Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2020/00032 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Э-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагч Ч.Э, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.             

Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Э нь манай гэр бүлийн хүн Б-аас 2011.05.02-нд бэлнээр 5 000 000 төгрөгийг түр хугацаагаар зээлсэн. Харин зээлсэн мөнгөө өгөхгүй утсаар ярихад өгнө гэдэг боловч, сүүлдээ утсаа сольж  авахаа больсон. 2018 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөгөө авсан. Одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгөө авах гэхээр утсаа авдаггүй, өөр хүний утсаар хэд хэд залгаж асуухад боломж алга, өгөх нь өгнө гэдэг. Э-тэй уулзаж мөнгө авсан удаагүй. Уг нь дэлгүүрийн байшин, машин зараад өгнө гэж утасны цаанаас худал хэлээд өдийг хүрлээ. Иймд Ч.Э-ээс 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1989 онд анх Б гэдэг хүнтэй танилцаж найз нөхөд болсон. 1999 онд Б ирээд 3 сая төгрөгийн хэрэг байна гэж хэлсэн. Тухайн үед би Т гэдэг хүнтэй хамт байж байсан. Бид 3 миний машинд орсон. Надад монгол мөнгө байхгүй, ноолуур авах гэж байгаа юань байна гэж хэлсэн. Б надад 10 000 юань зээлчих гэж хэлсэн учир 2 боодол тавьтын дэвсгэрт өгөөд ямар учиртай талаар асуухад надад хэрэг болоод байгаа 2000 онд  ноолуур өгнө гэж хэлсэн. Би 2000 онд ноолуур авах гэж очиход хятадын ноолуур байгаа, тэрнээс нэг боодлыг ав. Зөрүү мөнгийг нь өгөөрэй гэж хэлж байсан. Би ноолуурыг нь аваагүй. Сүүлд боломжтой үедээ өгөөрэй гэж хэлээд үлдээсэн. Тэрнээс хойш 10 гаруй жил болсон. Хувьцааны мөнгө буусан мөнгийг чинь өгнө гэж  хэлсэн учир мөнгө авсан. Гарын үсэг зуруулж аваагүй нь миний буруу болж байх шиг байна. Б-ын амьдралыг мэддэг байсан. Амьдралын боломж муутай айл байсан учир зээлсэн мөнгөө нэхэж байгаагүй олон жил болсон. Б-д зээлсэн 3 000 000 төгрөгөө аваад, дээрээс нь 2 сая төгрөг нэмж зээлсэн. Надаас 3 000 000 төгрөг  нэхэмжилж байгаа бол 1999 онд зээлсэн 10 000 юань аваад дараа нь мөнгийг нь өгнө гэсэн. Би Н.У-ийн нэхэмжлээд байгаа 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хариуцагч Ч.Э-ээс 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.У олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-ээс 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

Хариуцагч Ч.Э нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:  “Талийгаач С.Бтай 1989 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Чойр хотын Баянтал хороололд Цагдаагийн тасагт ажиллаж байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, машин мөргөн журамлагдсан. Түүнээс хойш нутгийн хүн гэж таньдаг болсон. Би 1999 онд цэргийн тэтгэвэрт гарч аймагт ирсэн. Ноос, ноолуур авч наймаа хийсэн.

Аймгийн төв холбооны гадаа С.Б таарч амьдрал ахуй ярьж мөнгө гуйсан. Би монгол мөнгө байхгүй гээд 10 000 юань өгсөн тэр үед  Х.Т хажууд байсан. Одоо Цогтцэций “Т.Т”ХК-д жолоочоор ажилладаг. Утас: 86441559.

Сүүлд нь С.Б Хятадын ноолуур өгнө гэхэд нь би аваагүй. Хэрэгт орно гээд амьдрал боломжтой үедээ өгөөрэй гэсэн. Хувьцаа борлуулна гээд худал хэлсэн. 2011 оны 05 дугаар сарын 02-нд 5 сая төгрөг авсан нь үнэн. Гэтэл Н.У надаас  3 сая төгрөг нэхэмжилжээ. Би С.Б-ад амьдрал ахуйг нь бодож, элдэв зовлон тоолохоор нь мөнгө өгсөн үүнийг Н.У төлүүлж авмаар байна. Хүн хүнийг хайрладаггүй юм бол би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.

Шүүх гэрч Х.Т мэдүүлгийг хариуцагчийн нотлох ач холбогдол өгөөгүй гэж дүгнэсэн. Өгсөн авсан ч гэрчилсэн. Өөрөөр яах вэ? Би нас барсан хүний тухай дурдмааргүй байхад эхнэр Н.У нь мөнгө авах шунал хөдөлж байгаад гайхаж байна. С.Б-ын өр авлагын талаар олон баримт, гэрч гаргаж Н.У нэхэмжлэл гаргаж болох юм байна гэж ойлголоо.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, 187 дугаар зүйлийн 187.1.75 дугаар зүйлийн 75.1.2.1-т, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгийн заалтуудыг хэрэглэжээ. Иймд дээрх шийдвэрийн заалтууд үнэн зөв эсэхийг хянаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ч.Э холбогдуулан өөрийн нөхөр талийгаач Б-аас түүнд зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Э зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч Ч.Э давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу  цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоож байна.

Нэхэмжлэгч Н.У нь Ч.Э-ийг өөрийн нөхөр талийгаач С.Б-аас  2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж авсан, үүнээс хойш 2000000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3 000 000 төгрөгөө шаардаж, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн гэх бичгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгч, нөхөр нас барсан тул өөрөө нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ. /хэргийн 07-08, 19 дүгээр хуудас/

Хариуцагч нь  талийгаач С.Б-тай мөнгө өгч авалцаж байсан талаар “...Б-д 1999 онд 10 000 юань зээлж, ...2000 оны 6 сард ноолуур өгнө... , хятадын ноолуураас хамгийн хүнд жинтэйг авч өгнө гэхээр хэрэгт орохгүй гээд аваагүй, ...сүүлд 2011 оны 5 сард ...би “ чи надад миний мөнгөн дээр нэмээд /2000 000/ сая төгрөг  зээлэх арга  байна уу. Чи надад хэрэгцээтэй үед тусалсан юм чинь ав гээд 5000 000 төгрөг аваад надаар баримт бичүүлж авсан...” гэж, мөн шүүх хуралдаанд “ хувьцааны мөнгө  буусан мөнгийг чинь өгнө гэж хэлсэн учир мөнгө авсан. Б-д зээлсэн 3 сая төгрөгөө аваад дээрээс нь 2  сая төгрөг нэмж зээлсэн... Надаас  3 сая төгрөг нэхэмжилж байгаа бол эхлээд надад 10 000 юань өгвөл би 3 000 000 төгрөгийг өгнө., ...миний мэдлийн мөнгө байгаа гэхээр нь 2 000 000 төгрөг зээлсэн... ”гэж  татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлаж, гэрчээр Х.Т-ыг асуулгажээ. /хэргийн 35, 36, 25 дугаар хуудас/

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлага, татгалзлаа нотлох үүргийн дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх тухайд маргаж буй тохиолдолд тэдэнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний маргаантай харилцааны оролцогч болох зээлдэгч нь мөнгө шилжүүлснээ, зээлдүүлэгч нь мөнгийг буцаан төлснөө шүүхэд нотлох үүрэг үүснэ.

Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн болохыг нотолж нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн “тодорхойлолт” гэх нэршилтэй, гараар бичигдсэн баримтыг хэлбэрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эх хувиараа шүүхэд ирсэн бичмэл нотлох баримт буюу нотолгооны хэрэгсэл гэж үзнэ.

Хариуцагч Ч.Э нь нотлох баримт дахь гарын үсгийг өөрийнх биш гэж эсэргүүцээгүй.

Маргааны тухайд нотолгооны хэрэгсэлд авагдсан мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт болох ёстой.  Уг баримтад бичигдсэн “5000000 төгрөг бэлнээр авсан болно” гэх мэдээллийн талаар хариуцагч Ч.Э нь “...талийгаач намайг  5 000 000 төгрөг авсан гэж гарын үсэг зурж өгөөрэй би эхнэртээ үзүүлдэг юм гэж хэлж байсан. Тухайн үед миний өгсөн мөнгийг яагаад ингэж бичүүлж байгаа юм бол гэж бодсон хэлээгүй, гарын үсэг зуруулаагүй нь миний алдаа болж байна” гэж тайлбарлаж байх боловч тайлбараа өөр нотлох баримтаар давхар нотлоогүй тул хариуцагч Ч.Э-ийг уг бичмэл нотлох баримтад авагдсан мэдээллийг үгүйсгэж, няцааж чадаагүй гэж үзнэ.

Уг бичмэл нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Иймд талийгаач С.Б, хариуцагч Ч.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгждэг.

Хэргийн оролцогч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд бүрэн оролцсон ба хариуцагч нь уг мэдээллийн талаар “С.Б-д өмнө зээлсэн байсан 10 000 юанийн төлбөрт 3 000 000 төгрөгийг авч, үлдэх 2 000 000 төгрөгийг түүнээс зээлсэн, уг зээлсэн  2 000 000 төгрөгийг Н.У өгсөн” гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Хариуцагч Ч.Э нь авсан зээлээ С.Б-д эргүүлэн төлөөгүй байсан ба  зээлдүүлэгч Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан.

Нэхэмжлэгч Н.У нь талийгаач С.Б-тай 1986 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх тул тэднийг хууль ёсны эхнэр, нөхөр байсан гэж үзнэ. /хэргийн 04 дүгээр хуудас/

Хариуцагч Ч.Э нь талийгаач С.Б-д төлөх байсан зээлийн гэрээний үүрэгт 2 000 0000  төгрөгийг Н.У 2018 оны 8 дугаар сарын 17, 18-нд хоёр удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн болох нь банкны харилцах дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэрээр Н.У-ийг С.Б-ын өв залгамжлах болон гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй эсэх талаар маргаагүй байна. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх үүрэгтэй тул Ч.Э-ийг үүргийн зарим хэсэг болох 2 000 000  төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хууль ёсны эхнэр Н.У хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Н.У 2000 000 төгрөг төлсөн нөхцөл байдал нь Н.У-ийг шаардах эрхтэй гэж үзэх, улмаар Ч.Э, С.Б нарын хоорондох маргаантай харилцааны хөөн хэлэлцэх хугацааг  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” заасны дагуу тасалдсан гэж тооцох үндэслэл болж байна.  

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй дахин шинээр эхлэн тоолно гэсний дагуу энэ маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”-ийн хугацаа шинээр тоологдсон ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ч.Э нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн тул түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2020/00032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                        Ш.ТӨМӨРБААТАР