Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00524

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00524

Баян-Өлгий аймаг

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, И овогт Х-ийн Тилекбердийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар (дарга Ө.Х),

Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга (Х.Е)-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 1,949,640 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т, түүний өмгөөлөгч С-д,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж

Хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Х.Е-д шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Е шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Е-ий эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргад тус  тус  холбогдуулан Ажил гүйцэтгэсний хөлс 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би 2021 оны 12 сарын 10-ны өдөр тус аймгийн  Б сумын  Засаг даргын захирамжаар санхүүгийн албаны даргын зөвлөхөөр томилогдож, 2021 оны санхүүгийн тайланг Төсвийн ерөнхий захирлын гаргах тайлангийн талаар тохирсон.

1.2 Санхүүгийн албаны шинээр томилогдсон  даргатай хамтран ажиллаж, 2021 оны бүх байгууллагуудын авсан санхүүжилт, тайлан мэдээ, тооцоо, гүйлгээ, сангийн яамны төрийн сангийн сүлжээнд ажиллах талаар хамтран ажилласан.   Татварын орлогын дансыг хааж, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгосон.  12  дугаар сарын 10-ны өдрөөс 1  дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Б суманд өдөр, шөнөгүй ажилласан.  

1.3 Бүх байгууллагуудын тайлан тооцоог гаргаж, аудитад хүлээж өгсний дараа би аймгийн төвд ирээд  “Г” гэдэг газраас нэг өрөөг түрээсэлж авч үйл ажиллагаа эхэлсэн.  Бүх байгууллагуудын  тайлан тооцоог аудитад өгч хамтран ажиллаж санхүүгийн албаны даргатай хамтран аудитад байгууллагын тайланг баталгаажуулсан. Ингээд тайлан баталгаа, аудитаар баталгаажуулсны дараа 2 сарын 25-ны өдрөөс эхэлж тэр байгууллага тайланг хүлээж аваад,  3  дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэгтгээд аудитад хүргүүлсэн. Тэгээд 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  аудитын тайланд бид хамтран ажиллаад санхүүд явуулсан. Бүх тайланг гаргаж ямар нэг зөрчилгүй, зөв дүгнэлт гаргуулаад 4 дүгээр сарын 5-ны өдөр аймаг, санхүү, төрийн сангийн хэлтэстэй төсвийн эрх бүхий захирагчийн тайланг хүлээлгэж ажилласан юм. 

1.4 Ажилласан хугацаандаа  12 сарын цалинг надад тухайн онд багтааж өгсөн.  1, 2, 3 дугаар сарын цалинг   2022 оны төсөв хүрэлцэхгүй байгаа учраас 2023 онд багтааж өгье гээд Засаг дарга, Тамгын газрын даргатай тохиролцоод 2022 онд миний 1, 3 сарын нийгмийн даатгал төлөөд өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэл, цалинг 2023 онд олгохоор болоод би 2023 он гарсны дараа буюу 3 сарын дараа Б сумын Засаг даргын тамгын газрын даргатай ярихад Засаг дарга ажлаас чөлөөлөгдсөн байсан.  Засаг даргын тамгын газрынх нь дарга, нягтлантай яриад  хэдэн сарын дараа буюу 6 сар хүртэл бид ямар ч байсан  цалингаа өгье гээд хэлсэн. Би тэгээд 6 сар хүртэл очиж, хааяа нэг утсаар ярьж явсан. Тэгэхэд 6 сар болохоор  мөнгө, төгрөг хүрэхгүй байна,  та нэг аймгаас 1, 2 сая төгрөг шийдвэрлүүлээд ирээч гэж хэлсэн. 

1.5 Би 6 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төрийн сангаас 1, 2 сая төгрөг Бугат сумын Засаг даргын тамгын газрын данс руу шилжүүлсэн. Б сумын Засаг даргын тамгын газраас боломж гарсангүй гээд тэр мөнгөө авч чадаагүй. Тэгээд би 6 дугаар сарын сарын 28-ны өдөр шүүхэд хандаж эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Иймд хариуцагчаас гарт олгох цалин буюу 3 сар хүртэл ажилласны цалин 1,949,640 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х хариу тайлбартаа:  

2.1 2021 оны 11 сард санхүү, албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу томилсон. Тухайн оны 12 дугаар сард тус сумын Засаг дарга шинээр томилогдсон. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд зөвлөгөөнөөр  томилсон. Засаг дарга тухайн  ямарваа нэг алба, зөвлөх төслийг авах юм бол гаргасан эрхийн актын дотор тодорхой заах ёстой. Аль зардлаас яаж санхүүжүүлэх вэ гэдгийг тухайн үед яригдсан. Тухайн үедээ Засаг дарга би өөрөө зохицуулна гэсэн байна.

2.2 2022 онд манай Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд “зөвлөх” гэсэн орон тоо байхгүй.  2020 оны Хэмнэлтийн тухай хуулиар 2021 оны зөвлөгч гэснийг хассан. Ямар нэгэн албан тушаалд зөвлөх, туслах  авахыг бүгдийг хориглосон.

 2.3 Тухайн үед  эрхийн акт гаргахдаа сумын Засаг дарга тодорхой заах ёстой байсан.  Санхүү албаны зөвлөхийг авахдаа ийм зардлаар санхүүжүүлнэ гэдэг нь тодорхой бус байна. Дараа нь бид энэ хүний мөнгийг шилжүүлж өгөхдөө тухайн үед дотоод аудит, аудит, бусад байгууллагад шалгах үед акт үйлдэх ёстой. Захирамжийг бөөрөнхий гаргасан байна. Тийм эрх мэдэл өгөөгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3 сарын цалинг өгөх боломжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 187 дугаартай тэмдэглэл, Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаартай захирамж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тооцоо бодсон баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, Б сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн албаны даргын зөвлөхөөр 1, 2, 3-р саруудад ажилласан товч тайлан, Аудитад шаардлагатай баримтын жагсаалт, мөнгөн гүйлгээний тайлан, дансны хуулга, орон нутгийн засаг захиргаа зэргийг,

Хариуцагч Б  аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас хариу тайлбар, Б сумын Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/000 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/00 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/00 дугаартай тушаал хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Х.Т-ийн хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга болон түүний тамгын газарт холбогдуулан гаргасан Ажил гүйцэтгэсний хөлс 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч Х.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Б сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн зөвлөх ажилтнаар 2022 оны 1, 2, 3 дугаар саруудад ажилласан хугацааны хөлс 1,949,640 төгрөгийг Б аймгийн Б сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны батлагдсан бүтэц орон тоонд санхүүгийн зөвлөх гэх орон тоо байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,949,640 төгрөгийг төсвөөс олгох боломжгүй гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Б аймгийн Б т сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаартай Санхүүгийн зөвлөх ажилтан томилох тухай захирамжаар Х.Т-ийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны санхүүгийн тайлан дуусах хүртэл хугацаанд санхүүгийн зөвлөхөөр түр томилж,  Х.Т-д зохих хууль журмын дагуу урамшуулал цалин тооцож олгохыг Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид зөвшөөрсөн болох нь тогтоогджээ.

7.2. Б аймаг Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/130 дугаартай М.Ү Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжаар Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т-ийг чөлөөлж, тус сумын 5 дугаар багийн иргэн М.Ү-г Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоонд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр томилж, мөн даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай М.Ү-г Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилох тухай захирамжаар Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор М.Ү-г 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн томилсон байна.

7.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгогдсон даатгуулагч Х.Т-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар нь 2022 оны 1 сар, 2022 оны 11, 12 саруудад нэхэмжлэгч Х.Т-ийн сар бүрийн цалинг 791,532 төгрөгөөр тооцож, дээрх гурван сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь тогтоогдсон байна.

7.4. Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба хавсралтаас үзэхэд нийт 21 орон тоотой байхаар баталсан байна.

8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзлын талаар тайлбар болон холбогдох нотлох баримт ирүүлээгүй байна.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.Т, хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Б аймгийн Б сумын Засаг даргатай тохиролцож санхүүгийн зөвлөхөөр ажилласан нь тогтоогдож байх ба хариуцагч болон хамтран хариуцагч нар нэхэмжлэгч Х.Т-ийн 2022 оны 1, 2, 3 дугаар саруудад санхүүгийн зөвлөхийн ажил гүйцэтгэснийг *******сгээгүй байна. 

10. Нэхэмжлэгч нь сарын хөлсийг 791,532 төгрөгөөр тооцож гурван сарын хугацаанд 1,949,640 төгрөг нэхэмжилсэн байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгогдсон даатгуулагч Х.Т-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар нь 2022 оны 1 сар, 2022 оны 11, 12 саруудад нэхэмжлэгч Х.Т-ийн сар бүрийн цалинг 791,532 төгрөгөөр тооцож, дээрх гурван сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь тогтоогдсон, мөн Б аймаг Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаартай Санхүүгийн зөвлөх ажилтан томилох тухай захирамжаар Х.Т-ийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны санхүүгийн тайлан дуусах хүртэл хугацаанд санхүүгийн зөвлөхөөр түр томилж,  Х.Т-д зохих хууль журмын дагуу урамшуулал цалин тооцож олгохыг Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч нь сарын хөлсийг 791,532 төгрөгөөр тооцож гурван сарын хугацаанд 1,949,640 төгрөг нэхэмжилсэн үндэслэлтэй  байна.

11.Б аймгийн Б сумын Засаг даргын нэхэмжлэгч Х.Т-ийг санхүүгийн зөвлөх ажилтнаар томилсон шийдвэр болон нэхэмжлэгчийн тайлбараар хөлсөөр ажиллах гэрээг Б аймгийн Засаг дарга болон иргэн Х.Т нар харилцан тохиролцсон байна гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажлын хөлсийг Б аймгийн Б сумын Засаг даргаас гаргуулж, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12. Иймд Б аймгийн Б сумын Засаг даргаас ажил гүйцэтгэсний хөлс 1,949,640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,144 төгрөгийг улсын орлого, болгож хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас 46,114 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргаас ажил гүйцэтгэсний хөлс 1,949,640 (нэг сая есөн зуун дөчин есөн мянган зургаан зуун дөчин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,144 (дөчин зургаан мянган нэг зуун дөчин дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргаас 46,144 (дөчин зургаан мянган нэг зуун дөчин дөрвөн)  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК