Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0386

 

 

 2018 оны 7 сарын 05 өдөр             Дугаар 221/МА2018/0386                  Улаанбаатар хот

С.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.Н-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар “С.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг хөлс, хоол унааны мөнгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардал 754800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах” тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 4.236.691 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэл 1.160.457 төгрөгийг суутган тооцож, үлдэх 3.076.235 төгрөг, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус 25 хувиар бодож 2.118.346 төгрөг, нийт 5.194.580 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг нөхөн олгох, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсаны унааны зардал 244.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, үлдсэн ажилгүй байсан хугацааны хоол, унааны мөнгө, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/127 дугаар тушаалтай холбоотой шүүхээр маргаж байсан үеийн Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсан замын зардал 510.800 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 120.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ын хуулийн зөвлөгөө авсан хөлс, нотариатын болон бичиг хэргийн зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон С.Н нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргаар 2010-2017 оны 10 хүртэл ажиллах хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 8 дугаар зүйлийн 8.3, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.1.5, 13.1.9-т заасныг зөрчиж төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, төрийн чиг үүрэгт хамаарахгүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн, төсөв захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөчрил нь байгууллагын 2012-2014 онд хийсэн санхүүгийн баримтын шалгалт, 2015-2016 онд хийсэн шалгалтуудаар тогтоогдож нотлох баримтаар баталгаажсан байна.

Шүүх С.Н-ын нэхэмжлэлийг авч хэлэлцээд нэхэмжлэгчийн Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоосон. (Шүүхийн шийдвэрийн 9, 10 дугаар хуудсанд дурдсан)

Шүүх С.Н-ын зөрчил гаргасныг тогтоосон боловч байгууллагын 2012-2014 онд хийсэн санхүүгийн зөрчлийг барагдуулах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрт тусгасан байна. Харин байгууллагын 2015-2016 оны санхүүгийн үй ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг барагдуулах хариуцагч С.Н мөн гэдгийг тогтоосон боловч нэхэмжлэгч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна тухайн үед Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаагүй байгаа учраас хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Мянганбаяр хариуцах ёстой гэж дүгнэсэн байна.

Энэ дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэл муутай, хоёр утгатай, хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

С.Н-ын ажиллах хугацаандаа гаргасан Төсөв захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлж Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь хэдийгээр С.Н-ын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаагүй ч гэсэн тухайн хэлтэст тасгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтны хувьд төлбөрийг барагдуулж шийдвэрлэх байсан гэж үзэж байгаа болно. Түүнчлэн төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, төрийн чиг үүрэгт хамаарахгүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн зөрчлийн улмаас байгууллагад учирсан хохирлыг зөвхөн төлбөр барагдуулах хугацаа дуусгавар болсноос биш энэхүү зөрчлийг удаа дараа давтан гаргасныхаа хувьд тухайн албан тушаалд ажиллах боломжгүй, санхүүгийн ноцтой зөрчил гэдэг хууль зүйн үндэслэлээр авч үзэж шийдвэрлээгүй байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу хийж хэрэгжүүлээгүй үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар байтал зөрчлөө арилгах, өр авлагыг барагдуулах үйлдэл гаргаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах гол үндэслэл болсон билээ.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн С.Н-т ногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Н-аас “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар “С.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг хөлс, хоол унааны мөнгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардал 754800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Н-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0327 дугаар шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, үүнээс 23 хоногийн дараа 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үйл баримтад сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийн хувьд тухайн албанд тушаалд ажиллаагүй байхад тасгийн даргаар ажиллаж байсны хувьд хариуцлага хүлээх ёстой байсан гэх гомдлын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хэлтсийн даргаар томилогдохоор шүүхэд маргасан хугацааг тооцоогүй, маргаан бүхий актын үндэслэл болоогүй “хамт олноос нь удаа дараа ... өргөдөл, гомдол гаргасан”, “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг зөрчсөн” зэрэг үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийн зөрчлийг тухай бүр шалган тогтоож, холбогдох хариуцлага хүлээлгэлгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад төрийн албанаас халсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх боловч уг зүйл заалтыг шүүх хэрхэн буруу тайлбарлан хэрэглэсэн талаар тодорхой үндэслэл заагаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчиж, мөн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ