| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2020/00881/И |
| Дугаар | 135/ШШ2020/01019 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2020/01019
| 2020 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 135/ШШ2020/01019 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00881/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байрны 69 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
"Хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах" тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ласти интернэшнл ХХК-тай 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.
Ласти интернэшнл ХХК-иас Хөрөнгө оруулалтын гэрээ-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг мкв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 мкв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
Хариуцагч болох Э.******* нь 10А байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.
Ийнхүү хариуцагч Э.******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Э.*******г Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 69 тоот, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тус байр нь нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийн орон сууц бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Д.*******гийн хувьд Ласти интернэшнл ХХК-тай барьсан орон сууцны анхны хөрөнгө оруулагч бөгөөд орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 02 сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Э.*******гийн эзэмшиж байгаа байртай нийлээд 10а байранд 24 айлын орон сууцны өмчлөгч бөгөөд зарим айлууд нь тодорхой эвлэрлийн гэрээ хийгээд байрандаа хууль ёсоор оршин сууж байгаа. Гэтэл Э.*******гийн хувьд бидэнтэй ч уулздаггүй, шүүхэд ч тайлбар өгөөгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байрны 69 тоотыг чөлөөлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх буюу тус орон сууцыг Э.*******гийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 02 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 24 айлын орон сууцны зориулалттай, 1423,42 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******г эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 69 тоот орон сууц нь үүнд багтсан байна.
Мөн нэхэмжлэгч талаас 2020 оны 06 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд энэхүү лавлагаагаар 2019 оны 02 сарын 21-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Д.******* бүртгэгдсэн, түүнээс хойш өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл байхгүй, 2019 оны 02 сарын 28, 2019 оны 09 сарын 23-ны өдрүүдэд тус тус түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдэж байгаад 2019 оны 11 сарын 25-ны өдөр эрх сэргээх тусгай тэмдэглэл тус тус бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 69 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.
Хариуцагч Э.******* нь тус орон сууцыг эзэмшиж, оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч Э.******* нь шүүхэд ирж, нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Э.******* нь 2020 оны 07 сарын 16-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн туслахын тэмдэглэлээр 2020 оны 09 сарын 09-ний өдөр хариуцагч Э.*******тай холбогдож, хариу тайлбар ирүүлэх хугацаа дууссан талаар мэдэгдэж, өмгөөлөгч авах эрхтэй талаар дахин тайлбарлаж өгсөн, 2020 оны 09 сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаас өмнө тайлбараа ирүүлэхийг мэдэгдэж байсан, мөн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн зэрэг нь тогтоогдож байна.
Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч Э.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******гийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.*******гийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ