Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00778

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 23,010,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, тавилгын үнэ 2,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Боргил, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

 “Н” ХХК нь Б.Бтай 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-гээр “Барилга Мега Стор” төвийн 1 дүгээр давхрын 28 тоот 18 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг нь 35,000 төгрөгөөр буюу нийт нэг сарын 630,000 төгрөгөөр Б.Бд түрээслэхээр тохиролцон 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн. Гэвч Б.Б нь 2015 оны 6 дугаар сараас түрээсийн төлбөрөө төлөхөө больсон. Б.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг өгч, талбайг чөлөөлөх хүсэлтээ гаргасан. Манай компанийн зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй явсаар 2017 оны 6 дугаар сарыг дуусгаад лангууг чөлөөлж гарч явсан.

Түрээсийн төлбөрөө авахаар шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн ар гэрт гачигдал гарч хүрэлцэн ирээгүй. Дахин нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гэсэн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 4 дэх удаагаа мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 5 дахь удаагийн нэхэмжлэлийг гаргасан дагуу энэ шүүх хурал болж байна.

Иймд Б.Баас 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 15,340,000 төгрөг, алданги 7,670,000 төгрөг, нийт 23,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Б.Б нь үндсэн нэхэмжлэлд дурдсан “Н” ХХК-тай байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний төлбөрийг хугацаандаа төлөлгүй удаасан бөгөөд энэ талаар “Н” ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрөө төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл явуулж байсан.

Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөлгүй удааж, түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөхгүй алга болчхоод гэнэт нэг өдөр түрээсийн талбайд байсан тавилга бараа бүтээгдэхүүнээ зарах гээд хүрээд ирдэг. Тэгснээ дахиад ирэхгүй алга болоод, түрээсийн төлбөрийг огт төлдөггүй. Түрээсийн төлбөрөө төлж, түрээсийн талбай дахь эд хөрөнгөө авах талаар түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа мэдэгддэг боловч төлбөрөө төлдөггүй, ирж юмаа авдаггүй, түрээсийн гэрээгээ ч цуцалдаггүй, талбайгаа ч хүлээлгэж өгдөггүй. Ингээд арга буюу түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн зүйлийг хөндлөнгийн гэрч байлцуулан чөлөөлж, дотор нь байсан эд зүйлийг хураан авсан байгаа болно.

Нэхэмжлэгч нь түрээсийн талбайд байсан зурагтын тавиур, гал тогооны тавилгыг түрээсийн төлбөрт саатуулан барьж түрээсийн төлбөрөө төлсөн үед буцаан өгөхөө тухайн үед түрээслэгчид мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.” гэж заасны дагуу түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж “Н” ХХК-нд төлбөрийн үлдэгдэлгүй болгосон тохиолдолд уг гал зуухны тавилга, зурагтын тавиурыг буцаан олгоход татгалзах зүйлгүй бөгөөд түрээсийн төлбөрт суутган авах, тавилгуудыг худалдан авах санаа зорилгогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлага болон хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Б миний бие “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

“Н” ХХК нь урьд нь 2 удаа 2016 оны 4, 10 дугаар сард шүүхэд Б.Б надад холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 6,520,000 төгрөг, алданги 2,153,320 төгрөг, нийт 8,673,320 төгрөг, гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан.

Нэхэмжлэгч нь тухайн үеийн ханшаар 2,100,000 төгрөг байсан, одоогийн ханшаар бол 2,500,000 төгрөгийн үнэ бүхий зурагтын тавиур, гал тогооны тавилгыг Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонбаатарт худалдах гэж байсныг заруулахгүй, авахуулахгүй, хүчээр хамгаалалтын албандаа үүрэг өгч авч үлдэж, лангуу цоожлон хурааж авч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.

“Н” ХХК-тай Б.Б 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 сарын 630,000 төгрөгөөр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар гал тогооны тавилга захиалгын үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан боловч эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадвар муудаж захиалга байхгүй алдагдалд орсон тул 2015 оны 5 сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлж чадахаа больсон.

Энэ хүндрэл бэрхшээлээ “Н” ХХК-д танилцуулахад түрээсийн гэрээний 8.1 дэх заалтаар гэрээгээ цуцална гэж мэдэгдсэн ба тэр мэдэгдлээ гүйцэтгэх захирал А.Гангаагийн гарын үсэгтэй 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаартай албан бичгээр надад өгч, миний зурагтын тавиур, гал тогооны тавилга 2-ыг 2,100,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонбаатарт худалдах гэж байсныг заруулахгүй, авахуулахгүй, хамгаалалтын албандаа үүрэг өгч, лангуу павильоныг маань цоожилж, түлхүүрийн хураан хамт авсан.

Хураан авснаа тайлбарлахдаа “түрээслэгч энэхүү гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол түрээслүүлэгч түрээслэгчийн эд хөрөнгөөр учирсан хохирлыг барагдуулах эрхтэй” гэсэн гэрээний 7.6 дахь заалтыг үндэс болгож байсан.

Иймд миний бие 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө, лангууныхаа түлхүүрийн хамт хураалгасан тул энэ өдрийг гэрээ цуцлагдсан гэж үзэж байх тул 2015 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9 сар буюу нийт 7 сарын түрээсийн төлбөр 4,410,000 төгрөг төлөх ёстой.

Үүнээс: 3 сарын төлбөр 630,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 14-нд “Н” ХХК-ийн ХХБанкинд дахь 499004041 тоот дансанд тушаасан, 4 дүгээр сарын 630,000 төгрөгийг дэнчингийн мөнгөнд бэлнээр “Н” ХХК-ийн кассад тушаасан 700,000 төгрөгөөсөө суутгуулсан, дэнчингийн мөнгөнөөс үлдсэн 70,000 төгрөгийг 2015 оны 5, 6, 7, 8, 9 сар буюу нийт 5 сарын түрээсийн төлбөр 3,150,000 төгрөгөөс хасахад 3,080,000 төгрөг үлдэнэ.

“Н” ХХК-д 2015 оны 10 дугаар сард 2,100,000 төгрөгийн зурагтын тавиур, гал тогооны тавилга 2-ыг хураалгасан, “Н” ХХК-ийн кассад 500,000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр, 1,000,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу нийт 3,600,000 төгрөг төлсөн. Үндсэн түрээсийн төлбөр 3,080,000 төгрөг, алданги 520,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Н” ХХК нь миний 2,100,000 төгрөгийн үнэ бүхий зурагтын тавиур, гал тогооны тавилгыг заруулахгүй, авахуулахгүй, хамгаалалтын албандаа үүрэг өгч намайг хохироосон тул одоогийн зах зээлийн ханшаар тооцож 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.Баас түрээсийн төлбөр 15,340,000 төгрөг, алданги 7,670,000 төгрөг буюу нийт 23,010,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд хураалгасан тавилгын үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “түрээсийн гэрээ” нэртэй талбай хөлслөх гэрээ 12 сарын хугацаагаар байгуулагдаж, “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Барилга Мега Стор” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байх 18 м.кв талбай бүхий 28 тоот павильоныг гал тогооны тавилга захиалгын зориулалтаар ашиглуулах, Б.Б нь сар бүрийн хөлс 630,000 төгрөгийг сар бүрийн эхний 5 хоногийн дотор төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Талууд гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч худалдаа үйлчилгээний төвийн 1 давхрын 1 павильон буюу 18 м.кв талбайг тавилга захиалгын зориулалтаар ашиглуулахаар тохиролцсоноос үзвэл шүүх уг гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ.

 

Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл учраас шүүх ийнхүү зүйлчлэх нь талуудын хүсэл зориг болон хууль зөрчихгүй гэж дүгнэв.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Хэргийн баримтууд, талуудын тайлбар зэргээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 18 м.кв талбайг 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхой хугацаанд ашигласан, барьцаа 700,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 14-нд хөлс 630,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 24-нд хөлс 500,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хөлс 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарыг дуустал павильоныг ашигласан үндэслэлээр Б.Баас 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны төлбөрт 15,340,000 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн алдангид 7,670,000 төгрөг буюу нийт 23,010,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талбайг суллаж өгсөн, нийт 3,600,000 төгрөг төлсөн, гэрээ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр цуцлагдсан учир одоо төлөх төлбөргүй гэж маргасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цуцлагдсан, хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талбайг чөлөөлж, хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссанаар талуудын хооронд үүссэн эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр гэрээний 1.3-т “гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах талаарх саналыг хэн нэгэндээ албан тоотоор мэдэгдээгүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байна” гэж заасан байх боловч хариуцагч гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй байсан нь түүний 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж байсан хүсэлт, 2015 оны 5 дугаар сараас хойш хөлс төлөгдөөгүй бодит нөхцөл байдал зэргээр тогтоогдсон тул шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дууссанаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Гэрээгээр тохирсон 12 сарын хөлс нийт 7,560,000 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн нийт төлбөр 2,830,000 төгрөгийг хасвал хариуцагч нь одоо 4,730,000 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Талууд гэрээний 9.2 дахь заалтаар “түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,2%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд нэмж төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд үлдэгдэл 4,730,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлөх ёстой байсан гэж үзсэн ч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,362 хоногийн хугацаа хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагчаас 2,365,000 /(4,730,000х0,2%)х1,362хоног=12,884,520/ төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 7,095,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,915,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

Хөлсөлсөн талбайд байсан хариуцагчийн өмчлөлийн гал тогооны тавилга болон зурагтын тавиур нь одоо нэхэмжлэгчийн эзэмшилд буюу “Барилга Мега Стор” худалдаа үйлчилгээний төвийн В1 давхарт байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Шүүх нэхэмжлэгчийн энэ үйлдлийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь дээрх тавилгыг буцаан шаардаагүй, харин үнийг шаардсан тул шүүх нэхэмжлэгчээс тэдгээр тавилгын үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 4 дүгээр сар, 2016 оны 10 дугаар саруудад гаргаж байсан боловч тодорхой шалтгааны улмаас маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, улмаар хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж үзэх үндэслэл бүрдэж, нэхэмжлэгч түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ шүүхэд гаргаж, шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7057 тоот шийдвэрээр уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Бы оршин суугаа газрын хаягийг олж тогтоосны дагуу тус нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасанд үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны дотор гэж үзэж, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг тус тус баримтлан Б.Баас 7,095,000 төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д олгож, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,915,000 төгрөгт холбогдох хэсэг болон “Н” ХХК-аас тавилгын үнэ 2,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Бы сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 273,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ө.УЯНГА