Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0613

 

Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Ч.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нь “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11, 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэр дэвшигч Д.Болдбаатарыг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн 12 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт сонгуулийн хороо нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Заалт хүчингүй болгох тухай” 25 дугаар тогтоолыг гаргасан гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь сонгуулийн хороо 2016 оны 08 дугаар 10-ны өдрийн 25 дугаар тогтоол гаргахдаа аймгийн Эрүү, иргэний давах шатны шүүхийн 10 тоот магадлал, 2016 оны 07 дугаар 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр тогтоол, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн заалтыг хүчингүй болгосон.

Аймгийн сонгуулийн хороо энэ асуудлыг хэлэлцэхдээ Монгол ардын намын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй болохыг хурлын тэмдэглэлээс харж болно. Харин сонгуулийн хорооны гишүүд 25 дугаар тогтоол гаргахдаа сонгуулийн хорооны 2016-07-03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтын үйлчлэлийн хугацаа дуусан тул тогтоолын 2 дахь заалтыг хүчингүйд тооцох тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Сонгуулийн хорооны 15 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Д.Болдбаатарыг шүүхийн эцсийн шийдвэр гартал төлөөлөгчийн түр үнэмлэх олгохгүй хойшлуулсан заалт юм. Аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар 19-ний өдрийн 10 тоот магадлалаар Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчил гаргасан гэж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-нд хуралдаж Д.Болдбаатарыг “Нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр тогтоол, “Дахин сонгууль явуулах тухай” 20 дугаар тогтоолууд гаргасан. Эдгээр тогтоолуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж хүчингүй болгуулахаар Монгол ардын нам, иргэн Д.Болдбаатар нар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар 15-ны өдрийн 13 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүнээс харахад сонгуулийн хорооны 19, 20 дугаар тогтоолууд бол хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэргийн шүүх 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгасан 10 тоот шүүгчийн захирамж, аймгийн эрүү иргэний давах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Д.Болдбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн гэж 10 тоот магадлал гаргасан. Аймгийн сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-нд хуралдахад сонгуулийн маргаантай 2 шүүхийн хоёр хүчин төгөлдөр шийдвэр сонгуулийн хорооны гишүүдэд тараагдсан байсан. Гишүүд цаг хугацааны дарааллаар асуудлыг авч хэлэлцээд захиргааны хэргийн 10 тоот захирамжинд шинээр илэрсэн нөхцөл байдлаар гомдол гаргахаар шийдвэрлэсэн. Гомдлыг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот тогтоолоор хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан.

Аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 10 тоот магадлалаар Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-ийг зөрчсөн гэж хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гарсан. Магадлалыг үндэслэж Д.Болдбаатарыг нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин сонгууль зарласан. Гэтэл Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар 12-ны өдрийн 12 тоот шийдвэрээр Д.Болдбаатарыг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг даалгасан. Энэ шийдвэрээр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 19 дүгээр тогтоол, дахин сонгууль явуулах 20 дугаар тогтоолууд үгүйсгэгдэх нөхцөл байдал гарч байгаа тул захиргааны хэргийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Д.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Сонгуулийн тухай хуулийг буруу хэрэглэж Д.Болдбаатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, үлдсэн хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгон хариуцагч Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... сонгуулийн хороо нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ... хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй ... харин Сонгуулийн хорооны гишүүд 25 дугаар тогтоолыг гаргахдаа 15 дугаар тогтоолын 2 дахь заалтын үйлчлэлийн хугацаа дууссан тул хүчингүйд тооцох тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Шүүх буруу дүгнэлт хийсэн ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Сонгуулийн хороо нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар тогтоолыг гаргахдаа орон нутгийн хурлын төлөөлөгчид нэр дэвшиж сонгуульд оролцсон Д.Болдбаатарыг сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах зөрчил гаргасныг тогтоосон Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлал, Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоол гарч түүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг хойшлуулсны үр дагавар дууссантай холбогдуулж 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүйд тооцсоноос үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, сонгуулийн хорооны тэмдэглэл, тогтоолуудыг буруу үнэлж “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Мөн Сонгуулийн хорооны дарга Г.Адъяагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Эрдэнэбатыг томилохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасны дагуу итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх тусгайлан олгоогүй, Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргалаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн боловч Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу сонгуулийн хорооны гишүүдийн гаргасан тогтоолыг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга дангаар шийдвэрлэх эрхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх бүхий этгээдийн хүсэлтгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үр дагаврыг тайлбарлаж өгөлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Хариуцагч Сонгуулийн хороо нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15 дугаар тогтоолыг гаргах үед Сүхбаатар аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэрээр сонгуульд оролцож хамгийн олон санал авсан Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоож, хариуцлага ногдуулсан боловч уг шийтгэвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсантай холбоотой Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг хойшлуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

            Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор заасан, харин 159 дүгээр зүйлд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэлийг тогтоосон шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдлуудыг зохицуулсан, харин хуулиар сонгууль болсны дараа (дүн гарахаас өмнө) нэрийн жагсаалтаас хасах үндэслэлийг анхан шатны шүүх тогтоосон тохиолдлыг зохицуулаагүй байна.

Сонгуулийн хороо нь сонгуулийг зохион байгуулж явуулах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд нийцүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэйн хувьд тухайн тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Болдбаатарт түр үнэмлэх олгохыг хойшлуулсныг тухайн бодит нөхцөл байдалд тохирсон, зүй ёсны шийдвэр гэж үзэхээр байна. Уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Д.Болдбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгуулж, түр үнэмлэх олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, түр үнэмлэх олгохыг даалгах шаардлага бүхий Д.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ