулд нотлох баримтуудыг нотариатаар батлуулсны хөлс 16 200 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архиваас баримтууд хуулбарлаж авсан зардал 9 000 төгрөг зэрэг зардлууд гарсан. Иймд Л.Т-аас гэм хор учруулсны төлбөрт 965 884 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 727 272 төгрөг, нотариатын зардал 16 200 төгрөг, архиваас баримт хуулбарласны зардал 9 000 төгрөг, нийт 1 718 356 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 445 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.С-ийн гэм хорын төлбөрт 1 718 356 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлдээ ослын улмаас нийт 2 570 884 төгрөгийн хохирол учирсан үүнээс “Монгол даатгал” ХХК-аас 1 225 000 төгрөгийг гаргаж өгсөн. Л.Т- 380 000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 965 884 төгрөгийг өгөөгүй. Мөн 16 хоног ажилдаа яваагүй хугацааны цалинг өдрийн 45 454 төгрөгөөр тооцон 727 272 төгрөг, нотариат архивын зардалд 25 200 төгрөг, нийт 1 718 356 төгрөг нэхэмжилжээ. Л.Т- нь “Монгол даатгал” ХХК-ийн даатгалд даатгуулсан байсан учраас тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг даатгалын байгууллага барагдуулах үүргийнхээ дагуу 1 225 000 төгрөгийг Б.С-т өгсөн. Харин шатахууны зардал, хоол хүнсний зардлыг хохиролд тооцохгүй гээд төлөөгүй. Бусад хохирлыг бүгдийг нь “Монгол даатгал” ХХК-аас авчихсан хохирлоо давхар нэхэмжлээд байгаа тул уг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь эмнэлэгт 13 хоног хэвтэж эмчлүүлээд эдгэрээд яагаад бариа засал хийлгэх болсон нь тодорхойгүй байна. Гэмтлийн улмаас бариа засал хийлгэх шаардлагатай гэсэн баримт байхгүй, нөгөө талаар хаана ямар бариа засал хийлгэсэн нь ч тогтоогдохгүй байхад төлөх боломжгүй. Мөн имраад харуулах гэж байна гээд мөнгө нэхэж би эмчид нь 380 000 төгрөг өгөхөд эгч нь гоо сайхан бариа засал гэдэг газар ажиллаж байсан. Тэр газраасаа мөнгөний баримт гаргаж өгсөн байна. Нэхэмжлэгч нь бариа засал хийлгээгүй, түүнд 30 хоног бариа засал хийлгэх ч шаардлагагүй тул төлөхгүй. Ажилгүй байсан хугацааны цалин 727 272 төгрөгийн хувьд зөвхөн цалинтай гэсэн тодорхойлолтоор өгөх боломжгүй. Цалин хөлс авч байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн цалин хөлснөөс дутуу авсан хөлс шаардах эрхтэй тул энэ талаарх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бусад нотариат болон архивын зардал зэрэг нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй тул төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Т-аар 739 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 979 356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 445 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Т-аас улсын тэмдэгтийн хураамжийн 22 286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгч Б.С-т учирсан гэм хорын хохирлын зардлыг баримтуудыг үндэслэн КТГ-ийн зураг авахуулахад төлсөн 320 000 төгрөг, “Манал оточ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 784 000 төгрөг, Хорол сондор бариа засалд бариа хийлгэсний зардалд төлсөн 1 050 000 төгрөг, эмийн эмчилгээнд зарцуулсан 190 000 төгрөг нийт 2 344 000 төгрөгийн зардал гарсан гэж үзээд үүнээс хариуцагч болон Даатгалын байгууллагаас төлсөн нийт 1 605 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл болох 739 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

ШКТГ-ийн зураг авахуулахад төлсөн 320 000 төгрөг, Манал оточ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 784 000 төгрөг, эмийн эмчилгээнд зарцуулсан 190 000 төгрөг нийт 1 294 000 төгрөг нь хариуцагчаас болон даатгалын байгууллага төлөөд барагдуулчихсан мөнгө тул үүн дээр маргаагүй нэхэмжлэлийн шаардлага ч гаргаагүй.

Харин шүүх Хорол сондор бариа засалд “аарцаг нурууны бариа, сав хазайсан, аарцаг яс зөрүүтэй 3 курс бариа хийгдсэн” 1 050 000 төгрөгийг төлсөн нь бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь гэм хор учруулсан үйлдэл, түүний үр дагавар хоёрын шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад ганцхан төлбөр төлсөн баримтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт ослын улмаас нэхэмжлэгчийн сав хазайсан, аарцаг яс зөрүүтэй гэсэн эмнэлэг болон эмчийн дүгнэлт, тодорхойлолт байдаггүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулж асуухад энэ талаар баримт, эмчийн бичиг байхгүй гэдгээ тодорхой хэлдэг.

Нөгөө талаар нэхэмжлэгч өөр бусад ямар өвчтэй болон өөр ямар нэг шалтгаанаар бариа засал хийлгэх шаардлага гарсныг хэн ч мэдэхгүй. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд эдгэрээд гарсан хүн яагаад, ямар шалтгаанаар бүхэл бүтэн нэг сар бариа хийлгэх болсон, бариа засалд нэг сар явсан болохыг нотолсон баримт байхгүй гээд эргэлзээтэй бүхий нөхцөл байдалтай байхад ганцхан баримтыг гарцаагүй үнэн зөв гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж байна. Энэ төлбөр төлсөн баримтын эх хувийг тухайн үед “Монгол даатгал” ХХК-д өгч байсан ба даатгалын байгууллагаас бариа засалд яваагүй байгаа тохиолдолд өгөх боломжгүй гээд хассан. Гэтэл шүүх дээр мөн нөгөө баримтынхаа хуулбарыг өгснөөс өөрөөр бариа засалд 30 хоног явж бариулсан гэх бүртгэл тэмдэглэл зэргийг огт өгөөгүй. Даатгалын байгууллага бариа заслаа хийлгээгүй гээд тухайн баримтыг хохиролд тооцон өгөөгүй байхад шүүх тухайн баримтаар бариа засал хийлгэсэн байна гэж үзсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд шинжээчийн 14133 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч Б.С-ийн биед сав хазайсан, аарцаг яс зөрсөн гэмтэл учирсан талаар тусгагдаагүй, энэ талаар нотолсон өөр бусад нотлох баримт хэрэгт байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 739 000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч Л.Т-т холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 1 718 356 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Л.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тойргийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 84-93 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.С-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.С-ийн биед дух хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар, хүзүүнд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн осол болсон цаг хугацаанд үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдангид нөлөөлөхгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14133 тоот дүгнэлт хэрэгт авагджээ. /хх 14-16/

 

Хариуцагч Л.Т-ын “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу тухайн компаниас нэхэмжлэгч Б.С-т 1 225 000 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн, мөн Л.Т- нь 380 000 төгрөгийг бэлнээр нийт 1 605 000 төгрөгийг Б.С- гэм хорын хохиролд авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгч Б.С-т учирсан гэм хорын хохирлын талаарх хэрэгт авагдсан баримтууд болох КТГ-ийн зураг авахуулахад төлсөн 320 000 төгрөг, “Манал оточ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 784 000 төгрөг, “Хорол сондор бариа засал”-д аарцаг нурууны бариа хийлгэсний зардалд төлсөн 1 050 000 төгрөг, эмийн эмчилгээнд зарцуулсан 190 000 төгрөг нийт 2 344 000 төгрөгийн зардлаас төлөгдсөн 1 605 000 төгрөгийг хасаж, үлдэх 739 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Б.С-ийн “хэвлийгээр өвдөх зовиуртай, хэвлийн өнгөц ба гүн тэмтрэлтээр эмзэглэлтэй байсан нь гэмтлийн эмчийн үзлэгээр илэрсэн, нэгдсэн дүгнэлтээр хэвлийд цус хуралттай” болох нь тогтоогдсон талаар хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд заагдсан байна. /хх 14-15/

 

            Хорол сондор бариа заслын төлбөрийн баримтад “аарцаг нурууны бариа, сав хазайсан аарцаг яс зөрүүтэй 3 курс бариа хийгдсэн” гэж тэмдэглэсэнтэй болон цаг хугацааг дээрхтэй харьцуулан үнэлбэл ослын улмаас бариа заслын эмчилгээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч дээрхийг баримтаар няцаагаагүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдал, бичгийн баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ.

           

Иймд нэхэмжлэгч Б.С-ийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар “Хорол сондор бариа засал” байгууллагад аарцаг нурууны бариа засал хийлгэсэнд төлсөн 1 050 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй маргасныг шүүх хангасан нь үндэслэлгүй гэж гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 727 272 төгрөг гаргуулахаар шаардсан боловч сарын 1 000 000 төгрөгийн үндсэн цалинтай гэсэн тодорхойлолтоос өөрөөр ажил эрхэлж, хөлс авч байсан үйл баримтыг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг, мөн шатахууны зардал 150 500 төгрөг, хоол хүнсний зардал 76 384 төгрөг, нотлох баримтуудыг нотариатаар батлуулсны хөлс 16 200 төгрөг, архиваас баримт хуулбарлуулсны зардал 9 000 төгрөг, нийт 272 084 төгрөг гаргуулах шаардлага нь хариуцагчаас гэм хор учруулсны хохиролд тооцохоор хуульд заасан зайлшгүй зардалд хамаарахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 979 356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч шийдвэрийн энэ хэсгийг няцаагаагүй байна.

           

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ