Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/664

 

 

 

 

 

 

  2022             06              28                                        2022/ДШМ/664

                                               

Т.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.М, С.Ц,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Э.У,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-д холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х замд “Тоёота Приус-20” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Д.Т-ий амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 3 жилийн хугацаанд “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрхий бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Нийслэлийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н нь сэтгэл санааны хохирол, гэм хор учруулсны төлбөрт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Т.Э-ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол зайлшгүй зардалд 21.490.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Э төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлсөн, цаашид нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.Учир нь:

Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон, учирсан хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой байгаа байдал нь хэрэгт тогтоогдсоор байтал шүүгдэгчид хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчмыг зөрчиж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан ял шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, үүний дагуу хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Тодруулбал:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлсөн, цаашид нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзсэн хэрнээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас амь нас хохирогчийн ард үлдсэн бага насны 2 хүүхэд, нялх 1 хүүхэд тэдний амьдралд нөхөж баршгүй хор уршиг учирсан гэдэгт огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй нь тогтоогдоно.

2. Шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүйгээс анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулалгүй ял завших боломжийг олгож, хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би гэмт хэргийн улмаас бага насны 2 хүүхэд болон бие давхар хоцорч, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад 3 дахь хүүгээ төрүүлж, бие, сэтгэл санааны асар их тэвчээр гаргаж, амьдралын нөхцөл байдал хэзээ ч өмнөх шиг хэвийн байдалд орохгүйгээр бүх талаараа хохирч байгааг анхан шатны шүүх харгалзаж үзэхгүй байгаад туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хариуцлагын зорилтод нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Э нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшдэггүй, “тухайн үед ядарчихсан явж байсан” зэрэг шалтаг хэлдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш хүнд байдалд байгаа. Шүүгдэгч Т.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй огт уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Шүүгдэгчийн унаж явсан машин шон дээр бараг өлгөгдчихсөн байсан нь түүнийг хэр хурдтай явж байсныг харуулж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын өмгөөлөгч С.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн хэрнээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдлыг анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилтод нийцээгүй хэт хөнгөн ял оногдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надаас хамаарах зүйл байвал би чадахаараа тусална. Би энэ хэргийг санаатай үйлдээгүй” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-д тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй биш байсныг тогтоосон. Тухайн үед шүүгдэгч “Х” ХХК-д олон цагаар амралтгүй ажилласны улмаас гэмт хэрэг гарах болсон. Шүүгдэгч тухайн үед 3 хоногийн хугацаанд өглөөний 05 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажилласан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад “шүүхээс оногдуулсан ял хэт хөнгөдсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн” гэсэн байгаа нь хэргийн бодит байдлыг харгалзан үзэхгүйгээр субьектив байдлаар хандсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг сонгон хэрэглэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд шүүхээс гэмшиж буй иргэнийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь хэт хөнгөн ял биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн 21.490.000 төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн …. дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Х” замд “Тоёота Приус-20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Д.Т-ний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын “...Манай нөхөр Д.Т нь Тэрэлжид байдаг хувийн байшин барих ажил аваад 2 жил ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15:45 цагийн үед Тэрэлж рүү ажлаа хийхээр явсан,  орой 23:30 цагийн үед над руу видео дуудлага хийж ярихдаа ажил дуусаагүй байна одоо 2 машин зуурмаг ирнэ гэж хэлээд утсаа тасалсан. Удаагүй 15 минутын дараа дахиж залгаад хүүхдүүдтэйгээ ярьчихаад ажил руугаа гарлаа гээд салгасан. Тэрнээс хойш холбогдоогүй. Үүрээр 06:00 цагийн үед байгууллагын захирал Н.О над руу залгасан байсныг мэдээгүй унтаж байсан болохоор манай аав руу залгаж яриад Хонхорын замд осолд ороод манай нөхрийг нас барсан байна гэдгийг хэлсэн байсан. Манай аав надтай хамт байсан болохоор намайг сэрээгээд хэлсэн. Би аав, дүү нарыгаа дагуулаад Тээврийн цагдаагийн албан дээр ирэхэд зам тээврийн ослоор нас барсан гэдгийг мэдээд Шүүх шинжилгээний газарт очиж цогцсыг харахад манай нөхөр мөн байсан. Тэгээд оршуулгын ажил 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болсон. ...” /1хх 57/,

иргэний нэхэмжлэгч Н.М-ийн “...Би “Х” ХХК-д туслах ажилтнаар 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байна. Манай байгууллага Тэрэлжид амралтын газрын байшингийн суурийн цутгалтын ажлыг 2021 оны 07 дугаар сарын 10-ны 22:00 цагаас эхэлж шөнө 01:30 цагийн үед дууссан. Тэр үед ерөнхий инженер Т ах болон инженер Э ах шөнөдөө хот руу буцна гэж ярилцаад байхаар нь миний нойр хүрээд байсан болохоор түрүүлээд машиныхаа хойно ороод унтчихсан. Тэгээд гэнэт түс тас хийх чимээ гарахаар нь сэрэхэд машин онхолдчихсон юм уу гэмээр байдалтай байсан ба Э ах намайг дуудаад машинаас буух арга байна уу гэхээр нь баруун талын арын хаалгыг онгойлгоход машин нэлээн өндөрт хойд хоёр дугуй хөндийрсөн байдалтай байхаар нь үсрээд буусан. Тэгээд өөрийн ……………. дугаараасаа түргэн дуудсан, энэ үед Э машинаас гарчихсан Т ахыг сэрээх гээд оролдоод сэргэхгүй, дахин дахин дуудаад бараг 25-30 минутын дараа түргэний машин ирээд Т ахыг машинаас буулгаж үзээд зүрх нь зогсчихсон байна гэж хэлсэн. Энэ үед замын цагдаа нар ирсэн. Түргэний эмч Э ах бид хоёрыг машиндаа суулгаж биеийн байдлыг үзсэн. Миний нэр дээр л бүртгэлтэй болохоос Т.Э ахын машин болохоор миний зүгээс эвдрэлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. ...” /1хх 62/,

иргэний хариуцагч Н.М-ийн “...Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй боловч манай ажлын газрын ах Т.Э-ын машин байгаа юмаа. Би түрүүн нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө энэ асуудлын талаар болон ослын талаар өөрийн мэдэх зүйлээ хэлсэн болохоор одоо надад дээрх мэдүүлгээс өөр ярих зүйл байхгүй байна. ...” /1хх 64/,

Т.Э-ын “Манай “Х" ХХК нь “Ж” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Тэрэлжийн баруун хойно байрлах Горхи тэрэлж амралтын газрын орчим хүүхдийн зуслан болон амралтын газрын барилгын цутгалтын ажил хийхээр болж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс цутгалт хийх бэлтгэл ажил эхэлсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22:30 цагийн үед цутгалтын ажил эхэлж шөнө 00:30 цаг өнгөрч дуусаад амрах гэхэд ерөнхий инженер Д.Т “цутгалтаа эрт дууссан болохоор Улаанбаатар хот руу явъя” гэж хэлсний дагуу би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын ........................ улсын дугаартай автомашиныг жолоодон миний хажууд талын урд суудалд Д.Т, арын суудалд М суугаад 01:08 цагийн үед хөдөлсөн. Цутгалт авсан газар маань Улаанбаатар хотоос 70 км зайтай болохоор шөнийн 02:00 цаг өнгөрч /цаг сайн санахгүй байна./ Налайхын шинэ зам руу орж ирсэн. Тэгээд Х уруудаад явж байхад хажууд талд болон ард сууж явсан хоёр хүн хоёулаа унтаад явсан болохоор миний нойр хүрээд байхаар нь замын хажуу тал руу гарч зогсоод нойроо сэргээе гэж бодсон боловч тэрүүхэн зуур зүүрмэглээд сэргэхэд замын баруун талын төмөр шонг мөргөж байгаа харагдсан. Тухайн үед арга хэмжээ авч чадаагүй, машин яах ийхийн зуургүй шон мөргөж эргэлдээд онхолдсон. Тэгээд машин зогссоны дараа ойр орчмоо харахад М арын суудал дээр босоод суучихсан хажууд талын урд суудал дээр Д.Т ах ухаангүй байдалтай хоёр хөл нь миний суудлын хажуугаар ороод ирчихсэн байхаар нь дуудаад сэргээгүй. Тэгэхээр нь М-ийг машинаас буу гэж хэлчихээд өөрөө хамт машинаас буугаад М-ийн утсаар түргэн дуудаад түргэний эмч ирэхийг хүлээх зуур Д.Т ахыг гарын судсыг барьж үзэхэд цохилж байсан. Осол болсноос хойш бараг 1 цагийн дараа түргэний эмч ирээд Д.Т ахыг машинаас гаргаж тэргэнцэр дээр хэвтүүлж үзчихээд нас барчихсан байна гэж хэлээд М бид хоёрыг үзэж миний баруун гарын долоовор хуруу гэмтсэн байсныг боож өгсөн. Энэ үед замын цагдаа нар ирж хэмжилт хийгээд машин ачиж явсан" /1хх 134/,

иргэний хариуцагч Я.Н-ын ‘‘Манай байгууллага нь 2012 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх компани байгуулахдаа А.Б, Д.Б, Д.Т, Ж.Т бид 5 хүний гишүүнчлэлтэй 1 хүн 20% хувьцаа эзэмших дүрмийн заалттай эхэлсэн. ...манай байгууллага “Т” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж ажил үүрэг гүйцэтгээгүй. Харин 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д.Т авто ослоор нас барсны дараа цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиж уулзах үед 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХХК-тай “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх” гэрээг Д.Т-ний эхнэр Н цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байснаар анх удаа харсан. Тэгээд “Т” ХХК-ний ерөнхий инженер Н-тай утсаар ярьж асуухад энэ жилээс Д.Т-тэй ярилцаад шинэ ажил хийж эхэлсэн. Танд Т гэрээг танилцуулаагүй юм уу гэж асууж байсан. Миний ойлгосноор “Т” ХХК нь гэрээнд гарын үсэг зуруулаад Д.Т-д өгч явуулсныг надад хэлэлгүйгээр байгууллагын тамга дарж миний нэрийг дуурайн зурсан байсан. Энэ талаар ослын дараа Н-тай уулзаж яриад асуухад “та мэдэхгүй байх нь аргагүй, Чухаг хотхоны .... давхраас 40 м.кв үйлчилгээний талбай худалдаж авахаар болоод энэ ажлыг хийгээд эхэлсэн байгаа гэж хэлсэн. Би “Т" ХХК-тай “Тусгай мэргэжлийн ажил туслан гүйцэтгэх” гэрээг харахад байгууллагын тамга дарагдсан нь мөн байсан. Харин миний гарын үсэг биш байгаа. Энэ талаар харьцуулах шинжилгээ явуулж болно. ...Д.Т нь 2020 онд хийсэн ажлын тооцоо нийлэхэд байгууллагын тамга хэрэгтэй байна гээд 2021 оны 06 дугаар сарын эхээр ажил дээр байхад надаас тамга авч яваад 06 дугаар сарын сүүлээр би байгууллагын цалин тавих гээд буцааж авахад Амгалан вокзалын хойд талын “Хаан” банкны үүдэнд Д.Т эхнэр Н-ын хамт ирж надад өгч байсан. Тэр үед л дээрх гэрээг байгуулсан байна гэж би бодож байна. ...” /2хх 193-194/,

гэрч Ж.Т-ын “...Би 2012 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-г танил дүү А.Б, Я.Н бид гурав үүсгэн байгуулж 2013 оноос найз Д.Т болон Д.Б нар хувь нийлүүлж нийт 5 хүний гишүүнчлэлтэй тус бүр 20% хувьцаа эзэмшиж байгаад 2013 ондоо /жижиг/ А.Б компаниас гарч 4 хүний хувь эзэмшилтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос албан ёсоор нэр хасагдаагүй ч Д.Б гарч 3 хүний гишүүнчлэлтэй байж байгаад 2020 оноос санхүүгийн хувьд тус тусдаа үйл ажиллагаа явуулж “Х” ХХК-ний зөвшөөрлөөр гэрээ хэлцэл байгуулахад тамга тэмдгээ ашигладаг болсон. Би гэхдээ “Х” ХХК-д хувьцаа эзэмшигч боловч тусдаа үйл ажиллагаа явуулдаг. “...Х” ХХК-г анх 5 хүний хувьцаа эзэмшилтэйгээр 1 хүн 20% эзэмшихээр үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш хувьцааны талаар ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Д.Т 20% хувьцаа эзэмшдэг хэвээрээ гэсэн үг юм. ...Би Д.Т-г Тэрэлжид амралтын газрын барилга дээр ажиллаж байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би болон манай захирал Я.Н бид хоёр Д.Т-ий ажилд ямар нэгэн байдлаар оролцоо байхгүй. Мөн санхүүгийн асуудлыг Д.Т өөрөө шийдвэрлэдэг юмаа. Ямар байгууллагатай гэрээ байгуулж ажил авсан талаар мэдэхгүй байна. ...” /1хх 156/,

гэрч П.Н-ийн “...Би 2020 оны 05 дугаар сараас эхэлж “Т” ХХК-д инженерээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ...Налайх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар барих барилга угсралтыг хийж гүйцэтгүүлэхээр захиалагч талаас “Т” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Х” ХХК оролцож "Тусгай мэргэжлийн ажил туслан гүйцэтгэх” гэрээ байгуулж 2021 оны 06-р сарын сүүлээс ажил эхэлсэн. Гэрээг “Холбоо чандмань консракшн” ХХК-ийн ерөнхий инженер Д.Т авч яваад Н захирлаар батлуулж тамга даруулж ирүүлснийг манай байгууллагын дарга танилцаж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Мөн гэрээнд хоёр талын инженерүүд оролцож гарын үсэг зурсан байгаа. ...Гэрээнд авагдсан ажлын дүн болох 100 сая орчим төгрөгийн ажлыг 100% бартераар хийхээр Д.Т-тэй тохиролцож гэрээ байгуулсан. Бартерт манай байгууллагаас Дүнжингарав худалдааны төвийн урд талд байрлах “Чухаг-2” хотхоны ... давхрын 40 м.кв үйлчилгээний талбайг өгөхөөр тохиролцсон байсан. ...” /1хх 159/,

гэрч Ц.Н-ын “...2018 онд Дүнжингарав худалдааны төвийн урд талд баригдаж байсан Чухаг-2 хотхоны барилгын ажил хийгдэхэд Д.Т нь “Холбоо чандмань констракшн ” ХХК-ний инженер гээд барилгын талбай дээрээ байнга ажилладаг. Би уг хотхоны гадна тохижилтын ажлыг гүйцэтгэдэг талбай дээрээ байдаг болохоор тэр үеэс ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Тэрнээс хойш мэнд устай явдаг байсан. ...Манай компани Налайх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ган хадат” нэртэй амралтын газар барихаар “И” ХХК-тай ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж ажлаа хийлгэхээр болсон. ...тухайн үед “И” ХХК-ний захирал С надад аман байдлаар хэлж байсан. Тэгээд 2021 оны 06-р сард намайг Завхан аймаг Н суманд ажил явдалтай явж байхад “И” ХХК-ний захирал С надтай яриад “Х” ХХК-тай гэрээ байгуулж барилгын цутгалтын ажлыг хийлгэхээр болсон гэж хэлж байсныг сонссон. Би “Тусгай мэргэжлийн ажил туслан гүйцэтгэх” гэрээг 2022.03.14-ний өдөр ерөнхий инженер Н-гаас мэдсэн. Уг гэрээнд манай байгууллагын тамга дарагдсан нь үнэн, гэхдээ гарын үсгийг би зураагүй, хэн зурсныг мэдэхгүй байна. ...” /2хх 196/,

гэрч М.С-ийн “...2021 оны 06 дугаар сард “Х” ХХК-ний ерөнхий инженер надтай ирж уулзаад Тэрэлжид баригдаж байгаа амралтын газрын бетон цутгалтын ажлыг хийхээр тохиролцсон. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Тусгай мэргэжлийн ажил туслан гүйцэтгэх” гэрээг гаргаж, “Т” ХХК-ний захирал Н ажил явдалтай Завхан аймагт явж байсан болохоор толгой компани болох “Б” ХХК-ний захирал Х.Б-аар Н-ын гарын үсгийг зуруулж Н захирал эзгүй үед тамгыг би хариуцдаг байсан болохоор би “Т” ХХК-ний тамгыг дарж өгөөд Тэлмэнг “Х” ХХК-н гэрээгээ баталгаажуулж ирүүл гээд 2 хувь гэрээг өгч явуулсан. Тэгээд удаагүй 2 хоногийн дараа гэрээнд гарын үсэг зуруулаад тамга даруулаад ирлээ гээд гэрээний 1 хувийг өгч гэрээний дагуу ажлаа эхлүүлсэн. Манай байгууллагаас өмнө барьсан “Чухаг-2” хотхоны барилга дээр цутгалтын ажил хийж байсан болохоор тэр үеэс Д.Т-г ажил хэргийн журмаар таньдаг болсон. ...” /2хх 199/ гэх мэдүүлгүүд,

 “Д.Т-ий цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархайгаас зүүн чулуулаг, турк эмээл, баруун чулуулаг дайран, баруун чамархай хүрсэн хөндлөн салсан хугарал, суурь ясны зүүн их далавчнаас зүүн чулуулаг дайрч, зүүн арын хонхор хүрсэн босоо шугаман хугарал, доод эрүүний хугарал, баруун 1,2,10-р хавирганы дан, 3,4,5,6,8,9-р хавирганы хоёрлосон, 7-р хавирганы гуравласан, зүүн 1,2.3.4.5.6.7-р хавирганы хоёрлосон, зүүн эгэм 8,9-р хавирганы дан хугарал, хоёр уушгины няцрал, цус хуралт, шарх, элэгний 7,8-р сегментийн няцрал салсан урагдал, 5-р сегментийн язрал, голтын эрхтнүүдийн ар бэхлэгдэх хэсгийн цус хуралт, баруун атгаал ясны далд хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1378 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 83-87/,

 “Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрмэнд 47мм, 40х38мм, 402мм, 104мм, 205мм, 73х80мм, 37мм, З6мм, богино ханцуйтай цамцанд 97мм, 29х22мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрмэнд үүссэн 40х38мм, 73хх80мм хэмжээтэй гэмтлүүд, богино ханцуйтай цамцанд үүссэн 29х22мм хэмжээтэй гэмтэл нь гогогдож татах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн гогдолтууд, уг хүрэм, богино ханцуйтай цамцанд үүссэн бусад гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн урагдалт, ханзралтууд байна” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1935 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 108-115/,

“Н.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6217 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх 120-121/,

 “Тоёота Приус 20” загварын .............. улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Т.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэсэн Тээврийн Цагдаагийн албаны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаар мөрдөгчийн магадлагаа /1хх 124-125/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21/, оршуулгын зардал болон бусад зардал нэхэмжилсэн баримтууд /1 хх 31-52, 2хх- 55-80/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, иргэний хариуцагч Я.Н нарын хоорондоо байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /2хх 171-172/, шүүгдэгч Т.Э-ын жолоодох эрхийн лавлагаа /1 хх 137/, шүүгдэгч Т.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 138/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 140/, шүүгдэгч Т.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 153/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2хх 219-225/ зэрэг нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Д.Т-ий амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Т.Э-ыг “Тоёота Приус-20” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, ослын улмаас Д.Т-ий амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н “...шүүгдэгчид хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчмыг зөрчсөн. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ..” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажилагааны явцаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 21.490.000 төгрөгийн зардлыг төлсөн зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэснийг  буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...хүний амь насыг хохироосон...” гэсэн хуульд байхгүй шинжээр гэм буруутайд тооцсон байгааг “...хүний амь нас хохирсон...” гэж зөвтгөж шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүний амь насыг хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ