Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00518

 

 

Б.Саруултөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1042 дугаар магадлалтай,

 

Б.Саруултөгсийн нэхэмжлэлтэй

Л.Төмөрбаатард холбогдох

 

Гэм хор учруулсны хохиролд 1,718,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Саруултөгсөөс Л.Төмөрбаатард холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 1,718,356 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Төмөрбаатараар 739,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Саруултөгст олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 979,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Саруултөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,445 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжийн 22,286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1042 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00693 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1042 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Саруултөгсийн биед дух хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар, хүзүүнд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдсон талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019.12.03-ны өдрийн 14133 тоот дүгнэлтэд заагдсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг дүгнэлтэд заагдаагүй, тусгагдаагүй аарцаг нурууны бариа, сав хазайсан, аарцаг яс зөрүүтэй гэсэн гэмтлийн улмаас бариа засал хийлгэсний зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба ямар нэгэн нотлох баримтанд үндэслэлгүй шийдвэрлэсэн.

4.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан ба гэм хор учруулсан үйлдэл, түүний үр дагавар хоёрын шалтгаант холбоотойгоор гарсан зардлыг төлөх ёстой. Хавтаст хэрэгт ослын улмаас нэхэмжлэгчийн сав хазайсан, аарцаг яс зөрүүтэй гэсэн эмнэлэг болон эмчийн дүгнэлт, тодорхойлолт байдаггүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулж асуухад энэ талаар баримт, эмчийн бичиг байхгүй гэдгээ тодорхой хэлдэг.

4.2. Давж заалдах шатны шүүх хэвлийгээр өвдөх зовиуртай, хэвлийн өнгөц ба гүн тэмтрэлтээр эмзэглэлтэй байсан нь эмчийн үзлэгээр илэрсэн, нэгдсэн дүгнэлтээр хэвлийд цус хуралттай болох нь шинжээчийн дүгнэлтэнд заагдсан, ослын улмаас бариа заслын эмчилгээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 ...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж байна.

4.3. Нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийг тусгай мэдлэг бүхий шинжээч дүгнэлтдээ ...хэвлийд цус хуралттай гэж заасан байхад шүүх Хорол сондор гэх НҮТББ-ын бэлэн мөнгөний орлогын баримтанд тусгагдсан аарцаг нурууны бариа, сав хазайсан, аарцаг яс зөрсөн гэх тэмдэглэлээр гэмтлийг тогтоож, хариуцагчийг няцаагаагүй гэж буруутган эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэрлэсэн. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэмтэл тогтоох эрх бүхий байгууллага биш байхад үүнийг харгалзан үзээгүй. Мөн хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдсон юм бол нэхэмжлэгчийн сав хазайж, аарцаг яс зөрсөн байх нь зайлшгүй гэж хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн. Ослын улмаас сав хазайж, аарцаг яс зөрж аарцаг нурууны бариа засал хийлгэсэн болохоо хариуцагч биш нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадаагүй.

4.4. Нөгөө талаар нэхэмжлэгч өөр бусад ямар өвчтэй, гэмтэлтэй байсан болон өөр ямар нэг шалтгаанаар бариа засал хийлгэх шаардлага гарсныг хэн ч мэдэхгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эдгэрээд гарсан хүн яагаад, ямар шалтгаанаар бүхэл бүтэн нэг сар бариа хийлгэх болсон, бариа засалд нэг сар явсан болохыг нотолсон баримт байхгүй гээд эргэлзээтэй бүхий нөхцөл байдалтай байхад ганцхан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын бэлэн мөнгөний баримтыг гарцаагүй үнэн зөв гэж үнэлсэн нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж шийдвэрлэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 739,000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Б.Саруултөгс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2019.11.22-нд зам тээврийн осолд орж, эрүүл мэндэд гэмтэл учирсан, ...жолооч Л.Төмөрбаатар зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 965,884 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 727,272 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,718,356 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж,

 

Хариуцагч Л.Төмөрбаатар: ...Даатгалын байгууллага хохиролд 1,225,000 төгрөгийг өгсөн, шатахууны зардал, хоол хүнсний зардлыг хохиролд тооцохгүй гээд төлөөгүй, нэхэмжлэгч нь хохирлыг давхардуулан нэхэмжилж байна, ...эмнэлэгт хэвтээд гарсны дараа яагаад бариа засал хийлгэх болсон нь тодорхойгүй, гэмтлийн улмаас бариа засал хийлгэх шаардлагатай гэсэн баримт байхгүй, ...мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй, дутуу авсан цалин хөлсөө шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлажээ.

 

7. Хариуцагч Л.Төмөрбаатар 2019.11.22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг, Сансрын тойргийн урд замд өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн 84-93 УБЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан иргэн Б.Саруултөгсийг мөргөж, зам тээврийн осол гаргасан, ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14133 дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын 2019.12.23-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор, нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ, бариа засал хийлгэж зардал гарсан нь төлбөрийн баримтуудаар, гэм хорын хохиролд Монгол даатгал ХХК-иас 1,225,000 төгрөгийг, хариуцагч бэлнээр 380,000 төгрөгийг төлсөн үйл баримт тус тус тогтоогджээ.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай хариуцагч маргаагүй, гагцхүү хохирлыг төлж барагдуулсан, нэмж шаардаж байгаа төлбөр нь баримтаар нотлогдоогүй гэж маргасан байна.

 

9. Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирснаас гарсан эмчилгээний зардалд 2,344,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс 1,605,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр үлдэх 739,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй, харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй, бусад зардлыг зайлшгүй зардалд тооцохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 739,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэгт цугларсан баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй аарцаг нурууны бариа, сав хазайсан, аарцаг яс зөрүүтэй гэсэн гэмтлийн улмаас бариа засал хийлгүүлсэн зардлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй /тодорхойлох хэсгийн 4.1-4.4/ тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн ...хэвлийд цус хуралттай... болох нь тогтоогдсон, үзлэгээр ...хэвлийгээр өвдөх зовиуртай, хэвлийн өнгөц ба гүн тэмтрэлтээр эмзэглэлтэй... байсан нь илэрсэн байна.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эмнэлгээс гарсны дараа ослын улмаас аарцаг ясны гажилттай, сав хазайсан, тархины доргилттой үндэслэлээр Хорол сондор бариа заслын төвд бүх биеийн бариа хийлгэж, 1,050,000 төгрөг төлсөн гэх тайлбар, төлбөрийн баримтыг хариуцагч няцаагаагүй, дээрх эмчилгээ, бариа засал нь осолтой хамааралгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул энэ эмчилгээний зардлыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00693 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1042 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Должинсүрэнгээс 2020.06.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД