Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0271/з |
Дугаар | 221/МА2017/0887 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0887
“ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Б, Ж.Г, Л.Р, Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай “ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
“ПДТ” ХХК нь 2005-2015 онд компанийн ажилтнаас хээрийн талбайд ажиллах томилолтын мөнгийг татвар ногдуулах орлого гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь томилолтын мөнгө гэдэг нь цэвэр зардалд зориулагдсан байдаг тул орлого биш учраас энэхүү томилолтын мөнгөнд шимтгэл ногдуулах үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого гэж үзсэн нь тодорхойгүй байх тул шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.
2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хэрэв анхан шатны шүүх захиргааны актын үндэслэлтэй гэж үзсэн бол Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу “ПДТ” ХХК-д ногдуулсан нөхөн төлүүлэх шимтгэл болон алдангийг нь төлөх хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой байсан.
Гэтэл анхан шатны шүүх нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хамаарахгүй гэж уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ.
Шүүх хуулийг уг заалтын тайлбарлаж хэрэглэхдээ маргаан бүхий захиргааны акт нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тавигдсан байх ёстой гэх агуулга бүхий дүгнэлтийг хийжээ.
Нэхэмжлэгч “ПДТ” ХХК нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг санаатайгаар бууруулсан байдал үгүй бөгөөд хэрэв ийнхүү санаатайгаар бууруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн байсан бол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хууль болон 2008 онд баталсан Татварын өршөөлийн тухай хууль, 2015 онд баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу тайлангаа гаргаж, өршөөлд хамрагдах боломжтой байсан.
Харин тус компаниас ийнхүү хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг санаатайгаар бууруулсан гэж үзээгүй, тухай бүр нь нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын тайланг хүлээн авч, зөвшөөрч байсан учраас ийнхүү дээрх хуулийн дагуу шинээр тайлагнах шаардлагагүй байсан тул уг хуульд заасан хугацаанд акт тавигдаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш юм.
Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчим бусад хуулиар тогтоосон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, шударга ёсны зарчимд нийцээгүй байдлаар хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 731 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-аас “Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалтын улсын байцаагч Т.Б, Ж.Г, Л.Р, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр “ПДТ” ХХК-ийн 2005-2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгалтаар нэр бүхий ажиллагсад буюу даатгуулагч нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого 3 347 792 836 /гурван тэрбум гурван зуун дөчин долоон сая долоон зуун ерэн хоёр мянга найман зуун гучин зургаан/ төгрөгт ногдох 793 749 218 /долоон зуун ерэн гурван сая долоон зуун дөчин есөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй, цалингийн хэмжээг бууруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж, даатгуулагчдын эрх ашгийг хохироосон зөрчил үйлдсэн гэж үзэн маргаан бүхий актыг үйлджээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэж зааснаар “ПДТ” ХХК-ийн ажиллагсад нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах,
15 дугаар зүйлийн 1/-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1/-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу ажил олгогч буюу “ПДТ” ХХК нийгмийн даатгалын төрөл бүрээр тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 /”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг/, 24 дүгээр зүйлийн 24.1 /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно/-д зааснаар нэхэмжлэгч компанийн ажилчид нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд ажиллаж байна.
Нэхэмжлэгч компаниас ажилчиддаа “томилолтын зардал” нэрээр олгосон мөнгөн хөрөнгө нь ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй, өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-д “аж ахуй нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д буюу “хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого”-д хамаарахаар байтал нэхэмжлэгч компани тухайн орлогод хамааруулалгүй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн нь баримтаар тогтоогджээ.
Энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, маргаан бүхий актаар “ажиллагсдад олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бүрэн тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй, цалингийн хэмжээг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж даатгуулагчдын эрх ашгийг хохироосон зөрчил илэрсэн” гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзжээ.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани өөрийн ажилчдыг ажлын байранд нь ажил үүргээ гүйцэтгүүлсэн, “томилолтын зардал” хэлбэрээр олгосон гэх санхүүгийн баримт байхгүй, тэднийг ажиллуулсан хөдөлмөрийн хөлсний зарим хэсгийг тухай бүр олгосон томилолт олгодоггүй, уг мөнгөө ажилласан хугацааны цалинтай нийлүүлж цалингийн хүснэгтээр олгосон атлаа тухайн мөнгийг “томилолтын зардал”-д тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “ПДТ” ХХК ажилчдын ажил, хөдөлмөр эрхэлсэн, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг суутгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлснийг буруутгах боломжгүй.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхдөө бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх талаар тусгаагүй байна.
Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-д актаар ногдуулсан 793.749.218 /долоон зуун ерэн гурван мянга, долоон зуун дөчин есөн мянга, хоёр зуун арван найм/ төгрөгийн төлбөр нь дээр дурдсан хуулийн холбогдох заалтуудын дагуу ажил олгогчдоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн дүн тул дээрх өршөөлийн хуульд актын энэ хэсэг хамаарахгүй.
Харин хариуцагч нар нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн 2005 -2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны байгууллагын санхүүгийн тайлан, шимтгэл төлөлтийн тайлан, тушаал, цалингийн баримт, хөдөлмөрийн гэрээнд хянан шалгалт хийсэн боловч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компанийн 2005-2012 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 3.347.792.836 төгрөгийн зөрчилд 396.874.607 /гурван зуун ерэн зургаан сая, найман зуун далан дөрвөн мянга, зургаан зуун долоон мянган/ төгрөгийн алданги нөхөн төлүүлэхээр ногдуулсан нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх”-аар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчилд ногдуулсан хариуцлага “өршөөлд хамааруулах”-аар заасан хугацаанд хамаарч байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын овог, нэрийг буруу бичсэнийг анхааруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0731 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсэгт “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000209 дүгээр актаар ногдуулсан 396.874.607 /гурван зуун ерэн зургаан сая, найман зуун далан дөрвөн мянга, зургаан зуун долоон мянган/ төгрөгийн алдангийн алдангиас “ПДТ” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР