Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 879

 

 Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,  

шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.А, О.М,  

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.А, О.М нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох 1705001220047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ны Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............. аймгийн .................. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 1, .............. дүүргийн ... дүгээр хороо, 19б-46 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: РП.../;

Б.Д нь 2016 оноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл .... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны 2 тоотод байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл болох 14 ширхэг 9мм-ийн ПС загварын сум болон магазин, сүмбэ, кабур гэсэн галт зэвсгийн дагалдах хэрэгслийг хууль бусаар олж авч хадгалан, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Б-ны Д-г байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, эзэмших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Б.Д-г нэг жилийн хугацаагаар тэнсэж, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг ашиглах, эзэмших эрхийг хоёр жилээр хасах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9х18мм-ийн байлдааны зориулалттай бууны сум 14 ширхэг, 2 ширхэг магазин, гар бууны кабур, сүмбийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.А, О.М нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “…Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөгч нь сум, бууны гэр, дайзыг хураан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Улмаар анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар бүхэлд тооцохгүй байх хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан болно.

2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Д-ийн хадам аав Х.Б, эхнэр Б.Х нарыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдсаар байтал анхан шатны шүүх нотлох баримтаар ашигласан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцогдохгүй нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ашигласан байна.

3. Б.Д-г гэм буруутайд тооцож байгаа эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг дангаар нь ашиглаж тогтоолд дурдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан шүүх яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа ашиглаж хуулийг ноцтой зөрчсөн.

4. Анхан шатны шүүх шийдвэртээ Б.Д-г сумнуудыг борлуулах зорилгоор олон нийтийн сүлжээнд зарна гэж зар тавьсан түүний идэвхтэй үйлдлийн илрэлээр хууль сахиулах байгууллагын ажилтан илрүүлсэн гэж дурдсан. Хавтаст хэргийн материалаас үзэхэд Б.Д-г Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд галт зэвсгийн хэрэгсэл борлуулах зар тавьсныг нотлох баримтаар огт тогтоогоогүй, Фэйсбүүк сүлжээнд үзлэг хийгээгүй байтал борлуулах идэвхтэй үйлдэл хийсэн мэтээр дүгнэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Д-г гэм буруугүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрт нь байлдааны зориулалттай галт зэвсэг байсныг мэдээгүй. Сүүлд эд зүйлээ цэгцэлж байхдаа мэдсэн байсан. Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт салсан эхнэр хамаарч байгаа. Прокурорын зөвшөөрлийн дагуу эд мөрийн баримтыг хураан авах ёстой. Гэтэл зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг хураан авсан зэрэг зөрчил гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эд мөрийн баримтыг хураан авах зөвшөөрөл аваагүй гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Тухайн гэмт хэргийг олон нийтийн сүлжээнд тавигдсан зарын дагуу илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хойшлуулшгүй ажиллагааны дагуу эд зүйлийг хураан авч, хэргийг шийдвэрлэгдэх хугацаанд эд зүйлийг хадгалж хамгаалах талаар заасан. Прокурор эд зүйл хураан авсан мөрдөгчийн тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Мөн гомдолд дурдагдсан асуудлыг шийдвэрлэж цагдаагийн байгууллагад шилжүүлэх, тухайн шийдвэрийг шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан. Фэйсбүүк хаягт үзлэг хийгээгүй нь зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа биш байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Д нь 2016 оноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны 2 тоотод байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл болох 14 ширхэг 9мм-ийн ПС загварын сум болон магазин, сүмбэ, кабур гэсэн галт зэвсгийн дагалдах хэрэгслийг хууль бусаар олж авч хадгалан, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.Х-ийн “... Б.Д-ийн зарахаар авч явсан гар бууны кабур, магазин, 14 ширхэг гар бууны сум зэрэг нь бид хоёрыг хамт амьдарч байхад манай гэрт байдаг байсан. Эдгээр зүйлс нь манай ээж, аав хоёр салахад манай гэрт үлдсэн юм. Манай аав Хилийн цэргийн байгууллагад ажилладаг байсан ба одоо тэтгэвэрт гарсан. Б.Д-гийн зарахаар авч явсан дээрх эд зүйл нь манай аавын эд зүйл мөн байна...” /хх-6/,

Гэрч Х.Б-ны “...Б.Д нь манай охин Х-тай танилцаад гэр бүл болсон... Би 1991 оноос 2002 он хүртэл Хилийн цэрэгт ажиллаж байхдаа хэрэглэж байсан эд зүйл манай гэрийн авдарт байдаг байсан. Би эхнэрээсээ 2007 онд салахдаа гэртээ үлдээсэн. Тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад манай охин Х гэрт байсан дээрх эд зүйлийг найз Д-д өгсөн юм шиг байна... Б.Д-ийн зарахаар авч явсан бууны кабур, сүмбэ, магазин зэргийг Хиагтын хилийн отрядын штабын дарга надад бэлэглэж байсан. 14 ширхэг сумыг ажил хийж байхад хээрийн сургуулийн үеэр үлдсэн байсныг гэртээ хадгалж байсан юм. Би хууль бусаар байлдааны сум хадгалахыг хориотой байдаг талаар мэдэж байсан...” /хх-7-8/,

Шинжээч Ч.С-ын “...Шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ПС маркийн сумнууд нь ган зүрхэвчтэй учраас Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.2-т заасан байлдааны зориулалттай сум юм. Дээрх сумнууд галт хэрэгслэлийн ангилалд хамаарч байдаг. Гар бууны кабур, сүмбэ, магазин зэрэг нь тухайн галт зэвсгийн дагалдах хэрэгсэлд хамаардаг...” /хх-14-15/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг сум нь ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 9х18 мм-ийн, байлдааны зориулалттай, ПС маркийн сум мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 9х18 мм-ийн сумаар бууддаг буунд зориулагдсан, үйлдвэрийн хийцийнх ба ажиллагаатай сумнууд байна...” /хх-10/ гэсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3924 дугаартай дүгнэлт,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба Б.Д-д холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, дээрх зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.М, О.А нарын хамтран гаргасан “...Прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтыг хураан авсан нь хууль зөрчсөн, шүүгдэгчийн хадам эцэг Х.Б болон Б.Х нараас мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг дангаар ашиглаж тогтоолд бичсэн...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Б.Х /хх-5 ар тал/, Х.Б /хх-7 ар тал/ нарт гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, эд мөрийн баримтыг хураан авсан, олон нийтийн цахим сүлжээгээр кабур, сүмбэ, магазин, сум зэргийг худалдан борлуулах талаар зар тавьсныг нотлох баримтаар тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд галт зэвсгийг хууль бусаар эзэмшсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд галт зэвсгийн эзэмшигч нь худалдан борлуулах эсэх нь уг хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.