Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0577

 

Иргэн Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Н.Нямдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын       15-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: “Миний бие Ө.Эрдэнэ-Очир нь Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгтэд холбогдох" захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 446 тоот шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1.     Шүүх хэргийн оролцогчоос хуульд заасан үндэслэлээр гаргасан     хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Н.Нямдэлгэр ажлаас гарсны дараа цагийн бүртгэлийн системээс 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн цагийн бүртгэлийг гаргуулан авч хариуцсан ажилтан С.Галт-Оч түүнийг баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг.

Шүүх хуралдаанд С.Галт-Оч гэрчээр асуугдсан бөгөөд дээрх баримт дээрх гарын үсэгийн "Миний гарын үсэгтэй төстэй юм байна. Ямар сонин юм бэ? зэргээр эргэлзсэн байдал гаргаж улмаар биш байна” гэх мэдүүлэг өгсөн. Дээрх баримт нь Н.Нямдэлгэрийг захиргааны зөрчил удаа дараа гаргасан эсэхийг нотлох гол баримт бичиг. Иймээс өмгөөлөгч миний зүгээс дээрх гарын үсгийг С.Галт-Очийнх мөн эсэх талаар "шинжээч томилуулах" хүсэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасны дагуу гаргасан боловч шүүх тус хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж дээрх нотлох баримтын талаар үнэлэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь өөрийн мөрдөн шалгах үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх процесс, нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн бодитой үнэлэж хэргийг шийдвэрлэх үүргээ зөрчсөн.

2.  Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн:

Шүүхийн шийдвэрийг хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй дараах баримтыг үндэслэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг зөрчсөн. Үүнд:

1.     Хариуцагчаас "цагийн бүртгэлийн программ"-аас гаргасан гэх эксел файлаас хэвлэж гаргасан цагийн бүртгэлийн материал

2.     Хариуцагчаас фейсбүүк олон нийтийн сүлжээний мессенжер  програмаас хэвлэн гаргасан Н.Нямдэлгэр болон Б.Батболд нарын чаатыг хэвлэн гаргасан материал

Дээрх бүх баримтыг хэвлэн гаргаснаар шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Харин шаардлагатай тохиолдолд дээрх цагийн бүртгэлийн систем болон фейсбүүк хуудаст үзлэг хийж дээрх нөхцлүүдийг тогтоосны үндсэн дээр үзлэгийн тэмдэглэл хуулиар зөвшөөрсөн нотлох баримтын шаардлага хангаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой.

3.  Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халах үндэслэлтэй. Хариуцагч нь Н.Нямдэлгэрийг төрийн албанаас халахдаа төрийн албаны тухай хуулийн 25-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг үндэслээгүй.

Шийдвэр гаргахдаа төрийн албаны тухай хуулийн 26.1.3-д заасныг үндэслэхдээ тус хуулийн 26.1-д заасан үндэслэл бий болсон эсэхийг дүгнээгүй.

Захиргаа шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл үүссэнийг тогтоож нотлосоны үндсэн дээр холбогдох хуулийн заалтыг хэрэглэх ёстой. ШШГЕГ-ын дарга Б.Билигтийн зүгээс дээрх шийдвэрий гаргахдаа Н.Нямдэлгэр Төрийн албаны тухай хуулийн 26.1 болон түүний үндэслэл болох тус хуулийн 13, 15, 40- р зүйлийн аль заалт, зүйл хэсгийг зөрчсөн талаар дүгнээгүй түүнийг үндэслээгүй нь хууль зүйн үндэслэлгүйгээр төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна. Үүнийг шүүх өөрийн шийдвэрээрээ зөвтгөсөн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 06 сарын 15-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 446 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, захиргааны шүүхийн мөрдөн шалгах үүргийн хүрээнд холбогдох нотлох баримт цуглуулах, зарим баримтыг хуулиар зөвшөөрсөн нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж төрийн албаны үндсэн зарчмыг, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл шаардлага, түүний төрлийг, мөн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг тус тус тодорхойлон  заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн албанд хуулийг дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдаа дутагдлын улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцах үндсэн зарчмын хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 205 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг дээдлэн сахиж биелүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд сахилга дэг журам бэхжүүлэх, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх...” зорилго бүхий “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, хүнд хөнгөн, гэм буруугийн хэр хэмжээ, ажилтны хувийн байдал зэргийг харгалзана”, 2.2-т “Сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон байна” гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх нөхцөл, үндэслэлийг, 3.2-т “...ажлаас халах шийтгэлийг зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ногдуулна” гэж сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг, мөн дүрмийн 4.1-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж сахилгын шийтгэл ногдуулах хугацааны хязгаарыг тус тус заажээ.   

Хариуцагчаас нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг 2015 оны 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд түүний ажил тасалсныг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж үзсэн атлаа тус байгууллагад мөрдөгдөж буй сахилгын болон ёс зүйн дүрэмд заасны дагуу  шалгаж тогтоогоогүй, гаргасан тайлбарт нь хариу өгөөгүйн дээр тухайн өдрүүдэд ажлын байрны тодорхойлолтод заасан ямар албан үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлснийг баримтаар нотолж тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн “...ажилдаа ирээгүй, ажил тасалсан...., ажлаасаа хоцорсон... хуралд оролцоогүй...” тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэмд хариуцлага хүлээлгэхээр заасны дагуу сахилгын арга хэмжээ авсан...” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон байна”, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа сахилгын зөрчил гаргасан ажилтан болон холбогдох албан тушаалтан, иргэн, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж тайлбар, тодорхойлолт авч баталгаажуулсан байна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-д “ Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан үзэж, дүгнэлт гаргахаас гадна алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна” гэж тус тус заасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бусадтай маргалдан зодолдсоны улмаас ажил тасалсан, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэмд заасны дагуу Н.Нямдэлгэрийн  бусадтай маргалдан зодолдсон эсэх, тэр нь түүний буруугаас шалтгаалсан эсэх, ийнхүү зодолдсоны улмаас тухайн өдөр хэдэн цаг ажил тасалсан эсэхийг шалгаж, баримтаар тогтоогоогүйн дээр ажил тасалсны улмаас ямар албан үүрэг хэрхэн хангалтгүй биелэгдсэн эсэх талаар баримтаар  нотолж тогтоогоогүйн дээр мөн тэрээр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Батболдод хандаж “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хадам аав Булган аймгаас ирэхэд тосч авсан ... 13 цагт ажил дээрээ ирсэн” гэх түүний энэхүү тайлбарт хариу өгөөгүй, Ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад нэхэмжлэгчид “төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг зөрчлийн шинж байдалд нь тохирсон, хууль журамд нийцсэн шийдвэр  гэж үзэх үндэслэлгүй. 

             Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн 2015 оны эхний хагас жилд ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай хэрэгжүүлж байсныг нотлох баримт болох “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг үнэлэх илтгэх хуудас /“92.5 хувь буюу “А” /хангалттай/ үнэлгээтэй[1] гэж дүгнэгдсэн”/ авагдсан байхын дээр хариуцагчаас зөрчлийг шалгаж тогтоогоогүй атлаа “...сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь нэхэмжлэгч Н.Нямдэлгэр 2015 оны 09 дүгээр сарын 14, 28, 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус ажилдаа ирээгүй тасалсан, ...нийт 248 минут ажлаас хоцорч.., ..тус төвийн албан хаагчидтай хурал хийхэд оролцоогүй...” гэж өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээс өөр шалтгаан үндэслэлийг зааж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан  шийдвэрийг зөвтгөн тайлбарласан нь маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэлд тооцох үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхын дээр “...нэхэмжлэгч Н.Нямдэлгэр нь бусадтай маргалдан зодоон хийсний улмаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн шууд удирдах төвийн даргаас зөвшөөрөл авахгүй ажил тасалсан зөрчил удаа дараа гаргасан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон, уг зөрчилд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэгэнт нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь халсан хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн буруугаас учирсан хохирол болох ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 8 сар 8 хоногийн хугацааны цалин хөлс 7.135.968 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэдийгээр шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй хэдий ч хариуцагчаас төрийн албан хаагчид “ажлаас халах сахилгын шийтгэл” ногдуулахын өмнө холбогдох хууль, журамд заасны дагуу зөрчлийг шалгаж тогтоосон эсэх, тэрхүү шийтгэл нь тухайн төрийн албан хаагчийн гаргасан зөрчилд нь тохирсон эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж үзлэг, оношилгоо хийлгэсэн талаарх нотлох баримтыг гаргуулж түүнийгээ үнэлэн нэхэмжлэгчийн тайлбарыг няцаах, хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болгосон нь учир дутагдалтай байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын        09-ний өдрийн б/1364 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7.135.968 /долоон сая нэг зуун гучин таван мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг Н.Нямдэлгэрт олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ