Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 124/2017/0036/з |
Дугаар | 221/МА2017/0883 |
Огноо | 2017-12-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0883
Т.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Х-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-ын “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай захиргааны актыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн “Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Нэхэмжлэгч Т.Х-ын Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тухайн захиргааны актын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийн үндэслэл нь “маргаан бүхий тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь хэн байна гэдгийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар мэргэжилтнийг шалгаруулж аваагүй нь маргаан гарах үндэслэл болсон” гэсэн байна.
Хариуцагчийн зүгээс шинэ захиргааны акт гаргахдаа тухайн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зуйлийн 27.2.3-д заасан “хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг зөрчсөн.
Маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж дүгнэлт гаргасан байх ба тухайн ажлын хэсгийн хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг харахад нэхэмжлэгч “Т.Х болон Э.Г нарын хэн нь маргаан бүхий ажлын байрны шаардлагыг илүү хангаж байгааг тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзээгүй байдаг.
Өөрөөр хэлбэл тухайн 2 албан хаагч үр дүнгийн гэрээгээ хэрхэн дүгнүүлж байсан, мэргэжлийн түвшингийн үнэлгээ нь ямар байсан, мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байсан аль эсхүл хэрхэн шагнал урамшуулал авч байсан, мэргэшсэн байдал нь ямар байгаа зэрэг нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгсөн зүйл байхгүй байдаг.
Уг ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн санал хэсэгт: ХХҮГ-ын дэд дарга Д.Баярмаа “уг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын инженер мэргэжилтэн гэсэн шаардлагыг Э.Г нь илүү хангаж байгаа тул түүнийг дээрх ажлын байранд сонгон шалгаруулж авсан нь хууль зүйд нийцэж байна гэж үзэж байна” Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ч.О “... Э.Г-ийн мэргэжил шаардлага хангаж байгаа тул тухайн албан тушаалд Э.Г-ийг томилсон нь үндэслэлтэй гэж үзэж байна”.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Г “... иймд Э.Г-ийг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилсон нь зөв гэж үзэж байна”, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Ц.Г “... Э.Г-ийг Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилсон нь зөв гэж үзэж байна”, Хүний нөөц, дотоод асуудап хариуцсан мэргэжилтэн Б.Б “... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дaхь заалтыг үндэслэн Э.Г-ийг дээрх ажлын байранд сонгон шалгаруулж авсан нь хууль зүйд нийцэж байна гэж үзэж байна” гэсэн саналуудыг гаргасан байх бa уг тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн дүгнэлт 3-д “Иймд ажлын хэсгийн гишүүдийн гаргасан дээрх санал дүгнэлтүүдэд үндэслэн Э.Г-ийг тухайн aжлын байранд сонгон авсан нь менежер өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ажлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэх ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан мэргэжилтнийг үндэслэлтэй сонгон авсан байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүд 100 хувийн саналаар гаргав” гэсэн байна.
Эндээс харахад ХХҮГ-ын ажлын хэсэг нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутаас 17 цаг 05 минут хүртэл 3 цаг 35 минутын хугацаанд хуралдаж дүгнэлт гаргахдаа Т.Х, Э.Г нарын хэн нь маргаан бүхий ажлын байранд тавигдах болзол шаардлагыг илүү хангаж байна вэ гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулаагүй байх ба ХХҮГ-ын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хт тэтгэмж олгох тухай” Б/45 дугаартай тушаал гаргасан нь үндэслэлтэй, бид Э.Г-ийн сонгон авсан нь алдаа болжээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрт заасны дагуу сонгон шалгаруулалт явагдаж чадаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “амаар гаргасан шийдвэрийг баталгаажуулахын тулд ажлын хэсэг томилсон” гэсэн тайлбарыг гаргасан Шүүхээс тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гарсан боловч сонгон шалгаруулалт явагдаагүй байх тул Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Х-т тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэлд Т.Х-ыг ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байранд өрсөлдөх боломж олгоогүй, сонгон шалгаруулалт явуулаагүй ба анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй.
Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу бүтцийн өөрчлөлтөөр нэгтгэгдсэн “Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд урьд нь тухайн чиг үүргийн зарим хэсгийг хэрэгжүүлж байсан 2 албан хаагч болох нэхэмжлэгч Т.Х болон Э.Г нарын хэн нь илүү шаардлага хангаж байгааг шүүхээс тогтоох боломжгүй тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Уг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг нэг бүрчлэн харьцуулан шалгаж, Э.Гийг тухайн албан тушаалд томилж, нэхэмжлэгч Т.Х-т 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгосон тушаалаа хэвээр үлдээсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан ... чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, 27 дугаар зүйлийн 27.2.4-д “... орон тоо хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийг тэтгэлэг олгоно” гэж тус тус заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Т.Х-ын төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдөөгүй байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “.... Маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй. ... үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ажлын дадлагыг харгалзан үзээгүй, өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээгээ хэрхэн дүгнүүлж байсныг харгалзаагүй ” гэх боловч нэхэмжлэгч Т.Х болон Э.Г нарын хэн алиных нь үр дүнгийн гэрээ “А” үнэлгээтэй дүгнэгдсэн байх тул үйл ажиллагааны үр дүн ялгаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Х нь шинээр батлагдсан /нэгтгэсэн/ албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ерөнхий шаардлага болох “Программ, техник хангамжийн инженер” мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүйгээс гадна албан тушаалын ихэнх чиг үүргийг Э.Г урьд нь гүйцэтгэж байсны хувьд илүү хэрэгжүүлэх чадвартай гэж дүгнэгдсэн нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогджээ.
Түүнчлэн 2 өөр албан тушаалд ялгаатай чиг үүрэг гүйцэтгэж байсан этгээдүүдийн хувьд хэн нь илүү гүйцэтгэж байсныг харьцуулж үнэлэх боломжгүй бөгөөд шалгаруулалт явуулж буй албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн шаардлага хангаж байгаа эсэх зэргийг харгалзан үнэлснийг буруутгах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ