Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 428

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч О.Оюунгэрэл, С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Я.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч Ц.Ц*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны салбар комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нарыг оролцуулан иргэн Ц.Цын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны салбар комисст холбогдох “Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ц******* Ц*******а /РД:/.

Хаяг: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,*******.

Хариуцагч: Батлан хамгаалахын сайд.

Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны салбар комисс.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Дандарын гудамж 51, Засгийн газрын 7 дугаар байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Миний бие Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлгээс 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ба Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд хүүгийндээ бэр, хүргэний царай харж тав тух муутай амьдарч байгаа талаараа дурдаж улсад тэр дундаа эмнэлгийн байгууллагад нийтдээ 34 жил эмчээр ажиллаж өөрийн хариуцсан ажил үүрэгтээ ноцтой алдаа, дутагдал гаргалгүйгээр энэ олон жилийг үр бүтээлтэй, нэг сэтгэлээр ажилласан ба үүний 24 жилд нь Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэгт ажилласан. Ийнхүү тус эмнэлэгт ажиллахдаа 12 жил нь яаралтай түргэн тусламжийн түргэний их эмчээр, 12 жил нь амбулаторийн ахмад настангуудын дотрын их эмчээр ажиллаж байсан. Энэхүү олон жилийн хөдөлмөрийг маань үнэлж нам засаг, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Олон нийтийн байгууллагуудаас олон шагнал урамшууллыг олгож байсан.

Хань минь олон жилийн өмнө улсын өмчийг хамгаалж яваад осолд орж бурхан болсон. Одоо өрх толгойлон өөрийн гэсэн орон байргүй, нас өндөр, архаг хууч өвчинтэй, амьдралын боломж тааруухан энэ үед залуу нас, эрч хүчээ зориулан байж ажилласан амьдралынхаа 24 жилийн ажил хөдөлмөрөө хугацаагаа өнгөрүүлсэн байгууллагаасаа орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхээр олон удаа жил дамжин хүсэлт гарган нааштайгаар шийдвэрлэж нас дээр гарсан миний энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж нийгмийн асуудлыг маань холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэнэ гэж найдан эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг хүлээсээр өнөөдрийг хүрлээ.

Би өөрийн хүсэлтээ анх 2012 онд гаргаснаас хойш Батлан хамгаалах яамнаас маш олон орон сууцыг ашиглалтад оруулж, хүсэлт гаргасан хүмүүст хуваарилсан боловч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй, эсхүл миний хүсэлтийн оронд өөр хүний бичиг баримтыг оруулж, орон сууц хуваарилж өгөх зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргасаар өдийг хүрч эрх, хууль ёсны минь ашиг сонирхлыг зөрчиж байна.

Өмнө нь би ажиллаж байх хугацаандаа энэ байгууллагаас орон сууцны дэмжлэгт хамрагдах талаар ганц ч хүсэлт гаргаж, байр орон сууц аваагүй бөгөөд одоогийн байгаа хүнд нөхцөл байдлаа хэлэн олон жил зүтгэсэн хөдөлмөр бүтээлийг маань үнэлж ахмад настан миний өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй өдий олон жил болж байгаад үнэхээр гомдолтой байна.

Хариуцагч байгууллагын холбогдох ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ хангалтгүй гүйцэтгэж хөгшин настай хүний өгсөн хүсэлт баримтыг алга болгох, хариу өгөхгүй байх зэргээр хүндсуртал гаргаж хохироож байна.

Намайг анх 2012 онд хүсэлт гаргахад Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3/1601 дүгээр Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, Ерөнхий эмч Хурандаа Л.З-д хандсан миний хүсэлтийн дагуу ажиллаж байсан байдал, урьд нь орон сууц авч байсан талаар судалж, Зэвсэгт хүчний орон сууцны төв комисст хүсэлтийг уламжлах тухай албан бичгийн дагуу холбогдох судалгааг хийн Зэвсэгт хүчний орон сууцны төв комисст хандан Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, Ерөнхий эмч Хурандаа Л.З нь 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "ахмад эмч нь улсад 33 жил, тус эмнэлэгт 24 жил үр бүтээлтэй ажилласан, энэхүү ажилласан хугацаандаа орон сууц авч байгаагүй, амьдралын нөхцөл хүнд байгаа тул орон сууц олгох хүсэлтийг уламжилсаар байхад ямар нэгэн хариу өгч хүсэлтийг маань шийдвэрлэж өгөөгүй.

Түүнчлэн миний бие 2014 оны 06 сард Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдад хандаж хүсэлт гаргасан бөгөөд тус сайдын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/282 дугаар "Хүсэлт шийдвэрлүүлэх тухай" "...ганц бие өөрийн гэсэн орон байргүй, хүүхдүүдтэйгээ хамт олуулаа тав тух муутай, тэтгэвэрээс өөр орлогогүй, өмнө нь Батлан хамгаалахын яамнаас орон сууц авч байгаагүй, нас ахих тусам биеийн эрүүл мэнд нь муудаж, үе мөч, даралт, зүрхний  өвчтэй болсон зэрэг амьдралын боломжгүй байдлыг нь харгалзан үзэж танай яамны орон сууцны комиссоос болон яамныхаа Ахмад настны нийгмийн хамгааллын журамд заасны дагуу эхний ээлжид орон сууц олгоход анхаарч дэмжлэг үзүүлнэ үү" гэх албан бичгийг Батлан хамгаалахын сайд Д.Бд хүргүүлсэн бөгөөд яамнаас тус албан бичгийг харьяаллын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.А******* шилжүүлсэн ба ямар нэг нааштай хариуг надад өгөөгүй.

Мөн оны 07, 08 дугаар сард Батлан хамгаалахын яамны сайдад хандан удаа дараа хүсэлт гаргасан боловч бас л хариу өгөөгүй, биеэр уулзахыг хүсэлт тавьж очих боловч өндөр настай ахмадуудтай уулзахгүй, битгий оруул гэх үүргийг жижүүртээ өгч хүнд суртал гарган олон жил ажилласан ахмад настай хүний хөдөлмөрийг үгүйсгэж хууль бус байдал гаргаж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байгаа дээрх албан тушаалтнуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж орон сууц олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

Миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж туслах боломжтой байхад хууль, журмаа зөрчиж өөр хүмүүст орон сууц олгож ахмадуудыг ялгаварлаж хүсэлтийг нь шийдвэрлэж өгөхгүй ийнхүү хүнд суртал гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны төв комиссоос 2015 оны 11, 12 дугаар сард шинээр 300 айлын орон сууцыг ажилчиддаа хуваарилсан бөгөөд хүсэлт гаргасан дараалал, холбогдох журмын дагуу олголт хийхдээ миний хүсэлтийг үүнд хамруулаагүй, маш олон жилийн дараа тамга тэмдэггүй, албан бичиг болохгүй цагаан цаасан дээр Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууцны салбар комиссын дарга М.Э******* гэж хүн таны орон сууц нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүртэл түр хугацаанд өмнө ашиглалтад орсон 36 айлын орон сууцны 18 тоотын оршин суугч дэд хурандаа Ц.О*******ийн гэр бүлийн хамт байгаа байранд түр байхыг зөвшөөрөв гэх бичгийг хийж ахмад настан намайг 11 цаг хүлээлгэн байж ийм бичиг хийж өгч байгаа нь иргэн намайг доромжилсон одоогийн эрх бүхий албан тушаалтнууд ахмад настнуудад хүндлэх, хууль журмын дагуу ажиллах чадваргүй, хүнд суртал гаргаж, нас дээр гарсан хүмүүсийг ийнхүү зовоож байгаа нь үнэхээрийн зохимжгүй байдал гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ц.Ц*******а нь нэхэмжлэлдээ 2007 онд Батлан хамгаалах яамны Цэргийн төв госпиталаас тэтгэвэр гарсан гэжээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Зэвсэгт хүчин нь ... эмнэлэг... үйлчилгээний байгууллагатай байна", 7.3-т "Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын тайван цагийн болон дайны байдлын үеийн орон тоо, зохион байгуулалтыг зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно" гэж тус тус заасан ба Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа цэргийн анги юм.

Иймд нэхэмжлэгчээс Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайдад хандаж гаргасан өргөдлийг харьяаллын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлсэн болно.

Нэхэмжлэлд хариуцагч байгууллагын холбогдох ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ хүсэлт баримтыг алга болгодог, хариу өгөхгүй хүнд суртал гаргаж байсан талаар дурдсан нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтын хувиар гаргаж өгсөн материалууд нь өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь хэрхэн холбогдох байгууллагад уламжилж байсныг харуулж байна.

Нэхэмжлэлд дурдсан 300 айлын орон сууц болон бусад орон сууцууд нь бүгд албан тушаалын зориулалттай орон сууц ба цэргийн алба хаагч цэргийн жинхэнэ алба хаах хугацаандаа тухайн орон сууцанд гэрээ байгуулан түр оршин суудаг.

Цэргийн алба хааснаас өөр ажил, албан тушаалд томилогдох, хөдөө орон нутагт дахь цэргийн анги байгууллагад ажиллах болсон тохиолдолд тухайн орон сууцыг чөлөөлж, дараагийн хүнд шилжүүлэх гэрээ байгуулж ашиглаж байна.

Иймд Батлан хамгаалахын сайдад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус дүүргийн иргэн Ц.Ц*******а нь 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц хүссэн өргөдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан бөгөөд тус өргөдөл нь ахмадуудын орон сууц хүссэн өргөдлийн хавтас №1-ийн 7 дугаарт бүртгэн авсан байна.

Батлан хамгаалах  салбараас тэтгэвэр чөлөөнд гарсан, орон сууц хүссэн

шийдвэрлэгдээгуй 1580 гаруй хүний өргөдөл Зэвсэгт хүчний Жанжин штабт бүртгэлтэй байдаг ба эдгээр ахмад настнуудын "Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ахмад настанд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд Монгол Улсын Батлан хамгаалах салбарт хөрөнгө тусгагддаггүй, Улсын төсвийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байдаг асуудлыг шийдвэрлэх үүднээс "Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулинд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж "Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ." гэсэн заалтыг нэмэлтээр оруулж, хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар "Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам"-ыг батлуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб-аас ахмадуудад гэр олгох болон орон сууцтай болоход нь мөнгөн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг 2015 оноос хэрэгжүүлж байгаа болно.

Иргэн Ц.Ц*******а нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр түүний байр

хүссэн өргөдөл нь 1 дүгээр хавтасны 7 дугаарт бүртгэлтэй талаар тодотгол хийлгэн авсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн дэслэгч О.Б*******ын 332 тоот албан өрөөнд бүтэн өдөржин байж миний байр хүссэн өргөдлийн асуудлыг өнөөдөр шийдвэрлэхгүй бол энд хононо гэж айлган дарамталж орой 20.30 минутын үед Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын дарга миний бие "Журам батлах тухай" Батлан хамгаалахын сайдын 2005 оны 179 дүгээр тушаалын 1.3 /албан тушаалын орон сууц нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад зориулагдах бөгөөд тухайн хүн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа эзэмших эрхтэй/, 2.3 /албан тушаалын орон сууцыг эзэмшигч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг эзэмших ба өөр анги, байгууллагад шилжих, тэтгэвэрт гарах, эзэмшигч нас барсан, … тохиолдолд эзэмшиж байсан орон сууцаа ашиглалт, эзэмшлийн зөрчилгүйгээр анги, байгууллагад хүлээлгэн өгнө./ дахь хэсгийг тус тус зөрчин албан газарт хонуулахгүйн тулд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдлийн албан тушаалын 36 айлын орон сууцны 18 тоотод байгаа айлын байрны асуудлыг шийдвэрлэсний дараа тухайн байранд түр оршин суух бичиг хийж өгсөн.

Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнлагмад Батлан хамгаалах салбараас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж буй "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Цэргийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу гэр болон мөнгөн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй эсэх талаар асууж байсан боловч саналыг хүлээн аваагүй ба Батлан хамгаалах салбараас байр орон сууц авч байгаагүй учир зөвхөн орон сууц авах хүсэлт гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн дурдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах албан тушаалын 300 айлын орон сууц нь "Төрийн албаны тухай" Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин албан хаагчдад хуваарилагдсан ба 2015 оны 11 дүгээр харын 29-ний өдөр барилга ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж уг албан тушаалын 300 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан.

Зэвсэгт хүчний Жанжин штабын Орон сууц хуваарилах салбар комисс нь Батлан хамгаалах яамнаас Батлан хамгаалахын сайдын тушаалаар ирүүлсэн албан тушаалын орон сууцыг зориулалтын дагуу одоо ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад хуваарилах үүрэг хүлээдэг бөгөөд тухайн байрны зориулалтыг өөрчлөн өндөр настан, тэтгэвэрт гарсан иргэдэд хуваарилах боломжгүй юм.

Иймд нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 19 дүгээр хорооны 51 дүгээр байрны 148 тоотод оршин суугч Ц******* овогтой Ц*******ын орон сууц хүссэн өргөдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисс өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Ц*******а Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ц.Ц*******а эрүүл мэндийн салбарт 34 жил түүний дотор Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэгт 24 жил ажиллаж 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тус байгууллагаас орон сууц авч байгаагүй, амьдралын хэцүү байдлыг харгалзан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт хандаж гаргасан орон сууц хүссэн өргөдлийг харьяа байгууллагуудын эрх бүхий алба хаагчид хүлээн авч одоогийн мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд харьяаллын дагуу шилжүүлэх, боломжит өөр дэмжлэгт хамрагдаж болох талаар санал болгох зэргээр санаачлага гаргаж байсныг тухайн асуудлаар хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Өндөр настан Ц.Ц*******а олон жил эмчээр түүний дотор Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэг зэвсэгт хүчний 027 дугаар ангид ажиллаж байгаад тус ангиас тэтгэвэрт гарсан, одоогийн нэршлээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн өндөр настан гэдгийг хариуцагч Батлан хамгаалах яамны болон Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үгүйсгээгүй байна.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын Орон сууц хуваарилах салбар комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн квотын дагуу “...албан тушаалын орон сууцыг зориулалтын дагуу одоо ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад хуваарилах үүрэг хүлээдэг, байрны зориулалтыг өөрчлөн өндөр настан, тэтгэвэрт гарсан иргэдэд хуваарилах эрх салбар комисст байхгүй юм.” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Зэвсэгт хүчин нь.....эмнэлэг.....үйлчилгээний байгууллагатай байна.”, мөн зүйлийн 7.3-т “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын.....орон тоо, зохион байгуулалтыг Зэвсэгт хүчний жанжин штаб тогтооно.”   гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Ц*******ийн ажиллаж байсан Цэргийн төв эмнэлэг буюу зэвсэгт хүчний 027 дугаар анги нь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги байна.

Нэхэмжлэгч Ц.Ц*******а Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт хандан 2012 оноос эхлэн орон сууцны дэмжлэг хүсэн удаа дараа өргөдөл хүсэлт гаргаж байсан нь тус байгууллагын ахмадуудын орон сууц хүссэн өргөдлийн бүртгэлийн 7-д бүртгэгдсэн  бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.” гэж заасныг хэрэгжүүлэх үүднээс Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисс өндөр настан Ц.Ц*******ын орон сууц хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн бусад 733 тэтгэвэрт гарсан ахмадуудын гэр, орон сууц хүссэн өргөдлийн бүртгэлийн адил шийдвэрлэх боломжгүй хүлээгдэж байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй гэж үзэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ын 1 дэх хэсгийн “Цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулагдана.”  Гэсний дагуу зөвхөн орон сууц олгох биш энэ журамд заасан бусад төрлийн дэмжлэгт хамруулж болох талаар санал болгосон боловч нэхэмжлэгч зөвхөн 1-2 өрөө орон сууц авна гэж байгаа нь хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарыг буруутгах аргагүй байна.

Хариуцагч Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын хэмжээнд 2012 оноос хойш албан тушаалын зориулалтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 63 айлын, мөн дүүргийн 5 хороонд 300 айлын орон сууц ашиглалтанд орсон, эдгээр орон сууцанд зөвхөн зэвсэгт хүчинд ажиллаж байгаа алба хаагчид амьдрах зориулалттай бөгөөд шинээр ашиглалтад орсон эдгээр байранд нэг ч өндөр настан оруулаагүй, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр энэ байранд сууц олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

Батлан хамгаалахын сайдын 2005 оны 179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар  батлагдсан “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-ын 1.3-т “Албан тушаалын орон сууц нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдад зориулагдах бөгөөд тухайн хүн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа эзэмших эрхтэй.”, энэ журмын 2.3-т “Албан тушаалын орон сууцыг эзэмшигч нь тухайн албан тушаалд байх хугацаандаа орон сууцыг эзэмших ба ... тэтгэвэрт гарах, ... тохиолдолд эзэмшиж байсан орон сууцаа ашиглалт, эзэмшлийн зөрчилгүйгээр анги байгууллагад хүлээлгэн өгнө.” гэж зохицуулснаас үзэхэд шинээр барьж ашиглалтад оруулсан орон сууцанд оруулахгүй байгаа нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй бөгөөд энэ агуулгаараа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд хуулийн хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орон сууц хуваарилах салбар комисст 2012 онд гаргасан орон сууц хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэн орон сууц олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий Ц.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧИД                                О.ОЮУНГЭРЭЛ

                                            С.ТӨМӨРБАТ