Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 446

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Буянтийнхан овогт Нямсүрэнгийн Нямдэлгэр /РД:ГЮ87071210/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгтэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох; 

-ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн б/528 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Бүтэц өөрчлөх тухай" б/95 дугаар тушаалаар Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. 

Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийг тогтоосон хугацаанд биелүүлж, хоёр жил гаруй хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалаар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халсан байна.

 Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажил таслаагүй хэвийн ажиллаж байсан бөгөөд энэ нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Харин 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хадам аав Булган аймгаас хүнд өвчтэй гэнэт ирсэн бөгөөд эмнэлэгт үзүүлж хэвтүүлэх гээд гэнэтийн ажил гарсан тул удирдлагадаа мэдэгдэж чөлөө авч чадалгүйгээр ажилдаа очоогүй. 

Дээрх шалтгааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/82 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.4-т заасны дагуу Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Б.Батболдод албан ёсоор амаар болон бичгээр, мөн Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очирт амаар тайлбар гаргаж байсан. Удирдлагаас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариу өгөөгүй тул миний хувийн байдлыг ойлгож хүлээн авсан гэж бодож байсан.  

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халах тушаал гаргасныг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа ирээд мэдсэн. Иймд ажлаас халах шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах үндэслэл үүсээгүй

байхад хуулийн тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан;

2. хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авсан эсэх талаар тодорхой шийдвэр гаргаж надад мэдэгдээгүй. Тухайн нөхцөл шалтгаанаа тодруулах нэмэлт баримт гаргаж өгөх бололцоо олгоогүй;

3. өмнө нь болон тухайн нөхцөл байдлын алинд нь ч  хөдөлмөрийн сахилгын зөрчил

гаргасан талаар эрх бүхий албан тушаалтнаас албан ёсны шийдвэр гарч байгаагүй;

4. миний бие Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил

гаргаж байгаагүй, үр дүнгийн гэрээний биелэлтээр “А” үнэлгээгээр дүгнэгдэж байсан. Мөн албан үүргээ хангалттай биелүүлж байсан;  

5. миний хувьд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ёс зүйн зөрчил

гаргасанд тооцсон нь хууль бус. Холбогдох журамд зааснаар ёс зүйн зөрчил

гаргасан гэдгийг Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоодог. Ийм дүгнэлт гаргаагүй;

6. хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж дүгнэсэн ч гэсэн зөрчлийн шинж байдал хариуцлагын төрөлтэй тохироогүй.

Дээр дурдсан үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20/4288 дугаар тоотоор гомдлыг хэлэлцэлгүй хаасан гэсэн хариу өгсөн. Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1667 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлд шилжүүлсэн. Харин Салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт нөхөн хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...Н.Нямдэлгэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/95 дугаар тушаалаар Стратеги төлөвлөлт, дүн шинжилгээний төвд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалаар Н.Нямдэлгэрт төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. 

 Сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан нь; 

- нэхэмжлэгч Н.Нямдэлгэр 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй тасалсан;

- дээрх өдөр Стратеги төлөвлөлт, дүн шинжилгээний төвийн дарга төвийн албан хаагчидтай хурал хийхээр зарлахад оролцоогүй; 

- Хууль зүйн сайдын шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс “...үүрэгт ажлаа сайжруулахтай холбоотой албан үүргүүдийг өгсөн” хуралд оролцоогүй;

- Н.Нямдэлгэр нь: 

o 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 248 минут ажлаас хоцорч; 

o 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр;

o 2015 оны 6 дугаар сарын 10, 23-ны өдөр;

o 2015 оны 9 дүгээр сарын 14, 28, 30-ны өдөр; 

o 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус ажил тасалсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасан "төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтын "Хууль тогтоомжид заасны дагуу …, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;", мөн хуулийн 8.4 дэх хэсэгт заасан "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, ...", мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5 дахь заалтад заасан “ажлаас халах.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.8-д заасан "ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй." гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд 2015 оны б/1364 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ Нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн хадам эцэг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас Булган аймгаас эмчлүүлэхээр Улаанбаатар хотод ирсэн. Настай хүн учраас тосч аван эмнэлэг болон гадуур цуг явах шаардлага үүссэн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаан гарсан гэдгийг байгууллагын удирдлагад тухайн өдөр, цаг хугацаандаа мэдэгдэж амжаагүй тул маргааш өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн.  

Харин ...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.Нямдэлгэр ажилдаа ирж 8 цаг ажилласан нь түүний цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа. 

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тушаал хариуцагчаас гаргасан байна. 

Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг ажлаас халах үндэслэл үүсээгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн гэдгийг мэдэгдсээр байтал үүнийг албан ёсоор шийдвэрлэж хариу өгөх ёстой. Хэрэв албан ёсоор мэдэгдсэн бол холбогдох баримтуудаа бүрдүүлэн өгөх, дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах бололцоог олгоогүй. 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, үр дүнгийн гэрээгээр ажил, албан тушаалын үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзсэн байхад үр дүн гаргаагүй, зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Иймд 2015 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэрт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Б.Батболдоос 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “...Н.Нямдэлгэр нь бусадтай маргалдан зодоон хийсний улмаас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил удаа дараа гаргасан” нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж “Хариуцлага тооцуулах тухай” дотоод албан бичгийг  тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очирт хүргүүлсэн байна. 

Үүний дагуу маргаан бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны б/1364 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5.11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зааснаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажил таслаагүй хэвийн ажиллаж байсан бөгөөд энэ нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Харин 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хадам аав Булган аймгаас хүнд өвчтэй гэнэт ирсэн тул эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх зэрэг яаралтай шалтгаанаар тус өдөр удирдлагадаа мэдэгдэж чөлөө авч чадалгүйгээр ажилдаа очиж амжаагүй  бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хариуцагчаас 2015 оны б/1364 дүгээр тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж, 

Хариуцагч нь “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй тасалсан, тус өдөр Стратеги, төлөвлөлт, дүн шинжилгээний төвийн дарга албан хаагчидтай хурал хийхэд оролцоогүй; мөн ... 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд оролцоогүй тасалсан. ...2015 оны 01 дүгээр сараас 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 248 минут ажлаас хоцорч, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 10, 23-ны өдрүүд, 2015 оны 9 дүгээр сарын 14, 28, 30-ны өдрүүд, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус ажил тасалсан” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ. 

1.1. Н.Нямдэлгэр нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Б.Батболдод 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “...2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 40 минутын үед ...үл таних 2 хүнтэй зогсоолоос болж маргалдаж нүүрэндээ цохиулж, өшиглүүлсэн. Түүнээс болж нүүр ...хавдаж, нүд хөхөрсөн. ...Цагдаагийн байгууллагад хандаж ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй.” гэх тайлбарт  дурдсан үйл баримттай талууд маргаагүй болно. 

Харин 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

-Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь:

 нэгд, “...ажил таслаагүй хэвийн ажиллаж байсан бөгөөд энэ нь цагийн бүртгэлээр нотлогдоно.”,

 хоёрт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ажилдаа ирж 8 цаг ажилласан нь цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа”  гэж,

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

 нэгд, “...нэхэмжлэгчээс уг өдөр ажилдаа ирсэн гэж нотолдог цаг бүртгэлийн хүснэгт нь хошууч Б.Баатардаш гэх хүний гарын үсэгтэй, тэмдэг дарж байж хүчин төгөлдөр болсон байх ёстой. Гэтэл гарын үсэг, тэмдэг байдаггүй”;

хоёрт, “нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө ажилдаа ирж цагаа бүртгүүлээгүй, харин орой нь 20 цаг 10 минутад ирж хурууны хээгээ таниулсан байдаг. Иймд ажил тасалсан...”  гэж маргажээ. 

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь гагцхүү хуулийн хүрээнд хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

нэгд, хариуцагч бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гомдолд “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа ирж бүртгүүлж, нүүр хавдартай байснаас ажил дээрээ байх зохимжгүй байсан тул өдөр 13 цаг 30 минутаас 16 цаг 30 минут хүртэл хавдар буулгах арга хэмжээ авч, орой нь 2,7 цаг илүү буюу 20 цаг 13 минут хүртэл ажилласан. ...Ийм учраас 2015 оны 9 дүгээр сарын 14-нд бол ажлаа бүрэн ажиллаж чадаагүй  ...” гэсэн нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар;  

хоёрт, тус газрын цаг бүртгэлийн “Temp-Supervisor” системд нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг 87 гэсэн хувийн дугаараар  бүртгэсэн байх бөгөөд хариуцагчаас тус системийн файлыг майкрософт оффисийн хэрэглээний программд хөрвүүлж нэхэмжлэгчийн цаг бүртгэлийн тайланг гаргасан байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан уг цаг бүртгэлийн тайланд: 

-“2015 оны 9 дүгээр сарын 14-нд “өглөө дараагүй”  гэсэн тэмдэглэгээ; 

-2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “ирсэн цаг” хэсэг буюу өглөө ажил эхлэхэд дараагүй, “явсан цаг” хэсэг буюу ажил тарахад “20 цаг 13 минут”-д дарсан  бүртгэлээс;

гуравт, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хошууч Б.Баатардашийн гарын үсэгтэй Н.Нямдэлгэрийн цаг бүртгэлийн тайлангийн мэдээлэлд  9 дүгээр сарын 14-ний өдөр “х” буюу хоцорсон гэж тэмдэглэгдсэн нь гэрчийн өглөө ажил эхлэхэд дараагүй боловч орой хурууны хээгээ таниулсан нөхцөлд тухайн өдөр тасалсан бус хоцорсон гэсэн тэмдэглэгээ хийгддэг , мөн тус цаг бүртгэлийн системд албан хаагч “...өглөө, орой аль нэгэнд нь цагаа бүртгүүлээгүй бол ажилласан цаг 8 гэж харагддаг”  гэсэн тус тус тайлбараар;

дөрөвт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн б/1186 дугаар тушаалаар дэд хурандаа Б.Батболд нь Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн даргаар томилогдсон  байх бөгөөд тус өдрөө “...төвийн албан хаагч нартай хурал хийхээр товолсон боловч тус төвийн мэргэжилтэн, дэслэгч Н.Нямдэлгэр ажилдаа ирээгүй шалтгаанаар хурал хойшилж, ...хуралдааныг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр зарласан” тухай Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очирт танилцуулсан албан бичгээр  тус тус нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

Мөн Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга, дэд хурандаа Б.Батболдын “...миний бие 2015 оны 9 дүгээр сарын 14-ний орой гэртээ амарч байтал тус төвийн мэргэжилтэн, дэслэгч Н.Нямдэлгэр нь “олон нийтийн цахим сүлжээн дэх” миний хувийн Facebook хаяг руу “бусдад зодуулсан гэх” захидал бичиж, өөрийн зургаа явуулсан ...”  гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн Нийтлэг үндэслэлийн 2 дахь заалтад заасан “...ажилтан нь ...ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, байгууллагын дотоод журамд хатуу захирагдаж, ...захирах, захирагдах ёсны шаардлагыг хангаж ажиллана.” гэсэн заалттай нэхэмжлэгчийн гаргасан уг зан үйл нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд нэгд, нэхэмжлэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажил таслаагүй 8 цаг ажилласан гэх нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Хоёрт, хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсанд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдын ажлын цагийг бүртгэх журмын  2.2-т “албан хаагч нь ажлын өдрөөр ажилдаа ирэх боломжгүй ..., мөн ажлын цагийн дундуур гадагш явах үедээ өөрийн шууд удирдах газар, хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, ...тэмдэглүүлнэ.”, 3.3-т “ажилдаа ирээгүй, ирсэн боловч цахим машинд бүртгүүлээгүй, ...ажилтан, албан хаагчийг ажил тасалсанд тооцож, ...” гэсэн заалттай нийцсэн байна. 

1.2. Н.Нямдэлгэр нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан гэх зөрчлийн тухайд: 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хадам аав Булган аймгаас хүнд өвчтэй гэнэт ирсэн тул авч яван эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх зэрэг гэнэтийн яаралтай шалтгаанаар тус өдөр удирдлагадаа мэдэгдэж чөлөө авч чадалгүйгээр ажилдаа очиж амжаагүй.”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн энэхүү ...хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэгч ажилдаа ирээгүйг ажил тасалсанд тооцсон.”  гэж, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хадам эцэг болох З.Баттулгын эмнэлэгийн магадлагаа болон холбогдох баримтыг байгууллагад өгөх ёстой. ...тухайн үед гаргаж өгөөгүй, ...энэ байдлаа нотолсон баримтыг өгөөгүй учраас ажил тасалсан гэж үзсэн. Мөн “...цаг бүртгэлийн тайлангаар ажил тасалсан гэдэг нь нотлогдоно.”  гэж маргажээ.  

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

нэгд, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний хадам аав Булган аймгаас хүнд өвчтэй гэнэт ирсэн ...эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх зэрэг ...шалтгаанаар тус өдөр удирдлагадаа мэдэгдэж чөлөө авч чадалгүйгээр ажилдаа очиж чадаагүй.” , хариуцагч бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гомдолд “...хадам аав 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгаас бие нь өвдөж ...ирсэн ...эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсантай холбогдуулан ажилдаа очиж чадаагүй.”  гэсэн нэхэмжлэгчийн тайлбараар;

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдын ажлын цагийг бүртгэх журмын 2.2-т заасны дагуу “Албан хаагч нь ажлын өдрөөр ажилдаа ирэх боломжгүй ...бол ...өөрийн шууд удирдах газар, хэлтсийн даргаас зөвшөөрөл авах” гэсэн заалтыг тус өдөр биелүүлээгүй зөрчсөн болох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан төрийн албанд баримтлах “захирах, захирагдах ёс”-ны зарчимтай нийцэхгүй байна.  

хоёрт, тус газрын цаг бүртгэлийн “Temp-Supervisor” системд бүртгэдсэн нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн цаг бүртгэлийн тайланд 2015 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр “ирсэн”, “явсан” цаг хэсэгт нэхэмжлэгч дараагүй  байгаа болон 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хошууч Б.Баатардашийн гарын үсэгтэй цаг бүртгэлийн тайлангийн мэдээлэлд 10 дугаар сарын 02-ны өдөр “т” буюу тасалсан  гэж тэмдэглэгдсэн бүртгэлээр;

гуравт, хэрэгт нотлох баримтаар авагдсан: 

-Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-т Загд овогтой Баттулга гэсэн нэрс болон нас засвартай;  

-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын Загд овогтой Баттулга гэсэн нэр мөн засвартай, түүнчлэн уг картын “Эмнэлэг” гэсэн хэсэг дээр бичигдсэн “БНЭ” гэх товчилсон үг Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-ны эмнэлэгийн нэр дээр бичигдсэн “БНЭ” гэсэн товчилсон үг адил;  

-түүнчлэн 10 дугаар сарын 02-ны өдөр “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-нд мэдрэлийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл бичигдсэн  тул шүүхээс нэхэмжлэгчийн хадам эцэг гэх З.Баттулга нь тус өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж, үзлэг, оношилгоо хийлгэсэн талаарх нотлох баримтыг гаргуулахаар 2016 оны 1/4237 дугаар албан бичгийг  явуулсан. Дээрх албан бичгийн дагуу тус төвийн 2016 оны 1/138 дугаар албан бичигт “...тус Эрүүл мэндийн төвд Загдын Баттулга ...нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Нийслэлийн яаралтай түргэн тусламжаар болон өөрөө ирж эмчлүүлж, үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж байгаагүй болно.  ...” гэжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 1/138 дугаар албан бичиг болон дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хадам эцэг гэх З.Баттулгыг эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа очоогүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдож байна. 

Мөн нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь 2015 оны 9 дүгээр сарын 14, мөн оны 10 дугаар 02-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан байхаас гадна “...2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 248 минут ажлаас хоцорч, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 10, 23-ны өдрүүд, 2015 оны 9 дүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд ажиллаагүй буюу ажил тасалсан”  гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн б/528 дугаар тушаалаар Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн б/95 дугаар тушаалаар  Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2013 оны б/528 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигийг үндэслэн офицерийн бүрэлдэхүүнд оруулж, цэргийн “дэслэгч” цол олгосон  байна. 

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтад заасан “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ...байгууллагын офицер, ахлагч, ...” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч” байна.   

 Иймд Н.Нямдэлгэр нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх...”, 13.1.2 дахь заалтад “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...”, 13.1.5 дахь заалтад “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх...” гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь бусадтай маргалдан зодоон хийсний улмаас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн шууд удирдах төвийн даргаас зөвшөөрөл авахгүй ажил тасалсан зөрчил удаа дараа гаргасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон, уг зөрчилд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.8 дахь заалтын “ажлын  байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй;” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5.11 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай, мэргэшсэн, ажилдаа дур сонирхолтой, үнэнч шударга, сахилга дэг журмыг сахидаг, хувийн зохион байгуулалт сайтай, зан харьцааны хувьд доголдолгүй байна.” гэсэн сахилгын болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасан сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн маргаан бүхий 2015 оны б/1364 дүгээр  тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах үндэслэл үүсээгүй байхад хуулийн тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан нь хууль бус” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, мөн “...нэхэмжлэгч нь хорих байгууллагын албан хаагчид хамаарахгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5 дахь заалтыг тушаалын үндэслэл болгосон.”  гэсэн тайлбар нь хариуцагчийн 2015 оны б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь заалтад “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч” тул хариуцагчийн 2015 оны б/1364 дүгээр  тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн заалттай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

1.3. Нэхэмжлэгч “...миний хувьд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон нь хууль бус байна. Холбогдох журамд зааснаар ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоодог бөгөөд ийм дүгнэлт гаргаагүй.” гэж маргаж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 6.1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагч нь тус байгууллагын ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тухай “иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг” үндэслэн Ёс зүйн хороо хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргах журамтай, мөн тус журмын 6.1.2-6.1.5 дахь заалтад заасан үндэслэл нэхэмжлэгч Н.Нямдэлгэрт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хоёр: “Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны б/1364 дүгээр тушаал нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль болон хууль тогтоомжид заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэлд нь тохирсон, зорилгодоо нийцсэн сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн 2015 оны б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт нөхөн хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

     Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны б/1364 дүгээр тушаалаар Н.Нямдэлгэрийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, Үндэслэх хэсгийн 1.1, 1.2-т дүгнэсэн хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагчийн 2015 оны б/1364 дүгээр тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ӨЛЗИЙСАЙХАН