Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

                                       

    2022          08           08                                      2022/ДШМ/27

 

 

 

 

Ц.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэг /онлайнаар/, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Очирбат, Б.Хосбаяр /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарын оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх  тогтоолыг  эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оросоогийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Давааням нарт холбогдох эрүүгийн 2037000120013 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харчин овогт Цэдэндамбын Давааням /РД:ПА82090619/

            2. Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Шурагдаахан овогт Цахиуртын Нямхүү /РД:ПЭ69113011/

3. Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Занги овогт Лхамжавын Даваасүрэн /РД:ПА77090514/

            4. Монгол улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдардаг, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар засаж хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Бүргэд овогт Жалцавын Оросоо РД:ФЖ62051711

            5. Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн бус дунд боловролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр ач хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гэлчиг багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тэнгэр овогт Цагаанчулууны Болд РД:ФЖ60121810

            6. Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ХУД-ийн 15 дугаар хороо 104-401 тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Оросоогийн Батболд РД:ФЖ86063013

            Яллагдагч Ц.Давааням нь Ховд аймгийн Алтай сумын Халзан гэх газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим нэг тооны хуланг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг өөрийн эзэмшлийн мотоциклоор тээвэрлэж гэрийн гадна түлээний хашаанд хадгалсан,

Яллагдагч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нар нь хулан гэх амьтны махыг тээвэрлэж, хадгалсан гэмт хэрэгт,

            Яллагдагч Ж.Оросоо нь О.Батболд, Л.Даваасүрэн, Ц.Болд нартай хамтран Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Хавтагийн Халтар-Уул гэх нэртэй газарт 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эксковатор трактор ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

7. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас: Ц.Давааням, Ц.Болд, О.Батболд, Ж.Оросоо, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

8. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:

8.1 Шүүгдэгч Харчин овогт Цэдэндамбын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар сарын 1-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн,

8.2 Шүүгдэгч Шурагдаахан овогт Цахиуртайн Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар сарын 1-д зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн,

8.3 Шүүгдэгч Занги овогт Лхамжавын Даваасүрэнг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар сарын 1-д зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

8.4 Шүүгдэгч Бүргэд овогт Жалцавын Оросоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар сарын 1-д зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

8.5 Шүүгдэгч Бүргэд овогт Оросоогийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

8.6 Шүүгдэгч Тэнгэр овогт Цагаанчулууны Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

8.7 Шүүгдэгч Ц.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

8.8 Шүүгдэгч Ц.Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

8.9 Шүүгдэгч Л.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

8.10 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

8.11 Шүүгдэгч Ж.Оросоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар

8.12 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

8.13 Шүүгдэгч О.Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

8.14 Шүүгдэгч Ц.Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

8.15 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөнх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000/ таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ж.Оросоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000/ таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

8.16 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг, шүүгдэгч Ж.Оросоод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

8.17 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

            8.18 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нарт тус бүр оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

            8.19 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

            8.20 Шүүгдэгч Л.Даваасүрэнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид, Ж.Оросоо, О.Батболд нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Ц.Болдод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

            8.21 Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж.Оросоо, О.Батболд, Ц.Болд нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж,

            8.22 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Даваанямаас 19,400,000/ арван есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлэжээ.

9. Шүүгдэгч Ж.Оросоо түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Ж.Оросоо миний бие бусдаас авч байгаа махаа ангийн мах гэдгийг мэдээгүй гэв.

10. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь 60 настай, 6-13 насны 3 хүүхэдтэй. Тухайн үед ашигт амалтмал олборлох зорилготой байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.  Харин хууль бусаар ан агнах гэмт хэрэгт буруутгагдснаа хүлээн зөвшөөрөхгүй. Тус гэмт хэрэг нь санатай хэлбэрээрэ буюу ховор амьтны мах гэдгийг мэдсээр байж хадгалсан байх ёстой байхаар дурдагдсан. Мөрдөн байцаалтын явцанд махыг авч ирсэн шүүгдэгч нарыг мэдүүлэгт “.Өөхгүй мах” гэх абйдлаар тайлбарласан талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.Оросоогийн хувьд анхан шатны шүүх хуралдаан явцад энэ талаар мэдүүлсэн. Тухайн үед хүнсний  махгүй болсон талаараа Л.Даваасүрэн гэх шүүгдэгчид хэлсэн. Иймд ховор амьтны мах гэдгийг мэдэж байсан гэж үзэх боломжгүй. Л.Даваасүрэнд очоогүй бол хадгалахгүй байсан гэдэг. Ж.Оросоогийн үйлдэл нь гэм буругийн санатай хэлбэрийг агуулаагүй. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэв.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шинжээчийн дүгнэлтээр хулангийн мах гэдэг нь тогтоогдсон. Иймд заавал ашиг олсон байх шаардлагагүй. Хууль бус ан агнаж, барьж, тэжээж, түүхий эдийг хадгалж, тээвэрлэсэн бол ял хүлээлгэхээр заасан. Мэдээгүй гэдэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            12. Давж заалдах шатны шүүх Ц.Давааням нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Оросоогийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13.Анхан шатны шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор харьцуулан үзсний үндсэн дээр хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн   шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан байна.

14.Шүүх  шүүгдэгч Ц.Давааням, Ц.Нямхүү, Л.Даваасүрэн, Ж:Оросоо, О.Батболд, Ц. Болд нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн  үйлдсэн гэмт хэрэг, тус бүрийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан:

- Шүүгдэгч Ц.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн”,

- Шүүгдэгч Ц.Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн”,

- Шүүгдэгч Л.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн”,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”

- Шүүгдэгч Ж:Оросоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн”,

- мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”,

- шүүгдэгч О. Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”,

- шүүгдэгч Ц. Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тухай зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

15.Шүүгдэгч Ж.Оросоо нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Даваасүрэн надад мах авчирч  өгөхдөө хулангийн мах гэж хэлээгүй,надад өөхгүй бараан мах гэж хэлж өгсөн,ангийн мах гэж мэдээгүй  тул надад Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулсныг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

16.Гэмт хэрэг үйлдэж буй этгээдийн гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан хандлага, ямар хүсэл, зорилго, санаа сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Харин нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит байдал, мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдэгдэхийг ойлгоно. Мөн Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль,энэ хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд тусгагдсан.

Тодруулбал шүүгдэгч нь тухайн “хар мах” гэгч зүйлийг хулангийн мах гэж мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл хуулиар хориглоогүй ямар нэгэн өөр зүйлтэй андуурснаар гэмт хэрэг үйлдэгдэж байгаагаа ухамсарлаж ойлгоогүй гэм буруугийн ухамсар байхгүй  бол гэм буруутай гэж үзэхгүй.   

17. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан шүүгдэгч Ц.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Ц.Даваанямаас махыг авч Ж.Оросоод хүргэж өгсөн. Махыг очиж авахдаа хулангийн мах гэдгийг мэдэж байсан. Ж.Оросоод өгөхдөө өөхгүй хар мах гэж хэлж өгсөн. Ж.Оросоо надад урд нь мах захиж байсан”  гэх мэдүүлэг, гэрч Х.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би  хүмүүстэй хамт байхдаа 3 удаа хоол идсэн. Хоол хийсэн мах нь өөх тосгүй ангийн мах шиг хар мах байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ц.Давааням калибрь буутай. Хулан агнасан гэдгийг хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Даваасүрэн нь зөвхөн надад мах авч ирж өгөөгүй. Надтай хамт явсан Ж.Оросоо, О.Батболд бид нарт мах авч ирлээ гээд 2 уут мах авч ирж өгсөн. Тухайн махыг би Ж.Оросоогийн хүүхэд О.Батболдын хамт эвдэж янзалсан” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон хулан гэх амьтны 57.3кг мах, Засгийн газрын  2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” / 1-рхх-101-103х/, Хулан гэх ховор амьтны маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-рхх-96-99х/,2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-144х/ болон бусад нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд шүүгдэгч  Ж.Оросоогийн “...надад хулангийн мах гэж хэлээгүй,би мэдээгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд түүнийг тухайн нөхцөл байдлыг андуурсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оросоогийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

    

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК           

                                                         

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА