| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2036000180224 |
| Дугаар | 28 |
| Огноо | 2022-08-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 28
2022 08 08 2022/ДШМ/28
*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга С.Цэрэннадмид нарын оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2036000180224 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын 27 тоотод амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт Хотын захирагчийн албанд ахлах мэргэжилтэн ажилтай, Ноён Цорс овогт Даваажавын Ариунболд/ПЮ72091218/,
2. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Ноён ******* овогт *******ын Ариунболдыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 5400000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 20360001800224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдаж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 6000000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос шинжээчийн зардал 80000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-д олгож,
4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилмйэ хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од тайлбарлан өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 180 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ял, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.7 Шүүгдэгч *******ын эзэмшлийн Toyota Harrier маркын 72-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж тендерийг нээхэд нэг л иргэдийн бүлэг буюу Эвийн гарганаас бүлэг материалаа ирүүлсэн тул тендерт сонгон шалгаруулсан.
5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийнн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч Ц.Цогтбаяр, Ц.Батчимэг, Д.Отгонсүрэн, Ц.Энхтайван нарын мэдүүлгүүд. Мөн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХВ22-20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт тус тус хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хуулийг зөрчсөн байна.
5.3 Улсын дээд шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 366 дугаар тогтоолд хахууль авах гэмт хэргийн субьектыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон бөгөөд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор тайлбарлажээ. *******ыг зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цалинжуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь төрийн захиргааны ангиллын дэс түшмэл зэрэглэлийн ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
5.4 Уг гэмт хэрэгт гэрч *******ын үйлдэл оролцоо байхад шүүхээс хэтэрхий нэг талыг барьсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
9. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч *******од холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзлээ.
10. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар 2018 оны 6 сараас 2019 оны 05 сарын хооронд ажиллахдаа “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн Жаргалант суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 17 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах, урилга илгээх, ******* гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 11.760.000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******ын ХААН банкны 58622126299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:
- 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баримт, бичиг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл... Иргэн Бямбасүрэнгийн Ялалтын ХААН банкин дахь 5862126299 тоот дансны нийт 19 хуудас хуулга байх ба 2018 оны 11 сарын 01- ний өдрөөс 2020 оны 01 сарын 13- ны өдрийн хоорондох хуулга,
- 2018 оны 11 сарын 20- ны өдрийн 11 цаг 46 минутад “Авто зогсоол сүүдрэвч барих ажлын урьдчилгаа” гэсэн утгаар 11760000 төгрөгийн орлого орж ирснээр дансны үлдэгдэл 11778593.75 төгрөг болсон үйл баримт,
- 2018 оны 11 сарын 27-ны өдөр 10 цаг 03 минутад ЯЛАЛТЩ гэсэн утгаар 6000000 төгрөгийн зарлага гарснаар 3370293.75 төгрөгийн үлдэгдэлтэй байх үйл баримт,
- 2019 оны 11 сарын 29- ний өдөр “ Авто зогсоол сүүдрэвч хийх ажлын эцсийн үлдэгдэл Хо Жаргалант ОНХСан” гэсэн утгаар 5040000 төгрөг орж ирсэн... гэх тэмдэглэл/ 1-р хх- ийн 22/
- Бямбасүрэнгийн Ялалтын ХААН банкны 5862126299 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга / 1-хх- 30-48х/
- Бямбасүрэнгийн Ялалт, Бямбасүрэнгийн Энхболд, Галбаатарын Эрдэнэбулган нарын хамтран ажиллах гэрээ / 1-р хх- ийн 50х /
- НЕКСТ ДЭВШИЛ ХХК-Олон ястны телевизийн зар болон мэдээллийн хөтөлб2018 онд автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй... гэх 2020-11-06-ны өдрийн 1/25 дугаартай тодорхойлолт / 2-р хх-ийн 125х/,
- Ховд аймгийн Ховдын мэдээ сонин...Манай сонины 2018 оны дугаарт автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй болно...гэх тайлбар / 2-р хх-ийн 126х/
- Жаргалант сумын Нийтийн эзэмшлийн зам талбайд автобусны зогсоол сүүдрэвч/ барьж байгуулах ажлын гэрээ, ажлын даалгавар, тендерийн баримт боловсруулах талаархи хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тэмдэглэл, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл / 2-р хх-ийн 127-134х /
- Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 2022 оны 03 сарын 18-ны өдрийн ХВ20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...2018 оны зах зээлийн үнэлгээгээр 1 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал нь 958784 / есөн зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг/, тээврийн зардал 1 тонны үнэ нэмснээр нийт 1258784 / нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн / төгрөг, 8 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал 7503140 /долоон сая таван зуун гурван мянга нэг зуун дөчин төгрөг / 1 тонн ачааны зардал нэмж тооцоолсноор 7803140 долоон сая найман зуун гурван мянга нэг зуун дөчин төгрөг/ тус тус үнэлэгдлээ ... “ гэх дүгнэлт /4-р хх-ийн 21х /
- хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтбаяр, С.Гантөмөр, гэрч Д.Отгонсүрэн, Г.Эрдэнэбулган, Ц.Ганданповрон, Ц.Батчимэг, Ц.Нанжид, Ц.Энхтайван, Б.Энхболд, Х.Мөнхжаргал, Л.Дорждэрэм, Н.Батццэцэг, Ц.Өсөхбаяр, Ш.Нохойжав, Ц.Түвшинцэнгэл, иргэний нэхэмжлэгч Г.Батбаяр, иргэний хариуцагч ******* нарын мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
11.Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хуулийг зөрчсөн, ******* нь нийтийн албан тушаалтан биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
12. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
13. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
15. Хэрэгт авагдсан баримт буюу Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар захирамжаас үзэхэд ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын захирагчийн ажлын албанд “Зам тээвэр,инженерийн дэд бүтэц,төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаал”-д ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба тус албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн “Дэс түшмэл”, “ТЗ-4-3”-т хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ. Нөгөө талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь өөрөө нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажилагаа явуулдаг нийтийн албан тушаалтан мөн юм.
16. Нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан нь хууль болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрт нь олгогдсон үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж хийх үүрэгтэй. Харин түүний албаны эрх мэдэл нь хуульд зааснаар хязгаарлагддаг ба албан тушаалын эрх, нөлөөг өөрийн хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах нь хуулиар хориглосон үйл ажиллагаа мөн.
17. Шүүгдэгч *******од холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн гүйцэд хэрэгжүүлэн авсан байх бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр талуудын эрхийг хангаж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Жаргалант сумын Нийтийн эзэмшлийн зам талбайд автобусны зогсоол /сүүдрэвч/ барьж байгуулах ажлын гэрээ, ажлын даалгавар, тендерийн баримт боловсруулах талаархи хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тэмдэглэл, *******ын ХААН банкны данснаас 6.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга, *******, Б.Энхболд, Г.Эрдэнэбулган нарын хамтран ажиллах гэрээ зэрэг нотлох баримтууд нь *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.
18.Иймд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авилгын эсрэг конвенци, Монгол Улсын төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Төрийн албаны тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Ариунболд нь “төрийн албан тушаалтан”-ны ангилал, зэрэглэлд хамаарч байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй.
19.Харин шүүгдэгч Б.Ариунболд нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосны улмаас орон нутгийн төсөвт 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчмуудад тус тус нийцсэн байна.
20.Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохируулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, орон нутгийн хөгжлийн санд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг бүрэн хангасан, түүнд шүүхээс оногдуулсан торгох ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
21. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА