| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0082/э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 85
Ц.Б-, Д.Б-нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, хохирогч Э.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дүгээр магадлалтай, Ц.Б-, Д.Б-нарт холбогдох 201625031900 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 23-553 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-ийн Б,
2. Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Гэр хорооллыг орон сууцжуулах” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүргийн 2-62 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-ийн Б.
Ц.Б-, Д.Б-нар нь бүлэглэн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч М.Ж-аас 10,170,000 төгрөгийг,
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “2 өрөө, 48-50 метр квадрат байрыг 30,000,000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч У.У-аас 20,340,000 төгрөгийг,
Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Төрийн банкаар дамжуулан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас 53 метр квадрат байрыг 35,000,000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.М-аас 25,170,000 төгрөгийг,
Д.Б-нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “100 айлд байрлах ахмадын байрнаас 54 метр квадрат байрыг 35,000,000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа гэж Э.М-аас 12,170,000 төгрөгийг,
Ц.Б- нь ганцаараа Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох хугацаанд “Буянт-Ухаа”-2 байранд төрийн албаны хөнгөлөлттэй байрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч Г.Б-оос 7,150,000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргээс бүлэглэж, бусдыг залилан 45,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Д.Б, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Б-ыг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,
3 дахь заалтад “Шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Б-ыг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж,
9 дэх заалтад "... зэрэг эд хөрөнгийг хохирол, төлбөрийг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Г.Буянхишигээс 3.170.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ж-ид олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Жамъян гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Д.Б-ийн ялыг хүндрүүлсэн, мөн Д.Б-ээс 3,170,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ж-ид олгосугай гэсэн нэмэлт заалт оруулсан нь шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь иргэн Ж- нь Б-аас ... хохирлоо бүрэн төлүүлсэн болох нь тэдгээрийн /Б- болон түүний өмгөөлөгч Энхтуяа нарын тайлбар мэдүүлэг/ өмнө болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог.
Мөн хэргийн 2 дугаар хавтасны 86 дугаар талд хавсаргасан “М.Ж- би 6,000,000 төгрөг авсан байсан. одоо ямар ч..хохирол авахгүй болно” гэх бичгийн баримт хавсаргасан байдаг ба уг баримт нь хууль бус эсхүл хуурамч болох нь тогтоогдоогүй юм.
Гэтэл давж заалдах шатны шүүх М.Ж-ийн “...одоо Д.Б-ээс 3,170,000 төгрөг авах хүсэлтэй байна, хувийн ажилтай тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох чадахгүй...” гэсэн хүсэлт гаргасныг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь өмнө хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчдийн тайлбар зэрэг нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Д.Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, мөн хохирогч Э.М-ад учруулсан хохирол болох 12,170,000 төгрөгийг ганцаараа төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд шүүх хурал болсноос хойш цаг хугацаанд хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулж байгаа.
Харин Э.М-ын хохиролд маргаж байгаа зүйл нь 10,000,000 төгрөгөөс 5,170,000 төгрөгийг дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг Ц.Б-ын зааж өгсөн дансанд буюу М гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 2.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгч Д.Б-гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие “Нийслэлийн Засаг дарга Бат-Үүлтэй ойр ажилладаг, ахмадын орон сууцанд хямд үнээр байр авч өгөх боломжтой” гэж хэлсэн Ц.Б- гэгчийн үгэнд итгэж өөрийн үр хүүхэд, найз нөхөд, ойр дотны хүмүүст хохирол учруулсан нь үнэн билээ. Өөрийн болон өөрийн төрсөн хүүхдүүдээ ойр дотны хүмүүсийг хямд үнэтэй орон сууцанд оруулах боломжтой юм байна гэж итгэж, Ц.Б-д бэлнээр болон дансаар мөнгө өгдөг байсан. Б- гэгч нь миний ажлын газар битүү камертай, мөн миний дансаар мөнгө шилжүүлж болохгүй төрийн албан хаагч учраас хяналт шалгалт ихтэй, тийм учир мөнгийг өөрөө бэлнээр очиж авна гээд ихэвчлэн гэрт ирж бэлэн мөнгө авдаг байсан.
Би 5,170,000 төгрөг, миний охин Буянтогтох 7,150,000 төгрөг, миний хүү Хүрэлбаатар 7,170,000 төгрөг, миний танилууд болох У 15,340,000 төгрөг, М 25,170,000 төгрөг, М.Ж- 10,170,000 төгрөг, Э.М-а 12,170,000 төгрөг тус тус бэлнээр болон дансаар Ц.Б-д өгсөн байдаг юм. Гэтэл бэлнээр мөнгө өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр дээрх хүмүүсийн хохирлын зарим хэсгийг миний бие өөрөө төлж барагдуулахын сацуу өөрөө бас хохирч үлдсэн. Өөрийн танил дүү У-ын мөнгийг Б-д өгсөн хэдий ч мөнгө өгснөө нотолж чадаагүй учраас У-аас авсан мөнгө болох 15,340,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Мөн миний хүү Х-т 2 газар авч өгнө гэж авсан 7,170,000 төгрөг, миний өөрийн өгсөн 5,170,000 төгрөгийг Б-д өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр бид хохирч үлдсэн юм. Ж нь 5,170,000 төгрөгийг Б-д өөрт нь, мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр надаар дамжуулж өгсөн бөгөөд харин түүнд Б- бэлэн мөнгөөр 5,170,000 төгрөг, үлдэгдэл төлбөрт гэрийн тавилга, хөргөгч, 6 ханатай гэр зэргийг төлбөрт тооцож бүрэн барагдуулсан гэж шүүхэд мэдүүлдэг бөгөөд бэлэн мөнгө, гэрийн тавилга, хөргөгч, гэр авсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Б- нь Ж-ийн 10,170,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учир түүний мөнгийг буцааж төлж байгаа байтал хуулийн байгууллага энэ асуудалд дүгнэлт өгөөгүй. Мөн Ж- нь над руу янз бүрээр дайрч доромжилж “ чамд мөнгө өгсөн, чи төл гэж зовоож байсан учраас 2 шүдлэн үхэр 1,000,000 төгрөгөнд тооцож өгсөн. Гэтэл Ж- нь шунахайн сэдэлтээр над руу дайрч доромжлон Ц.Б-тай нийлж басамжилж “чи нотолж чадахгүй юм чинь чамаас мөнгөө гаргуулж авч л таарна, эсвэл 1,000,000 төгрөг бэлэн өгчих, тэгвэл яахав өргүй болсон гээд нотариатаар гэрчлүүлээд өгье гэх мэтээр сүрдүүлдэг байдал хэрээс хэтэрсэн.
Мөн Э.М-ад учруулсан хохирол болох 12,170,000 төгрөгийг миний бие хэсэгчлэн төлж барагдуулж байгаа болно. Э.М-ын 12,170,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг Д Б-д өгсөн данс буюу М-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Миний бие хэн нэгнийг залилан мэхэлж, хөрөнгөжих санаа зорилго байгаагүй. Харин болох бүтэхгүй хүний үгэнд итгэж үр хүүхэд, найз нөхдөдөө хохирол учруулсандаа туйлаас харамсаж байна. Ц.Б- нь итгэл үнэмшил төрүүлж “байр чинь бэлэн болсон, одоо бичиг баримт бэлэн болсон та жаахан хүлээж бай. Би тань шиг ээжтэй хүн, таныг хуурахгүй, итгээд байж бай” гэж нэг эмэгтэйг утсаар яриулсанд би үнэхээр итгэж байраа хүлээсээр өдий хүртэл Ц.Б-д залилуулсан байна. Ярьсан эмэгтэй нь ажлын газрын Н гэдэг эмэгтэй байсан, хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа.
Иймд хөгшин намайг хуурч мэхлэн өөрийн болон үр хүүхэд, ойр дотны хүмүүсийн мөнгийг байр авч өгнө гэж залилсан байна. Үүнд өгсөн, авсан гэсэн нотлох баримт бүдэг болохоор хохироод байна. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоож, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээгүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж хүндрүүлсэн байгаа. Нэгэнт давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн учраас гомдол гаргаагүй. М.Ж-ийн хохирлын хувьд маргаантай байдаг. Ц.Б- хохирлыг бүрэн төлсөн гэж ярьж байна. Ц.Б- өөрийн эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр 6,900,000 төгрөгийн хохирлыг М.Ж-ид төлж барагдуулсан. Харин 10,000,000 төгрөгийн хохирлоос үлдэх 3,100,000 төгрөгийн хохирлыг Д.Б-хариуцаж төлөх ёстой гэж үзсэн” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Ц.Б-, Д.Б-нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага, Иргэний хуульд заасан битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар өөрчлөлт оруулсан байгаа. Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч нар бүлэглэн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “ахмадын байрнаас хямд үнэтэй байр худалдан авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч М.Ж-аас 10,170,000 төгрөг,
Д.Б-нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “100 айлд байрлах ахмадын байрнаас 54 метр квадрат байрыг 35,000,000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа гэж Э.М-аас 12,170,000 төгрөг,
Ц.Б- нь ганцаараа Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хоорондох хугацаанд “Буянт-Ухаа”-2 байранд төрийн албаны хөнгөлөлттэй байрыг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, байрны урьдчилгаа мөнгө гэж хохирогч Г.Б-оос 7,150,000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогч нарыг төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг нь залилан авсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шүүгдэгч Д.Б-, Ц.Б- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгч Ц.Б-, Д.Б-нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, хуулийг буцаан хэрэглэсэн атлаа холбогдох заалтыг баримтлаагүй орхигдуулсан нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.
Мөн давж заалдах шатны шүүх, шүүдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, гэм буруудаа дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Д.Б-, Ц.Б- нарт анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг нэмэгдүүлж, хүндрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах шаардлага хамт тавигддаг.
Мөн хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийн хохирогч М.Ж-ид төлөх төлбөрийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд тус дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын “хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, шүүх нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй, мөн хувийн байдлыг нь харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН