Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00778 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч Б.Ж-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 23 010 000 төгрөг гаргуулах үндсэн, тавилгын үнэд 2 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч Б.Ж-, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М” ХХК нь Б.Ж-тай 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-гээр Барилга Мега Стор төвийн 1 дүгээр давхрын 28 тоот 18 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг нь 35 000 төгрөгөөр буюу нийт нэг сарын 630 000 төгрөгөөр Б.Ж-д түрээслэхээр тохиролцон 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн. Гэвч Б.Ж- нь 2015 оны 6 дугаар сараас түрээсийн төлбөрөө төлөхөө больсон. Б.Ж- нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг өгч, талбайг чөлөөлөх хүсэлтээ гаргасан. Манай компанийн зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй явсаар 2017 оны 6 дугаар сарыг дуусгаад лангууг чөлөөлж гарч явсан.

Түрээсийн төлбөрөө авахаар шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн ар гэрт гачигдал гарч хүрэлцэн ирээгүй. Дахин нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гэсэн. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 4 дэх удаагаа мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 5 дахь удаагийн нэхэмжлэлийг гаргасан дагуу энэ шүүх хурал болж байна.

Иймд Б.Ж-аас 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 15 340 000 төгрөг, алданги 7 670 000 төгрөг, нийт 23 010 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж- миний бие “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. “М” ХХК нь урьд нь 2 удаа 2016 оны 4, 10 дугаар сард шүүхэд Б.Ж- надад холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 6 520 000 төгрөг, алданги 2 153 320 төгрөг, нийт 8 673 320 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан.

Нэхэмжлэгч нь тухайн үеийн ханшаар 2 100 000 төгрөг байсан, одоогийн ханшаар бол 2 500 000 төгрөгийн үнэ бүхий зурагтын тавиур, гал тогооны тавилгыг Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонбаатарт худалдах гэж байсныг заруулахгүй, авахуулахгүй, хүчээр хамгаалалтын албандаа үүрэг өгч авч үлдэж, лангуу цоожлон хурааж авч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.

“М” ХХК-тай Б.Ж- 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 сарын 630 000 төгрөгөөр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар гал тогооны тавилга захиалгын үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан боловч эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадвар муудаж захиалга байхгүй алдагдалд орсон тул 2015 оны 5 сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлж чадахаа больсон. Энэ хүндрэл бэрхшээлээ “М” ХХК-д танилцуулахад түрээсийн гэрээний 8.1-д зааснаар гэрээгээ цуцална гэж мэдэгдсэн ба тэр мэдэгдлээ гүйцэтгэх захирал А.Гангаагийн гарын үсэгтэй 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаартай албан бичгээр надад өгч, миний зурагтын тавиур, гал тогооны тавилга 2-ыг 2 100 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонбаатарт худалдах гэж байсныг заруулахгүй, авахуулахгүй, хамгаалалтын албандаа үүрэг өгч, лангуу павильоныг маань цоожилж, түлхүүрийн хураан хамт авсан. Хураан авснаа тайлбарлахдаа түрээслэгч энэхүү гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол түрээслүүлэгч түрээслэгчийн эд хөрөнгөөр учирсан хохирлыг барагдуулах эрхтэй гэсэн гэрээний 7.6-д заасныг үндэс болгож байсан.

Иймд миний бие 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө, лангууныхаа түлхүүрийн хамт хураалгасан тул энэ өдрийг гэрээ цуцлагдсан гэж үзэж байх тул 2015 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9 сар буюу нийт 7 сарын түрээсийн төлбөр 4 410 000 төгрөг төлөх ёстой.

Үүнээс 3 сарын төлбөр 630 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “М” ХХК-ийн ХХБанкинд дахь 499004041 тоот дансанд тушаасан, 4 дүгээр сарын 630 000 төгрөгийг дэнчингийн мөнгөнд бэлнээр “М” ХХК-ийн кассад тушаасан 700 000 төгрөгөөсөө суутгуулсан, дэнчингийн мөнгөнөөс үлдсэн 70 000 төгрөгийг 2015 оны 5, 6, 7, 8, 9 сар буюу нийт 5 сарын түрээсийн төлбөр 3 150 000 төгрөгөөс хасахад 3 080 000 төгрөг үлдэнэ. “М” ХХК-д 2015 оны 10 дугаар сард 2 100 000 төгрөгийн зурагтын тавиур, гал тогооны тавилга 2-ыг хураалгасан, “М” ХХК-ийн кассад 500 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр, 1 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу нийт 3 600 000 төгрөг төлсөн. Үндсэн түрээсийн төлбөр 3 080 000 төгрөг, алданги 520 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд “М” ХХК нь миний 2 100 000 төгрөгийн үнэ бүхий зурагтын тавиур, гал тогооны тавилгыг заруулахгүй, авахуулахгүй, хамгаалалтын албандаа үүрэг өгч намайг хохироосон тул одоогийн зах зээлийн ханшаар тооцож 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа:

Хариуцагч Б.Ж- нь үндсэн нэхэмжлэлд дурдсан “М” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөлгүй удаасан бөгөөд энэ талаар “М” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрөө төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл явуулж байсан.

Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөлгүй удааж, түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөхгүй алга болчхоод гэнэт нэг өдөр түрээсийн талбайд байсан тавилга бараа бүтээгдэхүүнээ зарах гээд хүрээд ирдэг. Тэгснээ дахиад ирэхгүй алга болоод, түрээсийн төлбөрийг огт төлдөггүй. Түрээсийн төлбөрөө төлж, түрээсийн талбай дахь эд хөрөнгөө авах талаар түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа мэдэгддэг боловч төлбөрөө төлдөггүй, ирж юмаа авдаггүй, түрээсийн гэрээгээ ч цуцалдаггүй, талбайгаа ч хүлээлгэж өгдөггүй тул түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн зүйлийг хөндлөнгийн гэрч байлцуулан чөлөөлж, дотор нь байсан эд зүйлийг хураан авсан байгаа болно.

Нэхэмжлэгч нь түрээсийн талбайд байсан зурагтын тавиур, гал тогооны тавилгыг түрээсийн төлбөрт саатуулан барьж түрээсийн төлбөрөө төлсөн үед буцаан өгөхөө тухайн үед түрээслэгчид мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж заасны дагуу түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж “М” ХХК-д төлбөрийн үлдэгдэлгүй болгосон тохиолдолд уг гал зуухны тавилга, зурагтын тавиурыг буцаан олгоход татгалзах зүйлгүй бөгөөд түрээсийн төлбөрт суутган авах, тавилгуудыг худалдан авах санаа зорилгогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Ж-аас 7 095 000 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 915 000 төгрөгт холбогдох хэсэг болон “М” ХХК-аас тавилгын үнэ 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ж-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 273 000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 54 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Ж- давж заалдах гомдолдоо:

... Түрээсийн төлбөрөө 2015 оны 5 дугаар сараас төлж чадахгүй болсон тул “М” ХХК-аас гүйцэтгэх захирал А.Гангаагийн гарын үсэгтэй 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаартай албан бичгээр надад мэдэгдэл өгч миний зурагтын тавиур, гал тогооны тавилга хоёрыг худалдах гэж байсныг заруулахгүй, авахуулахгүй, хамгаалалтын албандаа үүрэг өгч, лангуу павильоныг минь цоожилж түлхүүрийг хураан авсан. Нэгэнт лангуундаа орж чадахгүй болсон тул миний бие 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний 8.2-т заасны дагуу гэрээ цуцлах хүсэлтээ “М” ХХК-д өгсөн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Ж- надаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 730 000 төгрөг, алданги 2 635 000 төгрөг нийт 7 095 000 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцлагдсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно.

Гэрээний 8.1 “түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж түрээслүүлэгчийн болон бусдын үйл ажиллагаанд саад учруулбал энэ гэрээний 4.3-т заасан нөхцөлөөр түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэсэн заалтын дагуу “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гангаагийн гарын үсэгтэй 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаартай мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэл нь “3 780 000 төгрөгийг манай компанийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө үү, заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй бол гэрээнд заагдсаны дагуу хууль хяналтын байгууллагад хандахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн гэрээ цуцлах мэдэгдэл юм.

Гэрээний 4.3-т “гэрээний хугацаа дуусгавар болох эсвэл тодорхой шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй” гэсэн заалтын дагуу “М” ХХК нь худалдах гэж байсан зурагтын тавиур, гал тогооны тавилга хоёрыг хураан авч павильонд хийж, түлхүүрийг нь хурааж авсан.

“М” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл ирүүлж, түрээсэлсэн талбайгаа цоожилж, хурааж авсан арга хэмжээ нь түрээсийн гэрээний 8.1-т “түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж түрээслүүлэгчийн болон бусдын үйл ажиллагаанд саад учруулбал энэ гэрээний 4.3-т заасан нөхцөлөөр түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй”, гэрээний 4.3-т “гэрээний хугацаа дуусгавар болох эсвэл тодорхой шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасан заалтуудаар 2015 оны 10 дугаар сард цуцлагдсан.

Мөн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус түрээсийн гэрээний түрээслүүлсэн зүйл нь худалдаа үйлчилгээний зориулалттай талбай, павильон болохоос газар, байшин, орон сууц биш тул гэрээний 7.6-т “Түрээслэгч энэхүү гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол түрээслүүлэгч түрээслэгчийн эд хөрөнгөөр учирсан хохирлыг барагдуулах эрхтэй” гэсэн заалтыг баримтлах ёстой байсан. Алданги 2 635 000 төгрөгийг тогтоохдоо нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1362 хоног гэж тогтоосныг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Алданги тооцохдоо анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцно. “М” ХХК нь өмнө нь 2 удаа шүүхэд Б.Ж- надад холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 6 520 000 төгрөг алданги 2 153 320 төгрөг нийт 8 673 320 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан. Эхний нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн тул анх нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл тооцох ёстой.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан түрээсийн төлбөр 15 340 000 төгрөг, алданги 7 670 000 төгрөг, нийт 23 010 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хураасан тавилгын үнэ 2 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч “М” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Барилга Мега Стор худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байх 18 м.кв талбай бүхий 28 тоот павильоныг гал тогооны тавилга захиалгын зориулалтаар 12 сарын хугацаатайгаар хөлслүүлэх, хариуцагч Б.Ж- нь сар бүрийн хөлс 630 000 төгрөгийг сар бүрийн эхний 5 хоногийн дотор төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон, түрээсийн байрыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 12-17/ Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 18 м.кв талбайг 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс гэрээний дагуу тодорхой хугацаанд ашиглаж, барьцаа 700 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 630 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус түрээслэгчид төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

     /хх 65,66/

 

Гэрээг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цуцлагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талбайг чөлөөлж, хүлээлгэн өгсөн гэж хариуцагч маргасан боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Хариуцагч гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй байсан нь түүний 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж байсан хүсэлт, 2015 оны 5 дугаар сараас хойш хөлс төлөгдөөгүй бодит нөхцөл байдал зэргээр тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нь түрээсийн гэрээг цуцлах санал гаргасан талаар баримт /хх69/ байгаа боловч талбайг суллаж, түрээслүүлэгчид буцаан шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар гэрээ цуцлагдаж, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар буцаан өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд гэрээг анх байгуулагдсан хугацаагаар үргэлжилсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Гэрээгээр тохирсон 12 сарын түрээсийн төлбөр нийт 7 560 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 830 000 төгрөгийг хасвал 4 730 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, гэрээний 9.2-т зааснаар түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд нэмж төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул төлбөрийн үлдэгдэлд алданги тооцож шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд үлдэгдэл 4 730 000 төгрөгийг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1 362 хоногийн хугацаа хэтэрсэнд алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлан 2 365 000 төгрөг, нийт 7 095 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцнэ. Шүүх түрээсийн гэрээний харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж тодорхойлсон нь буруу болохыг залруулах нь зүйтэй.

 

Харин хөлсөлсөн талбайд байсан хариуцагчийн өмчлөлийн гал тогооны тавилга болон зурагтын тавиур одоо нэхэмжлэгчийн эзэмшилд буюу Барилга Мега Стор худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байгаа болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь эдгээр хөрөнгийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар саатуулан барьсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь дээрх тавилгыг буцаан шаардаагүй, харин үнийг шаардсан тул шүүх нэхэмжлэгчээс тэдгээр тавилгын үнэ 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр уг эд хөрөнгөө нэхэмжлэгчээс буцаан авах хариуцагчийн эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ