Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатагин  овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод  оршин суух, гавъяа шагналгүй. /РД: ЖЯ79100476/ Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, 405-15 тоотод хохирогч *******ы цээжний зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мөнгөнтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч Хатагин овогт ******* Мөнгөнтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* *******д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын  хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар бариултай, бариул хэсгийг цагаан өнгийн утсаар ороосон нийт 18 см урттай хутга 1 ширхэгийг устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Найз Мөнхчулуун согтуу ирсэн. Би ч нэлээн согтож зарим юмыг санахгүй байгаа. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Найз минь алтан гарч эмч нарын буянаар эрүүл саруул болсон. Ажил төрлөө хийгээд явж байгаа. Би бүх эмчилгээний зардлыг гаргасан. Өндөр настай аав, ээжийг минь болон эхнэр, 6 хүүхдийг минь бодож ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо: “Найз минь ийм өндөр ял аваад явж байгаад би маш их гомдолтой байна. Өөрийгөө хичнээн зэмлэж буруутгаад нэмэргүй маш хэцүү байдаг юм байна. Би архи уухаараа маш муухай агсам, хэрүүл маргаан их үүсгэдэг зантай. Энэ буруу зуршлаа мэдүүлээд байхад л шүүхээс ял өгөөд явуулж байгаад гомдолтой. Тэр өдөр би согтуу очиж хэрүүл маргаан үүсгээгүй бол найз маань ийм хүнд байдалд орохгүй байсан. Манай найз 6 хүүхэдтэй, ажил хийж эхнэр хүүхдээ тэжээдэг хүн байгаа юм. Өндөр настай аавыгаа асарч байдаг хүн. Хүнтэй эвтэй, найрсаг харилцаатай, найз нөхөддөө байнга тусалж дэмждэг хүн юм. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг. Янз бүрийн буруу зуршилгүй, байнга л инээж, бүх зүйлийг бүтээх гэж хичээж явдаг найзыгаа би л хорлочихлоо.

Миний бие зүв зүгээр эрүүл, саруул ажлаа хийгээд явж байхад найзын маань ар гэр амьдрал ахуй бүгд хямарчихаад байхад надад үнэхээр хэцүү байна. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Мөнгөнтулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүнд гэмт хэрэгт холбогдсон. Хүнд ангиллын гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байхгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ы давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, 405-15 тоотод хохирогч *******ы цээжний зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний орой гэртээ ажлын газрын Мөнхтулга, Бямбажав нарын хамт архи ууж байгаад орой 21 цагийн орчимд гэрээсээ гарч тэр хоёроос салаад найз Мөнгөнтулгын гэр рүү такси барьж очсон. Намайг гэрт нь ороход ******* эхнэр Туул, найз Мөнх-Адъяа нарын хамт байсан.  Би архи уухаараа агсан талдаа хүн бөгөөд Мөнгөнтулгын уурыг хүргэсэн байх. Бид 2 маргалдаад байж байх үед ******* гэнэт ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн хавирганы доороос 2 дахь үений гол хэсэгт нэг удаа дүрэх шиг болсон. ******* түрхэн зуурын уурандаа л ийм үйлдэл хийсэн юм шиг байна лээ. Намайг хутгалаад их сандарч байсан... Миний санаж байгаагаар бид хоорондоо зодолдсон зүйл байхгүй, маргалдаж байгаад ийм зүйл болсон. Миний биед учирсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Эмч нарын хэлснээр хэвтэж байгаад миний биеийн байдал зүгээр болно гэж хэлсэн...” гэсэн /хх 13-14/ мэдүүлэг,

Шүүгдэгч С.Мөнгөнтулгын өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт  сахиж байгаад дүү Мөнгөнцэцэгтэй солигдож эмнэлгээс гараад түрээслэн амьдарч байсан гэртээ ирж цагаан сарын баярыг тэмдэглээгүй байсан учир найз Мөнх-Адъяагийн хамт ойр зуурын юм ярьж байгаад архи уухаар болж дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн архи худалдан авч ууж эхэлсэн. Ингээд авсан архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч Туул, Мөнх-Адъяа бид 3 ууж байхад 17 цагийн орчим манай хөрш Ганбаяр ах, Урнаа эгч 2 орж ирсэн бөгөөд Ганбаяр ах орж ирэхдээ нэг вино авч ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн ууж юм ярьж сууцгаасан. Үүнээс цааш би юу болсон талаар зарим зүйлийг санахгүй, согтсон байсан. ...манай найз Мөнхчулуун манай гэрт орж ирээд надтай ам хэлээрээ маргалдаж агсан, согтуу тавиад байх шиг байсан. Үүнээс болж л би түүнийг хутгалсан юм шиг байна. Тухайн үед би цагдаа болон эмнэлэгийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн /хх-ийн 45/ мэдүүлэг,

Гэрч Ш.Ганбаярын өгсөн: “...гэртээ ороод 20-30 минут орчим болсон байх зурагт үзээд хэвтэж байхад ******* гэх залуу манайд орж ирээд би хүн хутгалчихлаа ахаа гэхээр нь гэрт нь ороод харахад Мөнхчулуун өрөөний хаалган талын орон дээр цагаан ноосон цамцтай цээжний зүүн хэсэгт цус болсон байдалтай хэвтэж байхаар нь цамыг нь сөхөөд харахад зүүн талын хавиргануудын доороос 3, 4 дэх хавирга хэсэгт 2-3 см орчим хутганы сорви байсан... Би Мөнхчулуунд хэн гэмтэл учруулсныг хараагүй. Харин ******* би түүнийг хутгалчихлаа гэж хэлээд байсан...” гэсэн /хх 16-17/ мэдүүлэг,

Гэрч Я.Уранчимэгийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний орой ...19 цагийн орчим 1 шил вино аваад хажуу хөрш болох Мөнгөнтулгынд ороод *******, Туул, төмөр замынх нь найз болох залуу 3 архи уучихсан байдалтай сууж байсан. Тэгээд би авч орсон виногоо задлаад нөхөр Ганбаяр, *******, Туул, төмөр замынх нь найз болох залуугийн хамт хувааж ууж юм ярьж байгаад удалгүй би гэртээ орсон. Би гэртээ ороод амарсан бөгөөд Мөнгөнтулгынд эргэж ороогүй. ...Ганбаяр надад хэлэхдээ Мөнгөө Акигаа хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд Акиг ирснийг мэдээгүй, хэн хэнийгээ хутгалсныг хараагүй...” гэсэн /хх 23/ мэдүүлэг,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...Д.Мөнхчулууны биед зүүн талын цээжний хөндийд хий хуралдалт, цээжний зүүн хажуу хэсэгт суганы шугамаар 5-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн 132 тоот дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хохирогч ******* “...Найз минь ийм өндөр ял аваад явж байгаад би маш их гомдолтой байна. ...Янз бүрийн буруу зуршилгүй, байнга л инээж, бүх зүйлийг бүтээх гэж хичээж явдаг найзыгаа би л хорлочихлоо. ...Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч *******ы шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээ болох таван жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу 3 жил 5 сарын хорих ялыг шүүгдэгч *******д оногдуулсан байх тул түүний ялыг дахин багасгах боломжгүй гэж үзнэ.

Иймд хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мөнгөнтулгын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь давж заалдах шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.5 дахь заалттай харшлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шүүгдэгч С.Мөнгөнтулгын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

                                                                  ШҮҮГЧИД                                                                    С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                         Ж.ДОЛГОРМАА