Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0827

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0715 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Эр, С.Э нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0715 дугаар шийдвэрээр: ”Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дугаар зүйлийн 290.2.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоот 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: ““В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагч Г.Э, С.Э нар нь Гаалийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40/16 дугаар удирдамжийн дагуу манай компанид гаалийн албан татварын бүрдүүлэлт төлөлт, бүртгэлийн шалгалт хийгдсэн.

Энэхүү шалгалтын дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 тоотоор 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьсан. Тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Хуулийн хүчин төгөлдөр бичмэл актын шаардлагыг хангахгүй байгаа нь манай компани 40/16 нөхөн төлбөр төлөх үндэслэл болохгүй болно.

Анхан шатны шүүхийн шүүгч маргаж буй асуудлын гол үндэслэл болох захиргааны актыг гаргах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөрчлийг арилгасан талаарх мөнгөн гуйвуулгын нотлох баримтыг үнэлээгүй, уг актыг хэрэгжүүлбэл тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0715 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Нэхэмжлэгч “В” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 дугаар 63,572,098.2 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус захиргааны акт” гэж тодорхойлжээ. 

Гаалийн улсын байцаагч Г.Э, С.Э нар “В” ХХК-ийн 2013-2016 онуудад импортлосон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгаж, шалгалтаар “В” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаалийн байгууллагад “Леминатан шал, хэрэгслийн бараа”, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “спорт заалны дээвэр”, 10 дугаар сарын 24-нд “уулын авирах ханын хэрэгсэл, жүдо бөхийн талбайн дэвсгэр, ханын хамгаалах зөөлөвч, боксын дэвжээ, дагалдах хэрэгсэл”, 10 дугаар сарын 30-ны өдөр “гадна гоёлын туузан гэрэл”, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “кабель зэрэг импортлосон бараа”-г гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж үзэж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 дугаар актыг үйлджээ. 

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжийг агуулах ёстой. 

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 249.2, 249.3-д зааснаар гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийх, баримтаар тогтоогдсон зөрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт тогтоох, гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх бүрэн эрхтэй бөгөөд хариуцагч гаалийн улсын байцаагч нар уг бүрэн эрхийнхээ хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргаас баталсан удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанид хяналт шалгалтыг хийсэн нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

Тиймээс уг шалгалтын үр дүнд үйлдсэн акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжийг агуулаагүй байна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг зөрчин гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг тусгаагүй нь дангаараа захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 дугаар актыг эс зөвшөөрч гомдлоо Гаалийн ерөнхий газрын даргад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байгаагаас үзвэл маргаан бүхий захиргааны актад “гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй”-гээс нэхэмжлэгчийн захиргааны актад гомдол гаргаж, шийдвэрлүүлэхтэй холбоотой эрх зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20/16 дугаар акттай хамт үйлдэгдсэн “В” ХХК-д захиргааны хариуцлага буюу 110.000 төгрөгийн торгох шийтгэлийг уг компани 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр биелүүлжээ. 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Анхан шатны шүүх эдгээр болон бусад асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                            О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР