Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

С.Э холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх,

шүүгдэгч С.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б

хохирогчийн өмгөөлөгч Г.Э,

хохирогчийн өмгөөлөгч Т.У /онлайнаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/17 дугаар шүүгчийг захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтыг прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ш.Б гаргасан эсэргүүцэлтэй шүүгдэгч С.Э холбогдох 2117000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  02 дугаар сарын  17-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт С Э 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, - тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 он/ Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэж, 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр таслан шийдвэрлэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан гэх /РД: /,

Яллагдагч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоот хашаанд байх иргэн О.О гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хамтран амьдрагч Д.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас ээжийг нь хулгайч янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг гэж хэллээ хэмээн маргалдаж улмаар түүнийг гал түлэхээр бэлдсэн байсан түлээний модоор цохиж зүүн мөрөнд, зүүн бугалганд, цээжний зүүн талаар цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Н мөн модоор цохиж толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хэрэг учрал болсон гэх газраас Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар авто тээврийн байр буюу Д.Н гэрийнх нь цонхоор дотогш орж нуугдан 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00:00 цагаас 00:30 минутын орчимд Д.Н иргэн А.Н хамт орж ирэхэд Д.Н суганы орчим 1 удаа хутгалж улмаар гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан,

Дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Н зүүн гарын бугуйнд 1 удаа, цээжний баруун дээд хэсэгт 1, 2-р хувирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт  холбогджээ.  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: *******үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт С Э холбогдох эрүүгийн 2117000000109 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газар буцааж,

Шүүгдэгч *******урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч А.Н өмсөж явсан саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хуучин авто төвийн байрны үүдний таамбарын вакум хаалганы дотор хэсэгт наалдсан хатсан цус мэт зүйлээс шинжилгээнд зориулж марланд шингээн авч, тусгай зориулалтын 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж “ХГҮ№1” гэж хаягласан, үйл явдал болсон гэх өрөөний баруун урд хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон цагаан өнгийн торон даавуун материалтай 85*35 см хэмжээтэй даавуу, таван хошуу бүхий дүрстэй саарал өнгийн 2,30*2,20 см хэмжээтэй буйдангийн бүтээлэг, цэцгэн хээтэй шар эрээн өнгийн 40*74 см хэмжээтэй буйдангийн дэр, AIGLE гэсэн бичиглэл бүхий 6 хэсэг болгож урж тасдсан даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон 80*53 см хэмжээтэй саарал өнгийн шалавч, газрын хөрснөөс дээж авч 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж  ХГҮ№6 гэж хаягласан  уг зүйлийг болон хар, цагаан өнгийн шигтгээтэй хар өнгийн үсний хавчаар, 26,3 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 14,5 см шар эрээн өнгийн бариултай, бариул нь 11 хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга, Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 60 тоотоос баруун тийш 7,50 метр зайд газрын  хөрс 4*5 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байсан газрын хөрснөөс дээж авч 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ№7 гэж хаягласан эд зүйл, хохирогч Д.Н хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, хар саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн 2 ширхэг хос гутал, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, *******өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй 2 ширхэг 1 хос гутал, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг CD, яллагдагч *******мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан CD 1 ширхэг зэрэг эд зүйлийг хэргийн хамт буцааж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүйцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *******холбогдох эрүүгийн хэргийн хянан хэлэлцэж 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай тогтоолыг гаргасан байдаг. Энэ тогтоолын тогтоох хэсгийн 2-т амь хохирогч нас барсан үеээс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ, тэр даруйдаа эсвэл хэсэг хугацааны дараа нас барсан болох нь нөлөөлөхгүй. Хүнийг санаатай алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамааран нөхцөл байдлын улмаас хохирогч нас бараагүй бол хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, үйлдэхийг завдсан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийг дараах байдлаар тайлбарласугай гэсэн байгаа. 5.17-д 2 буюу түүнээс олон хүнийг алсан гэмт этгээд 2 буюу түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл санаа зорилго, нэг цаг хугацаанд эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгоно. Харин 1 хүнийг алаад нөгөө хүнийг алахыг завдсан бол 2 хүн алсан гэж үзэхгүй гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан  2 ба түүнээс олон хүнийг 1 цаг хугацаанд, 1 орон зайд, 1 сэдэлтээр 2 ба түүнээс олон хүнийг алсан, алахаар завдсан үйлдэлд хүндрүүлэхээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хохирогч Н тухайн үед алахаар яллагдагч үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас үүдэн энэ гэмт хэрэг таслан зогсоогдсон. Харин хохирогч Н алсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогддог. Нөгөө талаар 2 хүнийг алсан гэж зүйлчилснээрээ яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм. Гэм хор, хор уршгийн асуудлыг өөрөөр яригдах асуудал гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогч Н гэрт тухайн хэрэг болох үед орж нуугдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж зүйлчилсэн тохиолдолд дахин яллагдагчаар мэдүүлэг авах ёстой байсан гэж шүүхээс үзсэн. Харин прокурорын зүгээс яллагдагч *******нь хохирогч Н 2014 оноос хойш хамтын амьдрал нь эхэлсэн байдаг. Тухайн цаг хугацаанд тусдаа амьдрах, эргэж нийлэх асуудал явагдаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн хэрэг болохоос 2 хоногийн өмнө энэ хоёрын харилцаа хэвийн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Учир нь Н төрсөн өдөр болдог. *******нь тухайн төрсөн өдөрт зориулж, бялуу, бэлэг авч гэрт нь ирсэн. Хэрэг болохоос 2 сарын өмнө энэ 2 хүний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэний үндсэн дээр тодорхой хугацаанд тусдаа байсан асуудал байдаг. Гэхдээ үүнийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй гэж прокуророос дүгнэсэн учраас 13.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа учраас яллагдагчаар татаагүй. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй, тухайн мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүхээс үзсэн байдаг. Тухайн хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтаар гэрэл зургийн үзүүлэлтээр гэмтэл учирсан гэх асуудал байдаг. Гэсэн хэдий ч шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдож байгаа гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг үед үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн энэ талаар шинжээч ирж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гэмтлийг 6 байшинд хэрүүл маргаан үүсэх үед Н *******зодож байх явцад амь хохирогч Н дундуур нь орж салгах үед *******учруулсан гэж нотлох баримтаар тогтоосон учраас прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 3 үндэслэлээр хэргийг буцаасан. 1. хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн, 2. орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, 3. шинэ нөхцөл байдал илэрсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг дахин шалгуулахаар хэргийг буцаасан. Улсын яллагч хэлэхдээ 2 ба түүнээс дээш хүнийг алсан шинж илрэхгүй байна гэж хуучин хуулийн тайлбарыг хэрэглэж байна. 2015 оны шинээр мөрдөгдөж байгаа хуульд албан ёсны тайлбар байхгүй байгаа. Тэгэхээр хэргийн бодит байдал тогтоогдоогүй, онц хэрцгий аргаар гэх боловч талийгаачийн биед учирсан гэмтлүүд амьд байхдаа юм уу, тухайн онц хэрцгий аргаар амь насыг хохироож байхдаа үйлдсэн хохирол уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. 2 хүнийг алаагүй, 1 хүнийг алсан, 1 хүнийг алахыг завдсан гэж прокурор яриад байгаа. Гэтэл энэ зүйлчлэлээсээ гадна онц хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  гэдгээс гадна 10.1.2.2, 10.1.2.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүд байгаа. Яагаад гэвэл шалгагдаагүй учраас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлж байсан. 2 хүн гэхээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэж, үүнийг дээд шүүхийн 2002 оны хуулийг хэрэглэсэн тайлбарыг үзэхээр 91 дүгээр заалтын тайлбар нь нийгэмд аюултай арга хэрэглэсэн байвал 91.2.13 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ гэдэг асуудал дээр яалтачгүй хамаарч байгаа юм. Шинэ хуулийн 11.2.2 дахь хэсэгт хамаарч байгаа юм. Дахин 1 хүндрүүлэх ямар нөхцөл байдал байдаг вэ гэхээр 10.1.2.7 хохирогч биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж байгаа. Тэгэхээр үүнд юу яригдах уу гэхээр хохирогч бие махбодь болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалж чадахгүй болохыг ойлгоно. Гэтэл гэмт хэрэг болж байх үед талийгаачийн гарыг гэмт этгээд хутгалсан байдаг. Тэгэхээр талийгаач гараа хутгалуулсан, ямар ч идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Гэтэл гэмт этгээд талийгаачийн гарны судсыг даавуугаар боосон асуудал байгаа. Үүнд талийгаач биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Үүнээс гадна талийгаач хөгжлийн бэрхшээлтэй байсан. Үүнд хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Үүнийг шалгаагүй. Н хохирогчийн тухайд үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгдөггүй, өгсөн мэдүүлгүүд нь маш их зөрүүтэй байдаг. Магадгүй биеэ хамгаалах чадваргүй, согтуурсан, мансуурсан, өөрийгөө хянах чадваргүй байсан нөхцөл байдал байгаа. Тэгэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, анхан шатны шүүгчийн захирамжид нэмэлт заалт оруулж 10.1.2.2, 10.1.2.7-д заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин шалгаж эрх хэмжээнийхээ хүрээнд тусгаж өгнө үү гэсэн саналтай байна. Прокурор үзэхдээ 2014 оноос хойш хамтын амьдралтай байсан гэдэг. Энэ нь ямар ч үндэслэлгүй дүгнэлт, хамтын амьдрал гэж юуг хэлж байгааг бид мэднэ. Н, *******2-ын хувьд наргиж, цэнгэх болохоороо нэг нэгнээ дууддаг. 2014 оноос хойш *******түрээсийн төлбөр төлөөгүй, хохирогч Н өөрөө түрээсийн төлбөрөө төлдөг байсан. *******нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн юм. Үүнийг зайлшгүй шалгах ёстой байсан. Шалгахгүй байгаа нь яллагдагчид ял завших боломж олгож байна. Түүнчлэн хохирогч нарт нэг талд ажиллаад байгаа сэдэлтийг төрүүлж байна. Талийгаачийн биед учирсан няцралт, гэмтэл, зулгаралтуудыг шалгасан гэж прокурор яриад байгаа. Үүнтэй бид маргаагүй, шинэ нөхцөл байдал бий болсон. Шинэ нөхцөл байдал гэж юуг хэлэх вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа талийгаачийн гар утсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхөд тухайн утсанд байсан зурвасууд, чатууд, фото зургуудаар юу харагддаг вэ гэхээр талийгаач тухайн гэмт хэрэг болсон өдрөөс өмнө нь *******зодуулж байсан асуудал байна. Үүнийг Н *******нийлээд талийгаачийн нөхөр Б нууж байсан байна. Талийгаачийн араас нь чулуу шидэж байсныг Н ээж мэдэж байсан байна. Тэгэхээр тэр үед үүссэн гэмтлүүд хөл, гарны няцралт энэ байдал урд нь байсан учраас шинэ нөхцөл байдал гарч ирж байгаа нь зүйлчлэлд нөлөөлсөн, нөлөөлөөгүйгээс үл шалтгаалж гэмт хэрэг гарсан бодит байдлыг нэг бүрчлэн тогтоохын тулд үүнийг шалгах ёстой. *******11.6.2 дахь заалтаар яллагдагчаар татаад ял сонсгож байгаа нөхцөлдөө миний үйлчлүүлэгч буюу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг 11.6.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хохирогчоор асуугаагүй байсан. Зөвхөн 11.2.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоосон. Энэ бүгдийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.  Прокурор хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх юм бол яллагдагчийн эрх зүйн байдал дордоно гэж үзээд байгаа. Хэрвээ тэгж бодож байгаа бол яллагдагч яагаад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байгаа, Н харьцдаг хоорондын харилцаа, ууж иддэг асуудал. Тэгэхээр Н хохирогч боловч байнгын сэтгэлзүйн дарамт, доромжлол, яллагдагч руу дайрсан идэвхтэй үйлдлүүдийг хийгээгүй байдаг. Тэгэхээр *******хувьд хүн алахыг завдаад байгаа юм биш ална гэсэн сэтгэл зүйгээр 2 хүнийг алчихлаа гэж бодоод дараа нь өөрөө амиа егүүтгэх гэсэн асуудал байгаа. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Давхар зүйлчлэх гэдэг асуудал дээр зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэхээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзээд байх шиг байна. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас яллагдагч *******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийг буруу хэрэглэсэн заалт үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр 1 хүнийг алж, 1 хүнийг алахаар завдсан байхад 2 хүнийг алсан гэж үзэн хүндрүүлэн зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэх юм. Би энэ өгүүлбэрийн учрыг ойлгохгүй байна. 2015 оны Эрүүгийн хуульд ямар ч дээд шүүхийн тайлбар гараагүй, иргэний хэрэгт хуулийг төсөөтэй хэрэглэдэг болохоос биш эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 91-д гарсан дээд шүүхийн тайлбарыг хэрэглэх нь зөв үү, буруу юу гэдэгт дүгнэлт хийх байх. Д.Н мэдүүлгээс үзэхэд намайг орж ирэхэд *******3 хутгалсан, хохирогч Н намайг хутгалчихлаа гээд орилж байгаад гараад явах шиг болсон. Араас нь *******гараад буцаж орж ирээд чамаас болж Н зугтаалгачихлаа гээд намайг дахиж хутгалчихаад гараад явсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр өөрийнх нь хүсэл зорилгоос хамааран үйлдэл хйихээс татгалзаагүй, тэр үйлдлээ гүйцээсэн. Хохирогчид үхчихлээ гэж бодоод өөрийнхөө амийг егүүтгэхээр шийдсэн. Тийм учраас үүнийг завдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Яллагдагч *******тухайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Д.Н амьдран суудаг орон байранд цонхоор нь орж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг давхар шалган тогтоох гэж шүүгчийн захирамжид дурьдсан байгаа. Гэтэл үүнийг тайлбарлахдаа хохирогч Д.Н, *******нарын хамтын амьдрал 2014 оноос эхэлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сараас эхлэн Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар авто тээврийн баазыг түрээслэн амьдарч байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэх. Гэтэл одоо Д.Н биеийн байцаалтаас үзэхэд ам бүл 1, Сүмбэр сум 2 дугаар баг, автотээврийн 35 тоотод оршин суудаг. *******нь ам бүл 2, ээжийн хамт, Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 123 дугаар байрны 2-8 тоотод оршин суух хаягтай гэж тус тусдаа амьдардаг болох нь өөрсдийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс нь тодорхой харагдаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь заалт үндэслэлтэй байна. Амь хохирогч нас барсны дараагаар цагдаа нар гар утсыг нь хурааж авч байгаад охинд нь хүлээлгэн өгсөн. Гар утасыг авсны дараагаар шалгахад зурвас, фото зураг гарч ирсэн. Түүнийг шалгуулахаар цагдаад хүсэлт өгсөн. Энэ хэрэг яаж өрнөдөг вэ гэхээр *******хутгалсан, амь хохирогч нас барсан. Энэ нь тодорхой юм чинь нарийн асуудлуудыг шалгах шаардлагагүй байж байгаад шийдчихье гэсэн байдлаар хандаж байгаа. Хохирогч  нарын гомдлыг ерөөсөө шалгахгүй байгаа. Дахин шалгуулахаар прокурорт мөн хүсэлт өгөхөд прокурор татгалзсан хариу өгсөн. Энэ хэргийг шалгахад хуулийн зүйлчлэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн хариуг өгсөн. Хэргийг уншаад үзэхэд эргэлзээтэй зүйлүүд байна. *******Д.Н руу модоор шидэхэд талийгаач дундуур нь орж модоор цохиулсан мэт харагдаж байна. Энэ үйл явдал О гэх айлд болсон. Гэрч Г мэдүүлэхдээ *******намайг чихэн дундуур 2 удаа цохисон, Д.Н модоор цохиод байсан, хэдэн удаа хаана нь цохисоныг мэдэхгүй, талийгаачийг цохисныг бас мэдэхгүй гэж байгаа юм. Ийм их гэмтэл авсан хүнийг тэр хүмүүс мэдэхгүй байна гэж байхгүй. Болсон үйл явдлыг мэдэх гол гэрч болох Д.Н мэдүүлэхдээ талийгаачийг цохисон байж магадгүй гэж мэдүүлдэг. Д.Н гэж хүний амийг аврах гэж яваад л талийгаач Н өөрийгөө золиослож амиа алдлаа. Тэгэхэд энэ хүн өнөөдөр хууль сануулсааар байхад үнэн зөвөөр мэдүүлэг өгч чадахгүй байгаа юм чинь худал мэдүүлэг өгсөн гэх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх шаардлагатай. Яагаад талийгаачийн нөхөр Б мэдчихвий гэж зурвасаар харилцаж, юуг нуух болсоныг Д.Н мэдэж байгаа. Яагаад хэлж чадахгүй байгаа юм бэ, талийгаач хөгжлийн бэрхшээлтэй байсан 1 нүд нь огт хардаггүй. Модоор цохисон гэх гэмтлүүд нь аллага болох үед үйлдэгдсэн гэмтлүүд, хавтаст хэрэгт байгаа талийгаачийн фото зургийг үзэхэд шүд нь унасан байгаа. Үүнийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр талийгаач зугтаасан, зугтаахдаа хаалга мөргөж шүдээ унагаасан гэж мэдүүлдэг. Гэтэл насанд хүрээгүй гэрчүүд мэдүүлэхдээ амь авраарай гээд 1 эмэгтэй хүн орилоод гараад ирсэн, араас нь 1 хүн хөөж байснаа буцаад яваад өгсөн гэж мэдүүлдэг. Тэгэхээр ерөөсөө унасан асуудал байхгүй. Тэгэхээр *******ч болсон явдлыг үнэн зөвөөр ярихгүй байна, үхсэн хүн үг хэлэх биш гэдгийг далимдуулж байна. Гэтэл энэ 2 хүний төлөө тэр хүн ямар их сэтгэл гаргасан нь хавтаст хэргээс харагддаг. Ханиа өнчрүүлээд, үр хүүхдээ өнчрүүлээд, эхийгээ өнчрүүлээд ийм байдалд хүрсэн байхад юу ч болоогүй юм шиг байж болохгүй. Тэгэхээр талийгаач яагаад Д.Н эрхшээлд орсон байх талаар тодорхой ажиллагаа хиймээр байна. Хамгийн гол нь Д.Н маш их гомдож байна, тэгтлээ өөрийг нь хамгаалж амиа алдах хүртэл зүтгэж байхад яагаад үнэн зөв мэдүүлэг өгдөггүй юм бэ. Д.Н худал мэдүүлэг өгсөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байгаа. Прокурор энэ хэрэгт дэндүү хайнга хандаж байна. Нэг нь алсан, нэг нь үхсэн гэх байдлаар хандаж байгаад гомдож байна. Миний ээжийн биед бүтэн хэсэг байхгүй, гар, шүд, толгой, дагз, цээж, 2 өвдөг, 2 хөлний гуя, шагай, хурууны сарвуу нь хүртэл бүтэн хэсэг байхгүй. Яаж тарчилж, яаж зовоож байсан бол. Хэргээ хүлээж байгаа юм бол яагаад үнэнээр нь хүлээхгүй байгаа юм бэ. *******мэдүүлдэггүй юм гэхэд миний ээжийн зөөлөн чанар, найзыгаа гэсэн сэтгэлээр хандаж, амиа алдталаа хамгаалсан Д.Н яагаад үнэнээр мэдүүлэг өгөхгүй, бид нартай 1 ч удаа уулзаагүй, би мэдэхгүй байна гэхээс өөр зүйл хэлдэггүй. Хэргийн материалтай танилцахад өөрийнхөө болон Г холбоотой мэдүүлэг өгөхдөө бүгдийг мэдээд, миний ээжтэй холбоотой мэдүүлэгтээ юу ч хэлэхгүй. Энэ хэрэгт Д.Н холбоотой гэж бодож байна, маш их гомдолтой байна. Прокурор болон шинжээчид энэ хэрэгт огт ажиллагаа хийгээгүй. Хэргийг прокурорт буцааж, үнэн зөвөөр шалгаасай гэж хүсэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн дагуу өмгөөлөгч нар хохирогч, шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай, нотлох баримтуудтай танилцах боломжгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцдаг. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн материалтай танилцсаны дараа прокуророос шууд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсний дараа урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Үүнд хохирогчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие тодорхой хүсэлтүүдийг гаргасан. Хэрэг прокурорт буцах ёстой юу гэвэл буцах ёстой. Гэхдээ шүүхээс буруу үндэслэлээр буцаасан. Прокуророос буруу эсэргүүцэл бичсэн. Прокурорын эсэргүүцлийн 2 үндэслэлтэй нь санал нийлж байна. Шүүгчийн захирамжийн эхний 1 үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа.

1. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар дахин мэдүүлэг авах ёстой гэж үзсэн. Прокурорын эсэргүүцэлд 2002 оны хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг иш татаж тайлбарласан. Тэр хууль тайлбарласан тогтоолыг иш татаж тайлбарлахгүй ч гэсэн хууль ч бид хуулийг хэрэглэхдээ мөн хуулийг тайлбарлана. Тэгэхээр энэ 10.1.2.6-д 2 түүнээс дээш олон хүнийг алсан гэж, гэтэл хэргийн нөхцөл байдал 2 хохирогч байгаа ч гэсэн 1 нь амьд, 1 нь нас барсан байдалтай байгаа. Тэгэхээр 2 хүн нас бараагүй юм чинь яаж 2 хүнийг алсанаар зүйлчлэх юм бэ.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа эсэхийг шалгах. Гэтэл хэрэг болохоос өмнө *******болон Д.Н нарын харилцаа хэвийн байсан. Тухайн хэрэг болох үед согтуурсны улмаас харилцаа муудсан, маргалдсан асуудал болсон. Тухайн үед шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар Говьсүмбэр аймгаас хойшоо байдаг, байрлаж ажилладаг ажил дээрээ удаан хугацаагаар буюу 14 хоног байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр хамтын амьдралтай байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчлээд байхад бусдын орон байранд нэвтэрсэн гэх. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэнэ гэдгийг хамтын амьдралтай байсан хүмүүсийг ойлгохгүй шүү дээ. Хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ оршин суугаа хаягийг иш татаж тайлбарлаж байна. Тэр нь хэрэг болсны дараа өгсөн хаяг шүү дээ. Ийм нөхцөл байдалд орчихоод яаж хамт амьдрах юм бэ, тэгэхээр хохирогч, шүүгдэгч 2 хэрэг болсны дараа хамтран амьдрах шаардлагагүй учраас тус тусдаа оршин суух хаягаа хэлэх нь тодорхой.

3. Шинэ нотлох баримтууд гарч ирсэн, түүнийг шалгуулах шаардлагатай гэсэн. Тэр нотлох баримтууд дотор *******юм нууж байгаа мэтээр эсвэл бүр *******хохирогчийг зодчихоод тэрийг нь талийгаачийн нөхөрт мэдэгдэхгүй байх мэтээр уншигддаг. Үнэхээр тэрийг асуулгамаар байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.У хэлэхдээ *******нь ямар ч зүйл анги байсан зөвшөөрнө гэх, тийм биш, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтдээ би дурьдсан шүүгдэгч 11.6-д заасан хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулсан талаар хүлээн зөвшөөрдөггүй, яг энэ асуудлаар Д.Н гэрчийн мэдүүлэг дахин авхуулах шаардлагатай байна гэжээ.

Шүүгдэгч *******давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хохирогчдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болжээ.

Яллагдагч *******нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - байшингийн - тоот хашаанд байх иргэн О.О гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хамтран амьдрагч Д.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас ээжийг нь хулгайч янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг гэж хэллээ хэмээн маргалдаж улмаар түүнийг гал түлэхээр бэлдсэн байсан түлээний модоор цохиж зүүн мөрөнд, зүүн бугалганд, цээжний зүүн талаар цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Н мөн модоор цохиж толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн хэрэг учрал болсон гэх газраас зугтаан Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар авто тээврийн байр буюу Д.Н гэрийнх нь цонхоор дотогш орж нуугдан, хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00:00 цагаас 00:30 минутын орчимд Д.Н иргэн А.Н хамт орж ирэхэд Д.Н суганы орчим 1 удаа хутгалж, улмаар гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар,

Дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Н зүүн гарын бугуйнд 1 удаа, цээжний баруун дээд хэсэгт 1, 2-р хувирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчлэлийн хувьд эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “ хоёр, түүнээс олон хүнийг алах” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулсан эсэх,  Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “ бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хохирогч А.Н гар утаснаас олдсон гэх зураг, чат зэргээс үндэслэн урьд нь өөр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тус тус шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Мөн прокурор нь тухайн хэргийг нэмж шалгахдаа   хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг тус бүрийн санаа сэдэлт хэзээ, хэрхэн яаж үүссэн зэргийг нарийн шалгаж тогтоох шаардлагатай байх ба түүнийг үндэслэж хэргийг нэг цаг хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн, эсхүл гэмт хэрэг нэг өдөр үйлдэгдсэн ч түүний санаа сэдэлт хэзээ төгссөн, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн зэргийг харгалзан тус тусдаа үйлдэгдсэн гэмт хэрэг үү гэдгийг зөв үнэлж дүгнэн зүйлчлэлийг зөв тодорхойлж ирүүлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн үйлдсэн хэргийг нэмж шалгахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусад хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулах хүсэлтийг прокурор болон мөрдөгчөөс хүлээн авч шалгаж, шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй буюу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/17 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

 

ШҮҮГЧИД                                              Н.БОЛОРМАА

 

                                                            О.ОДНЯМАА