Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 332

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

Нийгмийн даатгалын ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                      

Шүүгчид:                              Л.Атарцэцэг,

                                             Х.Батсүрэн,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар “С.Н-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг хөлс, хоол унааны мөнгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардал 754800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0386 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Г.Г нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 4.236.691 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэл 1.160.457 төгрөгийг суутган тооцож, үлдэх 3.076.235 төгрөг, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус 25 хувиар бодож 2.118.346 төгрөг, нийт 5.194.580 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг нөхөн олгох, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсаны унааны зардал 244.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, үлдсэн ажилгүй байсан хугацааны хоол, унааны мөнгө, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/127 дугаар тушаалтай холбоотой шүүхээр маргаж байсан үеийн Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсан замын зардал 510.800 төгрөг,  шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 120.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ын хуулийн зөвлөгөө авсан хөлс, нотариатын болон бичиг хэргийн зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон С.Н нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар 2010-2017 оны 10 сар хүртэл ажиллах хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.41, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 8 дугаар зүйлийн 8.3, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.1.5, 13.1.9-д заасныг зөрчиж, төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, төрийн чиг үүрэгт хамаарахгүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн, төсөв захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, эд хөрөнгийг байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд тусгаагүй, орлогод аваагүй, кассад их хэмжээний бэлэн мөнгө байлгаж зарцуулалтыг нарийн тооцоогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь байгууллагын 2012-2014 онд хийсэн санхүүгийн баримтын шалгалт, 2015-2016 онд хийсэн шалгалтуудаар тогтоогдож нотлох баримтаар баталгаажсан байна. Шүүх С.Н-ын нэхэмжлэлийг авч хэлэлцээд нэхэмжлэгчийн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоосон. (Шүүхийн шийдвэрийн 9, 10 дугаар хуудсанд дурдсан)

5. Шүүх С.Н-ын зөрчил гаргасныг тогтоосон боловч байгууллагын 2012-2014 онд хийсэн санхүүгийн зөрчлийг барагдуулах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрт тусгасан байна. Харин байгууллагын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг барагдуулах хариуцагч С.Н мөн гэдгийг тогтоосон боловч нэхэмжлэгч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна тухайн үед Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаагүй байгаа учраас хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Мянганбаяр хариуцах ёстой гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэл муутай, хоёр утгатай, хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

6. С.Н-ын ажиллах хугацаандаа гаргасан Төсөв захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлж, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, байгууллагад хохирол учруулсан зөрчил нь хэдийгээр С.Н-ын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаагүй ч гэсэн тухайн хэлтэст тасгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтны хувьд төлбөрийг барагдуулж шийдвэрлэх байсан гэж үзэж байгаа болно. Түүнчлэн төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, төрийн чиг үүрэгт хамаарахгүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн зөрчлийн улмаас байгууллагад учирсан хохирлыг зөвхөн төлбөр барагдуулах хугацаа дуусгавар болсноос биш энэхүү зөрчлийг удаа дараа давтан гаргасныхаа хувьд тухайн албан тушаалд ажиллах боломжгүй, санхүүгийн ноцтой зөрчил гэдэг хууль зүйн үндэслэлээр авч үзэж шийдвэрлээгүй байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу хийж хэрэгжүүлээгүй үүргээ биелүүлэхийг удаа дараа  шаардсаар  байтал зөрчлөө арилгах, өр авлагыг барагдуулах үйлдэх гаргаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах гол үндэслэл болсон билээ.

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид сахилгын шийдвэр ногдуулах үндэслэл болсон үйл баримтад сахилгын шийдвэр ногдуулах хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд тухайн албан тушаалд ажиллаагүй байхад тасгийн даргаар ажиллаж байсны хувьд хариуцлага ногдуулах ёстой гэсэн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Шүүх энэхүү дүгнэлтийг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан нь С.Н-аас улсад учруулсан хохирлыг барагдуулах, гаргасан зөрчлийг арилгуулахаар тавьсан шаардлагатай зөрчилдөх зүйлгүй гэж үзэж байгаа болно.

9. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг хэвээр үлдээж, хуулийн хэрэглээг буруу хэрэглэсэн үйлдлийг давтан гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0386 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.9, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Н-ыг “...төсөв захирагчийн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, актаар тавигдсан төлбөрийг ...барагдуулах ажлыг зохион байгуулаагүй, төрийн захиргааны албан хаагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

12. Хариуцагчаас дээрх, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “...Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012-2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар акт тогтоосон байхад хэлтсийн дарга С.Н нь актуудаар тогтоогдсон зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулж, өр төлбөрийг бүрэн барагдуулж ажиллаагүй...” гэж тайлбарлан маргажээ.

13. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...26.1.3. “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.” гэж заасан, өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулахад түүний гаргасан зөрчил нь тогтоогдсон байх, хүлээлгэх хариуцлага нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд нь тохирсон байхыг хуульчилсан.

14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Н-ыг тус хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд санхүүгийн хяналт, аудитын албаны актуудаар зөрчил, дутагдал илэрсэн нь тогтоогдсон боловч эдгээр актуудад заагдсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй “...өөрийнх нь удирдаж байсан ажилчдаас удаа дараа өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлж байсан...” гэдгээр буруутгах үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.    

15. Тодруулбал, Завхан аймгийн Санхүүгийн аудитын албаны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 81, 82, 83, 84, 85, 86 тоот актуудаар 2,672,454 төгрөгийг төсвийн орлогын дансанд, 1,990,000 төгрөгийг тухайн байгууллагын дансанд нөхөн төлүүлэхээр тогтоосон байх ба нэхэмжлэгчээс актаар тогтоосон хугацаа болох 2016 оны 02 дугаар сарын 25-ны дотор 1,990,000 төгрөгийг тухайн байгууллагын дансанд, 1,576,035 төгрөгийг төсвийн орлогын дансанд тус тус төлүүлж, 1,096,419 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулаагүй байсан байна.

16. Мөн Завхан аймгийн Санхүүгийн аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 21, 22 тоот актуудаар тогтоосон зөрчлүүдийн тухайд, эдгээр акт гарах үед С.Н хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байгаагүй буюу актаар тогтоосон зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулах, мөн эдгээр актуудад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсны гадна актад төлбөрийг барагдуулах хугацааг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэж тогтоосон зэрэг байдлууд тогтоогджээ.

17. Хариуцагчаас дээрх актуудад заасан зөрчлийг тухай бүрт нь шалган тогтоож хуульд заасан хариуцлагыг хүлээлгээгүй атлаа сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан Б/247 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

18. Түүнчлэн нэхэмжлэгч С.Н өмнө нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны Б/186 дугаар тушаалаар Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан хэлтсийн даргын албан тушаалд томилсон боловч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь дахин халж хууль зөрчсөн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

19. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0386 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                    ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА