Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шинжээч Б.Батзориг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоо,

түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

Шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000396 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: Шүүгдэгч Т  нь 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гурван билэг” их дэлгүүрийн хойд замд Subaru Forester маркийн 36-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Номинг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоо мэдүүлэхдээ: Эгчийн охин Номин осолд орсон талаар сүүлд мэдсэн. 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Осол болсон газар тархины үйл ажиллагаа алдагдан газар дээрээ нас барсан тул эмчилгээ байхгүй, зүрх нь ажлаад байгаа гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь машин явж байсан гэдэг. Би тэр орчмын камер байгаа эсэхийг хайж байгаад дэлгүүрийн камерын бичлэгийг олсон. Тэр бичлэгт хажууд явсан машинууд нь зогссон байхад шүүгдэгч зогсоогүйгээс осол гаргасан. Хохиролд 9,200,000 төгрөг өгсөн. Дүү Номин математикт сайн олон олимпиадад орж шагнал авч байсан. Талийгаач хашаа байшингаа ломбарданд тавиад бичиг хэрэглэлийн дэлгүүр ажиллуулдаг байсан. Охиноосоо хойш эгч минь бие нь өвдөөд хүнд байгаа. Оршуулгын зардал 15,562,288 төгрөг, зээлийн төлбөр 4,637,620 төгрөг, Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6,840,000 төгрөг, тариа 10,800,000 төгрөг, эмнэлэгийн үзлэгт ороход 6,200,000 төгрөг, асран хамгаалагчийн зардал 14,400,000 төгрөг нийт 58,439,912 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 9,200,000 төгрөг өгсөн ба дээрх хохирлоос хасагдана. Маш их гомдолтой байна гэв. Гэрч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчимд манай 10 жилийн найзууд болох Дашдэлэг, Амартайван, Ганбат бид 4 уулзалдаж Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын зүүн талд байрлах пабад орж сууцгаад пиво ууцгаасан тэгээд яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна гаднаас Т  орж ирсэн. Харин найз Т  нь машинтай явж байгаа гээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд найзуудаараа нилээн юм ярьж сууж байгаад Ганбат, Амартайван нар түрүүлээд явчихсан харин Дэшдэлэг Т  бид 3 үлдээд шөнийн 02 цагийн үед пабаас гарсан. Тэгээд Субару Форестор маркийн автомашиныг Т  жолоодон жолоочийн хажуугийн урд суудал би суугаад арын суудал дээр найз Дэшдэлэг суугаад Баянбүрд орох гээд хорооллын замаар ертөнцийн зүүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Гурван билэг их дэлгүүрийн урд талын замаар зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байтал 2-р эгнээнд саарал өнгийн автомашин нь арай манай машины урдхан талд явж байсан тэгээд тэр машины урдуур нэг хүн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй гэнэт гараад ирэх шиг болсон. Тэгээд манай машин тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн. Тухайн үед уг осол хэрэг гэнэт болсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэжээ. /хх 119/ Гэрч Х.Даваасамбуу мэдүүлэхдээ: “...тэгээд караоке-с гарах гэхэд 13,500 төгрөгний тооцоо дутсан тэгсэн караокены эзэн болов уу гэмээр нэг ах, нэг зөөгч охин, Номин, Төмөрбаатар, бид 5 караокены үүдэнд гарч зогссон би тухайн үед нилээн согтуу байсан болохоор Номин би замын эсрэг талд байрлах Хаан банкны экспресс банкнаас мөнгө авчихаад ирье гээд ганцаараа түрүүлээд явсан харин түүний араас найз Төмөрбаатар нь жолооныхоо үнэмлэхийг үлдээчихээд би араас нь яваад ирэх үү гэж хэлээд явсан тэгэхээр нь би өөрийнхөө барьж байсан гар утсаа мөн адил үлдээчихээд араас нь явсан. Тэгээд би гар утасаа үлдээчихээд эргэж хараад Гурван билэг их дэлгүүрийн хойд талын зайрмагны буфет хавьцаа очиход Номин машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Тэгээд би тэр даруй Номин дээр очоод тэвэрч аваад газар суусан. Тэгээд би тэнэг малнуудаа цагдаа, түргэн дуудаач ээ гэж орилсон. Төд удалгүй түргэн тусламж ирээд Номин бид 2-г аваад гэмтлийн эмнэлэгрүү авч явсан..” /хх 121-122/ гэрч О.Төмөрбаатар мэдүүлэхдээ: “...тэгээд Гурван билэг их дэлгүүрийн булангаар тойроход түс тас хийх хүчтэй чимээ сонсогдсон тэгээд би замруу дөхөөд яваад очтол Номин нь машинд мөргүүлээд газар уначихсан байсан. Удаагүй манай найз Даваасамбуу гүйж ирээд Номинг тэврээд зам дээр сууж байсан. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн Номинг найз Даваасамбуугийн хамт аваад явсан...” /хх 124/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1202 дугаартай дүгнэлтэд: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн талын лямбда заадсаас дагзны том нүхний зүүн хажуу чиглэлтэй суурь руу үргэлжилсэн хугарлын дунд хэсгээс баруун тийш дагзны том нүхрүү үргэлжилсэн шугаман дагзны том нүхний баруун тал сэлтэрсэн нийлмэл хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн суурь, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, дээд, доод уруул, баруун алга баруун 3, 5-р хуруу, зүүн шилбэнд зулгаралт, зулайн хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5. ГССҮТ-н өвчний түүхэнд талийгаач нь 2017.6.15-ны өдрийн 10 цаг 20 минутад нас барсан байна. 6. ГССҮТ-н өвчний түүхэнд талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. /хх 129-131/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3498 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардсуудтай тохирохгүй байна. /хх 134/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5909 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Номин эм” гэсэн хаягтай цусанд 0,5 промилли спиртийн агууламж илрэв. 2. Цусанд 0,5 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх 140/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5910 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Л.Номингийн гэх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. /хх 141/ Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: /2017.6.20-ны 47360 дугаартай/ 1. Уг тээврийн хэрэгслийн МNS5011 стандартыг мөрдлөг болгож МNS4598 стандартыг шалгуур болгож үзэхэд тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. 2. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулагтай АВS системтэй, АВS систем нь ажиллахгүй энэ эвдрэл нь осолын үед үгүй бол ашиглалтын явцад эвдэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 3. Тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед замын нөхцөл байдлаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. 4. Уг тээврийн хэрэгсэлийн автомашин урд салхины шил хагарсан, баруун талын их гэрэл хагарч асахгүй болсон, урд буфер баруун талдаа хагарсан, баруун урд крило хонхойсон, хажуу гулсалтын хазайлтын хэмжээ тэнхлэг тохиргоо зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. 5. Дугуйн хээнүүд стандартын шаардлага хангаж байна. 6. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, баруун талын их гэрэл хагарч асахгүй, урд буфэр баруун талдаа хагарсан, баруун урд крило хонхойсон зэрэг эвдрэл гэмтэлт нь осолын үед үүссэн байх боломжтой. 7. Эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй /хх 151/ Замын цагдаагийн алба шинжээчийн дүгнэлтэд: /2017.9.10-ны №402/ 1. Subaru Forester маркийн 36-20 УНП дугаартай автомашины жолооч Бүрэнбадралын Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Лхагвасүрэнгийн Номин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна /хх 155/ Гэрэл зураг /хх 9-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 15-16/, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-22/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа мэдүүлэхдээ: “...” /хх 25-26/, Хохирлын баримтууд /хх 27-69/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 72-79, 80, 81/, Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 168/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 176/, ЦЕГ-н Мэдээлэл, шуурхай удирдлагын төв дуудлагын лавлагааны хуудас /хх 181/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Т  нь 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гурван билэг” их дэлгүүрийн хойд замд Subaru Forester маркийн 36-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Номинг мөргөж, амь насыг хохироосон болох нь гэрч Б.Бямбадорж /хх 119/, Х.Даваасамбуу /хх 121-122/, О.Төмөрбаатар /хх 124/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1202 дугаартай дүгнэлт /хх 129-131/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3498 дугаартай дүгнэлт /хх 134/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5909 дугаартай дүгнэлт /хх 140/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5910 дугаартай дүгнэлт /хх 141/, Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: /2017.6.20-ны 47360 дугаартай/ /хх 151/, Замын цагдаагийн алба шинжээчийн дүгнэлт /2017.9.10-ны №402/ /хх 155/, Гэрэл зураг /хх 9-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 15-16/, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-22/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа мэдүүлэхдээ: “...” /хх 25-26/, Хохирлын баримт /хх 27-69/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 72-79, 80, 81/, -Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 168/, -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 176/, ЦЕГ-н Мэдээлэл, шуурхай удирдлагын төв дуудлагын лавлагааны хуудас /хх 181/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Т ид холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих байдал нотлогдсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т  нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид оногдуулах ял, эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал 15,562,288 төгрөг, зээлийн төлбөр 4,637,620 төгрөг, талийгаачийн ээж Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6,840,000 төгрөг, тарианы үнэ 10,800,000 төгрөг, 5 жил эмнэлгийн үзлэгт ороход 6,200,000 төгрөг, асран хамгаалагчийн 5 жилийн зардал 14,400,000 төгрөг нийт 58,439,912 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6,840,000 төгрөг, тарианы үнэ 10,800,000 төгрөг, 5 жил эмнэлгийн үзлэгт ороход 6,200,000 төгрөг, асран хамгаалагчийн 5 жилийн зардал 14,400,000 төгрөг нийт 38,240,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн хохирогч Л.Номин нь Вишнфанд ББСБ-тай зээлийн гэрээ /хх 111-118/ байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт осол болсон өдрөөс хойш төлөгдөх төлбөр болох 2,756,909 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалаас хавтаст хэргийн 28 дугаар хуудсан дахь 3 ширхэг баримт харагдахгүй, 33 дугаар хуудсан дахь 306,200 төгрөг гэх боловч үнийн дүн 266400 төгрөг болж байгаа, 29 дүгээр хуудсан дахь 317,000 төгрөг, 48 дугаар хуудсан дахь 809400 төгрөг, 57 дугаар хуудсан дахь 1,236,000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул оршуулгын зардлаас хасч тооцсон болно. Иймд Иргэний хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 58.439.912 төгрөгийн нэхэмжлэлээс оршуулгын зардлаас 2,456,040 төгрөг, зээлээс 1,880,711 төгрөг, Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6,840,000 төгрөг, 5 жилийн тарианы үнэ 10,800,000 төгрөг, 5 жил эмнэлэгийн үзлэгт ороход 6,200,000 төгрөг, асран хамгаалагчийн зардал 14,400,000 төгрөг нийт 42,576751 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, оршуулгын зардал 13,106,240 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,756,909 төгрөг /2017,5,19/ нийт 15,863,149 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17,200,000 төгрөгийн хохирол төлсөн тул хохирол төлөгдсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн нэхэмжлэлээс хангаагүй нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүйг дурдах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 511353 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шинжээч Монгол Улсын Замын дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч Л.Номин явган хүний гарцнаас 80 см орчим зайтай явсан учир гарцаар гарч байсан гэж үзэхгүй тул Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Шүүгдэгчийн унаж явсан машины хурдыг тогтоогоогүй. Замын хөдөлгөөний дүрэмд гарцанд ойртон ирж яваа жолооч хурдаа хасна гэсэн болохоос зогсоно гэж заагаагүй бөгөөд шүүгдэгч гарц нэвтрэх үедээ хүнгүй байсан тул хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсэн. Иймд осол болсон асуудал хангалттай нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Осол болсон нөхцөл байдлын талаар дуудлагаар ирсэн замын цагдаагийн ажилтан ирж шүүгдэгчээр өөрөөр нь хохирогч хаана байсан талаар тодруулж осолын А цэгийг тогтоосон тухай хэргийн газрын үзлэгийн акт, Гэрч Б.Бямбадорж: ...хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Гурван билэг их дэлгүүрийн урд талын замаар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээнд саарал өнгийн машин арай машины урдхан талд явж байсан. Тэгээд тэр машины урдуур нэг хүн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй гэнэт гараад ирэх шиг болсон. Тэгээд манай машин тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн. ...явган зорчигч гарцтай их ойрхон гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх 119/, Гэрч Х.Даваасамбуу: “...Номин замын эсрэг талд байрлах Хаанбанкны экспресс банкнаас мөнгө авчихаад ирье гээд ганцаараа явсан. ...би гурван билэг их дэлгүүрийн хойд талын зайрмагны буфет хавьцаа очиход Номин машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 121/ Гэрч О.Төмөрбаатар: “...Номин түрүүлээд явахдаа надад цүнхээ үлдээчихсэн юм. Би араас нь ...явсан. Гурван билэг дэлгүүрийн булангаар тойроход түс тас хийх хүчтэй чимээ сонсогдсон. Тэгээд би зам руу дөхөөд яваад очтол Номин машинд мөргүүлээд газар уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх 124/ камерийн бичлэг зэргээс үзэхэд хохирогч явган хүний гарцаар зам гарч байсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл уг гарц нь гэрэл дохиогоор зохицуулдаггүй гарц бөгөөд явган хүний гарц болох цагаан зураасан дээр явган зорчигч яваагүй бол гарцаар гараагүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна хохирогч гарцнаас 80 см зайтай явж байсныг гарцаар гарч байсан гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч: “хохирол төлсөн тул оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх боловч уг ослоос болж хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т ийн эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 58.439.912 төгрөгийн нэхэмжлэлээс оршуулгын зардлаас 2,456,040 төгрөг, зээлээс 1,880,711 төгрөг, Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6,840,000 төгрөг, 5 жилийн тарианы үнэ 10,800,000 төгрөг, 5 жил эмнэлэгийн үзлэгт ороход 6,200,000 төгрөг, асран хамгаалагчийн зардал 14,400,000 төгрөг нийт 42,576751 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, оршуулгын зардал 13,106,240 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,756,909 төгрөг /2017,5,19/ нийт 15,863,149 төгрөгийг хангасныг шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17,200,000 төгрөгийн хохирол төлсөн тул гаргуулах төлбөргүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хангаагүй нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 511353 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Шүүгдэгч Т ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ