Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/737

 

 

 

 

 

 

   2022             7             19                                          2022/ДШМ/737

 

      

Н.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч О.А-н өмгөөлөгч Б.Э, О.М, М.М,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.А, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.О нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.С холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-г албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг Н.А, Ш.Ө нарт өгч улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 14:31 цагаас 18 цагийн орчимд хохирогч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэгдэж улмаар уг Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А суллагдах хүртэлх хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.8, 12.9, 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.С холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.А давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн ............. дугаартай хэргийн хохирогч О.А би, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарын 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардаж аваад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Шийтгэх тогтоолын 17 дугаар нүүрт шүүгдэгч Н.С хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар 7-9 хүртэл дугаарлан дурджээ. Гэвч уг хэсэгт анхан шатны шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын хуралдааны үед улсын яллагчаас шүүгдэгчийг 4.000 нэгжээр торгуулахаар ялын санал гаргаж байсныг огт дурдаагүйгээр үл барам, уг ялын саналыг анхан шатны шүүх яагаад хүлээж аваагүй талаарх хууль зүйн үндэслэл, улсын яллагчийн ялын саналыг шүүх хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар тогтоолд огт бичээгүй байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл:” хэмээн заасан байна. Дээрх заалтыг дүгнэвэл шүүх аливаа эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа бол тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын үндэслэлийн талаар заавал дурдаж байх ёстой гэсэн хуулийн шаардлага юм. Шүүгдэгч Н.С холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд яллах талаас шүүгдэгчийг торгох саналыг гаргасан бөгөөд үүнийг хохирогч тал дэмжсэн байр суурь илэрхийлсээр байтал уг ялын саналыг хэрхсэн талаар тогтоолд огт дурдалгүй өнгөрч хууль зөрчсөн байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” хэмээн заасан байна. Дээрх заалтыг дүгнэвэл өршөөл үзүүлэх эрх бүхий этгээд нь гэмт хэргийг өршөөхгүй бөгөөд харин гэмт хэрэгт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх ёстой болох нь тодорхой байна. Гэмт хэргийг өршөөнө гэдэг нь угаас байж боломжгүй асуудал юм. Гэтэл шийтгэх тогтоолын 18 дугаар нүүрт байх тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтаар шүүх хуралдаанд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэтгэлцэж оролцсон шүүгдэгч Н.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байж шүүгдэгчид ямар ч ял оногдуулалгүй шууд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгожээ. Уг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар шүүгдэгчид ял оногдуулсны дараа ялыг өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Энэ нь дээр дурдсанчлан шүүх гэмт хэргийг өршөөж байгаагаас ялгаагүй агаар нэг үйлдэл мөн. Бас Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэн зөрчиж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт бичигдэх ёстой “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ” гэснийг давхар зөрчиж байна. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл нь анхан шатны шүүх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн ............... дугаартай хэргийн шүүгдэгч Н.С би Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарын 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

хууль буруу хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг гэж заагдаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож хүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн байранд О.А-ыг албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг Н.А, Ш.Ө гарт өгч Баянгол дүүргийн эрүүлжүүлэх саатуулах байранд аваачсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг гэж заагдаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож хүнийг гэм буруутайд тооцсон тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийн талаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. 2015 онд батлагдаж 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэг хуульчлагдаагүй заагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зүйл заалт дотроос хэсгийг таслан авч эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож шүүгдэгч Н.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль бус, хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг харахад эрх бүхий албан тушаалтан баривчлах хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан бол, саатуулах хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрх чөлөөнд халдсан бол хэргийн шинжтэй байхаар хууль тогтоогч хуульчилсан хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Харин Эрүүлжүүлэх хууль тогтоомж зөрчсөн бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байхаар хууль тогтоогчийн зүгээс хуульчлаагүй юм. Саатуулах байрны дэглэм, эрүүлжүүлэх байрны дэглэмийг харьцуулан хавтаст хэрэгт хавсаргасан байдаг ба өрөө тасалгааны орчин нөхцөлийн хувьд шал өөр болох нь илт харагддаг. Хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтыг харахад хохирогч О.А-ыг эрүүлжүүлэх байранд аваачиж байлгасан нь тодорхой харагддаг. Иймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болсон юм.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүйг, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хийсэн хууль зүйн дүгнэлт нь эрүүлжүүлэх байранд аваачсан нь саатуулах байранд аваачсан шинжтэй мэтээр хоёр өөр байрны дэглэмийн ялгаа орчин нөхцөлийг авч үзэлгүйгээр эрүүлжүүлэх байранд аваачсан нь саатуулах байранд байлгаснаас ялгаагүй байдлаар үзэж хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн юм. Хэрэв дээр дурдсан байдлаар эрүүгийн хуулийг төсөөтэй байдлаар тайлбарлан хэрэглээд байвал Баривчлах байр, саатуулах байр, эрүүлжүүлэх байрнуудын дэглэмийг тус тусад хуульчлан тогтоож өөр, өөр газарт байлгах ямар ч шаардлагагүй ба баривчлах, саатуулах, эрүүлжүүлэхээр шийдвэрлэсэн хүмүүсийг бүгдийг нь нэг байранд байлгахад болохоор харагдаж байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж нь баривчлах, саатуулах тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсанаар төгсдөг гэмт хэрэг. Субъектив талын шинж нь эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжид байхгүй шинжийг шинээр нэмж Эрүүгийн хуулийг төсөөтэй тайлбарлах замаар шүүгдэгч Н.С--ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх заалтыг зөрчсөн юм.

Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохоор хуульчилсан байдаг. Тус хэргийн нөхцөл байдал, дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцсон, улмаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх замаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гол нөхцөл байдалд хүргэсэн. Хэрэв анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бол шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол мөн тус зүйлийн 1.3-д зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхаар хуульчилсан байдаг. Хохирогч О.А нь 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очсон байдаг ба шүүгдэгч Н.С-ын ажлын өрөөнд үл ойлголцон, хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Шүүгдэгч Н.С нь тус өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дэг журам сахиулж байсан цагдааг дуудсан байдаг ба улмаар дэг журам сахиулахаар ирсэн цагдаа шүүгдэгч Н.С хандан хохирогч О.А-аас архи үнэртээд байна гэх зүйлийг хэлсэн байдаг. Улмаар эрүүлжүүлэхийн цагдааг дуудсан байдаг ба хохирогч О.А-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн шалгадаг драгер багажийг үлээх шаардлагыг эрүүлжүүлэхийн цагдаа тавьсан ба хохирогч О.А согтуурал шалгадаг драгер багажийг үлээхээс удаа дараа татгалзсан байдаг. Энэ үед шүүгдэгч Н.С эрүүлжүүлэхийн цагдаагаас энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах боломжтой талаар асуусан байдаг ба эрүүлжүүлэхийн цагдаа эрүүлжүүлэх байр луу авч явж болох талаар хэлсэн байдаг. Шүүгдэгч Н.С өөрийн өрөөнд нь орж ирж танхайран, хэрүүл маргаан үүсгэж, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн этгээдийг дараагийн албан хаагчид л шилжүүлж өгсөн үйл явдал болсон байдаг. Хохирогч О.А-ыг эрүүлжүүлэх байр луу авч явсан Ш.Ө, Н.А нар эрүүлжүүлэх байр луу явах замдаа болон эрүүлжүүлэх байрны үүдэнд очоод согтуурал шалгах драгер багажийг үлээх саналыг удаа дараа тавьж байсан ба хэрэв драгер үлээгээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 0 гэж гарвал эндээсээ шууд гэртээ харьж болно гэсэн байдаг ба хохирогч О.А нь удаа дараа татгалзсаар байгаад эрүүлжүүлэх байранд орсон байдаг. Улмаар эрүүлжүүлэх байранд орсон хохирогч О.А-ыг эрүүлжүүлэх байрны эмч цагдаа нар хүлээн аваад дахин драгер үлээх саналыг 2 удаа тавьсан байдаг ба хохирогч О.А нь мөн л татгалзсан байдаг. Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмчээр ажиллаж байсан тус хэргийн гэрч Т.У нь хохирогч О.А-н эрүүл мэндийн байдлыг үзэж байхад түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан хэмээн мэдүүлдэг. 2021 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд ариутгал, шавж, устгал хийгдэж Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд байсан хүмүүсийг дэнжийн 1000-ийн төв эрүүлжүүлэх байранд аваачсан байдаг. Хохирогч О.А нь дэнжийн 1000-ийн эрүүлжүүлэх байранд очоод бие засах өрөөнд орчихоод гарч ирээд драгер үлээхад 0 хувийг заасан байдаг. Хохирогч О.А нь драгерийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст болсон хэрүүл маргааны үйл явдлаас хойш 5-6 цагийн дараа анх удаа бие засах газар орчихоод үлээсэн байдаг нь эргэлзээтэй 5-6 цагийн дараа хүний биеэс архи согтууруулах ундааны зүйл гадагшлах боломжит хугацаа юм. Гэрч Г.О эрүүл байсан юм бол тэндээ үлээгээд явчхаж болоогүй юм уу гэхэд хохирогч О.А нь мөрдөгчөө унагаах гэж тэгсэн юм гэж хариулсан байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст анх хохирогч О.А-ыг эрүүлжүүлэх байран аваачсан цагдаа нар мөн тухайн өдөр тус хэлтэст дэг журам зохицуулж байсан цагдаа нар, Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байрны эмч нарын мэдүүлгээр хохирогч О.А-аас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан гэх гэрчээр өгсөн мэдүүлгийг хэрэгт ямар баримтаар няцаагдаж байгаа үндэслэлээ дурдаагүй хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хохирогч О.А-ыг эрүүл байсан нь тогтоогдсон хэмээн дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх хохирогч О.А нь цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй мөн түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах боломжийг удаа дараа олгойгүйн улмаас түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэх болсон гол нөхцөл шалтгааныг анхаараагүй. Хохирогчийг эрүүлжүүлэх байранд хүргэх болсон нөхцөл шалтгаан нь хохирогчийн өөрийнх хууль бус эс үйлдэл байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.С нь ажлын байранд нь танхайран хэрүүл маргаан үүсгэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн этгээдийг дараагийн байгууллагад хүлээлгэн өгсөн үйлдэл хийсэн ба дараагийн байгууллагад хандаж эрүүл байсан хүнийг заавал эрүүлжүүлээрэй гэдэг байдлаар нөлөөсөн зүйл байхгүйг анхан шатны шүүх хуралд орсон гэрчүүд мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Н.С-ыг эрүүлжүүлэх байрыг удирддаг эрүүлжүүлэх байрны алба хаагчдыг шууд захирдаг албан тушаалтан биш хэмээн гэрчүүд мэдүүлдэг ба гэрчүүдийн дээрх мэдүүлэг хохирогчийг эрүүлжүүлэх байранд хүргэх болсон гол нөхцөл шалтгаан мөн гэрчүүдийн мэдүүлэгт анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн юм. Хохирогч О.А-ыг анхан шатны шүүхээс эрүүл байсан хэмээн үзсэн ба хэрэв хохирогч эрүүл байсан юм бол хавтаст хэрэгт хууль сануулаад мэдүүлэг өгсөн гэрч Ш.Ө, Н.Анхбаяр, Т.У болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн няцаасан, мөн хохирогч эрүүл байсан юм бол гэрчүүд зохион байгуулалттайгаар худал мэдүүлэг өгсөн, нөгөөтэйгүүр харилцан зөрүүтэй хоёр нотлох баримтын нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг анхан шатны шүүхээс хийгээгүйн улмаас тухайн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай бүхэлдээ нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаагийн хувьд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 зааснаар шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг гэж заагдаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож хүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээд байна хэмээн улсын яллагч болон хохирогчийн 3 өмгөөлөгчтэй мэтгэлцэн анхан шатны шүүх хуралд оролцсон ба шүүгдэгч өмгөөлөгч миний мэтгэлцсэн үндэслэлүүдийг шийтгэх тогтоолд яагаад хүлээн авахгүй боломжгүй талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж шийтгэх тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоол нь Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журамд заасан аргачлалаар бичигдээгүй, тус тогтоолд дурдсан шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс бүрэн бодитой дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байдаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус зөрчсөн хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс шүүгдэгч Н.С-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуудийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хохирогч О.А-ын өмгөөлөгч О.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-ын гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүгдэгч Н.С давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил тайлбар хэлж байна. Ямар тохиолдолд эрүүлжүүлэх байранд оруулах юм бэ, ямар тохиолдолд саатуулдаг вэ гэдэг нь хэргийн гол утга болно. Энэ талаар хуульд заасан байгаа. Согтуурсан  үедээ зөрчил гаргасан этгээдийг саатуулж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар талд хохирогч О.А нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж шүүгдэгч Н.С-тай уулзахдаа зөрчил гаргасан эсэхийг шалгасан байгаа. Зөрчил үйлдээгүй тухай тогтоол гарсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр саатуулах үндэслэл байгаагүйг илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч О.А нь өглөө нь Дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Ажил үүргийнхээ хүрээнд шүүгдэгч Н.С дээр очоод “өмнөх өдөр гаргасан хүсэлт маань танд ирсэн үү, ирээгүй юу” гэдгийг мэдэх зорилгоор очсон байгаа юм. Хэрэгт авагдсан камерын бичлэг байгаа. Шүүгдэгч Н.С хохирогч О.А нарын хооронд 2 минут 5 секундын харилцан яриа болсон. 13 цаг 58 минут 18 дольд О.А шүүгдэгч Н.С-ын өрөөнд орж ирсэн. Гэтэл 14 цаг 00 минут 23 дольд шүүгдэгч Н.С өрөөнөөсөө түлхэж, хөөж гаргаж байгаа юм. 2 минутын хооронд энэ 2 хүний хооронд өрөөнөөсөө хөөж гаргахаар тийм асуудал үүсэх үү, мөрдөгч хүнд өрөөнөөсөө хүнийг түлхэж, хөөж гаргах эрх хэмжээ байгаа юу, үүнээс үүдэж маргаан үүссэн. Хохирогч О.А-ыг архи хэрэглэсэн, хэрэглээгүй нь яригдсан. Гэтэл хохирогч О.А нь тухайн үед өөрийнхөө үйлдлийг удирдах бүрэн чадвартай ийм нөхцөл байдал камерын бичлэгээс харагдана. Энэ нөхцөл байдлуудаас харах юм бол шүүгдэгчийн гэм буруутай нь харагдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж байна. Энэ бол гэмт хэргийн шинжгүй үйлдэл, баривчлах хууль зүйн зохицуулалт хэрэглэсэн бол гэмт хэргийн шинжтэй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх чөлөөнд нь халдсан, баривчилсан, саатуулсан...” гэж нөхцөл байдлуудыг тодорхой дурдсан. Зөвхөн баривчилсан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байж болно. Гэтэл миний үйлчлүүлэгчийн эрх чөлөөнд халдсан байна. Миний үйлчлүүлэгч сайн дураараа эрүүлжүүлэхэд ороогүй. Сайн дураараа төмөр торны цаана 4, 5 цаг хоригдоогүй. Энэ нь өөрөө эрх чөлөөнд нь халдсан нөхцөл байдал болж байна. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн ерөнхий шинжийг харахаар ялыг өршөөн хэлтрүүлнэ гэдэг агуулга байгаа болохоос гэмт хэргийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хохирогч О.А-ын өмгөөлөгч бидний зүгээс хуулийг нэг мөр хэрэглэж, ял оногдуулаад ялыг өршөөн хэлтрүүлэх үүднээс давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт ороод хэргийг анхан шатны шүүх рүү буцаах зохицуулалт байхгүй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогч О.А-ын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг гэж заагдаагүй үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэгт буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, согтуурсан...” гэдэг обьектив талын 3 үндэслэлийг зааж өгсөн, “халдсан” гэдэг үйлдэлд нь хамаарна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар эрүүлжүүлэх байранд оруулсан гэсэн нөхцөл хуулийн зохицуулалтад байсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр, хохирогч О.А-ыг паарнаас гавлаад, эсхүл харанхуй өрөөнд хорьсон бол яах байсан бэ, хуульд паарнаас гавласан гэж тусгайлан бичих ёстой юм уу, тийм биш. Обьектив шинжийг дурдвал өчнөөн олон шалтгаан гарч ирнэ. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд “...эрх чөлөөнд халдсан...” гэдэг ерөнхий нэг нэршлээр бичсэн байгаа. Энэ нь обьектив шинжид хамаарч байгаа учраас дээрх нөхцөл нь үндэслэлгүй байна. Мөн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны дэглэмийн асуудлаар гомдол гаргадаг. Энэ гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас, дээрээс нь шүүгдэгч Н.С-ын тухайд хэзээ эхлээд, хэзээ дуусч байгаад нь анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Обьектив талын үйлдлээр эхлээд үйлдлээр төгссөн гэдэг шинжээр материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзсэн. “Эрх чөлөөнд халдсан” гэдэг үндэслэлийг хуулийн заалтаас харахад материаллаг бүрэлдэхүүн шаардаагүй. Халдаж, хохирол учирсан байхыг шаардаагүй. Цаг хугацаа, орон зайн хувьд нөхцөл шаардаагүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж заасан байна. Илтгэгч шүүгчээс өмгөөлөгч О.М-оос давж заалдах шатны шүүх ял оногдуулж хүндрүүлэх эрх хэмжээтэй юу гэж асуусан. Энэ нь ял оноож, хүндрүүлж байгаа нөхцөл биш, прокурорын гаргасан саналыг анхан шатны шүүхээс Өршөөлийн хуулийг зөв хэрэглээгүй гэдгийг зөвтгөж шийдвэрлэж, өөрчлөлт оруулах асуудлыг ярьсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч О.А-ын өмгөөлөгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.С нь эрүүлжүүлэх чиглэл тушаалыг өгсөн. Хохирогч О.А бид нар нэг хуулийн фирмд хамтран ажилладаг өмгөөлөгч нар байгаа юм. Манай туслах Д-г тухайн хүсэлтийг аваачиж өгөхөд мөрдөгч Н.С таарамжгүй харьцсан, харилцаанаас болж энэ маргаан үүссэн. Өмнөх өдөр нь цагдаагийн алба хаагчийн талаар гомдол гаргадаг утас руу өөрийнх нь талаар мэдээлснийг шалгаад ийм нөхцөл байдал үүссэн. Мөрдөгч Н.С-ын тухайд өмнө нь сахилгын шийтгэл авч байсан. Энэ албандаа олон жил ажилласан ч огт зөрчилгүй хүн биш. Мөн хохирогчийн тухайд согтуурсан, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Манай үйлчлүүлэгчийг 3, 4 цаг саатуулсан. Өрөөнөөс нь гарснаас хойш юу болсныг мэдэхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Камерын бичлэг нотлох баримтаар хавтас хэрэгт авагдсан. Мөн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах гурвын ялгаа, бүх дүрэм, журам заавар, хуулийн заалтуудтай маш дэлгэрэнгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Анхан шатны шүүхээс гэм бурууг үнэн зөв тогтоож шйидвэрлэсэн. Үйлдэл бүрийг маш нарийн ялгаж, салгаж дүгнэлт гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэхүү шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгч Н.С нь эрх бүхий албан тушаалтан гэх байдал дээрээ маргадаг. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. А/32 дугаартай тушаалаар “Мөрдөгч нь эрх бүхий албан тушаалтан юм.” гэдэг байдлаар энэ гэмт хэргийн субьект гэдэг нь бүрэн тогтоогдсон. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай журамд  “Зөрчил үйлдсэн этгээдийг согтуурлын зэрэг хамаарахгүй саатуулж, баривчлана, эсхүл согтуурч мансуурсан, биеэ авч явах чадваргүй болсон этгээдийг саатуулж баривчилна.” гэж тодорхой хуульчилсан. Гэтэл хохирогч О.А-ын согтуурлын зэрэг нь 0 заалттай байсан. Ямар нэгэн байдлаар согтууруулах, мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ драгер багажийг мэргэжлийн хяналтын байгууллагын стандарт, шалгуур үзүүлэлтийн дагуу хэрэглэх ёстой байдаг. Драгер багажаар согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлгүүдээр “хохирогч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал харагдаагүй, биеэ авч явах чадвартай байсан.” гэж мэдүүлдэг. Тухайн эрүүлжүүлэх саатуулах байрны эмч “албан тушаалтан А, Ө нар хүргэж ирсэн талаарх тэмдэглэлүүд авагдсан. Тэдгээрийг үндэслэн эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээж авсан.” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Зөрчил үйлдээгүй талаар тогтоол гарсан. Тиймээс энэ хүн зөрчил үйлдээгүй байсан. Согтуурсан, мансуурсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хуулийн зүйл заалтын талаар маргаж байна. Яллах дүгнэлтэд “хүний эрх, эрх чөлөөнд халдсан” гэж тодорхой дурдсан. Хүний эрх чөлөөнд халдсан гэдэг шинжид тухайн хүнийг хүчээр албадан эрүүлжүүлэх, саатуулах байр руу авч явсан үндэслэл хамаарна. Тухайн хүн хүссэндээ тэнд очоогүй. Эрх чөлөөг нь хязгаарлан хүнийг саатуулан баривчлах, цагдан хорих зэрэг нь чөлөөтэй зорчих эрх, бүхий л хөдөлгөөнийг хязгаарлаж байдаг. Энэ нь хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл байна. Тухайн хүн нь саатуулах байранд очсоноос хойш эрх нь хязгаарлагдсан. Энэ дээр хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэн. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 5.1, 12.1.8  дугаар зүйлийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үндсэн агуулга нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн ч эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах ийм асуудал байдаг. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс ял оноох, ял хүндрүүлэх эрх хэмжээгүй” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч О.А, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.О нарын гаргасан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Н.С нь 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн байранд хохирогч О.А-ыг албадан эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг Н.А, Ш.Ө нарт өгч улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 14:31 цагаас 18 цагийн орчимд хохирогч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэгдэж улмаар уг Эрүүлжүүлэх, саатуулах төвөөс хохирогч О.А суллагдах хүртэлх хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх, Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.8, 12.9, 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.С холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

гэрч С.О-н “...өмгөөлөгч О.А-ыг эрүүлжүүлэх байранд хүлээн авах үед согтуурлыг шалгах гэхэд шалгуулаагүй, мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал харагдаагүй бөгөөд өөрийн биеэ удирдан хянах чадвартай байсан. Ер нь дээрх хууль, журамд заасны дагуу авах ёстой байдаг боловч бодит байдал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зөрчил үйлдсэн хүнийг аваад ирдэг. Ингээд эрүүлжүүлэх байранд авна, авахгүй гэх цагдаагийн ажилтан нарын хооронд маргаан болж байсан удаа байгаа. Тухайн өдөр эрүүлжүүлэхийн эмчээр гарч байсан Ундрах эмчийн шийдвэрийн дагуу би О.А-ыг хүлээн авсан. ...” /3хх 82-83/,

гэрч Б.Г-н “...эрүүлжүүлэх, саатуулах ойлголт нь тусдаа ойлголт юм. ...” /3хх 73-74/,

гэрч Д.Б-н “...Эрүүлжүүлэх байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Цагдаагийн үйл ажиллагааны журам код-629-н 7.3 дахь хэсэг “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэж заасныг үндэслэн 24 цагийн хугацаанд эмчийн хяналтад эрүүлжүүлдэг. Саатуулах байранд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралд орохоос өмнө оргон зайлахаас сэргийлэх зорилгоор 24-48 цагийн хугацаатай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор саатуулсан хүнийг хүлээн авдаг. Эрүүлжүүлэх байрны дэглэмээс өөр байдаг. ...” /3хх 102-103/,

хохирогч О.А-ын “...Би тухайн өдөр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С-ын нүдэн дээр согтуурлаа шалгуулж доошоо орохгүй гэж бодоод шалгуулаагүй юм. Намайг Н.С ахмад өрөөнөөс гар гээд түлхсэн тэгэхээр нь би эргээд өрөө лүү нь орсон. Эхлээд уурласан хүн нь Н.С ахмад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн алба хаагч нар өөрсдийгөө өмөөрөөд тэгж мэдүүлж байгаа байх, би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” /1хх 170/,

гэрч Ш.Ө-н “...Н.С ахмадын өрөөнд ороод тэр залууг би согтуурал шалгах багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэтэл шалгуулахгүй гэж шаардлага эсэргүүцсэн. Тэгсэн Н.С ахмад за за наад хүнээ эрүүлжүүлчих гэж хэлсэн. Ингээд ахлах ахлагч Н.А бид хоёр тэр залууг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн. Тухайн үед төв эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэх ёстой байсан боловч тус өдөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байсан болохоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн юм. ...Ингээд нөгөө залууг эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулаад согтуурлыг дахин шалгах гэтэл бас үлээхгүй гэсэн тул тэнд гарч байсан цагдаа нарт хүлээлгэж өгөөд Н.А бид хоёр явсан. ...” /1хх 173-174, 175-176/,

гэрч Т.У-н “...О.А гэх хүнийг хүлээн авах өрөөнд хүлээж аваад эрүүл мэндийн байдлыг нь үзээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь согтуурал шалгах багажаар 2 удаа шалгах гэтэл шалгуулаагүй татгалзсан иймээс эрүүл мэндийн байдлыг үзээд саатуулсан. Ингээд 17 цагийн үед албадан саатуулах төвийн эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан тухайн өдөр албадан саатуулах төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байсан тул манай эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулж байгаад явуулсан. ...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр согтуугаар танхайрсан гэсэн зөрчилтэй ирсэн тухайн ирсэн 2 алба хаагчийн бичиж өгсөн зөрчлийн тэмдэглэл нь албадан саатуулах төвд байгаа байхаа”, “...Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-629-н 629.7.3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдол согтолт /алкохол/-ын хэмжээ харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна.” гэж заасныг үндэслэн хүлээн авсан, тухайн үед зөрчлийн тэмдэглэл дээр согтуугаар танхайрсан гэсэн байсан тул хүлээн авсан, ... татгалзсан тохиолдолд яах ёстойг хуульчилсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед О.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас татгалзсан тул тэмдэглэлд бичээд эрүүлжүүлсэн, гэхдээ эрүүл мэндийн байдлыг шалгаж байхад өөрөөс нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...” /1хх 177-178, 3хх 85-86/,

гэрч Ө.М-н “...Баянгол дүүргээс ирсэн О.А-ыг камерт хийтэл би архи уугаагүй эрүүл гэж хэлсэн тэгэхээр нь би согтуурал шалгах багаж буюу драгераар үлээлгэхэд 0.00 хувь зааж эрүүл байсан. Тэгэхээр нь би архи уугаагүй юм бол тэр Баянгол дүүрэг дээрээ үлээгээд гарахгүй яасан юм гэтэл тэр О.А хэлэхдээ мөрдөгчийгөө унагаах гээд албаар үлээгээгүй юм гэж хэлсэн. Ингээд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мэдэгдсэн удалгүй ирээд О.А-ыг аваад явсан. ...би О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар шалгасан. ...О.А-ыг үлээлгэж байгаа нь харагдаж байгаа. Согтуурал шалгах багаж 0.00% заасныг тухайн үед эмч О-д харуулсан. ...” /1хх 181-183/,

гэрч Э.Т-н “...Н.С ахмад нэг өмгөөлөгч гэх залуутай хэрэлдээд байсан. ...Н.С ахмад та яагаад ингэдэг юм бэ гээд намайг конторын цагдаа, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдааг дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би конторын цагдаа ахлах, ахлагч Э.Б, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа Ө нарыг дуудаад эргээд ирэхэд манай алба хаагчид коридорт гараад ирсэн нөгөө 2 чинь маргалдаад байж байсан. ...манай саатуулах байрны алба хаагч Ө танаас архи үнэртээд байна шалгуулна уу гэхэд үгүй гээд шаардлага эсэргүүцээд байсан. Шаардлага биелүүлнэ үү гэхэд та нар ер нь ямар хууль яриад байгаа юм би яагаад наадахыг чинь үлээх ёстой юм битгий инээд хүргээд байгаарай гэж хэлсэн. ...Ингээд согтуурлаа шалгуулахгүй байхаар нь эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явахаар болоод манай цагдаа нар аваад явсан би машинд суух хүртэл нь өөрийн гар утсаар дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлсэн. ...Өмгөөлөгч О.А-ын амны хаалтын цаанаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан асуухад зүрхний эм уусан гэж ам дагуулаад яриад байсан. Архи уусан эсэхийг асуухад би уугаагүй хаана уух нь та нарт хамаагүй гэж ярьж байсан. ...” /1хх 184-186/,

гэрч Н.А-н “...би өрөөнд нь яваад ороход О.А гэх өмгөөлөгч ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Н.С-тай маргалдаж муудалцсан байдалтай байж байсан. Тэгээд манай нөгөө цагдаа Ө согтуурал шалгах багаж буюу драгераар шалгах гэтэл үлээхгүй маргалдаж эсэргүүцсэн. О.А гэх хүнээс архи үнэртэж байсан. Тэгсэн ахмад Н.С наад хүнээ эрүүлжүүл гэж хэлсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байр луу Ө-н хамт авч явсан. Ингээд Баянгол дүүргийн эрүүлжүүлэх саатуулах байранд оруулахдаа би дахиад согтуурал шалгах багаж буюу драгер үлээчих хэрэв эрүүл байх нь тогтоогдвол буцаж очоод асуудлаа шийдээд явчихаа гэж хэлсэн. Тэгсэн өмгөөлөгч О.А би үлээхгүй ордгоороо оръё би тэр Н.С чинь өөрөө гомдол гаргана гэж хэлсэн тул Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөөд явсан. ...” /1хх 189-191, 3хх 88/,

гэрч Э.Б-н “...би ажлын байрандаа үүрэг гүйцэтгэж байхад 2 давхраас Н.С ахмад намайг дуудсан тэгээд яваад очтол тэр гомдол гаргаад байгаа гэх өмгөөлөгч залуу Н.С ахмадтай маргалдсан согтуурал шалгах багаж үлээхгүй гэсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би тэр өмгөөлөгч залууд хандаж “та байгууллага дотор ингэж орилж, чарлаж болохгүй ажлын цагаар ингэж болохгүй” гэж хэлсэн тэгсэн надтай юу ч яриагүй. Миний шаардлагыг хүлээж авахгүй Н.С ахмадтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би өрөөнөөс гарахад өмгөөлөгч залууг авч явахаар Н.А цагдаа ирж байсан. Ингээд удалгүй тэр өмгөөлөгч залууг аваад гарсан ...цагдаагийн албан хаагч нар шаардлага тавиад байхад хэрүүл маргаан гаргаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан тул эрүүлжүүлэх саатуулах байр луу цагдаа Н.А, Ө нар авч явсан”, “...Н.С мөрдөгчийн өрөөнд О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахгүй гээд байж байсан. Тухайн үед согтуурлыг шалгуулахаар Н.А, Ш.Ө нарыг дуудсан байсан юм байна лээ. Би өмгөөлөгч О.Ат та ингээд байж болохгүй гэдгийг сануулж хэлээд явсан. Манай цагдаагийн алба хаагч нар байж байсан. Маргалдаад байж байсан болохоор нь ноцтой зүйл гэж бодоогүй, удалгүй Н.А, Ш.Ө нар өмгөөлөгч О.А-ыг аваад явсан. Тухайн өдөр Н.А, Ш.Ө нар саатуулах байрны цагдаагаар ажиллаж байсан. ...ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С-аас надад тухайн зөрчилтэй холбоотой үүрэг чиглэл өгөөгүй. ...” /1хх 192-194, 3хх 80/,

гэрч Н.Г-н “...Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэхэд камерт бараан өнгийн костюмтай залуу байсан. Тэгэхээр нь би ийм гоё хувцастай залуу яагаад саатуулагдав гэсэн чинь яагаа ч үгүй, би эрүүл байгаа гэж хэлэхээр нь би цагдаа нарт драгер байгаа үлээгээд шалгуулчих гэж хэлсэн чинь тийм үү гэж байсан ...би уг залууг хараад хэвийн архи уугаагүй юм болов уу гэж бодсон. ...” /1хх 204/,

гэрч Г.О-н “...Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн О.А гэх хүнийг авчирсан уг хүн нь тус өдрийн 14 цаг 30 минутын орчимд эрүүлжүүлэгдсэн байсан. Тэгээд хүмүүсээ зөөвөрлөөд яг манайд 18-19 цагийн үед ирсэн байх би цагийг нь нарийн санахгүй байна. Ингээд О.А ирэнгүүтээ бие засах өрөөнд орж бие засчихаад эрүүл мэндээ үзүүлээд камерт орсон камерт ороод төд удалгүй 5-10 минут орчим болсон байх тэгснээ би эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаадаа хэлээд гаргаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь согтуурал шалгадаг багажаар шалгуултал 0.00 хувийг зааж байсан. ...” /1хх 179-180/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 89-94, 95-100/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...гар утасны 4 хэсэг бичлэгт үзлэг хийхэд өмгөөлөгч О.А согтуурал шалгах багажаар шалгуулахаас удаа дараа татгалзах бөгөөд тухайн үед байсан цагдаагийн албан хаагч нар өмгөөлөгч О.А-аас архи үнэртэж байна гэж ярьж байв” /1хх 101-102/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.С-аас “цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн, гомдол гаргавал зөрчлийн хэрэг үүсгэнэ, хүчээр авч явна, өөрөө мэдэж байгаа энэ хүнийг заавал өнөөдөр эрүүлжүүлнэ шүү, заавал өнөөдөр” гэж ярьснаар цагдаагийн алба хаагч нар өмгөөлөгч О.А-ыг авч явах бөгөөд өмгөөлөгч О.А би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад яагаад эрүүлжүүлэх гээд байгаа юм гэх мэтээр өөрийгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж байв” /1хх 101-102/ гэсэн харилцан яриа,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 14 цаг 31 минутын үзлэгийн тэмдэглэлд Ц.А нь драгер үлээхээс татгалзсан болохыг тэмдэглэсэн тэмдэглэл /1хх 21/,

2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18-19 цагийн хооронд О.А-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг  драгер багажаар шалгаж 0.00 хувийг заасан тул  19 цаг 40 минутад  эрүүлжүүлэх саатуулах байрнаас гаргасан тухай Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1хх 19-21/ зэрэг нотлох баримтууд тус тус авагджээ.

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд О.А нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд цагдаагийн ахлах мөрдөгч Н.С-тай уулзахаар 14 цагийн орчим очсон байх бөгөөд улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас тэд харилцан маргалджээ. Тухайн үед О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртэж байсан талаар С.О /3хх 82-83/, Ш.Ө /1хх 173-174, 175-176/, Т.Ундрах /1хх 177-178, 3хх 85-86/, Э.Т /1хх 184-186/, Н.А /1хх 189-191, 3хх 88/, Э.Б /1хх 192-194, 3хх 80/ нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх бөгөөд тухайн үед О.А нь согтуурал шалгах драгер үлээхээс татгалзсан болох нь гэрчүүд болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  

2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Эрүүлжүүлэх, саатуулах төвд шавьж устгал хийгдсэн байх ба Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байр тухайн өдрийн 17 цагаас эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан хүмүүсээ авсан ба О.А нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрнаас 18 цагийн орчим ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахад 0.00 хувь буюу согтуурлын хэмжээ гараагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Цагдаагийн Албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. ...” гэж, мөн хуулийн 23.7-д “...Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. ...” гэж тус тус заажээ. Тухайн үед О.А нь Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах үүрэгтэй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь: 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 14 цаг 30 минутад О.А нь эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдсэн бөгөөд энэ үедээ согтуурлын зэргээ шалгуулан цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байжээ. Тухайн үед О.А-ын согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 629-ийн 7.3 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай, илэрмэгц газар дээр нь шийдвэрлэх боломжгүй тохиолдолд согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авна” гэсэн хэм хэмжээний актын зохицуулалттай нийцнэ гэж үзнэ.

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар Н.С-ыг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй тул түүний гэм буруутай үйлдэл, эс  үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.С-ыг гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэж  заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн ................ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.С-ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Н.С-ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул О.А-ын гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/380 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, О.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Н.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ