Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 392

 

С.С-ийн нэхэмжлэлтэй,

Гадаадын иргэн, харьяатын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                 Танхимын тэргүүн М.Батсуурь,                        

Шүүгчид:                              Г.Банзрагч,

                                              Б.Мөнхтуяа,

                                              Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46 дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх бололцоог олгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0430 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З, Ү.А нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/46, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/401 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0430 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гадаадын иргэн харьяатын газар нь С.С-тэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн.

4. Өмнө нь ажиллаж байсан ажилд нь шууд буцаан авах боломжгүй байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Сонсох ажиллагаа” явуулж байгууллагад байгаа сул орон тоог нээлттэй ил тодоор танилцуулж, нийслэлд өмнө нь эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаал байгаагүй тул боломжит орон тоо болох орон нутгийн салбар нэгжид ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ талаарх нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж шийдвэр гаргасан. Тиймээс уг асуудлаар “сул орон тоо байсан эсэх асуудлаарх баримтыг бүрэн цуглуулж, хариуцагчийн гаргасан дээрх акт шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгодоо нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

5. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг боломжит хэлбэрээр биелүүлж байгаа үйлдэл болохоос хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

6. Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч нь тушаалыг танилцуулаагүй буюу танилцуулахаас татгалзсан бус харин ажилтан нь өөрөө тушаалтайгаа танилцахаас санаатайгаар зайлсхийсэн байгааг давж заалдах шатны шүүх үнэлж үзээгүй.

7. Давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдал буюу “сул орон тоо байсан” эсэх нь тогтоогдоогүй байхад маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв” гэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж    заалдах   шатны   шүүхээс   хэргийг   дахин   хэлэлцүүлэхээр   буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч С.С нь Гадаадын иргэн харьяатын газрын Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 735 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

10. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, “нэхэмжлэгчийг тухайн байгууллагад байгаа сул орон тоо болох Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон” гэж, нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, урьд ажиллаж байсан орчин нөхцөлөөс дордуулан, алс хол хүчээр томилсон” гэж тус тус маргаж байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу ... нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилох үүрэг хүлээсэн, харин энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болох, дүйцэхүйц өөр сул орон тоо байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

12. Тухайлбал, захиргаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, цалин хөлс, нөхцөл буурахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуух албан тушаалд томилох ямар боломж байсан, тухайн байгууллагад энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалтай адилтгах албан тушаалын сул орон тоо байсан эсэх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

13. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр “үндэслэл бүхий байх” учиртай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шинээр томилсон албан тушаал нь ТЗ-6-1 гэсэн шатлалтай байх бөгөөд урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн шатлал хэд болох тухай баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн “цалин хөлс буурсан” гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдэх боломжгүй байна.

14. Хавтаст хэргийн 49 дэх хуудаст авагдсан “Гадаадын иргэн, харьяатын газрын сул орон тоо” гэсэн баримтыг үйлдсэн, хянасан этгээд тодорхойгүй, энэ баримт нь бусад баримтаар тогтоогдоогүй, жишээлбэл, тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан тушаал хэрэгт авагдаагүй, сул орон тоо үүссэн, эсхүл үүсээгүй тухай нотлох баримт байхгүй, шүүхээс захиргааны байгууллагыг буруутгахдаа “нэхэмжлэгчийг заавал Буянт-Ухаа дахь салбарт томилох байсан” гэж буруутгаагүй, харин тухайн байгууллагад “сул орон тоо байхгүй” гэдэг нь хангалттай тогтоогдоогүй, захиргааны байгууллага сонгох эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хамгийн тохиромжтой шийдвэрийг гаргасан гэх үндэслэлээ “баримтаар тайлбарлаагүй” гэж үзсэн болно.

15. Анхан   шатны   шүүх   нэхэмжлэлийн   шаардлагыг   тодруулах   ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн “өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх бололцоо олгох” нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нийцээгүй, бие даасан нэхэмжлэлийн шаардлага мөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

16. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0430 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ  

         ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ