Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О*******,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга хоорондын Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О*******т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Ц.О*******ийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах, 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, улирал тутмын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*******, Э.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О*******аас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын өөрт холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах, 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үр дүнгийн урамшууллын хамт гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Ц.О*******ийг Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

3. Ц.О*******ийг Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/332 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн, мөн даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн зөрчил-хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар томилсон байна.

4. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс Ц.О*******т удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хяналт, шалгалтын чиглэлээр хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг сонсгох ажиллагаа хийсэн байх бөгөөд Ц.О******* нь сонсох ажиллагааны санал, тайлбартаа Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж учир энэ хүч нэмэгдүүлэх ажиллагаанд хамрагдах боломжгүй гэж мэдэгджээ.

5. Үүний дараа Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр тушаалаар ...Ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулах харьяа гаалийн газруудад Улаанбаатар хот дахь гаалийн газрын хавсралтад заагдсан нэр бүхий албан хаагчдыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар хяналт, шалгалтын чиглэлээр хүч нэмэгдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсугай хэмээн зааж, тус тушаалын хавсралтын Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажиллах албан хаагчдын нэрсийн 6-д *******ийн О*******ийн нэрийг дурдсан байна.

6. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Ц.О******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/2025 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Хууль бусаар сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан гэх асуудлын тухайд: ...Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэж хуульчилсан бөгөөд гаалийн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Гаалийн тухай хуулиар гаалийн газар, хороодод гаалийн улсын байцаагчийг тодорхой хугацаанд сэлгэн ажиллуулахаар зохицуулсан, мөн сэлгэн ажиллуулахдаа Таны цалин хөлс, зэрэг дэв, албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулаагүй байна. 2. Ээлжийн амралт эдэлж байхад шийдвэр гаргасан гэх асуудлын тухайд: ...Таны ээлжийн амралт дуусгавар болж, ажилдаа орсон өдөр сэлгэн ажиллуулах шийдвэр гарсан байна. 3. Захиргааны шийдвэр гаргах болон мэдэгдэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй гэх асуудлын тухайд: Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн гаалийн газарт 3 сарын хугацаатай сэлгэн ажиллуулах шийдвэр гаргах гэж байгаа талаар Танд танилцуулж, сонсох ажиллагааны тэмдэглэлд Та холбогдох тайлбарыг бичсэн байна. Түүнчлэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Та Гаалийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгчээс тус газрын даргын 2023 оны Б/449 дүгээр тушаалыг авсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмаар хийсэн байна. Иймд Таныг 3 сарын хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/449 дүгээр тушаал Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. гэжээ.

7. Нэхэмжлэгч Ц.О******* нь маргаж буй тушаалд заасан ажлын байр болох Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт очиж ажиллаагүй талаар Улс хоорондын шуудан илгээмжийн газрын гаалийн улсын байцаагч Н.Ггийн тайлбар, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын гаалийн улсын байцаагч Э.А*******ын Гаалийн улсын байцаагч Ц.О*******аас тайлбар гаргуулж асуусан тэмдэглэл, Захиргаа хүний нөөц хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Р.Ю*******гийн тайлбар зэрэгт дурджээ.

8. Ийнхүү Ц.О******* нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлдээ: Ц.О******* миний бие Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 сарын 07-ны өдрийн Б/262 дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагийн эрх авч Дорнод аймаг дахь гаалийн газар Гаалийн улсын байцаагчаар, 2018 оны 08 сарын 02-ны өдрийн Б/332 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, 2022 оны 04 сарын 06-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06- ны өдрийн Б/449 дүгээр Зохин байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалаар 2023.07.17-ны өдрөөс 2023.10.17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт Хяналт шалгалт хариуцсан Гаалийн Улсын Байцаагчаар сэлгэн ажиллуулахаар хууль бусаар томилсон байсан. Ээлжийн амралтай байх хугацаанд буюу 2023.07.04-ний өдрийн 14 цагийн үед Улс хоорондын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын захиргааны ажилтан Н.Г залгаж 16:00 цагт яаралтай Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн алба дээр оч гэж мэдэгдсэн. Ээлжийн амралтаа эдэлж байгаа тухай хэлэхэд, учир шалтгааныг тайлбар өгөлгүй заавал очих шаардлага тавьсан. Удирдах ажилтнаас өгсөн үүргийн дагуу Гаалийн ерөнхий газрын төв байранд очиход, 1 дүгээр давхрын хурлын зааланд төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах сонсох ажиллагааг явуулсан. Тухайн сонсох ажиллагааг хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Б.Д******* 20 орчим Гаалийн улсын байцаагч нарт төлөвлөгөөт томилгоо хийх тухай танилцуулсан. Миний хувьд Сэлэнгэ явж ажиллах боломжгүй учир нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж болох талаар тайлбар гаргасан. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаал гарч Ц.О******* намайг 2023.07.17-ны өдрөөс 2023.10.17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт Хяналт шалгалт хариуцсан Гаалийн Улсын Байцаагчаар сэлгэн ажиллуулахаар томилсон байсан. Гаалийн тухай хуулийн 274.3-т Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан боловч энэхүү заалтыг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, ялангуяа баталгааг тусгайлан зааж, 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулийн 44.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...", мөн ЗГХЭГ дарга, ТАЗ-н даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын 3.6-д Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна гэж хуульчилсан. Гэтэл миний хувьд сэлгэн ажиллуулахыг эс зөвшөөрч тэр тухай тайлбар гаргасан байхад хууль, журам зөрчин Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаал гарсан. Миний хувьд хууль бус тушаалын дагуу ажиллахаас татгалзсан. 2023 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар тус тушаалын үйлчлэлийн хугацаа дууссан ч 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалдаа ажиллах боломж олгохгүй хуваарь гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3.-д "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох; гэж заасан. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын *******ийн О******* надад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор хууль бусаар сэлгэн ажиллуулахаар томилсон болох нь тогтоогдож үндэслэлгүйгээр ажиллаагүй гэх нөхцөл байдал байхгүй болох юм.

Маргаан бүхий тушаал гарсан 2023 оны 07 сарын 06-аас хойш Гаалийн ерөнхий газрын дарга тушаал биелүүлэхгүй байна гэж ажил хийх нөхцөл боломжоор хангахгүй, сарын төлөвлөгөө хуваарь гаргахгүй ажиллуулахгүй байгаа болно. Хамгийн сүүлд 2023 оны 12 сарын 01-ний өдөр Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын Газрын гаалийн улсын байцаагч Э.А******* гэх хүн дуудаж тайлбар авч үндэслэлгүйгээр ажиллаагүй хэмээн ажлаас халах тухай ярьсан байдаг болно. Удаан хугацаагаар ажиллаагүй цалин мөнгө аваагүй байсан тул аргагүйн эрхэнд "Н*******" ХХК-д Хүний нөөцийн менежерээр 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс түр ажиллаж байна. Үүний улмаас Ц.О******* миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлд тус асуудлаар гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 01/2025 дугаар албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлээгүй тухай мэдэгдсэн тул хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байгаа болно.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын надад холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Ц.О*******ийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгаж, 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, улирал тутмын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр тушаалын хувьд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дах заалтыг үндэслэсэн байсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-т төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх албан тушаалаас нь чөлөөлөөд шинэ албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, Гаалийн тухай хуулийн 2711.1.1, 2711.1.10-д заасан энэ зохицуулалт нь мөн адил шилжүүлэн ажиллуулах тухай зохицуулалт байгаа. Гэтэл энэ тушаалын 1 дүгээр хэсгээс харахад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаатай сэлгэн ажиллуулах агуулга бүхий тушаал гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ажиллуулаад байгаа юм уу, сэлгэн ажиллуулаад байгаа юм уу гэдэг нь өөрөө тодорхойгүй хууль зөрчсөн нөхцөл байдал үүсэж байгаа юм. Энэ нөхцөл байдал нь хариуцагчаас ирүүлж байгаа тайлбараас ч өөрөөс нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарын дөрөвдүгээр догол мөрт шилжүүлэн гэж бичээд хашилт дотор сэлгэн ажиллуулах гэдэг агуулгаар зөрчилтэй байна гэж ирүүлж байгаа юм. Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журамд шилжүүлэн ажиллуулах, сэлгэн ажиллуулахыг тусад нь зохицуулж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т төрийн албан хаагчийг өөрийн зөвшөөрлөөр шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн байгууллага хооронд бол шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-т төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан.

Сэлгэн ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журамд заасны дагуу өөрт нь мэдэгдэж зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулж болох хуулийн болон журмын зохицуулалт байгаа. Гэтэл Ц.О******* нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай, бага насны хүүхэдтэй сэлгэн ажиллах боломжгүй нөхцөл байдал байна гэдгийг мэдэгдсээр байтал 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаал нь гарсан байгаа. Энэ тушаалыг албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй.

Төрийн албан хаагчийг шилжүүлэн, сэлгэн ажиллуулах журам-ын 3 дугаар зүйлийн 3.6-д төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа албан хаагчийн өөрийн зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ гэж байгаа. Энэхүү зөвшөөрлийг бичгээр авсан байх ёстой боловч хариуцагчийн ирүүлж байгаа тайлбар болон хэргийн материалд байхгүй. Сонсох ажиллагааны хүрээнд авсан баримтаас харахад зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор хэлээд тэмдэглүүлчихсэн энэ нь хэргийн материалд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т захиргааны актыг хаялагдсан этгээдэд нь хууль ёсоор гардуулж мэдэгдэх ажиллагааг хийнэ. Мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага өөрөө хариуцаж хийх ёстой, гардуулна гэдэг нь бодитоор түүнд гардуулан гарын үсэг зурж, баталгаажуулна гэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасан байгаа, гэвч тушаалыг гардуулсан гэх баримт одоог хүртэл байхгүй.

Хариуцагчийн тайлбараас үзэхэд танилцуулах эрх бүхий этгээд биш этгээдийн компьютероос зураг авсан байдлыг албан ёсоор мэдэгдсэн мэтээр тайлбарлаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Энэ тушаал нь 07 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байсан гэтэл амралтын хугацаа дуусаад 07 дугаар сарын 06-наас ажилдаа орох гэтэл ажиллах нөхцөлөөр хангаагүй. Шүүхэд ирсэн баримт дээр бол харагдаж байгаа. Яг 07 дугаар сарын 06-наас хойших хуваарийг баталж өгдөггүй, ажиллах нөхцөлийг нь хангахгүй, Сэлэнгэд очиж ажил гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол хууль бус тушаал байна гэж маргахад хүлээж авахгүйгээр хуваарийг нь баталж өгөөгүй. Мөн энэ тушаалын үйлчлэл нь дуусаад 10 дугаар сарын 17-нд буцаад ажилдаа орох хүсэлтийг тавихад мөн хуваарийг баталж өгөөгүй. Гэтэл энэ тушаалын үйлчлэл 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болж байгаа талаар талууд маргахгүй байх гэж харж байна. Нэгэнт үйлчлэл нь дуусчихсан актыг хүчингүй болгуулах гэдэг агуулга байх боломжгүй гэж үзэж байгаа юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгодог. Яагаад хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа гэхээр яг энэ хугацаанд хууль бус тушаалын улмаас ажиллаагүй гэдэг нөхцөл байдал нь өөрөө тогтоогдож ажилгүй байсан хугацааны нөхцөл байдал нь ажлаас тасалсан биш хууль бус тушаалын улмаас ажиллах боломжгүй болж ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу тушаалыг хууль бус байсныг тогтоолгох шаардлагатай байгаа юм. Тушаалыг хууль бус байсан гэдгийг тогтоолгох үр дагавар нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэл бүрдэнэ.

07 дугаар сарын 06-наас ажилдаа буцаан авсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан байгаа. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас хүснэгтээр гаргаж өгсний дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийт цалин 16,355,371 төгрөг байгаа. Гарт олгогдох цалин нь бол 13,824,953 төгрөг байгаа. Энэхүү ажилгүй байсан цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдсэнтэй холбогдуулан албан хаагчийг түр хугацаагаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч Гаалийн ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ГЕГ-ын даргын Б/449 тоот тушаал гаргаж нэр бүхий 7 байцаагчийг 3 сарын хугацаагаар томилсны нэг нь Ц.О******* болно. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт "Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.", Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт "Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.", мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалтад "гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ... гэж заасны дагуу Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд хамаарах эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээрх тушаалын дагуу Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.О******* томилогдсон хугацаандаа очиж ажиллаагүй, энэ нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын захиргаа, хүний нөөцийн гаалийн улсын ахлах байцаагч Н.Ггийн өгсөн тайлбар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын захиргаа хүний нөөцийн албаны гаалийн улсын ахлах байцаагч Ю*******, гаалийн улсын байцаагч ******* нарын ирүүлсэн тайлбар, 2023 оны 07 сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс дуудаж биечлэн уулзаж, шийдвэрийг танилцуулсан байдал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газраас ирүүлсэн 2023 оны 11 сарын 10-ны 01/227 тоот албан бичиг болон цагийн бүртгэлээр нотлогдож байна. Мөн Ц.О******* нь тухайн түр тушаалтай холбоотойгоор МУ-ын Төрийн албан зөвлөлд шилжүүлэн /сэлгэн/ ажиллуулах шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг хянаж үзэн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 01/2025 тоот албан бичгээр Таныг 3 сарын хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн ГЕГ-ын даргын Б/449 дүгээр тушаал ГТХ, ТАХ тогтоомжид нийцсэн" байна гэсэн хариуг хүргүүлжээ. ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсээс 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 01-1.1/3362 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд уг бичигт гарсан тушаалын дагуу СэГГ-т очиж ажлаа эхлүүлэх, захиргаа хүний нөөцийн ГУБ-аар дамжуулан эргэж мэдэгдэх тухай дурдсан байна. Иймээс иргэн Иргэн Ц.О*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Маргаан бүхий актаар ганц Улс хоорондын шууд илгээмжийн гаалийн газраас бус Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нараас хамт тушаал гарсан, Ээлжийн амралтын тухайд 07 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болоод 07 дугаар сарын 06-ны өдрөөс Ц.О******* ажилдаа эргэн орох ёстой байсан. 07 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдээд тушаал нь 07 дугаар сарын 06-ны өдөр гараад өөрт нь сонсох ажиллагаа хийгдсэний дараа 07 дугаар сарын 6-ны өдөр гарсан байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага нь захиргааны актыг хуульд өөрөө заагаагүй бол өөрт нь шуудан, факс, цахим болоод бусад хэлбэрээр гардуулан мэдэгдэж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ц.О******* нь би мэдээгүй гэж байгаа боловч, өөрөө цахимаар тушаалаа хүлээн авсан. Мэдэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг баримтаар өгсөн байгаа. 07 дугаар сарын 06-наас хойш ажиллах боломжоор хангаагүй гэдэг асуудал бас яригдаж байгаа. Ажиллах боломжоор хангаагүй биш Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт очиж ажиллаач гэдэг асуудлыг бол өөрт нь тушаалаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч очоогүй. Улс хоорондын шууд илгээмжийн гаалийн газрын хуваарь сар сарын хугацаатай гардаг. Буцаж ирсэн гаалийн улсын байцаагч нар хуваарьт ороогүй байсан ч гэсэн ажлаа хийгээд явж байсан.

Сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах гэж ярьж байна. Хэрвээ сэлгэн ажиллуулах гэж үзвэл сэлгэн ажиллуулах нь 2 төрийн байгууллагын хооронд ажиллаж байгаа тохиолдолд зөвшөөрснөөр гэж Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар зөвшөөрсний дагуу төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулна гэж байгаа. Шилжүүлэн ажиллуулах нь тухайн үед Монгол Улсын хэмжээнд Шүүр ажиллагаа явагдаж байсан, гаалийн байгууллагын зүгээс тусгай шалгалт зарлаад хүн нөхөж авахын тулд 3 сарын хугацааг хангах зорилгоор хүний нөөцийн дутагдлыг нөхөх байдлаар ерөнхийдөө ажиллуулахаар уулзалт болон сонсох ажиллагаа хийгээд тушаалыг гаргасан.

Шилжүүлэн ажиллуулахаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт очоод аливаа нэгэн байдлаар албан тушаал буураагүй, албан тушаалын цалин хөлс буураагүй, авах нэмэгдэл нь буураагүй, харин ч эсрэгээрээ хилийн нэмэгдэл нэмж 25%-ийн нэмэгдэл авахаар байсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр маргаад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Ц.О******* нь тухайн үеийн нөхцөл байдлыг мэдсэн үү? гэхээр мэдсэн, тушаалаа өөрөө хүлээж авч бүгдийг харсан...Төрийн албаны хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн ажиллаж хөдөлмөрлөснийхөө үндсэн дээр цалин хөлс авах эрхтэй, Ц.О******* нь өөрөө аливаа байдлаар ажил эрхлээгүй байж 13 сая орчим төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шилжүүлэн ажиллуулах сэлгэн ажиллуулах алин болох нь тодорхойгүй, Төрийн албаны тухай хуулийн 44.2 болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 3.6-д заасныг зөрчсөн хууль бус тушаал тул үүний дагуу ажиллахаас татгалзсан...тушаалын үйлчлэх хугацаа дууссан ч 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс өмнөх албан тушаалд ажиллах боломж олгоогүй гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...албан ажлын зайлшгүй шаардлагаар 3 сарын хугацаатай томилсон, нэг байгууллагын доторхи нэгж хооронд шилжүүлэхэд зөвшөөрөл шаардахгүй, томилсон газарт очиж ажиллаагүй нь зөрчил... гэж тайлбарлан эс зөвшөөрч маргаж байна.

3. Нэг. Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О*******т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Дээрхи маргаан бүхий тушаалыг гаргахдаа хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 57 дугаар зүйлийн 57.2.3, Гаалийн тухай хуулийн 2711.1.1, 2711.1.10, Засгийн газрын 1997 оны Журам батлах тухай 153 дугаар тогтоол...-ыг тус тус үндэслэн ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан харьяа гаалийн газруудад Улаанбаатар хот дахь гаалийн газрын хавсралтад нэр заасан албан хаагчдыг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт хүч нэмэгдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах...-аар шийдвэрлэсэн байна.

3.2. Нэхэмжлэгч уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...ээлжийн амралттай байх хугацаанд....томилгоо хийх тухай танилцуулахад бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ээж болох талаар тайлбар гаргасан боловч сэлгэн ажиллуулахаар томилсон нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасныг зөрчсөн... гэж тодорхойлсныг хариуцагч ...Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдсэнтэй холбогдуулан албан хаагчийг түр хугацаагаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авсан, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д заасантай нийцсэн,...томилогдсон хугацаандаа очиж ажиллаагүй... гэж тайлбарлан маргасан.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж, 44.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж, 44.5-д Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно, 44.7. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж тус тус заасан.

3.4. Хуулийн эдгээр заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах тохиолдол тус бүрд өөр өөр урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон, өөрөөр хэлбэл төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэх-д өөртэй нь тохиролцсон байх, сэлгэн ажиллуулах-д ажилтны зөвшөөрлийг авсан байх, харин байгууллага доторхи нэгж хооронд шилжүүлэн ажиллуулахад мэдэгдсэн байх шаардлагыг тавьсан байна.

3.5. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44.5-д заасныг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/367 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журам-ын 1.1-д Энэ журмын зорилго нь байгууллагын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг оновчтой хуваарилах, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхээр гаалийн улсын байцаагчийг байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 2.1-д Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулахад Гаалийн ерөнхий газрын нэгж дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодыг ажлын ачаалал, хүний нөөцийн хэрэгцээ, гаалийн хяналт бүрдүүлэлтийн онцлог зэргийг харгалзан дараах байдлаар бүсчилнэ, 2.1.1-д А бүс-Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот, Улс хоорондын шуудан илгээмжийн, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь, Замын-Үүд дэх гаалийн газар гэж,, 2.2-т Гаалийн улсын байцаагчийг дараах нөхцөлд шилжүүлэн ажиллуулна, 2.2.1-д А бүсэд 6 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа, 3.6-д Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулахад дараах нөхцөл байдлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж шаардлагатай тохиолдолд Захиргааны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ, 3.6.3-д Гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл өөр асран хамгаалагчгүй 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, 5.1-д Гаалийн улсын байцаагч шилжүүлэн ажиллуулах тухай гаалийн удирдах төв байгууллагын хуульд нийцсэн шийдвэр, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 11-д заасан үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн уг тушаалаар батлагдсан Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журмын аргачлал-ын 2.1-д Гаалийн улсын байцаагчийг дараах нөхцөлд шилжүүлэн ажиллуулна. Үүнд "А" бүсэд 6 жилээс доошгүй, "Б" бүсэд 2 жилээс доошгүй, "В" бүсэд 2 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа бол журмын "Гурав-ыг үндэслэн шилжүүлнэ гэж тус тус нарийвчлан зохицуулж тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

3.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.О******* нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Гаалийн улсын байцаагч болж улмаар 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн журмын 2.1.1-д заасан А бүсэд ажиллаж эхэлсэн, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх болохоо тайлбарласан, шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасны дараа Н******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарны 01-ний өдрөөс нэхэмжлэгчийг Улс хоорондын шуудан илгээмжийн газарт Гаалийн улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулсан нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргадаггүй.

3.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны хариуд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/2025 дугаар албан бичгээр ...3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаал хууль зөрчөөгүй-г мэдэгдсэн, уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд хандсан байх ба энэ хугацаанд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт очиж ажиллаагүй болох нь мөн тогтоогдсон болно.

3.8. Дээр дурдсан хууль болон журмын заалтууд, хариуцагчийн тайлбараас үзвэл захиргаа нь Ц.О*******ийг 3 сарын хугацаагаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд зааснаар өөрт нь мэдэгдэх урьдчилсан нөхцлийг хангах учиртай, тухайлбал Гаалийн улсын байцаагчийн хувьд уг хуулийн 44.5-д зааснаар ...тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд уг харилцааг нарийвчлан зохицуулж буй Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмын болон аргачлалын холбогдох заалтыг баримтлахаар байна.

3.9. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44.5-д заасныг үндэслэсэн атлаа уг заалтыг илүү нарийвчлан зохицуулсан Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журам-ын 2.1, 2.1.1, 2.2.1 болон 3.6.3-д тус тус заасныг зөрчиж, Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журмын аргачлал-д заасны дагуу нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд харгалзан үзэх шалгуурыг тодорхой болголгүйгээр Ц.О*******ийг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

3.10. Тухайлбал, нэхэмжлэгч Ц.О******* нь А бүсэд 6 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа гэх шаардлагыг хангаагүйн дээр Журмын 2.3-д А бүсийн аль нэг газарт 2-оос дээш жил ажилласан бол түүнийг тухайн бүс дотор өмнө нь ажиллаж байгаагүй гаалийн газарт шилжүүлэн ажиллуулна гэж зааснаас үзвэл тэрээр шилжүүлэн ажиллах шаардлагатай тохиолдолд зөвхөн А бүс дотроо шилжин ажиллах боломжтой байснаас гадна нэхэмжлэгч нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх байгаа тохиолдолд аргачлалын Дэд шалгуур-2 хэсгийн 1-8 дахь хэсэгт заасан үзүүлэлт тус бүрээр, тодруулбал хүүхдийн тоо, хүүхдийн нас, гэр бүлийн байдал тус бүрийг оноогоор дүгнэхээр байхад энэ ажиллагааг огт хийлгүйгээр уг тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

3.11. Мөн хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт болох Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батбаяр баталсан ...гаалийн улсын байцаагч нарын ажлын байрны хуваарь-2023 оны 07 дугаар сарын 01-нээс 2023 оны 8 дугаар сарын 01 гэх баримтаас үзвэл Ц.О******* нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, уг амралтын хугацаа дуусаагүй байхад буюу 7 сарын 04-ний өдөр хариуцагчаас сонсох ажиллагааг явуулахад нэхэмжлэгчийн зүгээс ...бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ээж учир энэ хүч нэмэгдүүлэх ажиллагаанд хамрагдахгүй... гэх тайлбар гаргасан боловч журамд заасны дагуу уг асуудлыг харгалзан үзэхгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг бүхэлд нь хангаж Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О*******т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.13. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгч Ц.О*******т хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж маргаж энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч ийнхүү нэхэмжлэгчид шилжүүлэн ажиллуулах талаар мэдэгдсэн гэх үйл баримт нь дангаараа маргаан бүхий захиргааны актын үндэслэлтэйг нотлохгүй, өөрөөр хэлбэл Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн журам болон аргачлалын дагуу дүгнэсний үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах талаар тогтоосон журмаа хариуцагч зөрчсөн байна.

4. Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Ц..О*******ийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ц.О******* нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс бүхэлд нь татгалзаж байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.3. Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах болон давж заалдах хяналтын шатанд гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж, энэ тухай баримтанд гарын үсэг зуруулсан болохыг тэмдэглэв.

5. Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үр дүнгийн урамшууллын хамт гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж бичилт хийлгэх шаардлагын тухайд:

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно. гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасан.

5.2. Шүүхийн энэ шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О*******т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосон тул тухайн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

5.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч Ц.О*******ийг ажил үүргийн хуваарьт оруулж ажиллах боломжоор хангасан тул энэ хугацаанд хамаарах цалин олговрыг улирал бүр олгогдох урамшууллын хамт гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

5.4. Нэхэмжлэгчид олговол зохих цалин олговор, урамшууллын дүнгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож холбогдох бичилт хийсний үндсэн дээр олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О*******т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож Ц.О*******ийн, ажилгүй хүлээлгэсэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин олговор, урамшууллыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь Ц.О*******ийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа Гаалийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН